Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/310

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж, Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу, шүүгч Ч.Отгонбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан,

улсын яллагч Т.Баянмөнх,

иргэдийн төлөөлөгч ............

шүүгдэгч Н.Ж, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь заалтад зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Намжилын Жаргалд холбогдох эрүүгийн ********** дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

.********************************************************

- урьд Баянгол дүүргийн шүүхийн 1998 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 607 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял,

- Баянгол дүүргийн шүүхийн 2000 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 656 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,

- Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 26 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял,

- Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 397 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ял,

- Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2020/ШЦТ/11 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж байсан, *********************************

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Ж нь 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 23 цагийн үед ****************** тоотод байрлах нийтийн байрны 4 тоот өрөөнд үл ойлголцох, хэрүүл маргааны улмаас зэвсгийн чанартай зүйл буюу “хутга” хэрэглэн хамт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан амь хохирогч Ц.Сыг онц харгис хэрцгийгээр, биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж түүний хүзүүн тус газарт нь олон удаа хутгалж биед нь олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгаж, тарчилган зовоож хутгалж алсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Ж мэдүүлэхдээ: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Тухайн өдөр талийгаач бид хоёр 3 шил архи хамт уусан. Улмаар хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргасан. Талийгаач над руу хутга бариад дайрахаар нь хутгийн булааж авах гээд чадахгүй бид 2 ноцолдоод дээр доороо орсон бөгөөд арай гэж дээр нь гараад хутгаар нэг удаа дүрсэн. Улмаар хутгаа цонхоор шидчихээд гараад зугтаасан...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Цагдаагийн байгууллагад 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр холбоо мэдээллийн хэрэгслээр ирүүлсэн “50 орчим настай эрэгтэй хүн нас барсан байна нүүрэн тус газар нь хөхөрсөн, хамраас нь цус гарсан байдалтай байна” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 1-2 дахь тал/,

2. Хэргийн газрын үзлэг хийсэн:

“...Хэрэг болсон гэх газар нь **************** гэх ба тухайн газар нь ертөнцийн зүгээр урагш харж байрласан улаан өнгийн тоосгоор бүрэгдэж хийгдсэн урдаасаа хойш чиглэлтэй баригдсан 2 давхар өвлийн сууц байв. ...хаалгаар явж ороход 3.5x4 хэмжээтэй ертөнцийн зүгээр хойш харсан цонхтой 1 өрөө нийтийн байр байв. ...ингээд тухайн эрэгтэй хүний цогцосны гадна хэсэгт үзлэгийг явуулахад цогцос нь дээш харж байрласан, толгойдоо хар бор өнгийн үстэй, бор царайтай, 2 нүд аниастай, хамар хүзүү болон толгойн эргэн тойронд болон толгойн ар дагз дарагдах хэсэгт нэлэнхийдээ цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдож хатаж бохирлогдсон байсныг хураан авсан. Мөн хоолойн баруун дунд хэсэгт 1.5x1.8 см хэмжээтэй хурц ирмэг зүйлээр зүсэгдсэн шархтай байх ба тухайн орчимд цус ихээр гарч хатаж бохирлогдсон тухайн шархнуудын хэмжээг авах боломжгүй тул түүнийг тусад нь цогцосны гадна үзлэгээр хэмжиж хийхээр тогтов. ...өрөөний цонхны тавцан орчимд байгаа эд зүйлийг шалгаж үзэхэд шар өнгийн тогоо, аяга халбага саарал өнгийн самсунг хөгжим, гар ариутгагч, шүдний чигчлүүр зэрэг эд зүйл байх ба цонхоор гадагш харахад цонхны цаад талд хашаа байх ба хашаа, хана хоёрын хооронд хуримтлагдсан хог мөн цонхны төмөр хаалт байв. Хаалтны харалдаа доод талд нийт 17.4 см урттай, бариул хэсэг 8.4 см, ажлын хэсэг 9 см урттай хутга байсныг эд мөрийн баримтаар хураан авлаа. ...хаалганы доод талд 350 гр хэмжээтэй өргөө нэртэй архины хуванцар сав байх ба түүний гадаргуу дээрээс тусгай нунтаг бодис ашиглаж 3 ширхэг гарын мөр бэхжүүлж авлаа...” гэсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 6-16 дахь тал/,

3. Цогцост үзлэг хийсэн:

“...баруун гадна хажуу хэсэг 1.2x0.4 баруун хацарт 0.8x0.2 см тав үүсээгүй өнгөц зулгаралт, зүүн чихний дэлбэнг, зүүн хацар тархмал хавдаж хөхөрсөн, баруун чихний дэлбэнхийн доод хэсэгт 1.6x0.1 см ташуу өнгөц зүсэгдсэн шархтай, эрүүний гол доод хэсэг 2.5x1.2 см арьсны өнгөц давхаргыг гэмтээсэн зүсэгдсэн шархтай, хүзүүний баруун урд дээд хэсэгт 3.4х0.3 см баруунаас зүүн дээш чиглэсэн, уг шархнаас үргэлжилж эрүүний зүүн хэсэг хүрсэн 6.3x0.2 см арьсны өнгөц давхаргыг гэмтээсэн зурагдаж зүсэгдсэн шархтай хүзүүний ар хэсэг хүрсэн 11.1.2 см бор хүрэн өнгийн зулгаралттай. Хүзүүний баруун урд хэсэгт баруун доош ташуу чиглэлтэй 4.2x1.4 см хурц үзүүр нь баруун талдаа байрласан зах ирмэг тэгш хатгагдаж зүсэгдсэн шархтай, шархны завсраар булчин өөхөн эд ил гарсан, булчинд цус хуралттай, цээжний зүүн дээд хэсэгт 2.5x2.2, хэвлийн баруун урд хэсэгт 3.5x2.2 см тав үүсээгүй арьсны өнгөц давхарга хамарсан шинэ зулгаралттай...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 21-26 дахь тал/,

4. Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай:

“...3 ширхэг нийт 12.3 мб хэмжээтэй файлыг нээхэд *********** хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан суудал” нэртэй суудлын бүрээсний үйлдвэрийн барилгын баруун хойд буланд байрлах гадна талын хяналтын камерын дүрс бичлэг нь ертөнцийн зүгээр баруун хойд хэсгээс модны хоёрын 3, 4 дүгээр хороолол явах замын урсгал дагуу чиглэн бичигдсэн хяналтын камерын бичлэг байх ба тухайн бичлэг үзлэг хийв, ...бичигдсэн бичлэгийн цагаар 23:22:09 секундэд тус “Хаан суудал” нэртэй суудлын бүрээсний үйлдвэрийн барилгын баруун хойд буланд байрлах гадна хяналтын камерын бичлэгт модны хоёрын 3, 4 дүгээр хороолол явах замын ертөнцийн зүгээр зүүн талд бараан өнгийн малгайтай куртиктэй, малгай өмссөн, баруун гартаа цайвар өнгийн хувин мэт зүйл барьсан эрэгтэй замын хажуугийн таримал модны дунд хэсэгт баруун гараасаа хайж буй дүрс бичигдсэн байх бөгөөд хяналтын камерын бичлэгийн цагаар 23:22:15 секундэд тухайн бараан өнгийн малгайтай куртик, өвлийн малгайт эрэгтэй модны хоёрын замын ертөнцийн зүгээр зүүн талын явган хүний замаар баруун дөрвөн зам чиглэлд уруудаж буй дүрс бичигдсэн байгаа нь харагдаж байв...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 58-69 дэх тал/,

5. Таньж олуулах ажиллагаа явуулсан тухай:

“...хамгийн сүүлд амь нас хохирогч Ц.С-тай хамт явж байсан хүн нь 165-170 орчим см өндөр нуруутай, юүдэнтэй малгайтай хар өнгийн сентифоно куртиктэй, юүдэнгээ малгайн дээгүүрээ өмсчихсөн саравчтай малгайтай хүн байсан. Бор царайтай, өтгөн хөмсөгтэй, томдуу нүдтэй, 30-35 орчим насны эрэгтэй хүн байсан. Би тухайн хүнийг ************ тоот амь хохирогч Сын гэрт өмнө нь 4-5 удаа харж байсан учраас харвал хаанаас ч харсан танина. ... 1-4 дугаарыг бариулж дээрх иргэдийг зогсоон амь нас хохирогч Ц.С-тай хамгийн сүүлд хамт явсан этгээд энэ хүмүүс дунд байна уу, байвал та заана уу гэж асуухад танигч Ц.А нь эдгээр хүмүүсийн 3 дугаартай хүн нь амь нас хохирогч Ц.С-тай хамт явж байсан эрэгтэй хүн мөн байна гэж танигдагч Ж-г зааж байна. Би энэ тухайн хүнтэй 4-5 удаа талийгаачийн гэр болон гадна байхдаа тааралдаж байсан учраас таньж байна. Мөн тухайн хүн нь хамт байсан гэх талийгаач Ц.С-ын цайвар өнгийн зузаан, хүрмийг өмссөн байхыг мөн таньж байна. ...дахин танигдагч нарын байрлалыг солиход танигч Ц.А нь эдгээр хүмүүсээс Ц.С-тай хамт явж байсан эрэгтэй хүн нь 1 дугаарын хүн мөн байна гэж Н Ж-ыг зааж байна. Бусад хүмүүсийг нь би урьд өмнө нь харж байгаагүй юм байна гэж хариулснаар таньж олуулах ажиллагааг дуусгав...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 70-73 дахь тал/,

6. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан:

“...мөрдөгч би сэжигтэн Н.Ж-аас “та 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр өгсөн мэдүүлгийнхээ дагуу зам маршрутаа зааж өгч чадах уу? гэхэд тэрээр “би тодорхой зааж өгч чадна” гэж хариулсны дагуу Н.Ж-ыг Баянгол дүүрэг дахь Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн үүднээс дагуулан гарч албаны ************улсын дугаартай тээврийн хэрэгсэлд суулган өөрөөр нь зам заалган Баянгол дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт байх ************ дугаартай 2 давхар тоосгон хийцтэй ертөнцийн зүгээр урагшаа харсан төмөр хаалгатай байшингийн гадаа ирсэн ба тэрээр “...талийгаачийн амьдардаг байсан байр болон хэрэг болсон газар байшин...” гэж хэлээд хаалга руу зааж байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв. ...бид 2 энэ үйл явдлаас болж матрасан дээр ноцолдож дээр, доороо орж байгаад би талийгаачаас хутгыг нь булааж аваад дээр нь гарч зүүн гарынхаа тохой хэсгээр түүний хоолой хэсэгт нь дараад баруун гартаа барьсан хутгаар түүний хоолой хэсэг рүү нэг удаа дүрсэн, тэгээд хутгаа сугалж аваад “муу пизда, пизда” гэж хэлчхээд босоод зүүн тийш харсан вакум цонхны жижиг цонхыг хутгатай баруун гараараа нээж хутгаа цааш нь шидсэн, одоо яг энд ирэхээр болсон зүйлийг санаж эхэлж байна гэж хэлээд зааж байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв. ....тухайн үед талийгаач надад хутгалуулчхаад ханан талд дээш харсан байдалтай сонин амьсгалаад хоолойноос нь цус гарчихсан толгойгоо хойд зүг рүү харуулан матрассан дээр хэвтэж байсан. Тэгээд би шууд хувцсаа өмсөөд үүдний хэсэгт байсан 20 литрийн канистрыг голоор нь тайраад сэнж хийсэн шар савыг аваад хаалгыг нь гаднаас нь түлхэж хаачхаад гэрлийг нь унтраалгүй гадагш гарсан ба цаг 01 цаг 30 минут болж байсан, учир нь шар саван дотор төмөр аяга болон талийгаач бид хоёрын шээс байсан юм. ...тэгээд гадагш гараад гудмаар зүүн тийш алхаж төв зам руу ороод явган хүний замаар урагшаа алхаж явахдаа дөнгөж замын гэр хороолол руу ордог уулзвар өнгөрөөд энэ хэсэгт явж байхдаа мод тарьсан энэ хэсэг рүү нөгөө гартаа байсан шар савтай зүйлээ шидсэн, одоо энд төмөр аяга нь үлдсэн байна харин шар сав алга болжээ гэж хэлээд зааж байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн уг аягыг хураан авсан...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 74-81 дэх тал/,

7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.О-йн:

“...Талийгаач Ц.С нь миний төрсөн ах бөгөөд бид нар эцэг эхээс дөрвүүлээ юм. Талийгаач нь айлын гурав дахь хүүхэд байгаа юм. Талийгаач нь *************** ээж Н-н хамт амьдардаг байсан бөгөөд ээж Н нь 2020 оны 12 дугаар сарын 06-ны өдөр нас барж түүнээс хойш талийгаач нь гэртээ янз бүрийн хүмүүс авч ирж архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд болохгүй байхаар нь би талийгаачтай уулзаад энэ байрнаас гараад өөр газар амьдрах уу хаана амьдармаар байна гэхэд талийгаач нь өөрөө гандангийн орчмоор баймаар байна гэхээр нь 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр билүү 11-ний өдрийн үед Баянгол дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт байрлах *********** тоотод байрлах нийтийн байрны 2 дугаар нэг өрөөг сарын 170.000 төгрөгөөр түрээслэн өрөөг нь тохижуулж өгсөн. ...би 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 13 цаг 30 минутын үед А эгчтэй дахин холбогдож талийгаачийг асуухад А нь би өөр газар явж байна очихоороо хараад өгье гэж хэлсэн. Тэгээд 14 цаг өнгөрөөд дахин А рүү залгахад А нь Сын өрөө рүү ороход хүнд зодуулчихсан юм шиг нүүр ам нь аймаар болчихсон байна гэхээр нь би цагдаа дууд гээд утсаа тасалсан хэсэг байж байгаад дахин А эгч рүү залгахад талийгаач нас барчихсан юм шиг байна гэж хэлсэн. ...талийгаач нь ааш зан сайтай, төлөв даруу, цэвэрч нямбай бөгөөд сүүлийн 10 гаран жил архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн архины хамааралтай болсон. Талийгаач нь эхнэр хүүхэд өөрийн гэсэн гэр бүл байхгүй, урьд өмнө Ш гэх эмэгтэйтэй хоёр жил амьдарч байгаад Ш нь Герман улсад өөр хүнтэй суугаад тэндээ амьдрах болсон. ...Талийгаач нь ямар нэгэн архаг хууч өвчин байхгүй, ямар нэгэн эмнэлгийн байгууллагын хяналтад байдаггүй, архины эмчилгээнд хэд хэдэн удаа явж байсан, сэтгэцийн ямар нэгэн өвчин эмгэг байхгүй талийгаачид хүүхэд байхгүй, талийгаачийн ар гэр гэвэл миний бие, том эгч У бид хоёр л байгаа У эгч маань ********** аймагт хөдөө орон нутагт байдаг настай хүн байдаг. ...талийгаач нь архины хамаарлын эмчилгээ хийлгэж байсан тэрнээс сэтгэцийн хувьд ямар нэгэн эмгэг өөрчлөлт байхгүй, эрүүл, саруул хүн байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 87-89 дэх тал/,

8. Гэрч Г.Б-ын:

“...2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр нийтийн байранд байхад жижүүр эгч Ц.А нь “2-лаа Сын өрөөнд хүн байна уу, үзээдэхье” гэхээр нь би зөвшөөрөөд талийгаачийн амьдардаг 4 тоот өрөө рүү нь орсон. Ороход талийгаач нь орон дээрээ нүүр нь цус болсон, ямар ч хөдөлгөөн, амьсгал байхгүй нас барсан байдалтай байсан. ...би тухайн өдөр Цагдаагийн байгууллагад мэдүүлэг байцаалт өгсөн бөгөөд анх удаагаа үхсэн хүн харсан байсан учраас айж сандраад, элдэв янзын зүйл бодогдоод мөн анх удаа цагдаагийн байгууллага дээр ирээд сандарсан байсан болохоор хугацааны хувьд буруу, зөрүү ярьсан байна. Би талийгаачийг 2022 оны 01 дүгээр сарын 18, 19-ний өдрүүдийн аль нэг өдөр харсан, талийгаач нь шар өнгийн куртиктэй, хар өнгийн өмдтэй явж байсан хажуудаа нэг хүнтэй хамт явж байсан. Би сайн танихгүй манай нийтийн байраар ирээд байдаг л хүн байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 96-98 дахь тал/,

9. Гэрч Т.Э-ын:

“...би тухайн нийтийн байрыг 2005 онд барьсан миний эзэмшлийн нийтийн байр байгаа юм. Тухайн нийтийн байрны жижүүр, харуул өдөр тутмын үйл ажиллагааг А хариуцдаг бөгөөд 2013 оноос эхэлж ажиллаж байна. ...манай нийтийн байранд одоогоор хяналтын камер байхгүй урьд өмнө хяналтын 6 камер гадна, дотно хэсэгт байрлуулсан боловч 2021 оны зун алдагдаад тэрнээс хойш камерыг сэргээж ажиллуулаагүй байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 103-105 дахь тал/,

10. Гэрч Ц.А-ийн:

“...тэгтэл өнөөдөр 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр С-ын төрсөн дүү нь эмэгтэй над руу утсаар яриад та С-ыг гэртээ байна уу мэдээд өгөөч цонхоор нь хараад өгөөч гэхээр нь би тэр үед 17-р хороон дээр орц цэвэрлээд явж байсан болохоор нийтийн байран дээр очоод шалгаад өгье гэж хэлсэн. Тэгээд би 14 цаг өнгөрөөд 15 цаг болох гэж байхад Баянгол дүүргийн ********** тоотод байрлах нийтийн байрны 04 тоот өрөөг шалгах гээд гарт байсан илүү түлхүүрүүдийг түгжээнд нь хийж үзээд тааруулсан чинь нэг түлхүүр таараад өрөөг нь онгойлгоод би Бадам гэх 18 тоотын охиныг дуудаад хамтдаа өрөөг нь онгойлгоод шагайгаад харсан чинь өрөөний цонхны эсрэг талд байрлах матрасан дээр том хөнжил дэлгээтэй харагдаад хүн харагдахгүй байхаар нь хөнжил доор нь хүн байгаа юм биш биз дээ гээд Б-аар хөнжлийг нь доош нь Татуулсан чинь хөнжил доороос С дээшээ харсан байдалтай нүүр ам нь хөхөрчихсөн ам орчим цус болчихсон хөдөлгөөнгүй харагдахаар нь цагдаад дуудлага өгсөн ...Урьд өмнө өгсөн мэдүүлэг дээрээ би талийгаач С-ыг харсан гэсэн он, сар, өдрөө буруу хэлсэн юм шиг байна. Ингээд сайн бодоод байхад би нийтийн байрандаа цагаан сарын бууз хийсэн бөгөөд эхний удаа буюу 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр байх хонины махаар бууз хийсэн, дараа нь 2022 оны 01 дүгээр сарын 24, 25, 26-ны өдрүүдэд ямааны махаар бууз хийсэн юм. Миний бодлоор 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр бууз хийсэн өдөр Сыг нэг үл таних хүнтэй нийтийн байрандаа орж ирж байхыг харсан. Гэхдээ цагийг нь сайн санахгүй байна гадаа харанхуй болсон байсан. Би анх талийгаачийг нас барсан байдалтай байхыг нь хараад цочирдож, айж сандарсандаа буруу, зөрүү он, сар, цаг хугацааны талаар ярьсан байна. Талийгаачийн дүү нь над руу 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр над руу утсаар залгаж манай ах байна уу хараад өгөөч утсаар яриулаад өгөөч гэхээр нь талийгаачийн өрөөний хаалгыг татахад цоожтой, гэрэл нь асаалттай байсан. Тэгээд 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр над руу талийгаачийн дүү дахин залгахаар нь талийгаачийн өрөө рүү Б-ын хамт ороход талийгаач нас барсан байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 108-114 дэх тал/,

11. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 473 дугаартай цогцост хийсэн шинжээчийн:

“...Амь хохирогч Ц.С-ын биед хүзүүний баруун хажуу хэсэгт арьс булчинг нэвтэрч хүзүүний урт булчин /m.longus colli dextra/, гүрээний ерөнхий судасны баруун салаа /a.carotis communis dextra/, мөгөөрсөн хоолойг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, баруун чихний дэлбэн, эрүүний гол хэсгийн өнгөц зүсэгдсэн шарх, хүзүүний булчин, голтод цус хуралт, цээжний зүүн хөндийн цусан хураа, зүүн мөр, зүүн шуунд цус хуралт, баруун хөмсөг, баруун хацар, цээж, хэвлий, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх хатгагдаж зүсэгдсэн гэмтлүүд нь хурц ир бүхий зүйлийн 4-5 удаагийн хатгагдаж зүсэгдэх үйлчлэлээр, бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, цохигдох, өшиглөгдөх, мөргөгдөх, унах үйлдлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх хатгагдаж зүсэгдсэн гэмтлүүд нь 90 градусын өнцгөөр гаднаас дотогш хөндлөн чиглэлтэй үүссэн байх боломжтой. Хүзүүний булчин, судас, мөгөөрсөн хоолойг гэмтээсэн шархнууд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.9-д зааснаар учрах үедээ амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Амь хохирогч нь дээрх хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлийн улмаас хурцаар цус алдаж цус алдалтын шокоор нас баржээ. Амь хохирогч нь зүрхний булчингийн сорвижилт, элэгний хүнд зэргийн өөхлөлт архаг өвчтэй байна. Дээрх өвчнүүд нь үхэлд нөлөөлөхгүй. Амь хохирогч нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ...” гэсэн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 152-157 дахь тал/,

12. Шинжээч эмч С.Ч-ийн:

“...талийгаач Ц.С-ын цогцос нь хожуу үеийн өөрчлөлтөд орсон, нас барсан цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй, гадна үзлэг болон дотор эрхтнүүдийн өөрчлөлтөөс харахад 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр нас барсан байх боломжтой гэж үзнэ. Мөн нас барсан орчин нь хүйтэн нам хэмийн орчинтой байсан учир ялзрал төд илрэхгүйгээр удаан хугацаанд байх боломжтой. .. талийгаачийн хүзүүнд үүссэн хүзүүний урт булчин гэмтээсэн, гүрээний ерөнхий судасны баруун салааг гэмтээсэн 3 ширхэг шарх гэмтэл үүссэн дээрх гэмтэл нь 3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...тухайн гэмтлүүдийг авсан тохиолдолд түргэн хугацаанд буюу 5 минутын дотор нас барна. Эмнэлгийн тусламж авсан ч амь аврагдах боломжгүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 174-175 дахь тал/,

13. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 147 дугаартай:

“...Н.Ж нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй. Н.Ж нь болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Н.Ж нь сэтгэцийн хувьд эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай байна...” гэсэн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 193-194 дахь тал/,

14. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 511 дугаартай шинжээчийн:

“...Шинжилгээнд ирүүлсэн 4, 5, 6, 8, 10, 13, 14 дугаартай гарын мөр адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. “Өргөө 350 мл архин саван дээрээс” гэсэн тайлбар бичүүлж ирүүлсэн 10 дугаартай гарын мөр, “шилэн аяга дээрээс” гэсэн тайлбар бичүүлж ирүүлсэн 13 дугаартай гарын мөр, “шилэн аяга дээрээс” гэсэн тайлбар бичүүлж ирүүлсэн 14 дугаартай гарын мөрүүд адилтгалын шинжилгээнд тэнцсэн. ...шинжилгээнд тэнцэж буй 10 дугаар гарын мөр гарын хээний нэгдсэн санд ******************* дугаараар Д А-ийн Ж нэрээр, нийт 13 удаа бүртгэгдсэн хүний баруун гарын долоовор хурууны дардастай, 13 дугаартай гарын мөр дээрх хүний зүүн гарын дунд хурууны дардастай, 14 дугаартай гарын мөр дээрх хуний зүүн гарын ядам хурууны дардастай тохирч байна...” гэсэн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 210-242 дахь тал/,

15. Шүүгдэгч Н.Ж-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...би талийгаачийг нэг удаа хоолойн тус газарт нь хутгалсан, мөн талийгаачаас хутгыг нь булааж авахаар түүний хоолойг шахаж багалзуурдсан. Би нэг удаа л талийгаачийг хутгалсан. ...миний буруу байгаа учир нь би талийгаачийн дээр нь гараад хутгыг нь булааж аваад тэгээд шууд босоод талийгаачийг хатгалалгүй гараад явчих боломж байсныг алдсан, надад боломж зөндөө байхад би боломжоо ашиглаж чадаагүйгээс болж эрдэнэт хүний аминд маш хүрсэндээ маш их харамсаж байна. ...би өөрийн гэм буруугийн асуудалтай маргаад байгаа шалтгаан байхгүй. Харин надад хөнгөн ял шийтгэл оноож зүйл ангийг хүндрүүлэхгүйгээр шийдэж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 97 дахь тал/,

16. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлүүд болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч Н.Ж нь “Хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж алсан” гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Шүүгдэгч Н.Ж нь гэм буруу дээр маргахгүй. Харин өмгөөлөгчийн зүгээс хэргийн зүйчлэл буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалт буюу хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж гэсэн хүндрүүлэх шинж дээр маргаж байна. Учир нь талийгаач тухайн үед гадуур гарч дэлгүүр орж архи авах, шүүгдэгч Жаргалтай ярьж хөөрөх гэх мэт идэвхтэй үйлдэл үзүүлж байсан нь түүнийг биеэ хамгаалж чадахгүй байсан гэж үзэхээргүй байх тул дээрх зүйл хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Н.Ж-ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Н.Ж нь:

2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 23 цагийн үед Баянгол дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт байрлах ************** тоотод байрлах нийтийн байрны 4 тоот өрөөнд үл ойлголцох, хэрүүл маргааны улмаас зэвсгийн чанартай зүйл буюу “хутга” хэрэглэн хамт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан амь хохирогч Ц.С-ыг онц харгис хэрцгийгээр, биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж түүний хүзүүн тус газарт нь олон удаа хутгалж биед нь олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгаж, тарчилган зовоож хутгалж алсан болох нь:

- Цагдаагийн байгууллагад 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр ирүүлсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.О-ийн “...өрөө рүү ороход хүнд зодуулчихсан юм шиг нүүр ам нь аймаар болчихсон байна гэхээр нь би цагдаа дууд гээд утсаа тасалсан хэсэг байж байгаад дахин А эгч рүү залгахад талийгаач нас барчихсан юм шиг байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч Г.Б-ын “...Ороход талийгаач нь орон дээрээ нүүр нь цус болсон, ямар ч хөдөлгөөн, амьсгал байхгүй нас барсан байдалтай байсан. ...хажуудаа нэг хүнтэй хамт явж байсан. Би сайн танихгүй манай нийтийн байраар ирээд байдаг л хүн байсан...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч Ц.А-ийн “...хөнжил доороос С дээшээ харсан байдалтай нүүр ам нь хөхөрчихсөн ам орчим цус болчихсон хөдөлгөөнгүй харагдахаар нь цагдаад дуудлага өгсөн. Талийгаачийн дүү нь над руу 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр над руу утсаар залгаж манай ах байна уу хараад өгөөч утсаар яриулаад өгөөч гэхээр нь талийгаачийн өрөөний хаалгыг татахад цоожтой, гэрэл нь асаалттай байсан. Тэгээд 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр над руу талийгаачийн дүү дахин залгахаар нь талийгаачийн өрөө рүү Бадамын хамт ороход талийгаач нас барсан байсан...” гэсэн мэдүүлэг,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 473 дугаартай цогцост хийсэн шинжээчийн “...Амь хохирогч Ц.С-ын биед хүзүүний баруун хажуу хэсэгт арьс булчинг нэвтэрч хүзүүний урт булчин /m.longus colli dextra/, гүрээний ерөнхий судасны баруун салаа /a.carotis communis dextra/, мөгөөрсөн хоолойг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, баруун чихний дэлбэн, эрүүний гол хэсгийн өнгөц зүсэгдсэн шарх, хүзүүний булчин, голтод цус хуралт, цээжний зүүн хөндийн цусан хураа, зүүн мөр, зүүн шуунд цус хуралт, баруун хөмсөг, баруун хацар, цээж, хэвлий, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх хатгагдаж зүсэгдсэн гэмтлүүд нь хурц ир бүхий зүйлийн 4-5 удаагийн хатгагдаж зүсэгдэх үйлчлэлээр, бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, цохигдох, өшиглөгдөх, мөргөгдөх, унах үйлдлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх хатгагдаж зүсэгдсэн гэмтлүүд нь 90 градусын өнцгөөр гаднаас дотогш хөндлөн чиглэлтэй үүссэн байх боломжтой. Хүзүүний булчин, судас, мөгөөрсөн хоолойг гэмтээсэн шархнууд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.9-д зааснаар учрах үедээ амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Амь хохирогч нь дээрх хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлийн улмаас хурцаар цус алдаж цус алдалтын шокоор нас баржээ. Амь хохирогч нь зүрхний булчингийн сорвижилт, элэгний хүнд зэргийн өөхлөлт архаг өвчтэй байна. Дээрх өвчнүүд нь үхэлд нөлөөлөхгүй. Амь хохирогч нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ...” гэсэн дүгнэлт,

- Шинжээч эмч С.Ч-ийн “...талийгаач Ц.С-ын цогцос нь хожуу үеийн өөрчлөлтөд орсон, нас барсан цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй, гадна үзлэг болон дотор эрхтнүүдийн өөрчлөлтөөс харахад 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр нас барсан байх боломжтой гэж үзнэ. Мөн нас барсан орчин нь хүйтэн нам хэмийн орчинтой байсан учир ялзрал төд илрэхгүйгээр удаан хугацаанд байх боломжтой... талийгаачийн хүзүүнд үүссэн хүзүүний урт булчин гэмтээсэн, гүрээний ерөнхий судасны баруун салааг гэмтээсэн 3 ширхэг шарх гэмтэл үүссэн дээрх гэмтэл нь 3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...тухайн гэмтлүүдийг авсан тохиолдолд түргэн хугацаанд буюу 5 минутын дотор нас барна. Эмнэлгийн тусламж авсан ч амь аврагдах боломжгүй...” гэсэн мэдүүлэг,

- Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 147 дугаартай “...Н.Ж нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй. Н.Ж нь болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Н.Ж нь сэтгэцийн хувьд эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай байна...” гэсэн дүгнэлт,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 511 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн 4, 5, 6, 8, 10, 13, 14 дугаартай гарын мөр адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. “Өргөө 350 мл архины саван дээрээс” гэсэн тайлбар бичүүлж ирүүлсэн 10 дугаартай гарын мөр, “шилэн аяга дээрээс” гэсэн тайлбар бичүүлж ирүүлсэн 13 дугаартай гарын мөр, “шилэн аяга дээрээс” гэсэн тайлбар бичүүлж ирүүлсэн 14 дугаартай гарын мөрүүд адилтгалын шинжилгээнд тэнцсэн. ...шинжилгээнд тэнцэж буй 10 дугаар гарын мөр гарын хээний нэгдсэн санд ************* дугаараар Н-н Ж нэрээр, *********дугаараар Д Аийн Ж нэрээр, нийт 13 удаа бүртгэгдсэн хүний баруун гарын долоовор хурууны дардастай, 13 дугаартай гарын мөр дээрх хүний зүүн гарын дунд хурууны дардастай, 14 дугаартай гарын мөр дээрх хүний зүүн гарын ядам хурууны дардастай тохирч байна...” гэсэн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан хүнийг алах гэмт хэргийн үндсэн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдэл, хохирогчийн үхлийн хооронд шалтгаант холбоо байхыг шаарддаг бөгөөд хүнийг алах гэмт хэрэг нь  гэм буруутай этгээдийн үйлдлийн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцогдоно.

Харин хүнийг онц харгис хэрцгийгээр, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж алсан бол хүндрүүлэх шинжтэй байхаар хуульчилсан бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Тодруулбал, “Онц харгис хэрцгийгээр алсан” гэж хүнийг алахын өмнө болон алах явцдаа хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, өлсгөж цангаасан, осгоосон, шатаасан, хайрсан, түлсэн, хохирогчийг тарчилгах зорилгоор түүнд бусдаас тусламж үзүүлэхэд саад учруулсан, ойр дотны хүмүүсийн дэргэд алж, тэднийг шаналгасан зэрэг аргыг, “Хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж алсан” гэж гэмт этгээд хохирогчийг бие махбодын болон сэтгэцийн хувьд өөрийгөө хамгаалах, түүнчлэн гэмт этгээдэд идэвхтэй эсэргүүцэл үзүүлж чадахгүй болохыг ухамсарлан ойлгож алсныг тус тус ойлгоно.

“Биеэ хамгаалж чадахгүй хүн” гэдэгт өндөр настай, өвчин эмгэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй, хүчтэй мансуурсан, согтуурсан болон бусад шалтгаанаар өөрийгөө хамгаалах, хянах чадваргүй зэрэг хүн хамаарна.

Өөрөөр хэлбэл, онц харгис хэрцгий шинжид дээр дурдсан нөхцөл байдлыг ойлгох бөгөөд шүүгдэгч Н.Ж нь амь хохирогчийн эсрэг зэвсгийн чанартай зүйл буюу хутга хэрэглэн амь хохирогч Ц.С-ын хүзүүн тус газар нь хутгалж, харгис хэрцгий аргаар түүнийг алах гэмт хэргийг туйлд нь хүргэхэд чиглэсэн үйлдлийг санаатай хийхдээ хохирогчийн биед хүзүүний баруун хажуу хэсэгт арьс булчин нэвтэрч хүзүүний булчин, гүрээний ерөнхий судасны баруун салаа, мөгөөрсөн хоолойг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, баруун чихний дэлбэн, эрүүний гол хэсгийн өнгөц зүсэгдсэн шарх, хүзүүний булчин, голтод цус хуралт, цээжний зүүн хөндийн цусан хураа, зүүн мөр, зүүн шуунд цус хуралт, баруун хөмсөг, баруун хацар, цээж, хэвлий, хүзүүнд зулгаралт зэрэг олон тооны шарх гэмтлийн улмаас амь хохирогч хурцаар цус алдаж, цус алдалтын шоконд орж нас барах хүртлээ амь тэмцэж тарчилсан байх бөгөөд уг үйл баримтуудаар хүнийг онц харгис хэрцгийгээр алах гэмт хэргийн шинж хангалттай тогтоогдсон байна.

Мөн амь хохирогчийн цусанд 4.0 промилли, ходоодны шингэнд 4.3 промилли, шээсэнд 3.8 промилли, цөсөнд 3, 7 промилли спиртийн зүйл илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарах болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон ба хүнд хэлбэрийн согтолттой хүн орчиндоо болон цаг хугацааны баримжаа алдагдах, ухаан орон гаран болох, унтаа байдалд орох, хөдөлгөөний эвсэл, тэнцвэр эрс алдагдах зэрэг шинжүүд илэрдэг болохыг анагаах ухааны ойлголтоор тайлбарласан байдаг. Иймд амь хохирогч Ц.С нь шүүгдэгч Н.Ж-д хутгалуулах үедээ хүчтэй согтуурсны улмаас идэвхтэй эсэргүүцэл үзүүлж чадахгүй буюу сэтгэцийн хувьд өөрийгөө хамгаалах, хянах чадваргүй байсан гэж дүгнэхээр байна.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Н.Ж нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Н.Ж-ыг “Хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж алсан” гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь заалтад зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

  Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ” гэж, 2 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч хохирогчоор тогтоох тухай шийдвэр гаргана” гэж, 3 дахь хэсэгт “Хохирогч энэ хуульд заасан эрхээ хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчөөр дамжуулан хэрэгжүүлж болно” гэж, мөн хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “хохирогч нас барсан ... тохиолдолд түүний төрсөн эцэг, эх, эхнэр, нөхөр, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно” гэж тус тус хуульчилсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Ц.С-ын төрсөн дүү Ц.О  “...талийгаач Ц.С миний төрсөн ах бөгөөд бид нар эцэг эхээс дөрвүүлээ юм. ...Талийгаач нь эхнэр, хүүхэд өөрийн гэсэн гэр бүл байхгүй, ээж Н-ой хамт амьдарч байгаад манай ээж нас барснаас хойш ганцаараа амьдрах болсон...” гэж мэдүүлсэн тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон нь хуульд нийцнэ.

Гэмт хэргийн улмаас бусдын амь нас хохирсон бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ою нь хохирол, хор уршигт нийт 4.632.742 төгрөг нэхэмжилснээс нотлох баримтын шаардлага хангасан 2.969.092 төгрөгийн баримт байна. Үүнээс шүүгдэгч Н.Ж нь хохирол төлбөр төлөөгүй байх тул шүүгдэгч Н.Ж-аас 2.969.092 төгрөгийг гаргуулан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.О-т олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.О-ийн нэхэмжлэлээс 1.663.650 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч Н.Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь заалтад зааснаар 16 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Шүүгдэгч Н.Ж нь үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа. Урьд 5 удаагийн ял шийтгэлтэй боловч эдгээр ялыг эдлээд дууссан зэргийг харгалзан түүнд 12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Н.Ж нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 5 удаагийн бүртгэлтэй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Иймд шүүхээс шүүгдэгч Н.Ж-ыг “Хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж алсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, урьд удаа дараа эрүүгийн хариуцлага хүлээж байсан, нийгэмшихгүй, хүмүүжихгүй байгаа хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь заалтад зааснаар 16 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, энэ хэрэгт түүний баривчлагдсан 2 хоног, цагдан хоригдсон 85 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан хорих ялыг багасгах талаар гаргасан өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй.

-Бусад асуудлаар:

Эрүүгийн 2*********** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, “Өргөө 350 мл” гэсэн архины шил 1 ширхэг, цагаан өнгийн шинжтэй шилэн аяга 1 ширхэг, төмөр иштэй аяга 1 ширхэг, ажлын хэсэг нь металл, хар өнгийн модон иштэй хутга 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Н-ын Ж-ыг “Хүнийг алах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “онц харгис хэрцгийгээр”, “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж” алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь заалтад зааснаар шүүгдэгч Н.Ж-ыг 16 /арван зургаан/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ж-д оногдуулсан 16 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ж-ын 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл энэ хэрэгт баривчлагдсан 2 хоног, 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл энэ хэрэгт цагдан хоригдсон 85 хоног, нийт баривчлагдсан, цагдан хоригдсон 87 /наян долоон/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ж-аас 2.969.092 /хоёр сая есөн зуун жаран есөн мянга ерэн хоёр/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.О-т олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1.663.650 төгрөгийг хэлэлцэхгүй орхисугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн “Өргөө 350 мл” гэсэн архины шил 1 ширхэг, цагаан өнгийн шинжтэй шилэн аяга 1 ширхэг, төмөр иштэй аяга 1 ширхэг, ажлын хэсэг нь металл, хар өнгийн модон иштэй хутга 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Н.Ж-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн тоолсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Ж-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    М.ДАЛАЙХҮҮ

 

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                О.ЖАНЧИВНЯМБУУ                    

 

                      ШҮҮГЧ                                             Ч.ОТГОНБАЯ