Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 0349

 

 

 

 

 

 

 

2020 оны 05 сарын 20 өдөр

 

 

 

 

 

            Дугаар    128/ШШ2020/0349

 

 

 

 

 

             Улаанбаатар хот

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “5” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “И” ХХК

Хариуцагч: ТегУтохг,

        татварын улсын байцаагч Ч.С, Б.У

Нэхэмжлэлийн шаардлага: “ТегУтохгын татварын улсын байцаагч Ч.С, Б.У нарын 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 211800049 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан актын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “И” ХХК-ийн захирал Ц.Х, итгэмжлэгдсэн төлөөлөгч “М” ХХК-ийн зөвлөх Х.Т, З.О,  хариуцагч татварын улсын байцаагч Б.У, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, Х.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “И” ХХК-ийн захирал Ц.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Бид өөрийн хүсэл зоригоор Цагаан хаданд буулгасан зүйл байхгүй. Засгийн газрын 320 тоот тогтоолын дагуу салгаж тээвэр хийсэн. Гаалийн хяналтын бүсэд дуртай нь очиж ачаа буулгадаггүй. Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.18 дахь хэсэгт зааснаар бараа тээврийн хэрэгслийг гаалийн хяналт дор ачиж буулгах шилжүүлэн ачих, хадгалах, тээвэрлэх, гаалийн хяналтыг хэрэгжүүлэх зорилгоор тусгайлан тогтоосон байр агуулах талбайд л буулгасан болохоос Чойр өртөө шиг тээврийн хэрэгслээр авч очсон ачаагаа тэнд нь буулгачихаад цааш нь төмөр замын тээвэрт ачдаг ачаа биш. Тиймээс салгаж хийсэн тээвэр гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тээвэрлэгч тээвэрлүүлэгч нарт өөрчлөлт ороогүй. Үүнтэй холбоотойгоор хуульд өөрчлөлт ороогүй тул энэ заалтад хамаарахгүй гэж үзэж байгаа.

Жолооч нар нь Ганц модны боомтод очихоор гадаадын хөрөнгө оруулалттай олон компаниуд жолоочийг авдаг. Өглөө нь хэнийг ч тухайн машин дээр ажиллуулж болдог. Монгол Улсын хөрөнгө оруулалттай компаниуд Монгол Улсын хууль дүрмийн дагуу хөдөлмөрийн гэрээтэй байдаг. Тиймээс Авто тээврийн үндэсний төв олон улсын С зөвшөөрлийг өгөхдөө нийгмийн даатгалын шимтгэл төлж танай компанитай гэрээ хийсэн үү, мэргэшсэн жолоочийн үнэмлэхийн хугацаа дууссан эсэхийг шалгаж байж олгодог. Мөн авто баазтай эсэх, иж бүрэн техник хэрэгсэлтэй эсэхийг шалгадаг.

... Манай компанийн Б ХХК-д тээвэрлэсэн тээвэр нь мөн Цагаан хаданд буусан. Гэтэл байцаагч 2017 оныг шалгаад 2018 оны эхний 4 сарыг шалгаад манайд акт тавьсан. Тэгээд манай компанийнг 39,000,000 төгрөг төл гэсэн. Ингэхдээ Б ХХК-иас орж ирсэн мөнгө байна үүнийг хасна гэсэн. 2 хоногийн дараа хүрээд ир танайх 21,000,000 төгрөгийн авлагатай байна. Мөнгөө ав үүнийгээ баталгаажуул гэсэн. Тэгээд би актыг зөвшөөрөхгүй “И”  ХХК-иас орж ирсэн мөнгө мөн л гадаадаас валютаар орж ирсэн гэж хэлсэн. Маргаан таслах зөвлөлийн хуралдаан 2 жил болоход би нэг ч удаа орж мэтгэлцэж чадаагүй. Намайг оруулж миний үгийг сонсоогүй. Хуралдаан болох гэж байна гэж дуудаад хойшилчихлоо гээд явуулдаг байсан. Монгол Тээвэр нэгдлийн 2 компани маргаж байгаадаа биш Монгол Улсын хуулийг хэрэгжүүлэх гэж байгаа үүсгэн байгуулагч нь Монгол Улсын иргэн маргаж байгаа. Гадаадын хөрөнгө оруулалттай улсууд болохоор төлөөлж ажилладаг хүмүүс байдаг” гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “М” ХХК-аас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ““И” ХХК нь авто тээврийн үндэсний төвөөс Улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлт гүйцэтгэх зөвшөөрөл авч, Монгол Улсын Засгийн газрын байгуулсан 2 талт хэлэлцээр болон Зам, тээврийн сайдын баталсан маршрутын дагуу 2010 оноос ачаа тээврийн үйлчилгээг эрхэлж байгаа бөгөөд нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлд заасны дагуу 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтоо авч ирсэн.

2018 онд нэмэгдсэн өртгийн буцаан олголтоо авах хүсэлтийн хүрээнд Улсын төсөв, орлого хяналтын газрын татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.С, Б.У нар "И” XXК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны нэмэгдсэн өртөгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг шалгаад ... 2018 оны 12 дунгаар сарын 27-ны өдрийн 211800049 дүгээр нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийг баталгаажуулсан актаар буцаан олголтын дүнг 21,208,648.60 төгрөг болгон бууруулж баталгаажуулсан.

Энэхүү актыг эс зөвшөөрч татварын ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлд хандсан боловч 2019 оны 12 сарын 23-ны өдрийн 36 дугаар тогтоолоор Татварын улсын байцаагч Ч.С, Б.У нарын 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 211800049 дугаар нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөвлөлтийг баталгаажуулсан актыг хэвээр үлдээсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх хэсгийн дагуу дараах үндэслэлээр нэхэмжлэл гаргаж байна. Үүнд:

1. ... Гашуунсухайт, Ганц модны хилийн боомтоор экспортолсон нүүрсний тээвэр хийж буй ачааны автомашины цуваа 160 гаруй км болж, авто замын ачаалал ихэссэнээс жолооч нар олон .. хоногоор дарааллаа хүлээх, зам тээврийн осол аваар гарах зэрэг үүссэн хүндрэлтэй нөхцөл байдалд Монгол Улсын Засгийн газар арга хэмжээ авч 2017 оны 320 дугаар тогтоолыг гаргасан. Энэхүү тогтоолын дагуу боомтын нэвтрүүлэх чадвар нэмэгдэх хүртэлх түр хугацаанд нүүрсний тээвэрлэлтийг Таван толгойн нүүрсний ордоос Цагаан хадны гаалийн хяналтын бүс хүртэл, Цагаан хадны гаалийн хяналтын бүсээс Гашуун сухайт боомт хүртэл чиглэлээр тус тус зохион байгуулахаар болсон. И ХХК нь өөрийн болон тээвэрлүүлэгч компанийн хүсэл зоригоор бус Монгол Улсын Заегийн газрын тогтоолыг хэрэгжүүлж Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.18-д заасан ‘Таалийн хяналтын бүс” буюу бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хяналт дор ачих, буулгах, шилжүүлэн ачих, хадгалах, тээвэрлэх, гаалийн хяналтыг хэрэгжүүлэх зорилгоор тусгайлан тогтоосон байр, агуулах, талбайд буулгаж, экспортын нүүрс тээвэрлэлтийг салгаж хийсэн.

“И” ХХК нь одоог хүртэл ИБУИНВУ-ын хуулийн этгээд болох Инсе трэйдинг энд ложистикс компанид тээвэрлэлтийн үйлчилгээг үзүүлж байгаа, түүнчлэн үйлчилгээний хөлс нь Инсе трэйдинг энд ложистикс компанийн төлөөлөгчийн газраас шилжиж орсон байх тул энэхүү үйлчилгээг бид нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.Экспортод гаргасан дараах бараа, ажил, үйлчилгээнд энэ хуулийн 11.2-т заасан хувиар албан татвар ногдуулна: 12.1.4 Монгол Улсад оршин суугч бус этгээдэд үзүүлсэн үйлчилгээ /түүний дотор албан татвараас чөлөөлсөн үйлчилгээг оролцуулан/ гэсэн заалтад хамаарна гэж үзэж байна.

2. М ХХК нь үндэсний хөрөнгө оруулалттай 17 гишүүн компанийн 500 гаруй тээврийн хэрэгсэл, 1000 гаруй ажилтны бүрэлдэхүүнтэйгээр авто тээвэр, логистикийн хамгийн том бүтэц болж, БНХАУ-ын Чалко трейдинг компанийн худалдан авсан нүүрсний тээвэрлэлтийг хийж байгаа билээ. М ХХК нь ийнхүү авто тээврийн том логистик болохынхоо хувьд Татварын ерөнхий хуулийн 221 дүгээр зүйлийн 22.1-Д заасан Татварын албаны татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, татвар төлөгчийг мэдээллээр ханган зөвлөгөө өгөх, сургалт, сурталчилгаа явуулах чиг үүргийн хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 320 ду гаар тогтоолтой холбоотойгоор ачаа тээврийн үйлчилгээг хуульд нийцүүлэн явуулах нэмэгдсэн өртгийн албан татварыг хэрхэн ногдуулах талаар Татварын ерөнхий газраас 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 05/510 дугаар албан бичгээр тодруулга авсан бөгөөд уг тодруулгад “...танай гишүүн компаниуд олон улсын тээврийн гэрээний үндсэн дээр улс хоорондын тээврийн ажил ажиллагаа гүйцэтгэсний төлбөрийг уг гэрээ бүхий этгээдээс танай компанид шууд олгосон тохиолдолд хуулийн дээрх заалтад хамаарна.” гэж хариу егсөн.

Тээвэрлэлтийн үйлчилгээний хөлс нь ИБУИНВУ-ын “Итл” компанийн төлөөлөгчийн газраас шууд шилжин орж ирдэг.

...Иймд татварын улсын байцаагч нарын 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 211800049 дугаар нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан актын 2,095,951,116.75 төгрөгийн орлогыг “0” хувьтай борлуулалтаас хасч, уг орлогод 209,595,111.67 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулсан хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Монгол Улсын Зам тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 272 дугаар тушаалаар батлагдсан тусгай зориулалтын авто замын чиглэл батлах тухай тушаалаар Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Ухаа худгийн уурхайгаас Гашуун сухайтын боомт хүртэл 239 км замыг  тусгай зориулалтын авто замаар баталгаажуулсан. Тэгэхээр бид тусгай зориулалтын авто замаар, тусгай зориулалтын хэрэгслээр тээвэрлэсэн.  Авто тээврийн хэрэгслийн бүртгэлийг бүртгэхэд Монгол Улсын шадар сайд, Зам тээврийн хөгжлийн сайдын түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 192 тоот тушаалын хавсралтаар баталсан технологийн тээврийн хэрэгслийн дугаар өгч тусгай тээврийн хэрэгслээр, тусгай зориулалтын замаар энэ үйлчилгээг үзүүлсэн. Мөн технологийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг улс хоорондын ачаа тээвэр эрхлэх сургалтад суусан мэргэшсэн жолооч эрхэлдэг. Тиймээс зөвхөн экспортын үйлчилгээнд зориулсан тусгай нөхцөл бүхий асуудал байгаа тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2 дахь хэсэгт хамаарахгүй гэж үзэж байна.

Олон улсын авто тээврийн үйлчилгээ үзүүлдэг тусгай зөвшөөрөл, гэрээгээр үзүүлдэг байсныг Зам тээврийн хөгжлийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 01/5482 дугаар бичгээр буюу өөрөөр хэлбэл Засгийн газрын 320 тоот тогтоол гарсантай холбоотойгоор тусгай зөвшөөрлүүдийг бүгдийг нь хүчингүй болгож, уурхайтай гэрээ хийсэн компаниудад үзүүлдэг болсон. Тэгэхээр Олон Улсын гэрээнд заасны дагуу Монгол Улсаас гадаад улс, гадаад улсаас Монгол Улс түүнчлэн гадаад улсаас Монгол Улсын хилээр дамжуулан гаргасан болон олон улсын зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээнд хамаарахгүй. Өөрөөр хэлбэл Нэмэгдсэн өртгийн албан татварын тухайн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх хэсэгт хамаарна гэж үзэж байна. Мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4 буюу Олон улсын зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээг эрхлүүлэхтэй холбогдон Монгол Улсын хилийн дотор салгаж хийсэн тээвэрлэлтэд энэ хуулийн 1 дугаар зүйлийн 12.1.2 дахь заалт хамаарахгүй гэж зааснаар олон улсын ложистик компаниудад хамааралтай.

...Бид тооцоолол дээр маргаагүй. Хууль хэрэглээн дээр маргасан.  3 ижил компанид 2 ижил нөхцөлөөр үйлчилгээ үзүүлсэн байхад нэгд нь 0 хувиар тооцож, нөгөөд нь 10 хувиар татвар ногдуулсан хууль хэрэглээнд маргаж байгаа” гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Татварын ногдлыг хийж байгаа процесст нэг ижил төрлийн ажил гүйлгээг ижил аваасай.

2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж байсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, 12.1.4, 12.4 дэх заалтууд  бүгд байсан. Гэтэл давагдашгүй хүчин зүйл үүсэж Засгийн газрын тогтоол гарсан. Засгийн газрын тогтоолын зорилго нь давагдашгүй хүчин зүйл буюу ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагаа улс хоорондын ачаа тээврийн үйл ажиллагааг явуулах ажлыг зохицуулсан зохицуулалт түүнтэй холбоотойгоор гарах бусад мэргэжлийн байгууллагуудад анхааруулснаас биш үүнтэй холбоотой хэрвээ гаалийн хяналтын бүс гэж үзнэ гэсэн бол дотоодод салгаж хий, магадгүй татвар санхүүгийн асуудал эрхэлсэн зүйл тогтоолд анхааруулах басан байх гэж үзэж байна.

Давагдашгүй хүчин зүйлийн хувьд улс хооронд хийж байсан ачаа тээврийн үйлчилгээ нь тээвэрлүүлэгч нь оршин суугч бус тээвэрлэгч нь Монгол Улсын хуулийн этгээд. Бид тусгай зөвшөөрөлтэй ажил үйлчилгээгээ хуулийн дагуу гүйцэтгэсээр ирсэн. Тээвэрлүүлэгч нь өөрчлөгдөөгүй, төлбөр тооцоо буюу нягтлан болох бүртгэлийн анхан шатны баримтаар ажил гүйлгээ валютын данс руу гадаад улсаас шилжиж орж ирж байгаа үйлдлийг зөв тодотгож хараасай гэж хүсэж байна.

Энэ нь тусгай зориулалтын замаар хийж байгаа тээвэр гэдгийг онцгой ач холбогдол өгч харна уу. Тэр замаар экспортын тээврээс өөр нэг ч машин явахгүй. Тусгай зориулалтын техник технологийн тээврийн хэрэгсэл яваад, улс хоорондын тусгай зөвшөөрөлтэй жолооч нар барьж байгаа. Манай хил гааль нэвтрүүлэх чадвар султай байсан тул түүнийг сайжруулахын тулд засгийн газрын тогтоол гарсан. Нэг хуулийн үйлчлэх хүрээнд бизнес эрхлэгчдээ Засгийн газрын тогтоолоороо 2 өөр ногдуулж татварын ачааллыг нэмэгдүүлж байна” гэв.

 

Хариуцагч Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Б.Уаас шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ““И” ХХК нь 3553604 тоот бүртгэлийн дугаартай, нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг буцаан авах хүсэлт ирүүлсний дагуу 2017 оны 01 дүгээр сарын 01-ээс оны 2018 оны 04 дүгээр сарын 30-г дуустал хугацааг хамруулан татварын хяналт шалгалт хийж, УТОХГ-аас 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн баталгаажуулалтын 211800049 тоот акт үйлдэж, олон улсын ачаа тээврийн үйлчилгээ эрхлэгчийн Монгол Улсын дотор салгаж хийсэн тээвэрлэлтийн борлуулалтын орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар /10 хувь/ ногдуулан төсвөөс буцаан авах 96,047.91 төгрөгийг 220,087,399.31 төгрөгөөр бууруулан 21,208,648.60 төгрөгөөр баталгаажуулсан. Дээрхи шийдвэрийг татвар төлөгч эс зөвшөөрч ТЕГ-ын дэргэдэх Маргаан зөвлөлд гомдол гаргасан бөгөөд 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 36 тоот тогтоолоор Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн баталгаажуулалтын актыг хэвээр баталсан.

“И” ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Их британийн Виржиний арлуудын хуулийн дагуу байгуулагдсан “Итл” компанитай байгуулсан “Тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлэх гэрээ”-ний дагуу Таван толгойн нүүрсний ордоос Цагаан хадны гаалийн хяналтын бүс хүртэл, Цагаан хадны гаалийн хяналтын бүсээс Гашуун сухайт боомт хүртэл чиглэлээр тус тус зохион байгуулсан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т “Монгол улсад оршин суугч бус этгээдэд үзүүлсэн үйлчилгээ /түүний дотор албан татвараас чөлөөлсөн үйлчилгээг оролцуулан/; гэсэн заалтын дагуу “0” хувьтай борлуулалт гэж үзэх үндэслэлтэй гэж дурдсан байна. Тус компанийн үзүүлж олон улсын ачаа тээврийн үйлчилгээ нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх заалтад хамаарахгүй, тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан татварын хуулийн зүйл, хэсэг, заалт давуу үйлчилнэ гэсэн зарчмын дагуу Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12.1.2,12.4 дэх заалтад хамаарч байна.

“И” ХХК-д олон улсын ачаа тээврийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг Авто тээврийн үндэсний төвөөс олгосон бөгөөд Их британийн Виржиний арлуудын хуулийн этгээд “Итл” компанитай байгуулсан “Тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлэх гэрээ”-нд дурдсанаар Эрдэнэс таван толгой ХК болон Чалко трейдинг Хон конг компани хооронд худалдах худалдан авах гэрээ хийгдсэн нүүрсний тээврийг хариуцна гэж заасан байсан бөгөөд мөн гэрээнд тээврийн хөлсний төлбөрийг захиалагч “Итл” компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болох Монгол улсын хуулийн дагуу улагдсан “Т” ХХК-р дамжуулан төлбөр тооцоо нийлэх, тээврийн ажлыг хийж гүйцэтгэх, тээвэрлэх зам нь Эрдэнэс таван толгой ХК-ийн уурхайгаас БНХАУ-ын Ганц модны боомт хүртэл нүүрс тээвэрлэх үйл ажиллагаа явуулж байсан.

Татварын улсын байцаагчид бид “И” ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 30-г дуустал хугацааны 2,095,953,116.70 төгрөгийн борлуулалтын орлогыг Таван толгойн нүүрсний орд -Цагаан хадны хяналтын бүс-Таван толгойн нүүрсний орд чиглэлд хамаарч байгааг татвар төлөгчийн зам ашиглалтын гэрээ, “Замын хураамж”-ийн төлбөрийн тооцоо зэргээр нотлогдож байгаа болно. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “ Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна: 7.1.3. Монгол улсаас экспортод гаргасан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ”, 11 дүгээр зүйлийн 11.2-т “Энэ хуулийн 7.1.3-т заасан бараа, үйлчилгээнд ногдуулах албан татварын хувь тэг “0”-тэй тэнцүү байна”, 12 дугаар зүйлийн 12.1-д “Экспортод гаргасан дараах бараа, ажил, үйлчилгээнд энэ хуулийн 11.2-т заасан хувиар татвар ногдуулна”, 12.1.2-т “Монгол Улсын Олон улсын гэрээнд заасны дагуу Монгол улсаас гадаад улсад, гадаад улсаас Монгол Улс хүртэл, түүнчлэн гадаад улсаас Монгол Улсын хилээр дамжуулан бусад улсад гаргасан олон улсын зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээ” гэж зохицуулсан заалтыг хэрэглэх нөхцөл нь Монгол улсын хилээр дамжуулан гаргасан ачаа ийн үйлчилгээнд хамаарахаар байна.

Иймд Таван толгойн нүүрсний орд -Цагаан хадны хяналтын бүс-Таван толгойн нүүрсний орд чиглэлийн тээврийн үйлчилгээ нь Монгол Улсын хилийн дотор хийгдэж буй үйлчилгээ тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12.4-т “Олон улсын зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээг эрхлэхтэй холбогдуулан Монгол улсын хилийн дотор салгаж хийсэн тээвэрлэлтэд энэ хуулийн 12.1.2 дахь заалт хамаарахгүй” гэж заасныг үндэслэн Монгол улс дотор салгаж хийсэн тээвэрлэлтэд 209,595,111.67 төгрөгийн нөхөн татвар ногдуулж, төсвөөс буцаан авах татварыг бууруулан тооцсон.

Мөн Олон улсын ачаа тээврийн үйлчилгээ эрхлэгчийн орлогод “0” хувь хэмжээг хэрхэн хэрэглэх талаар ажлын чиглэл хүссэний дагуу Татварын ерөнхий газрын хуулийн хэрэгжилтийг хангах газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 10/3414 тоотоор ...хуулийн энэ шаардлагыг хангахын тулд “Монгол улсын олон улсын гэрээ” байх шаардлагатай, НӨАТ-ын тухай хуулийн 12.4-дэх заалтыг баримтлан ажиллах чиглэл ирүүлснийг баримтлан ажилласан” гэв.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн Ц.Тгаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгчийн зүгээс оршин суугч бус этгээдэд үзүүлсэн ажил үйлчилгээ гэж үзээд 0 хувь байна гэж үзэж байгаа. Байцаагч нар болохоор  ажил үйлчилгээг экспортод гаргасан гэж 0 хувь хэмжээг хэрэглэх заалтаас тухайн үйл ажиллагаатай холбоотой нарийвчилсан зохицуулалтыг авч үзсэн.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2 дахь хэсэгт Монгол Улсын Олон Улсын гэрээнд зааснаар Монгол Улсаас гадаад улсад, гадаад улсаас Монгол Улсад түүнчлэн гадаад улсаас Монгол Улсын хилээр дамжуулан бусад улсад гаргасан Олон улсын зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээ гэж заасныг үндэслэл болгосон. Уг заалтыг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Засгийн газрын 320 дугаар тогтоолтой холбоотойгоор ачаа тээврийн үйлчилгээг экспортод гаргасан ачаа тээвэрлэлт үү эсхүл Монгол Улсын хилийн дотор хийсэн ачаа тээвэрлэлт үү гэдгийг салгаж үзсэн.  Уг тогтоолтой холбоотойгоор НӨАТ тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт Олон улсын зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээг эрхлэхтэй холбогдуулан Монгол Улсын хилийн дотор салгаж  хийсэн тээвэрлэлтэд 12 дугаар зүйлийн 12.1.2 дахь хэсэгт хамаарахгүй гэж заасан. Бүр нарийвчилж үзвэл НӨАТ-ын илүү төлөлт үүсэхгүй гэдгийг үндэслэл болгосон. Цагаан хад хүртэл тээвэрлээд түүнээс цааш Хятадын тусгай зөвшөөрөлтэй тээвэрлэлтийн компаниудад экспортолж байгаа гэдэгтэй нэхэмжлэгч маргаагүй. Талууд хэн аль нь хүлээн зөвшөөрч байгаа. Тэгэхээр хуулийн нарийвчилсан зохицуулалт нь ийм байгаа тохиолдолд экспортод гаргасан гэж үзэх боломжгүй. Хэрэв олон улсын ачаа тээвэрлэлтийн харилцааг хуулиар нарийвчлан зохицуулаагүй тохиолдолд төсөөтэй хэрэглэх эсхүл оршин суугч бус этгээдэд ажил үйлчилгээ үзүүлсэн гэдэг байдлаар хуулийг хэрэглэх боломжтой. Гэтэл энэ маргааны тухайд үйл явдал нь тодорхой. Тиймээс 0 хувь биш гэж үзэж байна.

...Хамгийн гол нь экспортод гаргасан эсэх нь чухал. Түүнээс тусгай зориулалтын зам, тусгай зориулалтын машин, мэргэшсэн жолооч мөн эсэх нь хамааралгүй. 

Хамгийн гол асуудал нь экспортод гаргасан уу дотоодын тээвэрлэлт үү гэдэг асуудал. Нэхэмжлэгийн зүгээс Засгийн газрын тогтоолыг даагдашгүй хүчин зүйл гэж үзэж байна. Нэгэнд эрх бүхий байгууллагаас шийдвэр гарч олон улсын ачаа тээвэр нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагааг салгаж хийнэ гэж шийдвэр гаргасан нь татварын харилцааг давагдашгүй хүчин зүйл гэж үзэх үндэслэл болохгүй.

Татвар төлөхтэй холбоотой харилцаа нь зөвхөн Татварын хуулиар зохицуулагддаг. Хүндэтгэн үзэх шалтгааныг Татварын ерөнхий хуульд заасан. Хугацааг хойшлуулах, хөнгөлөх нөхцөл байхаас биш огт татвар төлөхгүй байх зохицуулалт байхгүй. Засгийн газрын тогтоол гарсан л болохоос Цагаан хадны боомтод буулгасан гэдгээ нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч байна. Уг тогтоолтой холбоотойгоор экспортод гаргаагүй атлаа экспортод гаргасан гэдгээр Нэмэгдсэн өртгийн албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдэлнэ гэж маргаж байгаа нь үндэслэлгүй.

... нэхэмжлэгч тал бид Цагаан хад хүртэл тээвэрлэдэг гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Иймд хуульд зааснаар хэрэв Монгол Улсын хилийн дотор тээвэрлэлт хийсэн бол экспорт гэж үзэхгүй

Нарийвчилсан зохицуулалт нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд байгаа. 0 хувь хэмжээнд хамааруулж үзэх зохицуулалт нь хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2 дахь дахь хэсэг. 12 дугаар зүйлийн 12.1.2 дахь хэсгийг хангахын тулд заавал экспортод гаргасан байхыг шаардана. Нэхэмжлэгч нь Цагаан хадны боомтод буулгасан, салгаж тээвэрлэсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Ийм тохиолдолд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх заалт хэрэгжинэ. 

...Маргааны гол асуудал нь тээвэрлэлтийн үйл ажиллагаатай холбоотой татвар ногдуулалтын харилцаа. Энэ нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон маргаан талах зөвлөлд гаргасан гомдолд тодорхой заасан. Б ХХК-ийн асуудал нэг ч яригддаггүй. Бы асуудлыг байцаагч нар 0 хувь хэмжээнд оруулж чөлөөлсөн гэдгийг өи анх удаа сонсож байна. Тийм зүйл байгаа бол бид энэ асуудлыг дотоодын хяналтын түвшинд авч үнэ. Харин энэ асуудал нь татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулаагүй байх тохиолдолд татвар төлөгч Б ХХК-ийн асуудал дээр татвар ногдуул гэж маргаж байгаа юм уу? Бириумыг чөлөөлсөн юм чинь “И”  ХХК-д борлуулан борлуулалтын орлогыг чөлөөл гэж маргаж байгаа юм у тодорхойгүй. Хамгийн гол нь тооцооллын маргаан байхгүй тохиолдолд бид экспорт уу эсхүл дотоодын борлуулалт уу гэх асуудлыг авч үзнэ. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийн үйл баримтаар бол Таван толгойгоос Цагаан хад хүртэл гарсан баримтууд нь хэрэгт авагдсан. Мөн 12.1.2 дахь хэсгээр үйлчилгээ үзүүлсэн. Одоо болохоор НӨАТ-ын тухай хуулийн 12.1.4 дэх хэсэгт зааснаар Монгол Улсад оршин суугч бус этгээдэд үзүүлсэн үйлчилгээ гэж тайлбарлаж байна. Хяналт шалгалтын явцад тухайн аж ахуй нэгжийн анхан шатны баримт болон бүртгэлийг авч үздэг. Түүнтэй холбоотойгоор тухайн компанийн хоорондын гэрээнүүдийг авч үзсэн. Тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлэх гэрээнүүд нь хэрэгт авагдсан. Уг гэрээгээр нотлогдож байгаа. НӨАТ-ын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт нарийвчлан зохицуулсан. Тэгэхээр Таван толгойгоос Цагаан хад хүртэл хийж байгаа тээвэрлэлт гэдэгтэй нэхэмжлэгч тал маргадаггүй. Замын хураамж, орж гарсан баримтуудаар нотлогдож байгаа” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгч нэхэмжлэгч И” ХХК-ийн Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Ч.С, Б.У нарт холбогдуулан “татварын улсын байцаагч нарын 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 211800049 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан актын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэл гаргасан.

Татварын улсын байцаагч нараас “И” ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртлэх хугацааны нэмэгдсэн өртгийн албан татвар/цаашид НӨАТ гэх/-ын ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 211800049 дугаартай Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан актаар татвар төлөгчийн тодорхойлсон 10,890,484,853.35 төгрөгийн НӨАТ ногдох борлуулалт, үүнээс НӨАТ-ын “0” хувьтай 8,491,920,255.45 төгрөгийн борлуулалтыг баталгаажуулж 2,095,951,116.75 төгрөгийг борлуулалтад “0” хувь хэмжээг хэрэглэхгүй гэж үзэж НӨАТ-ын буцаан авалтыг 209,595,111.67 төгрөгөөр багасгаж баталгаажуулжээ[1].

Дээрх багасгаж баталгаажуулсан 209,595,111.67 төгрөгийн нөхөн татварт хамаарах  2,095,951,116.75 төгрөгийг борлуулалт нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн шалгалтанд хамрагдсан хугацаа/2017.01.01-ээс 2018.04.30/-ны нийт борлуулалтын 78 орчим хувьтай тэнцэж байгаа тухайд хэргийн оролцогчид маргаагүй.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “татварын улсын байцаагч нар нь НӨАТ ногдох борлуулалтыг хуулийн этгээдийн орлого дээр үндэслэж бус тээвэрлэлт хийхдээ Эрдэнэс таван толгой ХК-ийн тусгай зориулалтын зам ашиглахдаа төлсөн төлбөр буюу нэхэмжлэгч хуулийн этгээдийн зардалд суурилж борлуулалтыг тооцсон нь тооцооллын зөрүүтэй болсон” гэж тайлбарлах боловч энэхүү тооцооллын тухайд маргахгүй, үр дагаврыг ойлгож байгаа гэдгээ шүүх хуралдаанд илэрхийлсэн тул шүүх нэхэмжлэгчээс маргаж буй үндэслэлд дүгнэлт өгч, хэргийг шийдвэрлэв.

 

Тодруулбал, нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлээ “Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх шаардлагын үүднээс нүүрсний тээвэрлэлтийг уурхайгаас Цагаанхадны гаалийн хяналтын талбайд буулгаж, улмаар дахин тээвэрлэж Гашуунсухайт хилинй боомтоор БНХАУ-ын Ганцмодны боомтод хүргэж байгаа нь салгаж хийсэн тээвэрт хамаарахгүй бөгөөд нүүрс тээвэрлэлтийг гаалийн хяналтын талбайд буулгаж, дахин ачиж тээвэрлэж байгаа нь нэхэмжлэгч хуулийн этгээдээс хамаараагүй байхад ялгамжтай авч үзсэн нь хууль бус” гэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас нэхэмжлэлийн үндэслэлээ “нүүрс тээврийн үйлчилгээ нь тусгай зориулалтын замаар, тусгай зориулалтын тээврийн хэрэгслээр Монгол Улсад оршин суугч бус этгээдэд үзүүлсэн үйлчилгээ байхад НӨАТ-ын дотоодын үйлчилгээнд хамруулж татварын хэмжээг 10 хувиар тооцсон нь хууль бус” гэж тайлбарлан маргасан.

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “Нэхэмжлэгч хуулийн этгээдийн нүүрс тээврийн үйлчилгээ нь НӨАТ-ын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4-т заасан “...хилийн дотор салгаж хийсэн тээвэр” гэсэн тусгайлсан зохицуулалтад хамаарах тул татвар ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй” гэж тайлбарлан нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн.

 

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т “Монгол Улсаас экспортод гаргасан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ”-нд албан татвар ногдуулахаар заасан байх ба мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Энэ хуулийн 7.1.3-т заасан бараа, ажил, үйлчилгээнд ногдуулах албан татварын хувь тэг /"0"/-тэй тэнцүү байна” гэж заажээ.

Мөн хууль тогтоогчоос “0” хувиар албан татвар ногдуулах экспортод гаргасан дараах бараа, ажил, үйлчилгээний төрлүүдийг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хуулийн 12 дугаар зүйлийн  12.1-д нэрлэн заасны дотор 12.1.2-т Монгол Улсын Олон улсын гэрээнд заасны дагуу Монгол Улсаас гадаад улсад, ... гаргасан олон улсын ... ачаа тээврийн үйлчилгээ”, 12.1.4-т “Монгол Улсад оршин суугч бус этгээдэд үзүүлсэн үйлчилгээ /түүний дотор албан татвараас чөлөөлсөн үйлчилгээг оролцуулан/” тус тус хамаарч байна.

Хуулийн дээрх зохицуулалтуудаас нэгтгэн авч үзвэл, нэмэгдсэн өртгийн албан татвар “0” хувьтай байх бараа, ажил, үйлчилгээний гол нөхцөл нь тухайн барааг Монгол Улсаас экспортод гаргасан байх, мөн тухайн бараа экспортлох зорилгоор Монгол Улсаас гадаад улсад гаргахад үзүүлсэн ачаа тээврийн үйлчилгээ гэж үзэхээр байх бөгөөд нэхэмжлэгч хуулийн этгээдийн нүүрс тээвэрлэлтийн үйлчилгээ нь хуулийн энэхүү зохицуулалтуудын аль алинд нь хамаарахаар байна.

Гэтэл хариуцагч татварын улсын байцаагч нар нь нэхэмжлэгчийн Цагаанхадны гаалийн хяналтын бүсээс БНХАУ-ын Ганцмодны боомтын чиглэлд нүүрс тээвэрлэсэн орлогод ногдуулах НӨАТ нь “0” хувьтай тэнцүү, харин Тавантолгойн ордоос Цагаанхадны гаалийн хяналтын бүс хүртэл нүүрс тээвэрлэсэн үйлчилгээнд ногдуулах НӨАТ нь 10 хувь байна гэж ялгаатай авч үзэж маргаан бүхий актаар “И” ХХК-ийн буцаан авах нэмэгдсэн өртгийн албан татварыг 209,595,111.67 төгрөгөөр багасгаж баталгаажуулж шийдвэрлэсэн нь хуулийн дээрх зохицуулалтад нийцээгүй, хууль бус акт болжээ. Тодруулбал,

1/ Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбараар нэхэмжлэгч “И” ХХК нь 2011 оноос хойш өнөөдрийн хүртлэх хугацаанд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах нүүрсний ордуудаас Гашуунсухайт хилийн боомтоор БНХАУ-ын Ганцмодны боомт чиглэлд экспортод гаргаж буй нүүрс тээвэрлэлтийн үйлчилгээ эрхэлдэг тухайд хариуцагч маргаагүй. Үүнд:

“И” ХХК-д Авто тээврийн газрын даргын 2011 оны 206 дугаар тушаалаар “Улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлтийн үйлчилгээ эрхлэх эрх”[2]-ийг анх олгож байсан байх ба тус хуулийн этгээд нь Автотээврийн үндэсний төвийн захиралтай байгуулсан “Улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлт гүйцэтгүүлэх гэрээ”[3]-ний дагуу Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах Ухаа худаг нүүрсний уурхайгаас Гашуунсухайт хилийн боомтоор БНХАУ-ын Ганц мод боомтын чиглэлээр нүүрс тээвэрлэх үйл ажиллагааг эрхэлж байсан байна.

Улмаар Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 320 дугаар тогтоол гарч экспортын нүүрс тээвэрлэлтийн чиглэлийг өөрчлөн зохион байгуулснаар нэхэмжлэгч “И” ХХК нь “Итл”[4] компанитай байгуулсан “Тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлэх” 18/18 тоот[5] гэрээний дагуу гүйцэтгэж байсан нүүрсний тээвэрлэлтийн чиглэл нь,

- Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах Тавантолгойн нүүрсний ордоос Ханбогд сумын нутагт орших Цагаанхадны гаалийн хяналтын бүс хүртэл /уртын рейс гэх 218 км/,

- Цагаанхадны гаалийн хяналтын бүсээс Гашуунсухайт хилийн боомт хүртэл /цааш БНХАУ-ын Ганцмодны боомтод хүртлэх богинын рейс гэх 23 км(нийт 239 км)/ гэж өөрчлөгдсөн байна.

Монгол Улсын нүүрсний экспорт нэмэгдсэнтэй холбоотойгоор Гашуунсухайт-Ганцмодны хилийн боомтын нэвтрүүлэх чадвар ачааллаа дийлэхгүй болж, улмаар нүүрс ачсан машины урт цуваа үүссэн нь нийтэд илэрхий баримт[6] бөгөөд Засгийн газрын 2017 оны 320 дугаар тогтоол ч энэхүү хүндрэлтэй нөхцөл байдлыг арилгах зорилгоор, нүүрсний ачилт, тээвэрлэлтийн үйл ажиллагаанд зохицуулалт хийсэн агуулгатай байна[7].

Мөн үүний дараа Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар Цагаан хадны гаалийн баталгаат агуулахаас Гашуунсухайт боомт хүртэл богинын тээвэр хийж байгаа автомашины цуваа 23 км болсон, Тавантолгойн нүүрсний ордод үйл ажиллагаа явуулдаг гурван аж ахуйн нэгжээс Цагаан хадны гаалийн баталгаат агуулах хүртэл тээвэр хийж байгаа автомашины цуваа 39 км болж сунасан нөхцөл байдалд дахин зохицуулалт хийж Гашуунсухайт-Ганц модны хилийн боомтын нүүрсний тээвэрлэлтийг “Тавантолгойн нүүрсний ордоос Гашуунсухайт боомт хүртэл, Тавантолгойн нүүрсний ордоос Цагаан хадны гаалийн хяналтын бүс хүртэл, Цагаан хадны гаалийн хяналтын бүсээс Гашуунсухайт боомт хүртэл гэсэн 3 өөр чиглэлээр явуулах”-аар өөрчилсөн үйл баримт илэрхий байна[8].

Дээрх үйл баримтуудаас нэгтгэн авч үзвэл, “И” ХХК-ийн гүйцэтгэсэн экспортын нүүрсний тээвэрлэлтийг “...Монгол Улсын хилийн дотор салгаж хийсэн тээвэрлэлт” гэж үзэх боломжгүй байна. Учир нь:

Маргааны тохиолдолд тээвэрлэгч нь ачааг гаалийн хяналтын бүсэд буулгаж, дахин ачих байдлаар тээвэрлүүлэгчид хүргэж байгаа явдал нь тээвэрлэгчээс үл хамаарсан буюу хилийн боомтын нэвтрүүлэх чадварыг сайжруулах зорилгоор төрийн эрх бүхий байгууллагаас авч хэрэгжүүлсэн зохион байгуулалтын арга хэмжээ байх тул нэхэмжлэгчийн “Бид өөрийн хүсэл зоригоор Цагаан хаданд буулгасан зүйл байхгүй. Засгийн газрын 320 тоот тогтоолын дагуу салгаж тээвэр хийсэн. Бид экспортод гаргах нүүрсийг тээвэрлэсэн. Тиймээс салгаж хийсэн тээвэр гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн тайлбарыг хүлээн авах үндэслэлтэй юм.

Өөрөөр хэлбэл, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5 дахь “Олон улсын ... ачаа тээврийн үйлчилгээг эрхлэхтэй холбогдуулан Монгол Улсын хилийн дотор салгаж хийсэн тээвэрлэлтэд энэ хуулийн 12.1.2 дахь заалт хамаарахгүй” гэсэн заалт нь тээвэрлэгч болон тээвэрлүүлэгчийн хүсэл зориг, үйл ажиллагаанаас хамааран тээвэрлэгчийн сольсон, эсхүл ачааг буулгаж дахин тээвэрлэсэн тээвэрлэлтэд хамаарахаас бус тээвэрлэгчийн хүсэл зоригоос үл хамааран ачааг буулгаж, дахин тээвэрлэсэн тээвэрлэлтэд хамаарахааргүй юм.

Нөгөө талаас, Автотээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д “Монгол улсын хилийг нэвтрэн хийх тээвэрлэлт”-ийг улс хоорондын тээвэрлэлт гэж тодорхойлсон болон Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8-д “бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хяналт дор ачих, буулгах, шилжүүлэн ачих, хадгалах, тээвэрлэх, гаалийн хяналтыг хэрэгжүүлэх зорилгоор тусгайлан тогтоосон байр, агуулах, талбай”-г гаалийн хяналтын бүс гэж тодорхойлсон болон 4 дүгээр зүйлийн 4.3-т “Монгол Улсын хилийг гаалийн хил гэж үзнэ”, 4.4-т “Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгуулсан гаалийн баталгаат бүсийг гаалийн нутаг дэвсгэрээс тусгаарласан шугам болон гаалийн хяналтын бүсийн хилийг гаалийн хилд тооцно” гэж тус тус зааснаас үзвэл ачааг гаалийн хяналтын бүсэд буулгаж байгаа нь Монгол Улсын хилийн дотор хийсэн тээвэрлэлт биш байна.

Учир нь нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлээ “...Гаалийн хяналтын бүсэд дуртай нь очиж ачаа буулгадаггүй. Бид Гаалийн тухай хуульд заасан бараа тээврийн хэрэгслийг гаалийн хяналт дор ачиж буулгах шилжүүлэн ачих, хадгалах, тээвэрлэх, гаалийн хяналтыг хэрэгжүүлэх зорилгоор тусгайлан тогтоосон байр агуулах талбайд л буулгасан” гэж тайлбарлан маргасан ба гаалийн хяналтын бүсэд буулгасан нүүрс нь цааш хэн тээвэрлэж БНХАУ-д хүргэж байгаагаас үл хамааран экспортод гарах нь ойлгомжтойн дээр маргааны тохиолдолд гаалийн хяналтын бүсийн хил нь гаалийн хилд, улмаар Монгол улсын хилд тооцогдохоор байна.

Мөн Өмнөговь аймгийн Ухаахудагийн уурхайгаас Гашуунсухайт боомт хүртлэх Т-01 дугаартай 239 км авто замыг тусгай зориулалтын зам болохыг тогтоосон Зам тээврийн хөгжлийн сайдын 272 дугаар тушаал нь хэдийгээр 2019 онд гарсан хэдий боловч  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлан маргаж буй “тусгай зориулалтын замаар, тусгай зориулалтын тээврийн хэрэгслээр экспортын нүүрс тээвэрлэж байгааг хариуцагч анхаараагүй” гэсэн тайлбарыг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 Иймд нэхэмжлэгч хуулийн этгээд нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т заасан “Монгол Улсаас гадаад улсад, ... гаргасан олон улсын ... ачаа тээврийн үйлчилгээ”-г үзүүлсэн байх тул хариуцагч, тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “... ажил үйлчилгээг экспортод гаргасан гэж 0 хувь хэмжээг хэрэглэх заалтаас тухайн үйл ажиллагаатай холбоотой нарийвчилсан зохицуулалтыг авч хэрэглэсэн нь хуульд нийцсэн” гэсэн тайлбар үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ.

 

2/ Нэхэмжлэгч “И” ХХК нь “Итл” компанитай байгуулсан “Тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлэх” 18/18 тоот гэрээний дагуу тээврийн хөлсийг Итл компанийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын Хаан банкин дахь дансаар дамжуулан авч байсан болох нь татварын улсын байцаагчид гаргаж өгсөн тус компаниудын харилцах дансны хуулгаар тогтоогдож байна[9].

Нэхэмжлэгчид тээврийн хөлс төлж буй “Итл” компани нь Ихбритани Умард Ирландын вант улсад бүртгэлтэй хуулийн этгээд байх ба Монгол Улсад нүүрсний зах зээлийн судалгаа хийх, эх компанийг мэдээллээр хангах, эх компанийн нэрийн өмнөөс гэрээ, хэлэлцээр хийх, гэрээний биелэлтэд хяналт тавих зорилгоор тус улсад төлөөлөгчийн газраа байгуулсныг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газраас 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр бүртгэж 000279 тоот гэрчилгээ олгожээ[10].

Компанийн тухай хуульд компанийн төлөөлөгчийн газар нь компанийн оршин байгаа газраас өөр газар байрладаг нэгж бөгөөд компанийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, компанийн нэрийн өмнөөс хэлцэл хийх зэрэг эрх зүйн төлөөллийн үйл ажиллагааг түүнийг байгуулсан компанийн нэрийн өмнөөс явуулахаар заасан байх ба  хуулийн этгээдийн эрхийг эдлэхгүй юм.

Энэ тохиолдолд нэхэмжлэгч “И” ХХК-ийн “Итл” компанитай байгуулсан “Тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлэх” 18/18 тоот гэрээний дагуу үзүүлж буй ачаа тээврийн үйлчилгээг нь оршин суугч бус этгээдэд үзүүлсэн үйлчилгээнд хамааруулж үзэх боломжтой.

Өөрөөр хэлбэл, дээрх тээвэрлэлтийн гэрээгээр оршин суугч бус этгээд болох “Итл” компани нь экспортын бүтээгдэхүүнийг тээвэрлүүлэх үйлчилгээг авч байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “оршин суугч бус нь тээвэрлүүлэгч нь өөрчлөгдөөгүй, төлбөр тооцоо буюу нягтлан болох бүртгэлийн анхан шатны баримтаар ажил гүйлгээ валютын данс руу гадаад улсаас шилжиж орж ирж байгааг хариуцагч анхаараагүй” гэсэн тайлбарыг буруутгахааргүй байна.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, нэхэмжлэгч “И” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, “ТегУтохгын татварын улсын байцаагч Ч.С, Б.У нарын 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 211800049 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан актын холбогдох хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлэх гэрээ нь үүрэг давамгайлсан, тээвэрлэгчийн эрх тусгагдаагүй гэрээ болохыг хариуцагч анхаарч үзээгүй” гэх зэргээ тайлбарлан маргах боловч гэрээний заалтууд нь захиргааны актын үндэслэлд хамаарахгүй байх тул шүүхээс дүгнэлт хийх шаардлагагүйг тэмдэглэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хуулийн 12 дугаар зүйлийн  12.1, 12.1.2, 12.1.4-т заасны тус тус баримтлан нэхэмжлэгч “И” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, ТегУтохгын татварын улсын байцаагч Ч.С, Б.У нарын 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 211800049 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан актын НӨАТ ногдох борлуулалт (2,095,951,116.7), ногдуулсан НӨАТ (209,595,111.67) гэснийг тус тус хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    Ц.МӨНХЗУЛ

 


[1] 1 дүгээр хавтаст хэргийн 11, 20 дахь талд

[2] 1 дүгээр хавтаст хэргийн 206 дахь талд

[3] 1 дүгээр хавтаст хэргийн 222-229 дэх талд

[4] ИБУИВУ-ын Инсе трейдинг энд ложистикс компанийн төлөөлөгчийн газар, 1 дүгээр хавтаст хэргийн хавтаст хэргийн 45, 176 дахь талд

[5] 1 дүгээр хавтаст хэргийн 42-44 дэх талд

[6] https://zasag.mn/index.php/mobile/content/id/18527

[7] 1 дүгээр хавтаст хэргийн 141 дэх талд

[8] http://mmhi.gov.mn/public/more/id/582, http://mmhi.gov.mn/public/more/id/582

[9] 1 дүгээр хавтаст хэргийн 47-49 дэх талд

[10] 1 дүгээр хавтаст хэргийн 45 дахь талд