| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2016/00498/и |
| Дугаар | 548 |
| Огноо | 2017-08-10 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 10 өдөр
Дугаар 548
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар баг, 5-18 тоотод оршин суух, 1982 онд төрсөн, 35 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОЭ82061008, Засгууд овогт Батсуурийн Цэцэгчимэдийн,
Охин Ц.Мөнхзулын эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Цэцэгчимэд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Тамираа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Цэцэгчимэд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь 2002 онд Баян-Өлгий аймгийн Багшийн сургуульд сурч байхдаа Намгүрийн Даваадоржтой танилцаж, 2003 оны 9 дүгээр сараас эхлэн хамтран амьдрах болсон. Хамт амьдарч байх хугацаанд 2004 оны 7 дугаар сарын 01-ний өдөр охин Мөнхзаяаг төрүүлсэн. Тухайн үед нөхөр бид 2 гэрлэлтээ бүртгүүлээгүй байсан тул охиноо би өөрийн нэрээр овоглож төрсний гэрчилгээ авсан. Нөхөр бид хоёрын дундаас 2006 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүү Даваадоржийн Мөнх-Алдар төрсөн. Хүүгээ төрөх үед нь бид гэрлэлтээ бүртгүүлж гэрчилгээ авсан байсан учир хүү маань аавынхаа нэрээр овоглосон. Бид 2004 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Баян-Өлгий аймгийн улсын бүртгэлийн хэлтэст хандаж гэрлэлтийн гэрчилгээ авсан. 2004 оны 10 дугаар сард охины маань бие муудаж ламд үзүүлэхэд нэр нь таарахгүй байна нэрийг нь соль гэсэн. Ингээд охиныхоо нэрийг өөрчилж Мөнхзул болгосон. Охиныхоо нэрийг сольж, мөн аавынх нь нэрээр овоглох гээд овгийн солиулж чадаагүй байтал нөхөр Н.Даваадорж маань ажлаа хийгээд явж байгаад осолд орж 2011 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр нас барсан. Одоо миний бие 2 хүүхдийн хамт өөрийн төрсөн аавын гэрт амьдарч байна. Том охиноо аавынх нь нэрээр овоглох гээд Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хандсан боловч нөхөр бид хоёрын гэрлэлтийн гэрчилгээ 2004 оны 10 дугаар сард буюу охиныг маань төрснөөс 3 сарын дараа гарсан учир шүүхэд хандаж хүүхдийн эцэг тогтоолгож байж охиныг маань аав Н.Даваадоржийн нэрээр овоглох боломжтой гэсэн тул шүүхэд хандаж байна. Иймд миний охин Ц.Мөнхзулын эцэг нь Н.Даваадорж болохыг тогтоож өгнө үү. Охин Ц.Мөнхзулын эцэг Н.Даваадорж мөн болохыг сайн мэдэх нөхрийн төрсөн эгч Н.Энхцэцэг, миний аав Ч.Батсуурь нарыг гэрчээр асууж өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Цэцэгчимэд нь охин Ц.Мөнхзулын эцэг Н.Даваадорж мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.
Н.Даваадорж, Б.Цэцэгчимэд нарын 121 дүгээр гэрлэлтийн гэрчилгээний хуулбарт: “Намгүр овогтой Даваадорж, Батсуурь овогтой Цэцэгчимэд нар 2004 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр гэр бүл болсныг 2004 оны 10 дугаар сарын 19-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 121 дүгээрт бүртгэж гэрчилгээ олгов” гэжээ.
Н.Даваадоржийн нас барсны бүртгэлийн 70617 дугаар гэрчилгээний хуулбарт: “Намгүрийн Даваадорж нь 2011 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр өвчнөөр нас барсныг 2011 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр нас барсны бүртгэлийн 104-рт бүртгэж, гэрчилгээ олгов” гэжээ.
Түүнчлэн Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 108/003115 дугаар төрсний бүртгэлийн лавлагаанд: “Төрсөн эцэг бүртгэгдээгүй, төрсөн эх Батсуурийн Цэцэгчимэд, охин Цэцэгчимэдийн Мөнхзаяаг 2004 оны 8 дугаар сарын 19-ний өдөр төрүүлсэн” гэжээ. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Ч.Батсуурь, Н.Энхцэцэг нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Ч.Батсуурь “Миний охин Б.Цэцэгчимэд 2002 онд Баян-Өлгий аймгийн Багшийн сургуульд сурч байхдаа тус аймгийн иргэн Намгүрийн Даваадоржтой танилцаж, улмаар 2003 оноос эхлэн хамтран амьдарч эхэлсэн бөгөөд 2004 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хуримаа хийсэн. Тэдний дундаас 2004 оны 7 дугаар сарын 01-ний өдөр охин Мөнхзул төрсөн. Хүүхдүүд маань тухайн үед хуримаа хийж, гэрлэлтээ батлуулаагүй байсан тул охин Мөнхзулаа Б.Цэцэгчимэдийн нэрээр овоглосон. Зээ охин Мөнхзулыг анх төрөхөд нь Мөнхзаяа гэж нэр өгсөн бөгөөд багад нь бие нь өвдөөд ламд үзүүлэхэд нэр нь таарахгүй байна гэж хэлсэн учир нэрийг нь сольж Мөнхзул болгосон. Дараа нь Н.Даваадорж, охин Б.Цэцэгчимэд нарын дундаас 2006 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүү Д.Мөнх-Алдар төрсөн. Хүүхдүүд маань Баян-Өлгий аймагт амьдарч байсан. Гэтэл хүргэн Н.Даваадорж ажлаа хийж яваад осолд орж нас барсан. Зээ охин Мөнхзул, зээ хүү Мөнх-Алдар нарын эцэг нь Н.Даваадорж мөн” гэж, гэрч Н.Энхцэцэг “Бэр болох Б.Цэцэгчимэд Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуульд оюутан болж ирсэн. Тэр үеэс эхлээд миний төрсөн дүү болох Н.Даваадоржтой найзалж дараа нь хуримаа хийсэн. Б.Цэцэгчимэд, Н.Даваадорж нар нь хоёр хүүхэдтэй. Улмаар том охин Мөнхзул, хүү Мөнх-Алдар нар мэндэлсэн. Миний дүү Н.Даваадорж нас барсны дараа бэр болох Б.Цэцэгчимэд Өлгийд нэг жил орчим амьдарч байгаад Увс аймагт байгаа аав, ээж рүүгээ явсан. Охин Мөнхзул нь Б.Цэцэгчимэд, Н.Даваадорж нарын том хүүхэд мөн” гэж тус тус мэдүүлжээ.
Ц.Мөнхзаяаг бага байхад бие нь өвдсөн учир нэрийг Ц.Мөнхзул болгон өөрчилсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон гэрч Ч.Батсуурийн мэдүүлгээр тогтоогдож байна. Иймд Ц.Мөнхзаяагийн төрсний бүртгэлийн лавлагааг Ц.Мөнхзулынх гэж үзэх нь зүйтэй.
Н.Даваадорж, Б.Цэцэгчимэд нар нь 2004 оны 10 дугаар сарын 19-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн бөгөөд гэрлэлтээ бүртгүүлэхээс өмнө охин Ц.Мөнхзул төрсөн болох нь Н.Даваадорж, Б.Цэцэгчимэд нарын 121 дүгээр гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 108/003115 дугаар төрсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.
Н.Даваадорж, Б.Цэцэгчимэд нарыг хамтын амьдралтай байх хугацаанд охин Ц.Мөнхзул төрсөн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, Н.Даваадорж, Б.Цэцэгчимэд нарын 121 дүгээр гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 108/003115 дугаар төрсний бүртгэлийн лавлагаа, гэрч Ч.Батсуурь, Н.Энхцэцэг нарын мэдүүлгээр нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч Б.Цэцэгчимэдийн хүсэлтийг хангаж, охин Мөнхзулын эцэг Онги овогт Намгүрийн Даваадорж мөн болохыг тогтоож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.7 дахь хэсгүүдэд зааснаар 2004 оны 8 дугаар сарын 19-ний өдөр охин Мөнхзулын төрсөн эцэг Онги овогт Намгүрийн Даваадорж мөн болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Б.Цэцэгчимэдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ