Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/455

 

                          

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганболор, улсын яллагч Н.Ундрах, шүүгдэгч О.Гнарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 00290 0206 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Х овгийн О.Г, *** оны ** дугаар сарын **-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, машинч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл ганцаараа, Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг ** тоотод байнга оршин суудаг хаягтай, регистрийн дугаар ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

 Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд тусгаснаар:

Шүүгдэгч О.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 05 дугаар хороо, Баянголын ** тоот хашаанд байрлах нийтийн байрны ** тоотод оршин суух хохирогч Т.С-ын А12 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 350,000 төгрөгийн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч, Х овгийн О.Г нь 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 05 дугаар хороо, Баянголын ** тоот хашаанд байрлах нийтийн байрны ** тоот болон О-ын гэрт О болон түүний эхнэр С-ын хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд улмаар шөнө гэрээс нь гарахдаа хохирогч Т.С-ын “Samsung A12” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 350,000 төгрөгийн хохирол учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

    1. Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

Тухайлбал, хохирогч Т.С-ын “...2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ажлаа тарчхаад нөхөр О болон нөхрийн найз Г нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороонд байх ** хангай караокед дуулж, пиво ууж байгаад гэртээ харьсан. Гэрт очоод авчирсан пиво болон жижиг архиа уучхаад би түрүүлээд унтаад өгсөн. Нөхөр болон Х нар юм яриад үлдсэн. Шөнө 04 цаг 30 минутын орчимд сэртэл миний А-12 маркийн гар утас байхгүй, нөхрийн найз Г бас байхгүй, явчихсан байсан. Тэгэхээр нь нөхөр бид хоёр Г-ийг Хангай захын өөдөөс харсан нийтийн байрнаас олж “гар утсаа авъя” гэж хэлэхэд Г “утсыг чинь таксины жолоочид зарчихсан” гэхээр нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг (хавтас хэргийн 7 дахь тал), “Тэнцвэр Эстимейт” ХХК-ийн “Samsung A12 загварын гар утас нь 350,000 төгрөг” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 10-11 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар хэргийн үйл баримт сэргээн дүрслэгдсэн бөгөөд талууд нотлох баримтын агуулга болон үйл баримтын талаар маргаагүйг дурдах нь зүйтэй. 

Түүнчлэн, шүүгдэгч О.Г нь мөрдөн шалгах ажиллагаанд “...хэрэг гардаг өдөр найз О-тай 21-р хорооллын Хангай захын орчимд байдаг караокед очиж уулзахад эхнэр С тойгоо хамт явж байсан. Тэгээд бид гурав хамт караокед пиво ууж дуулж байгаад дуусах үед О “манайд очоод хоночих” гэхээр нь зөвшөөрөөд замаараа дэлгүүрээс 1 том пиво, 100 грамм архитай аваад бид 3 хувааж уусан. Унтаж байгаад шөнө 03 цагийн орчимд сэрэхэд ширээн дээр нүүр нь бага зэрэг цуурсан гар утас байхаар нь авч гараад зам дээд зогсож байсан үл таних таксины жолоочид 30,000 төгрөгөөр зарж мөнгөөр нь 5 шар орж шаг зардаг хүнээс 1 шил Соёрхол нэртэй архи авч уусан...” (хавтаст хэргийн 55-56 дахь тал) гэж, шүүхийн хэлэлцүүлэгт “...19-ний орой архи уугаад орой нь надтай хамт байсан 2 хүн согтоод унтаад өгсөн. Дахиад архи авах гэсэн мөнгө байдаггүй. Тэгэхээр нь өглөө утсыг нь аваад өгчихье гэж бодоод утсыг нь авч гарч зараад архи уусан. Миний буруу,  дахиж ийм үйлдэл гаргахгүй, гэмшиж байна. Ажил хийж байгаад хохирлоо төлж барагдуулна...” гэж тус тус хэргээ хүлээн мэдүүлсэн нь хохирогч Т.С-ын мэдүүлгээр батлагдаж байх тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтаар үнэлэв.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Түүнчлэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч О.Г нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.

    1. Эрх зүйн дүгнэлт

Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, шунахай сэдлээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, өөрийн өмчийн нэгэн адил үнэ төлбөргүйгээр захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч О.Г-ийн үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн энэхүү үндсэн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаас хулгайн халдлагын зүйл болох “Samsung A12” маркийн гар утсыг 350,000.0 төгрөгөөр үндэслэл бүхий үнэлсэн байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг 350,000.0 төгрөгөөр тогтоосон бөгөөд энэ нь хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй хулгайлах гэмт хэргийн материаллаг шинжийг хангажээ.

Шүүгдэгч О.Г-ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч О.Г-ийг “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Шүүгдэгч О.Г нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй байх тул түүнээс 350,000.0 төгрөг гаргуулан хохирогч Т.С-д олгож, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг арилгах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

    1. Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...шүүгдэгч О.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, уг зүйл ангиар 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгчийн цагдан хоригдсон хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох, хохирогч С-д төлөгдөөгүй байгаа 350,000 төгрөгийн хохирлыг шүүгдэгчээс гаргуулах саналтай байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй байна...” гэв.

Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж эрүүгийн хариуцлагын талаар “...надад хорих ял биш нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү...” гэв.

    1. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч О.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 31 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 23 дахь тал), 2004 оны 9 дүгээр сар, 2008 оны 9 дүгээр сар, 2011 оны 11 дүгээр сар, 2013 оны 5-7, 11-12 дугаар сард нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан талаарх лавлагаа (хавтаст хэргийн 29 дэх тал), эд хөрөнгөгүй талаарх албан тоот (хавтаст хэргийн 30 дахь тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 32 дахь тал), АСАП сангийн лавлагаа (хх-ийн 37-42 дахь тал)-д үндэслэн шүүгдэгч О.Г-ийн эрхэлсэн тодорхой ажилгүй, оршин суух тодорхой хаяггүй, өөрийн нэр дээр эд хөрөнгөгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлсан хувийн байдлыг тодорхойлов.

Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирогчийн зөрчигдсөн эрх сэргээгдээгүй байдал, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн шүүхийн шатнаас оргон зайлсан хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч О.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан сарын хугацаагаар хорих ял шийтгэх нь эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгыг бүрэн хангана гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г-ийн цагдан хоригдсон 16 (арван зургаа) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцов.

    1. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.Г-ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч О.Г-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх хорих ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Х овгийн О.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г-т зургаан сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г-т оногдуулсан зургаан сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г-ийн цагдан хоригдсон 16 (арван зургаа) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г-аас 350,000.0 төгрөг гаргуулан хохирогч Т.С-д олгосугай.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.Г-ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч О.Г-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн тоолсугай.

8.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч О.Г-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                    Б.БАТАА