| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2017/01740/И |
| Дугаар | 102/ШШ2017/01463 |
| Огноо | 2017-05-19 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 102/ШШ2017/01463
| 2017 оны 05 сарын 19 өдөр | Дугаар 102/ШШ2017/01463 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 12 дугаар байрны 12 тоотод оршин суух Боржигон овогт Жаргалын Жавхлантөгсийн нэхэмжлэлтэй, иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд болох Хар хул овогт Бум-Эрдэнийн Ганбанзрагчийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.Жавхлантөгс, нарийн бичгийн дарга О.Энхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч Ж.Жавхлантөгс нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Ганбанзрагчтай 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр зээлийн гэрээ байгуулан, 750000 төгрөгийг, 1 сарын хугацаатай, хүүгүй зээлдүүлсэн.
Б.Ганбанзрагч тухайн үед Баянзүрх дүүргийн Арслантай хөшөөний урд байрлах Номин худалдааны төвд эмийн сан түрээслүүлэн ажиллуулдаг байсан.
Зээлийн гэрээний хугацаа дуусаж, төлбөрөө төлөхийг удаа дараа шаардахад зугтан зайлсхийсэн тул гэрийн хаягийн дагуу очиход хаягтаа байхгүй, ажил дээр нь очиход уржигдар бүх юмаа аваад нүүсэн гэж хэлсэн учраас Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 13 дугаар хороо, 58 дугаар байрны 49 тоотод хаягаар нэхэмжлэл гаргасан боловч энэ хаягт оршин суудаггүй байна гээд хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Иймээс Б.Ганбанзрагчийг оршин суугаа хаяг тодорхойгүй байх тул эрэн сурвалжилж өгнө үү, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Ж.Жавхлантөгс, иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд болох Б.Ганбанзрагчийг эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх хүсэлтийг хангаж, шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Б.Ганбанзрагч иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 101/Ш32017/05755 дугаартай Шүүгчийн захирамж, 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 5329 дугаартай зээлийн гэрээ, гэрэл зураг зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож, оршин суух хаяг тодорхойгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байх тул эрэн сурвалжлах шийдвэр гаргах нь зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдагдсан Б.Ганбанзрагч эмэгтэй, 30 настай, дунд зэргийн нуруутай, харааны шил зүүдэг, шар цайвар царайтай, махлаг, Фэйсбүүк цахим хуудасны бүртгэлийн нэр Ganaa Ganuush, утас 93456699, түүний нөхрийн утас 97030340, Фэйсбүүк цахим хуудасны бүртгэлийн нэр Paaya Dush гэсэн мэдээлэлийг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст мэдэгдэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Хар хул овогт Бум-Эрдэнийн Ганбанзрагчийг эрэн сурвалжилсугай.
2.Хариуцагчийг эрэн сурвалжилж, түүний хаана оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.
3. Шийдвэрийн хувийг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Дарханцэцэгт үүрэг болгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧГ.АРИУНАА