| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2022/0458/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/456 |
| Огноо | 2022-04-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Нарангуа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 2022/ШЦТ/456
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганболор, улсын яллагч Х.Нарангуа, шүүгдэгч/хохирогч Г.Б, Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 00000 0246 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, Ч овгийн Г.Б, *** оны ** дугаар сарын **-ний өдөр Дорнод аймгийн Баян Уул суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл тав, эхнэр, гурван хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн ** тоотод суудаг, регистрийн дугаар: **, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
2. Монгол Улсын иргэн, Б овгийн Б.Н, *** оны ** дугаар сарын **-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн. 44 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “**” ХХК-нд хяналтын ажилтан ажилтай, ам бүл тав, нөхөр, гурван хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн *** тоотод суудаг, регистрийн дугаар: ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Г.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 13-ны орой 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн ** тоотод хамтран амьдрагч Б.Н-тэй гэр бүлийн асуудлаас болж маргалдан улмаар түүний нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шанааны цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Б.Н нь 2022 оны 01 дүгээр сарын 13-ны орой 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн ** тоотод хамтран амьдрагч Г.Б-тэй гэр бүлийн асуудлаас болж маргалдан улмаар түүний нүүрэн тус газарт гараараа, эрүүн тус газарт нь монгол гэрийн баганын модоор тус тус цохиж эрүүл мэндэд нь оочны шарх, нүүр хүзүүний зулгаралт, баруун нүдний дээд доод зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус бүр холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч, Ч овгийн Г.Б, Б овгийн Б.Н нар нь 2022 оны 01 дүгээр сарын 13-ны орой 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн ** тоот гэртээ гэр бүлийн асуудлаас болж хоорондоо маргалдаж, улмаар харилцан зодолдож, шүүгдэгч Г.Б нь хохирогч Б.Н-н биед баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шанааны цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл, шүүгдэгч Б.Н нь хохирогч Г.Б-ийн биед оочны шарх, нүүр, хүзүүний зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл тус бүр учруулсан” хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.
Тухайлбал, хохирогч Б.Н-гийн: “…2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр манай төрсөн хүү Н эхнэрээ бэр гуйж авсан юм. Нөхөр бид 2 ах, дүү нартайгаа 22-ын товчооны тийшээ явцгаасан. Бэр гуйх ажиллагаа дуусаад манай хүү Н бид хоёрыг гэрт хүргэж өгсөн. Хүүг явсны дараа нөхөр бид хоёр танайхан, манайхан гэж ярьж байгаад маргаан үүссэн. Улмаар хоорондоо зодолдож би нөхөр Б-ийн нүүрийг маажиж самардсан. Тэгтэл Б миний гарыг барьж хөшин, нүүрний баруун хэсэг рүү гараараа 1-2 удаа цохихоор нь би зөрүүлээд нүүр рүү нь цохиод цааш нь түлхээд гэрийн баруун талын сул байсан баганыг аваад Б рүү шидсэн чинь эрүү нь хэгз цохигдож гэмтсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал), хохирогч Г.Б-ийн “...Хүүг явсны дараа эхнэр бид 2 танайхан манайхан гэж ярьж байгаад маргаан үүссэн. Н намайг зайл гэж хэлээд маргалдаж миний нүүр, хүзүүг хумсаараа маажиж баруун талын нүд рүү гараараа 2 удаа цохихоор нь ор руу түлхэж унагаад нүүр рүү нь 2 удаа цохисон. Тэгсэн Н босож ирээд баганын салсан модыг авч над руу шидээд эрүү рүү онож хэгз цохисон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дахь тал), гэрч Ш.П-ийн “...2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 20 цаг өнгөрч байхад манай ард байдаг Б хашааны хаалга цохиод байхаар нь гарахад ахаа та яаралтай цагдаа дуудаад өгөөч гэхээр нь юу болсон гэхэд нэг асуудал болчхоод байна, хурдан цагдаа дуудаад өгөөч гэхээр нь би гар утсаа өгөөд 102 руу өөрөө ярь гэсэн. Надаас холдож байгаад ярьсан болохоор би сонсож чадаагүй. Ахаа баярлалаа гээд, төв зам руу цагдаагаа тосож авлаа гээд яваад өгсөн..." гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал), гэрч Н.Н-ын: “...2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр найз охин Х-ыг бэр гуйгаад найрлаж байгаад орой 20 цагийн үед тарцгаагаад ээж, аав 2-ыг гэрт нь хүргэж өгсөн. Эргээд 22-ын товчоо явах гэж байтал ээж Н залгаад аавтай чинь маргалдаад зодолдсон, аавынх нь эрүүнээс цус гарсан байна гэж хэлэхээр нь яваад очтол ээжийн нүд хөхөрсөн, аавын нүүр нь хумсны шархтай, ээж чинь маажчихсан гэчихсэн байж байхаар нь гэмтэл рүү аав, ээжийг авч яваад аавын эрүүнд оёдол тавиулчхаад гэрт ирэхэд цагдаа нар ирсэн байсан. Аав ээж 2 маргалдаж муудалцаад байдаггүй. Анх удаа ийм байдалтай байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дэх тал), гэрч Ц.Э-ын “...бэр гуйх найран дээр болон машин дотор хэрүүл маргаан болоогүй. Б, Н 2 гэртээ, халамцуу, нүүр ам нь ямар ч гэмтэл, бэртэлгүй эрүүл буусан. Маргааш нь хүү Н ээв ээж 2 нь хоорондоо зодолдоод цагдаа дээр шалгагдаж байгаа гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дахь тал), шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 1921 дугаартай шинжээчийн “...Б.Н-ийн биед баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шанааны цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Унаснаас үүсэхгүй. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 35-36 дахь тал), шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 1919 дугаартай: “...Г.Б-ийн биед оочны шарх, нүүр, хүзүүний зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Унаснаас үүсэхгүй. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөр чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 29-30 дахь) зэрэг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Түүнчлэн, шүүгдэгч Г.Б нь яллагдагчаар “...Н намайг зайл гэж хэлээд нүүр хүзүүг хумсаараа маажиж баруун талын нүд рүү цохихоор нь ор руу түлхэж унагаад нүүр рүү нь гараараа 2-3 удаа цохисон....” гэж (хавтаст хэргийн 73 дахь тал), шүүгдэгч Б.Н нь яллагдагчаар “...Би нөхөр Б-ийн нүүрийг маажиж самардсан...Гэрийн баруун талын багана сул байсан унаад тулгуур мод салчихаар нь аваад Б рүү шидсэн чинь эрүүг нь хэгз цохиж гэмтээсэн...” гэж (хавтаст хэргийн 66 дахь тал) тус тус мэдүүлсэн ба шүүх хуралдаанд “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэцгээв.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Г.Б, Б.Н нар нь бүрэн дунд боловсролтой монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйтэй.
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 1921 дугаартай дүгнэлтээр хохирогч Б.Н-ийн, 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 1919 дугаар дүгнэлтээр хохирогч Г.Б-ийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тус тус тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Шүүгдэгч Г.Б, Б.Н нарын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэд харилцан бие биеийнхээ эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон байна.
Шүүгдэгч Г.Б-ийн нүүрэн тус газарт нь цохисон цохисон үйлдэл болон хохирогч Б.Н-т учирсан “баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шанааны цус хуралт, зулгаралт” гэмтэл, шүүгдэгч Б.Н-ийн нүүрийг маажсан, мөн монгол гэрийн баганын модыг шидсэн үйлдэл болон хохирогч Г.Б-д учирсан “оочны шарх, нүүр, хүзүүний зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт” гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байх бөгөөд гэмт хэргийн шалтгаан нөхцөлийн хувьд шүүгдэгч, хохирогч нарын хэн аль нь согтууруулах ундаа хэрэглэсэн, харилцан бие биеэ хүндлэх, асуудлыг эв зүйгээр шийдвэрлэх арга ухаан дутсан, уур бухимдлаа тогтоон барьж чадаагүйн улмаас гэмт хэрэг гарчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Г.Б, Б.Н нарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогчийн хувьд Г.Б, Б.Н нар нь харилцан бие биеэсээ нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлж байх тул тэднийг шүүгдэгчийн хувиар бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч: “... шүүгдэгч Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, мөн эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан шүүгдэгч Г.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, шүүгдэгч Н-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, мөн тодорхой эрхэлсэн ажилтай, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг оногдуулсан ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч Г.Б, Б.Н нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй байна. Шүүгдэгч Г.Б, Б.Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.
Шүүгдэгч Г.Б: “...Хэрэг гарах үед би ажилгүй байсан. Одоо би дүүтэйгээ нийлээд ажил хийх гэж байгаа. 240 цагийн нийтэд тустай ажил хийвэл би ажлаа хийж чадахгүйд хүрнэ. Хэрэв би хувиараа ажил хөдөлмөр эрхэлбэл сард 1,500,000 төгрөг олох боломжтой. Ар гэрийн амьдрал хэцүү байгаа. Мөн би банканд зээлтэй байгаа зэргийг минь харгалзаж үзнэ үү, торгуулийн ял оногдуулж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Б.Н: “...хэлэх саналгүй...” гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Г.Б, Б.Н нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч Г.Б-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 40 дэх тал), үл хөдлөх эд хөрөнгөгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 41 дэх тал), гэрлэсний бүртгэлгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 43 дахь тал), оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 44 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 46 дахь тал), АСАП сангийн лавлагаа (хавтаст хэргийн 48-49 дэх тал), зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Б-ийн хувийн байдлыг,
-шүүгдэгч Б.Н-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 51 дэх тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 53 дахь тал), байнга оршин суугаа газрын лавлагаа (хавтаст хэргийн 54 дэх тал), үл хөдлөх эд хөрөнгөгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 52 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 55 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 58 дахь тал), АСАП сангийн лавлагаа (хавтаст хэргийн 59 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Н-ийн хувийн байдлыг тус тус тогтоов.
Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-т долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу долоон зуун мянган төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Г.Б-д дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял тус тус шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгч нарын гэм буруу болон эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх, нийгэмшүүлэх зорилгод нийцнэ гэж үзэв.
2.3. Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Ч овгийн Г.Б, Б овгийн Б.Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус бүр тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-т долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу долоон зуун мянган төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Г.Б-д дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-т оногдуулсан долоон зуун мянган төгрөгөөр торгох ялыг дөрвөн сарын хугацаанд, шүүгдэгч Г.Б-д оногдуулсан дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.
4.Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Н, Г.Б нарт сануулсугай.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б, Б.Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА