Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 550

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

             Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

             Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 28-9 тоотод оршин суух, 1989 онд төрсөн, 28 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОО89042424, Тайж овогт Төмөрбаатарын Сүнжидмаагийн нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: Увс аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт холбогдох,

           Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 1.620.099 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Тамираа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгч Т.Сүнжидмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр ажлаас халагдаж, Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 331 тоот шүүхийн шийдвэрээр ажилдаа буцаж орсон. Иймд миний ажилгүй байсан хугацааны 2017 оны 3 дугаар сараас 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх цалин 1.620.099 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж, мөн хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

           Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч Т.Сүнжидмаа нь хариуцагч Увс аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 1.620.099 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

          Нэхэмжлэгч Т.Сүнжидмаад шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч нэхэмжлэгч нь Миний бие нь 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдөр амаржсан тул шүүх хуралдааныг намайг байлцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийх боломжтой гэж үзсэн болно.

         Хариуцагч Б.Нансалмаад нэхэмжлэлийн хувийг 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр гардуулж, эрх үүргийг нь тайлбарлан өгсөн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-дХариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэж заасны дагуу хариу тайлбараа ирүүлээгүй, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох нь зүйтэй.

            Нэхэмжлэгчийг Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 331 дүгээр шийдвэрээр Увс аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын нийгмийн ажилтны ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2017 оны 2 дугаар сарын цалин хөлстэй тэнцэх олговор 635.135 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж олгохоор шийдвэрлэсэн ба уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

          Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг биелүүлж нэхэмжлэгч Т.Сүнжидмааг 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Увс аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын нийгмийн ажилтны ажилд эгүүлэн томилж, ажлын байраар хангасан болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон Увс аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн Б/14 дүгээр Т.Сүнжидмааг ажилд томилох тухай тушаалаар нотлогдож байна.

          Иймд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ыг баримтлан нэхэмжлэгчийн 2017 оны 3 дугаар сараас 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх 2 сар 20 хоног ажилгүй байсан хугацааны цалин нийт 1.861.090 /1 сарын дундаж цалин хөлс 635.135 төгрөг х 2 сар = 1.270.270 төгрөг, 1 өдрийн дундаж цалин хөлс 29541 төгрөг х 20 хоног = 590.820 төгрөг/ төгрөг байгаа боловч нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 1.620.099 төгрөгийгУвс аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас гаргуулан нэхэмжлэгч Т.Сүнжидмаад олгох нь зүйтэй.

          Ажилтны хууль бусаар ажлаас халагдсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн даатгуулагчийн халагдахын өмнө авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас ажил олгогчийн төлбөл зохих хувиар бодож буруутай этгээд төлөх ёстой тул нэхэмжлэгч Т.Сүнжидмаагийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт бичилт хийхийг Увс аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартдаалгах нь зүйтэй байна.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40.872 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 40.872 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Сүнжидмаад олгох нь зүйтэй.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Увс аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор 1.620.099 /нэг сая зургаан зуун хорин мянга ерэн ес/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Сүнжидмаад олгосугай.

          2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д зааснаар нэхэмжлэгч Т.Сүнжидмаагийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч Увс аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартдаалгасугай.

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40.872 /дөчин мянга найман зуун далан хоёр/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 40.872 /дөчин мянга найман зуун далан хоёр/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Сүнжидмаад олгосугай.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ