Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 95

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Б.Нацагдорж даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

  Улсын яллагч                                   А.Золзаяа

      Хохирогч                                           Б.Чинбадрах

Иргэний нэхэмжлэгч                      Ш.Гантуяа

    Шүүгдэгчийн өмгөөлөгч                Д.Даваасүрэн

   Нарийн бичгийн дарга Б.Урангоо нар оролцов.

      Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт  явуулж, Прокурорын газраас Эрүүгийн  хуулийн  тусгай  ангийн 215 дугаар  зүйлийн 215.2-д зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Сангидоржийн Цагаанзаанд холбогдох эрүүгийн 201618000178 дугаартай   хэргийг хянан хэлэлцэв.

                                        

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1979 оны 04 дүгээр сарын 20-нд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд  боловсролтой, жолооч мэргэжилтэй,  хөдөө мал малладаг, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт  Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын, 3 дугаар баг “Хяраан гол” гэх оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Боржигин овогт Сангидоржийн Цагаанзаан /РД МА79042013/

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Цагаанзаан нь 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт шороон замд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 37-89 СЭА улсын дугаартай приус -10 маркын тээврийн хэрэгслийг жолоодож яваад хашааны буланд сууж байсан Б.Чинбадрахыг мөргөж биед нь хүнд гэмтэл учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

Тодорхойлох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд 

            1.Шүүгдэгч С.Цагаанзааны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн ....Мэдүүлэг өгөхгүй гэв.  

2.Хохирогч Б.Чинбадрахын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн ... 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 17-18 цагийн хооронд шүүгдэгчийн ахтай гудамжинд 1 шил архи уугаад сууж байтал гэнэт машин ирж мөргөсөн. Би нилээн согтуу байсан. 2 дахь шил архиа ууж байсан. Тэгээд Цагаанзаан эхнэртэйгээ бууж ирээд “та зүгээр үү?” гэсэн би “зүгээр” гэсэн. Тэгээд гэртээ хариад өвчин намдаах эм уугаад зүгээр болохгүй болохоор нь эхнэртээ хэлж эмнэлэгт үзүүлсэн. Эмнэлэгт үзүүлэхэд Сэлэнгэ аймгийн эмнэлэгт үзүүл гээд тэр өдрөө шууд эмнэлэгт хэвтсэн. Тэгээд 1 сар 10 хоногийн дараа босдог болсон. Цагаанзаан залуу хүн. Олон хүүхэдтэй тул хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөөч гэв.

3. Иргэний нэхэмжлэгч Ш.Гантуяагийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн..” Машиныг битүүмжилсэн байгаа. Машинаа битүүмжлэлээс чөлөөлүүлэхийг хүсэж байна. Шүүгдэгч Цагаанзаан нь миний эзэмшлийн тээврийн хэрэгслийг засаж янзлан хэвийн байдалд нь оруулж өгсөн тул засвар хийхэд зарцуулах байсан 302.000 төгрөгийг төлсөн гэж үзэж болно гэв.

4.Хохирогч Б.Чинбадрахын 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн...”Алтан Оргил”  хүнсний дэлгүүрийн арын доголтой булан хэсэгт бүгдээрээ сууж байсныг санаж байна. Тухайн үед бидний сууж байсан гудамжаар ертөнцийн зүгээр зүүн хойд зүгээс Toyota рruis  маркын авто машин ирж байсан бөгөөд тухайн машиныг Цагаанзааны машин байна гэж харж байсан. Тухайн үед бид нарын зүүн талд баруун тийшээ харсан байдалтай хар хөх өнгийн 02-20 СБА Портер Бонго G2 маркын машин зогсож байсан. Тэгсэн Цагаанзааны Тоёота- pruis маркын 37-89 СЭА улсын дугаартай бүдэг цэнхэр өнгийн машин нь Бонго машины хажуугаар гарч ирээд зогсох байх гэж бодсон гэнэт намайг мөргөх шиг болсон. Хэсэг зуур манараад сэрэхэд өөрийн гэрийхээ хашааны гадна талд ирчихсэн байсан. Намайг Цагаанзаан түүний эхнэр Миний найз Хундаа, Энхбаяр гурав pruis машинаараа хүргэж ирсэн байсан. Тэгээд намайг Энхбаяр гэр рүү маань оруулаад оронд минь хэвтүүлж тусалчихаад гараад явсан. Гэрт ирээд өвчин намдаах эм уугаад дарагдахгүй өвдөөд байхаар нь сумын эмчийг дуудаад үзүүлсэн. Эмч үзчихээд Сүхбаатар сумын Нэгдсэн эмнэлэгт үзүүл гэхээр нь Сумын эмнэлэгийн машинтай Нэгдсэн эмнэлэг явсан. Аймгийн нэгдсэн эмнэлэгт ирээд эмнэлэгийн түргэн тусламжийн хүнийг нь мэдэхгүй эмчид үзүүлээд тэр оройноо шууд эмнэлэгт хэвтсэн.... гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 24-26 дугаар хуудас/

            5.Иргэний нэхэмжлэгч Ш.Гантуяагийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн бйацаалтын шатанд өгсөн....”С. Цагаанзааны эхнэр бөгөөд бид ханилан суугаад хэдэн жилийг өнгөрөөж байна. Бид хоёр албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Миний эзэмшилд 37-89 СЭА улсын дугаартай Тоёота приус маркын хөх өнгийн тээврийн хэргэсэл байдаг юм... гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 29 дүгээр хуудас/

6.Гэрч Ц.Гантулгын 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн Би Цагаанзааныг танина. Миний төрсөн ахын ангийнх нь хүүхэд бөгөөд би бага наснаасаа найзалж нөхөрлөж ирсэн юм. Хамгийн сүүлд 2016 оны 06-р сарын 17-ны өдөр 13-14 цагийн хооронд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд байрлах “Гүн нуур” хэмээх нэртэй нуурын эрэг дээр уулзацгаасан.  Би тухайн өдөр Баттөмөр, Энхбаяр хоёртой “Гүн нуур” руу Даваа гэгч хуурай эгчтэй уулзахаар очсон. Бид нар очиход Цагаанзаан эхнэр Гантуяа, охин хоёртойгоо хамт 37-89 СЭА улсын дугаартай Тоёота приус маркын авто машинтайгаа ирсэн байсан. Тэгээд бид 0.75 литрийн нэг шил “Соёрхол” гэх архи хувааж уух зуураа хоол унд идэж байгаад архиа дуусгаад Алтанбулаг сум руу Энхбаяр, Баттөмөр бид гурав /дугаарыг нь санахгүй байна/ цэнхэр өнгийн Портер маркын ачааны машинаар харин Цагаанзаан эхнэр, охин хоёрын хамтаар Тоёота приус маркын авто машинаараа, Даваа эгч давхар кабинтай Бонго маркын цэнхэр өнгийн ачааны  машинтайгаа явцгаагаад 17 цагын үед ирсэн. Алтанбулаг суманд ирээд “Дельпин” гэх нэртэй караокены 2 давхарын нэг өрөөнд ороод эхлээд нэг цаг, дараа нь нэг цаг гээд 2 цаг дуулцгаах зуураа 2 шил 0.75 литрийн “Viva” гэх нэртэй хувааж уусан. Тухайн үед бүгд л архи уусан. Оройн 19 цагийн орчимд уг караокеноос гараад Цагаанзаан эхнэр хүүхэдтэйгээ хамт Тоёота приус маркын машинаа өөрөө жолоодоод гэр рүүгээ хөдөө явлаа гэж хэлээд хөдлөөд явсны дараа Энхбаяр, Баттөмөр бид гурав Баттөмөрийн портер маркын машинаар гэр гэртэй харьцгаасан.... гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас/

7.Гэрч Д.Баттөрийн 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн  Би Цагаанзааныг танина. Би Цагаанзаантай бага балчир наснаасаа найзалсаар ирсэн. Арван жилийн миний дээд талын ангийн хүүхэд байсан. Хамгийн сүүлд 2016 оны 06-р сарын 17-ны өдөр 13 цаг өнгөрч байхад Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд байрлах “Гүн нуур” гэх нэртэй нуурын эрэг дээр уулзацгаасан. Би тухайн өдөр Гантулга, Энхбаяр хоёртой “Гүн нуур” руу Даваа гэх хуурай эгчтэйгээ уулзах гэж очсон. Бид нар очиход Цагаанзаан эхнэр Гантуяа, охин хоёртойгоо хамт 37-89 СЭА улсын дугаартай Тоёота приус маркын цэнхэр өнгийн авто машинтайгаа ирсэн байсан. Тэгээд бид нар 0.75 литрийн нэг шил “Соёрхол” гэх архи хувааж уух зуураа хоол унд идэж байгаад архиа дуусгаад Алтанбулаг сум руу Гантулга, Энхбаяр бид гурав 54-48 СБА улсын дугаартай цэнхэр өнгийн Портер маркын ачааны машинаар харин Цагаанзаан эхнэр, охин хоёртойгоо Тоёота приус маркын машинаараа, Даваа эгч давхар кабинтай Бонго маркын /дугаарыг нь санахгүй байна/ цэнхэр өнгийн ачааны машинтайгаа явцгаагаад 17 цагийн үед ирсэн. Алтанбулаг суманд ирээд “Дельпин” гэх караокены 2 давхарын баруун урд талын жигүүрийн өрөөнд ороод эхлээд нэг цаг, дараа нь нэг цаг гээд 2 цаг дуулцгаах зуураа 2 шил 0.75 литрийн “Viva” гэх нэртэй архийг хувааж уусан. Тухайн үед надаас бусад хүмүүс архи дарс хэрэглэсэн. Оройн 19 цагийн орчимд уг караокеноос гараад Цагаанзаан эхнэр хүүхэдтэйгээ хамт Тоёота приус маркын машинаа жолоодоод гэр рүүгээ хөдөө явлаа гэж хэлээд хөдлөөд явсны дараа Энхбаяр, Гантулга бид гурав миний портер маркын машинаар харин Даваа өөрийнхөө Бонго машинаа жолоодож хөдлөөд Гантулгын хашааны гадна ирээд би машинаа хашаанд нь оруулж тавиад эхнэр Цэцэгээг дуудаад ирэхээр нь эхнэрийнхээ Тоёота приус маркын машинаар эхнэр болон Даваа эгчтэй хамт Сүхбаатар сум руу явсан. Харин Гантулга гэртээ ороод Энхбаяр харина гээд гэр рүүгээ явсан ... гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас/

8.Гэрч Б.Уранчимэгийн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн Би 2016 оны 06 сарын 17-ны өдөр “Дельпин” буудалд ажилтай байж байхад 17 цагийн үед караокед орье гээд хэдэн хүмүүс ирсэн. Караокены 2 давхарт ороод 1 цаг аваад 0.75 литрийн “Viva” нэртэй архи захиалсан. Караокены авсан 1 цаг нь дуусаад сунгана, сунгахгүй гэж ярьж байгаад дахиад нэг цаг сунгахаар болсон...... гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 40-41 дүгээр хуудас/

9.Гэрч М.Мөнх-Эрдэнийн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн Би 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 19 цагийн үед Харааны голын ойролцоо морь уяж байгаад Алтанбулаг сумын төв дээр ирсэн. Тэгээд бонго маркын УБЧ 02-70 улсын дугаартай, хар хөх өөрийн эзэмшилийн хэрэгсэлтэйгээ Алтанбулаг сумын төвд орж ирээд Алтанбулаг дэлгүүрийн арын гудамжинд Мөнхзориг намайг хараад дуудаад Би яваад очиход Мөнхзориг, Чинбадрах, Одгэрэл, Түшиг, Энхбаяр гэх хүмүүс зогсож байсан. Би очоод машинаа унтраах үед Мөнхзориг над дээр ирээд “тамхи байна уу” гэж асуухад би “байна” гээд тамхиа өгөх үед жолооч талаас Цагаанзаан өөрийн тээврийн хэргэслээ барьчихсан миний машины жолооч талын хаалганы доод хэсэг, доод гүприйг шүргээд зогссон. Тэр үед гайгүй юу, зүгээр үү гээд орилоод байхаар нь буцаад хартал Чинбадрах, Энхбаяр хоёр Цагаанзааны машины цаад талд хэвтсэн байдалтай байсан. Тэгээд Чинбадрах, Энхбаяр хоёр дээр очиж нүүрэн тус газар байгаа шороог нь цэвэрлэж өгсөн. Тэр үед Цагаанзааны эхнэр болох Гантуяа нь Цагаанзааныг зөөлөн явахад яадаг юм, хүн алах нь байна шдээ замаа харахгүй яасан юм бэ гэх мэтээр загнаж байсан. Тэгээд Чинбадрах, Энхбаяр хоёр босоод ирэхээр нь эмнэлэгт үзүүл гэж хэлсэн.    ... гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 42-43 дугаар хуудас/

10.Гэрч О.Мөнхцэцэгийн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн Цагаанзаан нь манай караокед 2016 оны 06-р сарын 17-ны өдрийн 17 цаг 30 минутанд Цагаанзаан эхнэр болох Гантуяа мөн Ганхуяг ах, Боко, үл таних залуу, үл таних 2 эмэгтэй хамт орж ирсэн. Үл таних эмэгтэй нь миний сонсосноор Хүдэр суманд байдаг, Нөгөө эмэгтэй нь Алтанбулаг суманд байдаг гэж сонссон. Өөр Алтанбулаг суманд байдаг Баттөр гэдэг залуу 19 цаг өнгөрч байх үед энэ хүмүүс дээр орж ирээд хамт гараад явсан өөр хүн байгаагүй...... гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 44-45 дугаар хуудас/

11.Гэрч Ч.Хүрэлхуягийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн Би 2016 оны 06-р сарын 17-ны өдөр 09 цагаас 13 цаг хүртэл Баттөмөрийн хашаанд машиныг нь янзалсан бөгөөд өдөр 13 цаг болж байхад Баттөмөр “намайг хамт хөдөө яваад ирье” нь Баттөмөрийн Портер маркын машинаар нь Баттөмөр, Баттулга, Бат-эрдэнэ нарын хамтаар Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд нутагт орших “Гүн нуур” гэх газар руу явсан. 14 цагын орчимд “гүн нуур”ын хажууд очих газраа очтол тэнд Цагаанзаан эхнэр, охин, Дархандаваа гэх хүүхэн гээд дөрвүүлээ байсан. Тэндээ бид нар хорхогны мах идэнгээ 0.75 литрийн нэг шил архи хувааж ууж дуусгаад бүгдээрээ Алтанбулаг сумруу явцгаасан. Алтанбулаг сум руу явахдаа Цагаанзаан өөрийн машиндаа эхнэр, хүүхэд, Дархандаваа нартай, Баттөрийн Портер маркын машинд,  би Баттөр, Гантулга, Бат-Эрдэнэ нар суугаад явсан. Тэндээсээ хөдлөөд 17 цагийн орчимд Алтанбулаг суманд ирээд “Дельпин гэх караокед ороод 2 давхарын өрөөнд ороод 2 цагийн хугацаатай дуу дуулах эрх аваад 2 шил 0.75 литрийн архи /нэрийг нь сайн мэдэхгүй/ архи хувааж ууцгаасан. Уг караокед 2 цаг дуулж ууж байгаад 19 цагийн орчимд тус газраасаа гараад Цагаанзаан эхнэр, хүүхэдтэйгээ түрүүлээд хөдлөөд явсан, намайг Бат-Эрдэнэ, Гантулга хоёр явганаар Ваашхүүгийн гудамж хавьцаа хүргээд буцсан.... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 46 дугаар  хуудас/

 

            12.2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №5517 тоот:

  1. Шинжилгээнд ирүүлсэн “Б.Чинбадрах 45/эр”, “С. Цагаанзаан” гэж хаягалсан цуснууд нь шинжилгээнд тэнцэж байна.
  2. Шинжилгээнд ирүүлсэн “Б. Чинбадрах 45/эр” гэж хаягалсан цусанд 1,6 промилли спиртийн агууламж илрэв. Цусанд илэрсэн 1,6 протилли нь согтолтын дунд зэрэгт хамаарна.
  3. Шинжилгээнд ирүүлсэн “С.Цагаанзаан” гэж хаягалсан цусанд 3,7 промилли спиртийн агууламж илрэв. Цусанд илэрсэн 3,7 промилли нь согтолтын хүнд зэрэгт хамаарна....гэх дүгнэлт

/хавтаст хэргийн 52-53 дугаар хуудас/

13.2016 оны 06 дугаар сарын 28 ны өдрийн  Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн үзлэг хийсэн № 269 тоот:

  1. Б.Чинбадрахын биед умдаг ясны хугарал, баруун ташаанд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүр эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 3.1.15-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна....гэх  дүгнэлт

/хавтаст хэргийн 58 дугаар хуудас/

14.2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн шүүх шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт № 60 тоот:

1.37-89 СЭА улсын дугаартай Тоёота приус маркын цэнхэр өнгийн авто машинийг жолоодож явсан гэх БоржигИн овогт Сангидоржийн Цагаанзаан нь BC  ангилалын тээврийн хэрэгсэл жолоодох 741435 дугаартай эрхийн үнэмлэхтэй байна. Үнэмлэх нь 2011.10.26-2021.10.26-ыг хүчинтэй байна. Тухайн тээврийн хэрэглийг жолоодох ангилал нь таарч тохирч байна.

2.Тоёота приус маркын 37-89 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Сангидоржийн Цагаанзаан нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1. Нийтлэг үндэслэл: 1.5 замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 2. Жолоочийн үүрэг: 2.7 жолоочид дор дурьдсан зүйлийг хориглоно. а/ Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэргэлсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадхааргүй өвчтэй буюу ядарсан үедээ хэрэгсэл жолоодох, 9. Тээврийн хэргэслийн хурд: 9.2 жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэргэслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэв.

3.Тоёота приус маркын 3789 СЭА улсын дугаартай тээврийн хэргэслийн жолооч Сангидоржийн Цагаанзаан нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1. Нийтлэг үндэслэл: 1.5 Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 2. Жолоочийн үүрэг: 2.7 Жолооч дор дурьдсан зүйлийг хориглоно. а/ Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадхааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох. 9. Тээврийн хэргэслийн хурд: 9.2 Жолооч хөдөлгөөний аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчснөөс зам тээврийн осол гарсан гэж үзэв....гэх дүгнэлт

/хавтаст хэргийн 74 дүгээр хуудас/

15.2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн “Ашид билгүүн” ХХК-ийн Автомашин техникийн эвдрэл, хохиролын үнэлгээ:

 

Эвдэрсэн эд анги, зардлын нэр

Эвдэрлийн зэрэг

Үнэлгээ

Үнэлгээний тайлбар

1.

Крыло /баруун тал/

Их

70,000

Солих

2.

Толины суурь баруун

Их

40,000

Солих

3.

Хаалга /баруун урд/

Дунд

32,000

Засах

4.

Шууд зардлын дүн

 

142,000

 

5.

200гр будаг, тус-мат, лак

Өнгө гаргах

40,000

Материалын үнэ

6.

Будах зардал

 

110,000

Ажлын хөлс

7.

Тэнхэлэг шалгуулах

 

0

Ажлын хөлс

8.

Эд анги солих

 

10,000

Ажлын хөлс

9.

Шууд бус зардлын дүн:

 

160,000

 

 

Нийт дүн:

 

302,000

 

/хавтаст хэргийн 80 дугаар хуудас/

16.2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн...”Би 2046 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 13 цагийн орчимд эхнэр Ш. Гантуяа, 5 настай охин Ариунжаргал нарын хамт гэрээсээ гараад “Гүн нуур” руу 37-89 СЭА улсын дугаартай Тоёота приус маркын хөх тээврийн хэрэгслээр Даваа гэх танил эгчээс өөрийн 40 литрийн багтаамжтай саваа авах гэж явсан. “Гүн нуур”-ын тэнд 14 цагийн орчимд очиход миний хуурай эгч Дархандаваа болон миний найзууд болох Баттөмөр, Гантулга, Энхбаяр, Хүрэлхуяг нар Дархандаваа эгчтэй хамт байсан бөгөөд тэндээ бид нар нэг шил 0.75 литрийн “Соёрхол” гэж архи хувааж уусан бөгөөд уг архиа уух зуураа хоол, унд идэж байгаад 16-17 цагийн орчимд Алтанбулаг сум руу би өөрийн машинаа жолоодоод миний машинд Даваа эгч, эхнэр Гантуяа, миний охин, Гантулга гээд тавуулаа явсан. Харин Баттөмөр, Хүрэлхуяг, Энхбаяр гурав Баттөмөрийн хөх өнгийн портер маркын ачааны машинаар явсан. 17 цагийн орчимд Алтанбулагт ирээд “Дельпин” гэх нэртэй Караокед ороод 2 давхарын баруун талын жигүүрийн номерт дугаарыг нь мэдэхгүй өрөөнд ороод эхлээд нэг цаг дараа нь нэг цаг гээд 2 цагийн хугацаатай дуу дуулангаа 2 шил 0.75 литрийн “Вива” гэх архи хувааж ууцгаасан. Гүн нуур болон тухайн Караокед архи уух хугацаанд Баттөмөрөөс бусад нь архи уусан. Тэндээсээ 19 цагийн орчимд Караокений цаг нь дуусчихаар нь эхнэр, охин хоёртойгоо түрүүлж гараад би машинаа жолоодоод хөдөө гэр рүүгээ явах гэж хөдлөөд “Алтан плаза”-ийн урд талын замаар зүүн урд зүг рүү гэр хороолол руу яваад 2 дугаар нутагт байх төрсан эгч Улаалзайгийн гэрт очтол тэднийх эзгүй байхаар нь тэндээсээ хөдлөөд “Алтан-Оргил” гэх дэлгүүрийн хажууд зогсож тамхи авчихаад тухайн дэлгүүрийн ар талаар тойроод ертөнцийн зүгээр зүүн зүг рүү хашааны догол өнгөрөөд явж байтал миний танил ах Мөнх-Эрдэнийн бонго G2 маркын машин хашааны догол хэсэгт зогсож байхаар нь Мөнх-Эрдэнэ ахтай уулзах санаатай уг машин руу иргээд тухайн машиныг нар зөв ачааны хэсгээр тойртол тухайн машины цаана 2 эрэгтэй хүн сууж байсныг харсан боловч сандарсандаа баруун талд нь байсан залууг мөргөх шиг болсон. Мөргөснөө мэдээд бонго G2 машин зогсож байсан тал буюу баруун гар тал руугаа огцом дараад Бонго G2 машины зүүн талын гуперний урд хэсгийг мөргөөд зогссон. Зогссон даруйдаа машинаасаа буугаад мөргүүлсэн хүний биеийн байдлыг харахад миний сайн таних ах Чинбадрах байсан. Харин Чинбадрах ахын хажууд сууж байсан хүн миний төрсөн ах Энхбаяр байсан. Би “өө Бадрах ах бие нь яаж байна” гэж асуутал ”Чинбадрах өө гайгүй гайгүй” гэж хэлсэн. Чинбадрах ахыг эмнэлэг авч явах гэтэл Чинбадрах ах “үгүй ээ зүгээрээ ахыгаа гэрт маань хүргээд өгчих” гэсэн бөгөөд Энхбаяр ах, эхнэр, охин бид нар гэрт нь хүргэж өгсөн. Тэндээсээ эхнэр, охин бид 3 хөдөө гэр рүүгээ яваад гэртээ унтаж амарч байх үед шөнө 01 цагийн үед Алтанбулаг сумын замын цагдаа Батбаяр, Энхтүвшин нар манайд ирээд намайг Алтанбулаг сум руу авч яваад үлээдэг багажаар согтолтыг маань шалгаад аймгийн төвийн саатуулах байранд хонуулсан...гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 88-90 дүгээр хуудас/

17.2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн...Миний хэлсэн ярьсан үнэн. Би хийсэн гэмт хэрэгтээ үнэн сэтгэлээсээ гэмшиж байна. Чинбадрах  ах гэмитэл аваад эмнэлэгт хэвтэж байх үед нь би эмчилгээний зардалд нэмэрлэж 300.000 төгрөг өгсөн. Чинбадрах ах гэртээ хэвтрийн дэглэм сахиж байгаа бөгөөд саяхан би хонь гаргаж махыг нь аваачиж өгсөн. Мөн гэр орноор нь байнга эргэж тойрч цайны сүү зэргийг дөхүүлж өгч байгаа .. гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 92 дугаар хуудас/

            18.Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 3-6 дугаар хуудас/

            19.Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, /хавтаст хэргийн 15 дугаар хуудас/

20.Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хавтаст хэргийн 15-19 дүгээр хуудас/

21.Бичиг баримт түр хураан авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 20 дугаар  хуудас/

            22.Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 21 дүгээр хуудас/

            23.Эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудсын хуулбар /хавтаст хэргийн 60-69 дүгээр тал/

            24.Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 3-р багийн Засаг даргын тодорхойлолт /хавтаст хэргийн 94 дүгээр хуудас/

            25.Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа /хавтаст хэргийн 93 дугаар тал/

            26.Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 104 дүгээр хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан нотлох баримтуудад

үндэслэн шүүх дараахи дүгнэлт хийв.

 

            Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Сэлэнгэ, Алтанбулаг сумын харъяат Боржигон овогт Сангидоржийн Цагаанзааныг архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Ш.Гантуяагийн эзэмшлийн 37-89 СЭА улсын дугаартай “приус10” маркын тээврийн хэрэгслийг жолоодож яваад Алтанбулаг сумын төв дотор шороон зам дээр хашааны буланд сууж байсан Б.Чинбадрахыг мөргөж “умдаг ясыг нь хугалан” хүнд гэмтэл учруулсан үндэслэлээр Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2-т заасан “Хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиснөөс бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

 Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

             Учир нь: шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Чинбадрахын өгсөн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Ш.Гантуяагийн мэдүүлэг, гэрч Ц.Гантулгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр талд/, гэрч Д.Баттөрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 34 дүгэээр тал/, гэрч С.Энхбаярын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн тайлбар /хх-ийн 12 дугаар тал/, гэрч Ш.Гантуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 36-39 дүгээр тал,  хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 3 дугаар тал/, согтуурлын хэмжээг шалгаж тогтоосон тухай тэмдэглэл /хх-ийн 14 дүгээр тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 15 дугаар тал/, тээврийн хэрэгсэл битүүмжилсэн тухай тэмдэглэл /хх-ийн 17 дугаар тал/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл болон эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 20-22 дугаар хуудас/, гэрч Б.Уранчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр хуудас/, шинжээчийн дүгнэлт /хх-ийн 58 дугаар хуудас/, зам тээврийн ослын талаар гаргасан шинжээчийн дүгнэлт /хх-ийн 74 хуудас/ зэрэг хэрэгт ач ходбогдол өгөх нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүх дээрхи дүгнэлтэнд хүрсэн болно.

            Эдгээр баримт, сэлтүүдээс харахад Сангидоржийн Цагаанзаан нь 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр согтуугаар Ш.Гантуяагийн эзэмшлийн 37-89 СЭА улсын дугаартай “Тоёото приус10” маркын тээврийн хэрэгслийг жолоодож яваад Алтанбулаг сумын төв дотор шороон зам дээр хашааны буланд сууж байсан Б.Чинбадрахыг мөргөж “умдаг ясыг нь хугалан” хүнд гэмтэл учруулсан нь хангалттай нотлогдож байна.

             Шүүгдэгчийн согтуурлын хэмжээг шалгасан тэмдэглэлд 3,7 хувийн согтолттой, шинжээчийн дүгнэлтээр энэ согтолт нь гүн согтолт болохыг тогтоожээ.

          Шүүгдэгч С.Цагаанзааны согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон нь Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 ..Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно....гэсэн заалтыг зөрчсөн гол буруутай, энэ үйлдлийн улмаас бусдын биед хүнд гэмтэл учруулсан гэм буруутай гэж шүүх дүгнэлээ.

          Тухайн хэрэгт гэрчүүдийн өгсөн мэдүүлэг, шинжээчдийн дүгнэлтүүдийг хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, хуулийн шаардлага хангасан нотлох баримтууд мөн тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болж чадна гэж үзлээ.

Хүулийн зүйлчлэл тохирсон байна. Иймээс шүүгдэгч С.Цагаанзаанд эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, хуулинд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дараахи нөхцөл байдлыг үндэслэл болгов. Үүнд: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 54 дүгээр зүйлийн 54.2-т зааснаар гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанар, хохиролын хэр хэмжээ, хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзээд шүүгдэгч С.Цагаанзааны тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, хуулинд заасан хорих ялын доод хэмжээг баримтлан ял оногдуулж, уг ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх, ялыг энэ удаад биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзах боломжтой юм гэж үзсэн болно.

 Хохирогч Б.Чинбадрахаас гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хохирол төлбөргүй талаар шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарласныг үндэслэн, шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учруулсан хохиролыг арилгасан гэж үзлээ.

Энэ хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцсон Ш.Гантуяа нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа: Шүүгдэгч Цагаанзаан нь миний эзэмшлийн тээврийн хэрэгслийг засаж янзлан хэвийн байдалд нь оруулж өгсөн тул засвар хийхэд зарцуулах байсан 302.000 төгрөгийг төлсөн гэж үзэж болно гэснээс харахад иргэний нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж өгсөн байна гэж үзэхээр байна.

      Гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдсан С.Цагаанзааны ВС ангилалын №741435 дугаартай жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасагт шилжүүлэх нь зүйтэй.

           Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас битүүмжилсэн 37-89 СЭА улсын дугаартай “Тоёото приус10” маркын тээврийн хэрэгслийг битүүмлэлээс чөлөөлж, түүний жинхэнэ эзэмшигч болох Шаравын Гантуяад буцаан олгохоор тогтов.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284,  286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294,  295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар Боржигин овогт Сангидоржийн Цагаанзааныг мөн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-д заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журмыг зөрчиж, бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулах”” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-д зааснаар шүүгдэгч Боржигин овогт Сангидоржийн Цагаанзааны тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/  жилийн  хугацаагаар хасч, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар С.Цагаанзаанд оногдуулсан 02 жилийн хорих ялыг  жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр тогтоосугай.

4.Энэ хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн С.Цагаанзааны ВС ангилалын №741435 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг эрүүгийн байцаан шийтгэх хулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар хурааж, Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасагт шилжүүлсүгэй. 

5.Ялтан С.Цагаанзаан нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан буюу эрх хязаарласан зүйл үгүй болох дурьдсугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар энэ  хэргийн улмаас 37-89 СЭА улсын дугаартай “приус10” маркын тээврийн хэрэгсэл битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, түүний жинхэнэ эзэмшигч болох Алтанбулаг сумын 3 дугаар баг, Хяраан гол гэх газар оршин суух, Хатагин овогт Шаравын Гантуяад буцаан олгосугай.

7.Шүүгдэгч С.Цагаанзаанд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар   С.Цагаанзаанд оногдуулсан  2 жилийн хорих ялыг тэнсэж 01 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзах, ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар  шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг  дурьдсугай.

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар ялтан, түүний өмгөөлөгч болон хохирогч, иргэний нэхэмжлэгч, шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  тогтоолын хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар анхан шатны шүүхийн тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн материалын хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор  Сэлэнгэ аймаг дахь  Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

                                         ДАРГАЛАГЧ                    Б.НАЦАГДОРЖ