Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | П.Соёл-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2014/0000/З |
Дугаар | 221/МА2014/0103 |
Огноо | 2014-02-27 |
Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2014 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 221/МА2014/0103
ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ
ШҮҮХ ХУРАЛДААНЫ МАГАДЛАЛ
2014 оны 02 дугаар сарын 27 өдөр дугаар 103 Улаанбаатар хот
“Д” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Б.Мөнхтуяа, шүүгч П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М, хариуцагч Х.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б нарыг оролцуулан, Дархан-Уул аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 35 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч нарын давж заалдах гомдлоор, “Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцээд
Нэхэмжлэгч “Д” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дархан аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2013 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 191413 тоот актыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нараас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч нь “Ж” ХХК-ийн 2012 оны 10294373 тоот нэмэгдсэн өртгийн албан татварын падаантай 22121,2 мянган төгрөгийн төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасаж, тооцсон зөрчил гаргасан гэж үзэж акт тавьсан гэжээ.
Дархан-Уул аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 35 дугаар шийдвэрээр: Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 17 дугаар зүйлийн 17.2-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагч нараас давж заалдах гомдолдоо: 1. Улсын мөрдөн байцаах газраас 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 10/5-2267 тоотоор "Ж" ХХК-ийг борлуулалтын орлогоо татварын тайландаа тусгаагүй, татвар төлөхөөс санаатай зайлсхийсэн гэх үндэслэлээр Улсын мөрдөн байцаах газарт эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байгаа тул холбогдох татвар төлөгчдийн санхүүгийн тайланд татварын хяналт шалгалт хийж захиргааны арга хэмжээ тооцож хариу мэдэгдэнэ үү гэсний дагуу Татварын ерөнхий газраас удирдамж ирж "Д" ХХК-ийн Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийн байдалд хэсэгчилсэн шалгалт хийж Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1-т заасныг үндэслэн 191413 тоот татварын улсын байцаагчийн актаар 22727.3 мянган төгрөгийн нөхөн татвар, 11363.6 мянган төгрөгийн торгууль, 68.2 мянган төгрөгийн нийт 34159.1 мянган төгрөгийн төлбөр ногдуулсан.2. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д заасныг зөрчиж тус компани нь худалдан авалтыг нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтдаа тусгаагүй, тухайн тайлант хугацааны санхүүгийн тайлангийн мөнгө ба түүнтэй адилтгах хөрөнгөд дээрх бэлэн мөнгө байгаагүй болон кассаас уг мөнгөний зарлага гарсныг нотлох анхан шатны баримт байхгүй мөн "Ж" ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилт хийсэн падааныг ашиглан нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийсэн нь Улсын мөрдөн байцаах газар шалгалтаар нотлогдон эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байгаа. "Д" ХХК нь хий бичилт хийсэн падааныг ашиглаж Нэмэгдсэн өртгийн албан татвар 22727.3 мянган төгрөгийн хасалт хийсэн нь Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д заасныг зөрчиж улсын төсвийн орлогод орох ёстой орлого 22727.3 мянган төгрөгөөр тасалдаж байна.
Шүүхийн шийдвэрийн тогтоох нь хэсгийн 2 дахь заалтыг татварын улсын байцаагчийн 191413 тоот акт хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй болно.
Иймд Дархан-Уул аймгийн захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож татварын улсын байцаагчийн хэвээр баталж актаар тогтоосон төлбөрийг улсын төсөвт төвлөрүүлэх шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэл болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзэхэд дараах үндэслэлээр хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай байх тул захиргааны байгууллагаас дахин шинэ акт гартал маргаан бүхий татварын улсын байцаагчийн актыг түдгэлзүүлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч “Д” ХХК нь Дархан аймгийн Татварын хэлтсийн 2013 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 191413 тоот актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Энэхүү актаар “нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилт хийсэн падааныг ашиглан нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийсэн” гэсэн үндэслэлээр 34.159.100 төгрөгийн төлбөр тогтоожээ.
Хариуцагчаас “2012 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн “Ж” ХХК-ийн 10294318 тоот нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг “хуурамч” хэмээн маргаагүй, харин түүнд бичигдсэн гүйлгээ нь хийгдээгүй буюу бодит байдалд “227.272.727 төгрөгийн худалдан авалт хийгдээгүй” гэж, нэхэмжлэгч хуулийн этгээдээс “худалдан авалт хийгдсэн” хэмээн маргажээ.
Хэрэгт авагдсан Татварын ерөнхий газрын 2013 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 1/678 тоот албан бичиг, 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 26/898 тоот албан бичиг, 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн Хяналт, шалгалт хийх ажлын удирдамж зэрэг баримтаас үзэхэд Цагдаагийн ерөнхий газрын Улсын мөрдөн байцаах газраас “Ж” ХХК-ийн 10294318 тоот нэмэгдсэн өртгийн албан татварын падаантай холбоотой үйл баримтыг шалгаж, бараа худалдан авсан эсэхийг эрүүгийн журмаар шалгаж байгаа болох нь тогтоогдож байна.
Маргаан бүхий нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар хийгдсэн гүйлгээ гэх 227.272.727 төгрөгийн орлого нь худалдагч тал болох “Ж” ХХК-ийн санхүүгийн тайланд орлогоор тусгагдсан эсэхийг шалгаж тогтоох нь хэргийг үнэн зөв, бодитой шийдвэрлэхэд зайлшгүй ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл талуудын хооронд хийгдсэн гэх маргаан бүхий худалдан авалт бодит байдалд хийгдсэн гэдгийг маргаан бүхий гүйлгээг хийсэн хоёр тал болох “Ж” ХХК, “Д к” ХХК-ийн санхүүгийн тайланг харьцуулан шалгах замаар, худалдагдсан бараа нь гуравдагч этгээдийн данс бүртгэлд бүртгэгдсэн эсэх, өөрөөр хэлбэл орлого орсон эсэх, зардал гарсан эсэх, бараа, материалын үнэ төлбөрийг хэрхэн ямар хэлбэрээр төлсөн болохыг тогтоож, дахин шинэ акт гаргах нь татвар үнэн зөв, бодитой байх зарчимд нийцнэ.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн зөв гаргах үндэслэл болох учир ажил, гүйлгээ гарсныг нотлох бичгээр бүрдүүлсэн санхүүгийн тайлан, анхан шатны баримт, түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтнаас тайлбар авах, Цагдаагийн ерөнхий газрын Улсын мөрдөн байцаах газраас “Ж” ХХК-ийн 10294318 тоот нэмэгдсэн өртгийн албан татварын падаантай
холбоотой шалгалтын баримтад үндэслэн хариуцагчаас дахин шинэ акт гаргах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчээс “худалдан авалт хийсэн гэдэг нь анхан шатны баримт болох кассын орлогын ордер, зарлагын баримтаар тогтоогдоно” гэж маргаж байгаа боловч хариуцагчаас “энэхүү худалдан авалтын орлого нь “Ж” ХХК-ийн санхүүгийн тайланд орлогоор бүртгэгдээгүй" гэж маргаж байх ба энэхүү асуудлыг Цагдаагийн ерөнхий газрын Улсын мөрдөн байцаах газраас шалгаж байгаа тул шүүхээс эцэслэн дүгнэлт хийх боломжгүй, эргэлзээтэй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “татварын улсын байцаагч нар хяналт шалгалт хийхдээ анхан шатны баримтыг шалгаагүй хэрнэ одоо ийнхүү маргаж байгаа нь үндэслэлгүй” гэх тайлбарын тухайд Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.5, 29 дүгээр зүйлийн 29.1.2 дахь хэсэгт зааснаар татварын улсын байцаагч нь татвар төлөгчийн талаар хөндлөнгийн мэдээлэл цуглуулан, санхүүгийн баримтад хяналт шалгалт явуулах эрхтэй. Энэхүү эрхийн хүрээнд захиргааны байгууллага дахин хяналт шалгалт явуулах нь нэхэмжлэгчийн эрхийг хөндөхгүй, татварын үнэн зөв байх, бодит байдал, шударга ёсонд нийцэх учиртай. Учир нь татварын улсын байцаагч нар хяналт шалгалт хийхдээ маргаан бүхий гүйлгээ хийсэн хоёр компанийн санхүүгийн тайланг харьцуулж шалгаагүй, зөвхөн нэг компанийн санхүүгийн баримтыг шалгасан, үүнээс болж, хэргийн нөхцөл байдал тодорхойгүй болж, улмаар энэхүү нөхцөл байдлыг тодруулахгүйгээр шүүхээс “борлуулалт хийгдсэн” эсэхэд хууль зүйн дүгнэлт өгөх боломжгүй байна.
Шүүхийн “хэргийн нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай” гэдэг нь Татварын албанаас нэхэмжлэгч хуулийн этгээдийг “Ж” ХХК-д 227.272.727 төгрөгийн борлуулалт хийсэн эсэхийг “Ж” ХХК-ийн санхүүгийн баримтад хяналт шалгалт явуулах замаар хэргийн нөхцөл байдлыг тодруулах, “шинээр акт гаргах” гэдэг нь хэрэв борлуулалт хийсэн нь тогтоогдвол маргаан бүхий актыг хүчингүй болгох, хэрэв борлуулалт хийгдсэн нь тогтоогдохгүй бол маргаан бүхий актын үйлчлэлийг сэргээх ёстой болно.
Иймд, дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 35 дугаар шийдвэрийн “тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.5, 29 дүгээр зүйлийн 29.1.2, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулсны үндсэн дээр Татварын албанаас дахин шинэ акт гарах хүртэл Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2013 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 191413 тоот актыг түдгэлзүүлсүгэй” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 -д зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН: |
П.СОЁЛ-ЭРДЭНЭ |