Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 557

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар баг, 18-18 тоотод оршин суух, 1983 онд төрсөн, эмэгтэй,регистрийн дугаар ОЗ83071423, Хас овогт Гомбожавын Наранмандахын нэхэмжлэлтэй,

        Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар баг, 18-18 тоотод оршин суух, 1980 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЭ80043096, Хольдог овогт Норжингийн Алтансүхэд холбогдох,

      Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Наранмандах, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав, хариуцагч Н.Алтансүх /цахимаар/, хариуцагчийн өмгөөлөгч Б.Цагцалмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ё.Мөнхгэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэхэмжлэгч Г.Наранмандах шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2000 онд Алтансүхтэй гэр болж улмаар 2003 онд том охин А.Солонго, 2005 онд хүү А.Гэрэлт-Од, 2007 онд охин А.Алтаннаран, 2011 онд хүү А.Баярхүү нарыг тус тус төрүүлсэн. Би нөхөртэйгээ 17 жил хамт амьдрахдаа үр хүүхэд амьдрал ахуйгаа өөд нь татах гэж маш их зүтгэж, ажиллаж хөдөлмөрлөж байсан. Нөхөр Алтансүх 2011 оноос архи ууж, маргаан гаргаж, намайг хардаж зодож эхэлсэн. Тэрээр зодохдоо зүгээр нэг цохихгүй, адгуус мал шиг ааш гаргаж, намайг чимхэх, хацар нүүр гарыг хазаж гэмтээх, үснээс үсдэж чирэх зэрэг бүдүүлэг авир гаргаж, хэл амаар доромжилж байнгын дарамт шахалтанд оруулж байсан учир миний бие хэд хэдэн удаа шүүхийн байгууллагад гэр бүл цуцлуулахаар өргөдөл өгч байсан боловч нөхрөө засрах байх, 4 хүүхдээ эцгээс нь салгаж амьдын зовлон үзүүлэхгүй гэж бодоод эвлэрч байсан. 2014 онд салах өргөдөл өгч байсан боловч эвлэрээд амьдарсан. Дараа нь дахин намайг зодож, миний бие дахин 2015 онд эвлэрүүлэн зуучлалаар орсон боловч эвлэрч байсан. Би түүнд хангалттай боломж олгож байсан. Одоо манай нөхөр намайг маш ихээр зодох болсон. Намайг 4 хүүхдээ хаяад салж чадахгүй гэж боддог юм шиг байна. Би үр хүүхдээ бодоод нөхрийн маш хатуу дарамтыг тэсвэрлэдэг байсан боловч одоо зодуулсаар байж биед эрүүл газар үлдэхгүй байнгын шархтай, өвчтэй явах боллоо. Тэрээр намайг зодоод өвлийн хүйтэнд хаяснаас болж миний бие осголтын байдалтай хуучин нисэхийн модон дотор байхад онцгой байдлын газраас намайг олж амь насыг минь аварч байсан. Энэ талаар цагдаагийн байгууллагад өгч шалгуулж байсан. Миний бие бичиг үсэг мэддэггүй, боловсролгүй боловч амьдралын шаардлагаар гэр бүлээ тэжээхийн тулд барилгын туслах ажилтнаар ажиллаж хоолны мөнгө олж үр хүүхдээ тэжээдэг юм. Гэтэл нөхөр намайг ажлын газрын эр хүн болгонтой хардаж зоддог. Цаашид миний бие ийм байдалтай тэсэхэд маш хүнд болсон тул нөхрөөсөө албан ёсоор салмаар байна. Тэрээр орой болгон архи ууж орж ирээд ямар ч үгийн зөрүүгүй миний хацар нүүрийг хазаж гэмтээдэг, хөл гар зэрэг далд газрыг хумсаараа чимхэж гэмтээдэг, хүйтэн ус толгой уруу хийж цохидог, үснээс үсдэж ар дагзаар унагадаг. Миний бие гэр бүлийн байнгын дарамт, хүчирхийлэл дунд амьдрах боломжгүй болсон, байнгын түгшүүр, сэтгэл зүйн айдас, зэргээс болж миний амь насанд ч аюул учрахаар байгаа тул гэрлэлтийг минь цуцалж өгнө үү. Шүүхээс бидэнд эвлэрүүлэх хугацаа өгсөн боловч энэ хугацаанд эвлэрээгүй, түүнд урьд нь зөндөө боломж олгож байсан, одоо тийм сэтгэл байхгүй. Хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүйгээр хүүхдүүд болох А.Баярхүү, А.Алтаннаран, А.Гэрэлт-Од, А.Солонго нарыг өөрийн асрамжид авахыг хүсэж байна. Хүүхдүүд хамтдаа өсөж хүмүүжсэн нь дээр байх гэж бодож байна. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй болно гэв.

             Хариуцагч Н.Алтансүх шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие эхнэр Г.Наранмандахтай 2000 онд гэр бүл болж 17 жилийн хугацаанд 4 хүүхэдтэй болсон. Би байгууллагад болон хувиараа ажиллаж байх хугацаандаа сард дунджаар 400.000-500.000 төгрөгийн орлоготойгоор ажил хийж гэр бүлээ авч явдаг байсан. Эхнэр Г.Наранмандах миний хөдөлмөр болон олсон орлогыг минь үнэлэхгүйгээр маргаан гаргадаг ба гэр орондоо харьцааны соёлгүй, хэрүүл маргаан их хийдэг бөгөөд өөрийн дутагдлаа хүлээн зөвшөөрөлгүй хүүхэд болон намайг үгээр дарамталж байнга зөрчил үүсгэдэг. Би 2017 оноос хойш найз нөхөд болон хамт олонтойгоо 2 удаа архи уусан. 4 дүгээр сарын 22-ны өдөр архи ууж ирэхэд би өөрийгөө хянах чадвартай байсан ба гэр орондоо ямар нэгэн зодоон хийгээгүй. Хэрүүл маргаан гарсан шалтгаан нь эхнэр маань намайг гүтгэж, харьцааны доголдол гаргасан. Г.Наранмандахын хэлж байгаа шиг би түүнийг зодож дарамталж байгаагүй. Цаашид би эи эхнэртэйгээ хамт амьдрах хүсэлтэй байна. Г.Наранмандах өөрөө шалтгаан гаргаад байнга салах гээд байдаг. Шүүхээс эвлэрүүлэх хугацаа өгсөн бөгөөд Г.Наранмандахтай утсаар яриад уулзах гэсэн боловч надад боломж олгоогүй, зугатаагаад байсан. Иймд шүүх энэ маргааныг үнэн зөвөөр шийдэж өгч бид хоёрт эвлэрүүлэх хугацаа өгнө үү. Хэрвээ бидний гэрлэлтийг цуцалбал 4 хүүхдээ өөрөө асран хамгаалах хүсэлтэй байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаангүй гэв.

              Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Г.Наранмандах нь хариуцагч Н.Алтансүхэд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

            Г.Наранмандах, Н.Алтансүх нар нь 2000 онд гэр бүл болж, тэдний дундаас 2003 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр охин А.Солонго, 2005 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүү А.Гэрэлт-Од, 2007 оны 10 дугаар сарын 26-ны өдөр охин А.Алтанаран, 2011 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүү А.Баярхүү нар төрсөн болох нь гэрлэлтийн болон хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, зохигчдын тайлбараар нотлогдож байна.

            Гэрлэгчид нь хоорондын таарамжгүй зан харьцааны улмаас 2017 оны 4 дүгээр сараас хойш тусдаа амьдарч байгаа ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад гэрлэгчид эвлэрээгүй буюу гэр бүлээ үргэлжлүүлэх талаар хэн хэн нь санаачилга гаргаагүй, цаашид хамт амьдрах боломжгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул Г.Наранмандах, Н.Алтансүх нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

          Гэрлэгчид нь 2003 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн охин А.Солонго, 2005 оны 12 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү А.Гэрэлт-Од, 2007 оны 10 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин А.Алтанаран, 2011 оны 6 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү А.Баярхүү нарыг хэн хэн нь өөрийнхөө асрамжид байлгахаар шаардсан ба хүүхдүүдийн санал болон нэхэмжлэгч Г.Наранмандах нь Их барилга-Увс ХХК-д бетон арматурчин, үйлчлэгчээр ажилладаг бөгөөд сарын 700.000 төгрөгийн тогтмол цалинтай зэргийг харгалзан охин А.Солонго, хүү А.Гэрэлт-Од, охин А.Алтанаран, хүү А.Баярхүү нарыг эх Г.Наранмандахын асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзэв.

            Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаан дээр нэмэлт тайлбар гаргахдаа Н.Алтансүхээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэсэн тайлбар гаргасан боловч нэхэмжлэгч нь энэ шаардлагыг дэмжиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж гаргаагүй тул хүүхдийн тэтгэлгийг хариуцагчаас гаргуулах боломжгүй байна.

           Шүүх хүүхдийг эх Г.Наранмандахын асрамжид үлдээж шийдвэрлэж байгаа хэдий ч эцэг, эхийн хүүхдийн өмнө хүлээсэн эрх, үүрэг хэвээр хадгалагдаж, хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд Эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ гэж заасныг дурдах нь зүйтэй.

            Гэрлэгчдийн хооронд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй, нэхэмжлэгч Г.Наранмандах нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болно.

         Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Алтансүхээс улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Наранмандахад олгох нь зүйтэй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Хас овогт Гомбожавын Наранмандах, Хольдог овогт Норжингийн Алтансүх нарын гэрлэлтийг цуцалсугай.

          2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2003 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн охин А.Солонго, 2005 оны 12 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү А.Гэрэлт-Од, 2007 оны 10 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин А.Алтанаран, 2011 оны 6 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү А.Баярхүү нарыг эх Г.Наранмандахын асрамжид үлдээсүгэй.

         3. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар зохигчдын хооронд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй, нэхэмжлэгч Г.Наранмандах хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

         4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг, мөн гэрлэлтээ цуцлуулсан эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байх үүрэгтэй болохыг тус тус дурдсугай.

          5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг ажлын гурван өдрийн дотор Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын тамгын газрын Иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Сарантуяад даалгасугай.

         6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийнн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Алтансүхээс 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Наранмандахад олгосугай.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ