Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/278

 

 

 

 

   2022          04          14                                     2021/ШЦТ/278

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: М.Нарансолонго,

Улсын яллагч: Д.Батзаяа,

Хохирогч: Б.С-,

Шүүгдэгч: С.Э- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт С.Э-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205000000715 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, С.Э-, ..... тоот регистртэй,

 Шүүгдэгч С.Э- нь Баянгол дүүргийн 25 дугаар хороо, Цоглог хотхоны гаднах авто машины зогсоол дээр 2022 оны 02 дугаар сарын 03-ны өдөр иргэн Б.С-г замаас холдсонгүй гэх шалтгаанаар биед нь халдаж гараараа нүүрэн тус газарт нь цохиж баруун зүүн нүдний ухархайн дотор хана цөмөрсөн, хамар ясны зүүн хажуу хананд цөмөрсөн хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүд болон нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн доод зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.Э- шүүх хуралдаанд: “Тухайн өдөр найзын хамт цоглог хотхон дотор машинтайгаа явж байсан. Цагаан сарын өдөр байсан тул байрны зогсоол зай багатай, машин ихтэй, хурдан явах ямар ч боломжгүй байсан. Хохирогчийн эхнэр нь ухрах гэж байгааг харж байсан. Би урагшлах үед урдаас машин ирж байсан тул зам тавьж өгөх гээд ухарсан. Машинтайгаа ухарч байх явцад миний машин дээр цохихоор нь цонхоороо харахад хүрч ирээд “мөргөлөө” гэж хэлэхээр нь харж байна гэж хэлсэн. Хамт явж байсан эмэгтэй найз маань уучлаарай гэж хэлсэн. Тэгээд намайг цохиод авсан. Би машинаасаа буугаад ирэхэд намайг хэд хэдэн удаа цохисон. Түүний эхнэр, ах, аав, ээж нь гарч ирээд над руу дайрсан. Би нүүр хэсэгт нь цохисноо хүлээн зөвшөөрч байна” гэв.

            Хохирогч Б.С- шүүх хуралдаанд: “Шинийн хоёрны өдөр хадам дүүгийндээ очиж золгосон. Би согтууруулах ундаа хэрэглэсэн байсан учраас эхнэрээр машинаа бариулсан. Зогсоолоос гарч чадахгүй байсан тул эхнэртээ ухрахыг заагаад байж байсан. Гэтэл хажуугаас машин шүргэхээр нь “машин дээр цохиод яаж байна” гэхэд замаас зайл гэж хэлсэн. Тэгэхээр нь машинд сууж байхад нь цохисон. “ЭМЖЖ” эмнэлэгт хэдэн хэдэн удаа очиж, үзүүлсэн. Зөвхөн хагалгаа хийгдсэний дараа баримтыг өгөх боломжтой гэж хэлсэн. Хамрын хагалгаа нь 3.668.000 төгрөгийг нэхэмжилж байна. Хагалгаанд орохын өмнөх эмчилгээ, ор хоног, хагалгааны дараах эмчилгээ гээд нийт 5 сая гаран төгрөг болж байсан. Энэ байдлаас болж маш олон зардал гарсан. Үүний улмаас хөдөө уурхайд ажиллах боломжгүй болсон. Нийт 7 сая төгрөг нэхэмжилж байна. Миний цохиулсан нүд 2 сарын хугацаа өнгөрсөн байхад хөхөрсөн хэвээрээ байгаа. Нэг талын хамар байнга битүүрдэг. Хохирлоо барагдуулбал хагалгаандаа орох бодолтой байна. Нэг ч удаа над руу залгаж уучлалт гуйгаагүй. Өчигдөр өдөр над руу залгаад гомдлыг барагдуулна гэж дансыг авчхаад 170.000 төгрөг хийсэн. Бүрэн хохирлоо барагдуулмаар байна гэв.

Хохирогч Б.С-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 03-ны өдөр би эхнэрийн хамт хадам ах Энхболдын гэрт орж шинэлчихээд 17 цагийн орчим гараад эхнэр Сугарсүрэн машинаа бариад зогсоолоос ухарч гарах гээд би гадаа нь зогсоод машин хараад байж байтал хажууд нэг машин ухарч ирээд намайг шүргэсэн. Тэгэхээр нь би тухайн машины жолооч дээр очоод “яаж байна чи” гэж хэлэхэд нөгөө залуу замаас зайлаач ээ гэж хэлсэн. Тэгэхээр нь миний уур хүрээд нөгөө залууг машин дотроо сууж байхад нь алгадсан. Тэгсэн нөгөө залуу машинаас бууж ирээд миний нүүр, хамар хэсэг рүү хэд хэдэн удаа цохисон. Би тухайн залууг цохих гэж үзсэн боловч оноогүй. Би тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би гэхдээ тийм их согтолтгүй байсан. Тэгээд миний хамарнаас цус гарч манай ах дүүс гарч ирээд цагдаа дуудсан байсан. Тухайн залууг машин дотор нь байхад нь нэг удаа алгадсан. Түүнээс цохиж, зодсон зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 6/,

Гэрч М.С-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 03-ны өдөр би нөхөр Сэргэлэн болон хүү Содбаяр нарын хамт Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Цоглог хотхонд амьдардаг эгч Оюунхандын гэрт шинэлчихээд тус хотхонд байрлуулж тавьсан машинаа зогсоолоос гаргах гээд нөхрөөрөө заалгаж байсан ба хажууд нэг машин ухарч байгаад манай нөхрийг шүргэчихсэн. Би тухайн үед машин дотор хүүхэдтэйгээ байсан ба хүүхдээ машин дотор орхиод гарч иртэл манай нөхрийг тухайн машины залуу цохичихсон барьцалдаад байж байсан. Тэгэхээр нь би нөхрөө боль гээд татаж хорьж байхад нөгөө залуу манай нөхрийн нүүр, хамар хэсэг рүү хэд хэдэн удаа цохиод авсан. Тэгсэн манай нөхрийн хамар, нүд нь хавдчихсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. Б.С-гийн хамар хугарч, ухархайн дотор хана цөмөрсөн, доод зовхи, хацрын зөөлөн эдийн гэмтэлтэй гэж гарсан” гэсэн мэдүүлэг /хх-н 12/,

Гэрч Ц.Ө-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 03-ны өдөр би найз С.Э- хамт Цоглог хотонд айлаас торт авах гээд очиж машинаа зогсоолд байрлуулахаар ухарсан. Ухарч байхдаа ард хүн байна гэдгийг харж байсан ба мөргөөгүй байхад ард зогсож байсан залуу гараараа машин руу цохисон. Тэгснээ нөгөө залуу ирээд “мөргөлөө шүү дээ” гэж хэлсэн. Энхтулга харж байнаа гэж хэлсэн. ..Би уучлаарай гэж 2, 3 удаа хэлсэн чинь Энхтулгыг уучлалт гуйсангүй гээд алгадаад авсан” гэсэн мэдүүлэг /хх-н 45/,

Шинжээчийн 2546 тоот дүгнэлтэд: “...Б.С-гийн биед баруун зүүн нүдний ухархайн дотор хана цөмөрсөн, хамар ясны зүүн хажуу хананд цөмөрсөн хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүд болон нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн доод зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 14-15/,

Шинжээч эмч Б.Даваасүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...дүгнэлтэд дурьдагдсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлдлээр үүсгэгдсэн, тус бүрдээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтлүүд юм. Нүүрэнд үүссэн баруун, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал гэмтлүүд нь нэг удаагийн, зүүн нүдний гэмтлүүд нь нэг удаагийнх байна. Иймд олон удаагийн үйлчлэл гэж үзсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 54-5/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 1/, дүрс оношилгооны шинжилгээний хариу /хх-н 16/, хохирлын баримтууд /хх-н 22-24/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 48-50, 56/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

  Шүүгдэгч С.Э- нь Баянгол дүүргийн 25 дугаар хороо, Цоглог хотхоны гаднах авто машины зогсоол дээр 2022 оны 02 дугаар сарын 03-ны өдөр иргэн Б.С- нь намайг мөргөлөө гэж маргалдан улмаар түүнийг машин дотроо байхад нь нүүр лүү нь алгадсанаас шалтгаалан биед нь халдаж гараараа нүүрэн тус газарт нь цохиж баруун зүүн нүдний ухархайн дотор хана цөмөрсөн, хамар ясны зүүн хажуу хананд цөмөрсөн хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүд болон нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн доод зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Б.С-, гэрч М.С-, Ц.Ө- нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч С.Э- нь хохирогчтой маргалдаж, улмаар хохирогч нь шүүгдэгчийг машин дотор сууж байхад нь алгадсаны улмаас шүүгдэгч нь хохирогчийг цохиж шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон буюу хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч С.Э- үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсангэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Хэдийгээр тухайн хэрэг болох үед хохирогч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хохирогчийн буруутай үйлдэл буюу шүүгдэгчийг эхэлж алгадсаны улмаас  гэмт хэрэг гарсан нөхцөл байдал тогтоогдсон хэдий ч энэ нь шүүгдэгчийг хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэх шалтгаан болохгүй гэж үзлээ. Түүнчлэн, аргагагүй хамгаалалтын улмаас хийсэн үйлдэл гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Шүүгдэгч С.Э- нь хохирогч Б.С-г цохисон үйлдэлийн улмаас хохирогчид шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтэл учирсан нь хоорондоо шууд  шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч С.Э- нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар буюу хохирогч Б.С-гийн эрүүл мэндэд хохирол учруулсан талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Шүүгдэгч нь хохирогчийн хавтаст хэрэгт бармитаар өгсөн 170.000 төгрөгийн хохирлыг хохирогчийн данс руу шилжүүлсэн баримтыг шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн болохыг дурдах нь зүйтэй.

Хохирогч нь хамрын хагалгаанд орох 3.668.332 төгрөг, мөн хагалгааны өмнө болон дараа гарах зардал зэрэг 7.000.0000 төгрөг шүүгдэгчээс нэхэмжилсэн ба хавтаст хэрэгт ЭМЖЖ эмнэлгийн “нэхэмжлэх” баримт авагдсан ба тухайн баримт нь 2022.01.07 нэхэмжилсэн төлбөр хийх хугацаа нь 2022.01.31 өдөр байна. Иймд дээрх баримтын огноо нь гэмт хэрэг гарахаас өмнөх цаг хугацааных байх тул тухайн баримтыг үндэслэн хохирогчийн нэхэмжилсэн хохирлыг гаргуулах боломжгүй байна гэж шүүх үзлээ.

Хохирогч нь цаашид хагалгаанд орох болон хагалгаатай холбоотой бусад зардал, тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаархи нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 850 нэгж буюу 850.000 төгрөгөөр торгох ял оногдуулах ялын дүгнэлт гаргасан болохыг дурдав.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч С.Э- үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч С.Э- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас  анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.4 дэх заалтад заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Харин шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл шалтгаалсан, хохирогчийн баримттай хохирлыг төлж барагдуулсан зэргийг харгалзан улсын яллагчийн оногдуулсан ялаас доогуур буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч С.Э- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э- 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь хохирогчид 170.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
  5. Хохирогч нь хохирол хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Э-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР