| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2022/0545/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/536 |
| Огноо | 2022-05-02 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | С.Энхням |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 2022/ШЦТ/536
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,
улсын яллагч С.Энхням,
шүүгдэгч Т.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос М овогт Т-ийн Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208000000760 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1994 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ... ХХК-нд өрмийн туслахаар ажилладаг, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдардаг гэх, Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, М овогт Т-ийн Г (РД:...);
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Т.Г нь 2022 оны 02 дугаар сарын 27-ны шөнө 23 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо Ө зочид буудлын 7 тоот өрөөнөөс хохирогч П.Б-гийн Самсунг А-52 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсны улмаас хохирогч П.Б-д 650,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хохирогч П.Б-гаас гаргасан гомдол, гомдлыг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1-2 дахь хуудас), хохирогч П.Б-гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8 дахь тал), Тэнцвэр эстимейт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 18 дахь тал), гэрч Ц.С-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дахь тал), шүүгдэгч Т.Гийн хувийн байдалтай холбоотой баримтууд (хавтаст хэргийн 32, 39-48 дахь тал), шүүгдэгч Т.Гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 31 дэх тал) зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Нэг: Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Т.Г нь 2022 оны 02 дугаар сарын 27-ны шөнө 23 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо Ө зочид буудлын 7 тоот өрөөнд иргэн П.Б-гийн хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар хохирогч П.Б-г унтсан хойгуур түүний эзэмшлийн Самсунг А-52 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч яван бусдад 650,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
1.Хохирогч П.Б-гаас гаргасан гомдол, гомдлыг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1-2 дахь хуудас),
2. Хохирогч П.Б-гийн: “...2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 11 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ө зочид буудлын 7 тоот өрөөнд ороод байж байхад 17 цагийн орчимд өрөөний хаалга тогшихоор нь онгойлгоход /найз/ С-гийн найз гэх үл таних эрэгтэй зогсож байсан. Тэр залуу “С намайг очоод байж бай гэсэн юм” гээд надад чат харуулахаар нь би С руу залгаж асуухад “ханьтай байж бай, би удахгүй очно” гэхээр нь үл таних эрэгтэйг оруулсан юм. Тэгээд би гар утсаараа оролдож байгаад дэрэн доороо хийгээд хэсэг унтаж байгаад сэрэхэд өрөөний хаалга онгорхой, тухайн залуу байхгүй, явсан байсан тул дэрэн доор хийсэн утсаа шалгахад алга болсон байсан. Миний гар утас нь Самсунг А-52 загварын гар утас, 2021 оны 12 дугаар сард ... ХХК-иас 1,100,000 төгрөг авч байсан, цэнхэр өнгөтэй утас байсан ба гэр нь өнгөгүй юм.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8 дахь тал),
3. Тэнцвэр эстимейт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “Самсунг А-52 маркийн гар утсыг 650,000 төгрөгөөр үнэлсэн” (хавтаст хэргийн 18 дахь тал),
4. Гэрч Ц.С-ийн: “...Миний бие 11 цагийн орчимд өөрийн найз Б-тай Ө зочид буудлын 7 тоотод уулзчихаад гэр лүүгээ явах ажил гарсан тул би гэр лүүгээ явчхаад буцаад ирье гэж хэлээд явсан. Тэрний дараа Г надтай ярихаар нь “би гэртээ ажилтай болчихлоо, тэгээд гэрт очоод буцаж ирэх байх, чи манай найзтай байж байх юм уу, эсхүл намайг очихоор ирэх юм уу” гэхэд тэр очоод байж байя гэсэн. Тэгээд Г нь надтай холбоо барьж байгаад тухайн буудалд очсон. Тэгээд би гэртээ харьчхаад буцаж гарахаас залхуу хүрээд би гэрээсээ гаралгүй амарсан. Тэгээд би 21 цаг болж байхад Г-тэй холбоо барихад бид 2 цуг шар айраг уугаад байж байна гэсэн. Тэгээд маргааш нь манай найз Б- над руу үл таних хүний дугаараас яриад би утсаа алдчихлаа, танай найз авч явсан байх гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дахь тал),
5. Шүүгдэгч Т.Гийн: “...Манай найз С гэх эмэгтэй тухайн өдөр над руу залгаад “миний найз С-ийн ар талын Ө зочид буудалд байгаа юм, чи түүнтэй хань болоод байж бай” гээд гуйсан. Тэгэхээр нь би гэрээсээ 09 цагийн орчимд гараад Ө зочид буудалд очоод 7 тоотод ороход нэг эмэгтэй хүн ганцаараа байсан. Тэгээд би тухайн эмэгтэйтэй танилцаж хамтдаа 2,5 литрийн савлагаатай шар айргийг 2 савыг хувааж уусан. Тэгээд орой 22 цагийн орчимд тухайн эмэгтэй орон дээрээ ганцаараа унтаад өгсөн, ба гар утас нь цонхны тавцан дээр байхаар нь би түүнд мэдэгдэлгүйгээр гар утсыг нь аваад явчихсан. Тэгээд маргааш нь Сүхбаатарын талбайн хажуу талд байрлах ... гар утасны худалдааны төв дээр үл таних эрэгтэй хүнд 100,000 төгрөгөөр зарсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 31 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай, шунахай сэдэлтээр үйлдэгдсэн, шүүгдэгч Т.Г нь хохирогчийн гар утсыг унтаж байх хойгуур сэм, нууц байдлаар авсан үйлдэл нь “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг агуулсан, тэрбээр өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүний улмаас үүсэн гарах үр дагаврыг мэдэж, хүсэж үйлдсэн шинжтэй байх тул шүүгдэгч Т.Гийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол төлбөрийн тухайд: Шүүгдэгч Т.Г-ийн үйлдсэн хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч П.Б-д 650,000 төгрөгийн хохирол учирсан байна.
Шүүгдэгч Т.Г нь хохирогч П.Б-д 1,100,000 төгрөг хүлээлгэн өгсөн, хохирогч нь “гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй" гэх хүсэлтийг гаргасан байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.( хавтаст хэргийн 53 дахь тал)
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор нь Т.Г-эд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг шүүгдэгч Т.Гэд танилцуулсан байх ба тэрбээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, мөн шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан прокурорын гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г-эд хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” хязгаарлалтыг мөн хугацаагаар хүлээлгэж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Т.Г нь шүүхээс хүлээлгэсэн дээрх үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдэж, шүүгдэгч Т.Г-эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт Т-ийн Г-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г-эд хорих ял оногдуулахгүйгээр 6 (зургаа) сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” хязгаарлалтыг мөн хугацаагаар хүлээлгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г нь шүүхээс хүлээлгэсэн дээрх үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг Т.Гэд мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Г-эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ