Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/558

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч Д.Ширэндэв,

шүүгдэгч Н.А, түүний өмгөөлөгч Ц.Амар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос М овогт Н-ийн А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2208011290779 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1985 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Дорноговь аймгийн ... суманд төрсөн, 37 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “...” ШТС-д түгээгч ажилтай, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо ... дугаар гудамж ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, М овогт Н-ийн А (РД:....),

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Н.А нь 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо ... дугаар гудамж ... тоотод нөхөр Б.М-ыг “адилхан архи уусан байж хоол хийлгэх гэлээ” хэмээн уурлан түүний нуруун тус газар нь хутгаар хутгалж, эрүүл мэндэд нь нуруунд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 5-11 дэх тал), хохирогч Б.М-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 35 дахь тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 5340 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 39-40 дэх тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 903 дугаартай  дүгнэлт (хавтаст хэргийн 57-58 дахь тал), хохирогч Б.М-ын ГССҮТ эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх  (хавтаст хэргийн 72-75 дахь тал), шинжээч Г.Х-гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 127 дахь тал), шүүгдэгч Н.Агийн хувийн байдалтай холбоотой баримтууд (хавтаст хэргийн 81, 84-90, 91-93, 94-96 дахь тал), Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 97-110 дахь тал), шүүгдэгч Н.Агийн мэдүүлэг (хавтаст хэргийн 117 дахь тал) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Н.А нь 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо ... дугаар гудамж ... тоотод нөхөр Б.М-ыг “адилхан архи уусан байж хоол хийлгэх гэлээ” хэмээн уурлан  түүний нуруун тус газар нь хутгаар хутгалж, эрүүл мэндэд нь нуруунд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь: 

1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд: “...бор хүрэн өнгийн үсэрхэг дотортой хүрэм байх ба дотор талд нь цус мэт зүйлээр бохирлогдсон байв” гэж тэмдэглэгдсэн.” (хавтаст хэргийн 5-11 дэх тал),

2. Хохирогч Б.М-ын: “...2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр гэрт найзууд ирэхээр нь  эхнэр Н.А-д “хоол хийж өгсөнгүй”  гээд хэлчихсэн чинь адилхан архи уучхаад  би яаж хоол хийх юм бэ  гэж уурлаад  мах хэрчиж байсан  шар иштэй хутгаараа миний ар нурууны хэсэгт зүсчихсэн юм. Тухайн үед манай эхнэр бид хоёроос өөр хүн байгаагүй. Би бор өнгийн савхин куртик өмссөн байсан. Бусад хувцсаа санахгүй байна” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 35, 121 дэх тал),

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 5340 дугаартай: Хэсэг газрын үзлэгт: “...нурууны зүүн доод хэсэгт 11х0.4см цайвар ягаан өнгийн мэс заслын оёдол авагдаж эдгэсэн  зөөлөн сорвитой”,  Дүгнэлт хэсэгт: “...Б.М-ын биед нуруунд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий нэг удаагийн үйлчлэлээр үүссэн хуучин гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 39-40 дэх тал),

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 903 дугаартай: “...шинжилгээнд ирүүлсэн хүрэн өнгийн  хүрэмд үүссэн 16мм хэмжээтэй  гэмтэл нь  хурц иртэй зүйлтэй харилцан  үйлчлэх үед үүссэн  шинэ зүсэгдэлт байна.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 57-58 дахь тал),

5. Цэргийн төв эмнэлэгт хохирогч Б.М хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх  (хавтаст хэргийн 72-75 дахь тал),

6. Шинжээч Г.Х-гийн: “...Б.М-ын нуруунд  үүссэн шарх гэмтэл нь өөрийн гар хүрэхгүй газарт үүссэн байх тул  уг гэмтлийг өөрөө өөртөө учруулах боломжгүй юм.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 127 дахь тал),

7. Шүүгдэгч Н.А-гийн: “...Тухайн гэмтлийг би учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Надад ярих, маргах зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 117 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл, шүүгдэгч Н.А, хохирогч Б.М нар гэрт нь ирсэн найз нөхдийн хамтаар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар найз нөхдөө явсан хойгуур хохирогч Б.М- нь найз нөхөд ирж байхад хоол хийж өгсөнгүй гэх зүйлийг ярихад шүүгдэгч Н.А нь  дургүйцэн адилхан архи уусан байж  хоол хий гэж хэллээ хэмээн үл ялих зүйлээр шалтаглан уурлаж, хохирогч Б.М-ын нуруун тус газар хутгалж гэмтээсэн үйл баримт тогтоогдсон байна.

Шүүгдэгч Н.А нь хутга хэрэглэн хүний биед халдвал гэмтэл учрах, амь насыг хохироох эрсдэлтэй гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа шаардлага тавилаа хэмээн уурлаж хохирогч руу хутга барин халдаж буй үйлдлийг хохирогчид хохирол учрахыг хүсэж үйлдсэн гэж үзэх, дүгнэх үндэслэл болсон төдийгүй шүүгдэгчийн энэхүү үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэхээр байна.

Иймээс шүүгдэгч Н.А-гийн зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд халдаж хөнгөн гэмтэл санаатай учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокурорын зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж, шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тогтов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.М-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь эмчилгээ хийлгэсэн баримтыг гаргаж өгөөгүй, “...нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Ширэндэв нь Н.А-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг яллагдагч (шүүгдэгч) Н.А-д танилцуулсан байх ба тэрбээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу шүүгдэгч нь зэвсэг хэрэглэн үйлдсэн, хохирогч, шүүгдэгч нар нь нэг гэр бүлийн хүмүүс байх бөгөөд өмнө гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдлийг хэн аль нь гаргаж байгаагүй, хохирогчид төлөх төлбөргүй байдал, үүнээс гадна эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлын хувьд шүүгдэгч Н.А нь анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, мөн бага насны хүүхдүүдтэй, ажил хөдөлмөр эрхэлж, орлого олдог болохыг илэрхийлсэн баримтууд тус тус авагдсан байх тул дээрх байдлыг харгалзан прокуророос гаргасан саналын хүрээнд шүүгдэгч Н.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Н.А нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  

                                                ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М овогт Н-ийн А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А-д 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А-д оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Г.АЛТАНЦЭЦЭГ