Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/134

 

 

   2022           04           08                                  2022/ШЦТ/134

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Д

Улсын яллагч Г.Э

Хохирогч З.О

Шүүгдэгч Г.Л нарыг оролцуулан хийж Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Лид холбогдох эрүүгийн 2225001270132 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Л нь Орхон аймаг Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Богдгол” ХХК-ийн бааранд З.Оийн “Хуавай мате 20 лайт” загварын гар утас, 60,000 төгрөгийн шатахууны талон, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, Хаан банкны виза карт зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан нийт 1,065,500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдож Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

      1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

       Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

       -шүүгдэгч Г.Лийн мэдүүлсэн: Болсон зүйлийг мэдүүлсэн,өөр мэдүүлэх зүйлгүй.Цтас хулгайлснаа хүлээн зөвшөөрч байгаа гэх мэдүүлэг болон прокурорын яллах дүгнэлт түүний хавсралтад заасан:

-Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Богд гол бааарны хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 6-8-р тал/

-Гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 9-10-р тал/

-хохирогч З.Оийн мэдүүлсэн... 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр оройны 17 цагийн үед би 2 найзынхаа хамт Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Богд гол" ХХК-ийн баараар үйлчлүүлэн ширээн дээр сууж байхад хажуу талын ширээн дээр " Баянмөнх, Г.Л нар нь 2 эмэгтэй хүний хамт орж ирэн суусан.Би П.Бийг таньдаг болохоор яриа өрнүүлж байгаад хамт нэг ширээнд суухаар болсон. Би бүх хүмүүст 1 шил пиво авч өгсөн бөгөөд П.Б,Л, 2 эмэгтэй нар нь пивоо ууж дуусгачаад явах гэж байхаар нь би ширээнээсээ босохдоо ширээн дээр өөрийн эзэмшлийн “Huawei mate 20-lite" загварын гар утсаа үлдээн босож баарны текэн дээр очиж барментай уулзан тооцоог нь би хийнэ шүү гэж хэлчихээд эргээд ширээн дээрээ очтол миний эзэмшлийн “Huawei mate 20-lite" загварын гар утас алга болж ширээнд сууж байсан хүмүүс байхгүй байсан. Гар утасны гэрэнд нь миний иргэний болон жолоочийн эрхийн үнэмлэх, Хаан банкны алтан виза карт, Магнай трейд ХХК-ийн 60,000 төгрөгний шатахууны талон тус тус байсан...маргааш нь очиж хяналтын камерын бичлэгийг үзэхэд Г.Л нь миний гар утсыг хулгайлан аваад баарнаас гарч явсан байсан...Би бичлэг үзсэн өдрийн маргааш нь Г.Лийн 88931929 дугаарын гар утас руу залгаж холбогдон ярихад миний гар утсыг авсан гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй байсан. Тэгээд хяналтын камерын бичлэг байгаа гэж хэлэхэд миний гар утсыг авсан гэдгээ хүлээн зөвшөөрч орон нутгийн таксигаар гар утсыг минь над руу явуулсан. Би гар утсаа хүлээн авахад  дэлгэц нь хагарсан, форматлагдсан, дэлгэцний мэдрэгчийн ажиллагаа нь хэвийн бус болж ашиглах боломжгүй болсон байсан. Иргэний үнэмлэх, жолоочийн эрхийн үнэмлэх, Хаан банкны алтан виза карт зэргийг хаяж, 60,000 төгрөгийн шатахуун талоныг өөрт хэрэглэсэн гэж Г.Л нь надад хэлсэн. 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Орхон аймаг дахь Цагдаагийн газар ирж Б.М гэдэг эрүүгийн мөрдөгчийн хамт хяналтын камерын бичлэгийг шүүж үзсэн. Миний гар утас ашиглах боломжгүй байгаа тул “Huawei mate 20-lite" загварын гар утас, гар утасны хамгаалалтын гэр, иргэний үнэмлэх, жолоочийн эрхийн үнэмлэх, Хаан банкны алтан виза карт, 60,000 төгрөгийн шатахууны талон зэргийн үнэлгээ болох 915,500 төгрөгийг нэхэмжилж байна. “Huawei mate 20-lite"  загварын гар утас нэхэмжилж байгаа тул гар утасны дэлгэцийн үнийг нэхэмжлэхгүй... Би гар утсаа 2021 оны 04 дүгээр сард Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Скайтел ХХК-аас 1,800,000 төгрөгөөр худалдан авч байсан, Хаан банкны алтан виза картыг дахин захиалахад 10,000 төгрөг болсон. Гар утасныхаа дэлгэцийг янзлуулж, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, Хаан банкны алтан виза карт, Магнай трейд ХХК-ийн 60,000 төгрөгний шатахууны талоныг тус тус нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 13, 15-р тал/

 

-Гэрч П.Бийн...Тухайн өдрийн маргааш билүү нөгөөдөр нь Г.Л над руу гар утсаар залгаад З.О /Око/ намайг Богд гол бааранд байж байхад гар утас аваад явчихлаа гээд гар утсаар ярьлаа гэхээр нь би “чи гар утсыг нь авсан юм уу” гэж асуухад үгүй, үгүй миний гар утас байсан юм гэж надад хэлсэн. Тэгээд З.О Г.Лийг ярьсан өдрөөс хойш маргааш нь билүү нөгөөдөр нь над руу залгаад Богдгол баарны хяналтын камерын бичлэгийг үзэхэд чамтай хамт явж байсан залуу миний гар утсыг авсан байна гэж надад хэлэхээр нь би Г.Л руу залгаж хүний гар утас авсан юм биш үү, хүний гар утсыг өгөөч гэж хэлэхэд би харин өөрийнхөө гар утастай андуураад авчихсан юм шиг байна, бичиг баримт болон гар утасных төлбөрийг барагдуулна гэж надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 18-р тал/

-Гэрч Б.М ...Тэгээд хэсэг сууж байгаад З.О нь гар утсаа ширээн дээр үлдээгээд баарны тек рүү босоод явж байгаа дүрс бичлэг харагддаг бөгөөд З.Оийг явсан хойгуур нь сүүлд орж ирсэн 2 эмэгтэй нь 1 эрэгтэйн хамтаар түрүүлээд баарнаас гараад явдаг. Харин 1 эрэгтэй нь ширээн дээр ганцаараа үлдэн сууж байгаад ширээн дээрээс босож гарахдаа З.Оийн үлдээсэн гар утсыг авч хүрэмнийхээ халаасанд хийгээд баарнаас гараад явдаг...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 20-р тал/

-Гэрч Ш.Зын ...Нэг танихгүй залуу надтай гар утсаар холбогдож байгаад 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр манай Богд гол ХХК-ийн баарны хяналтын камерын бичлэгийг нэг эрэгтэй цагдаагийн хамт ирээд шүүж үзсэн. Шүүн үзэхдээ 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн орой манай баараар үйлчлүүлэхдээ ширээн дээрээсээ өөрийн эзэмшлийн гар утсаа алдсан гэсэн. Тэгээд би хяналтын камерын бичлэгийг тавьж өгөхөд гар утсаа алдсан гэх залуу ширээн дээр гар утсаа үлдээн ширээн дээрээс босох үед хамт сууж байсан хэсэг хүмүүс нь мөн адил боссон бөгөөд хамгийн сүүлд үлдсэн нэг эрэгтэй хүн нь ширээн дээр байсан гар утсыг аваад гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-р тал/

-“Ашид Билгүүн” ХХК-ний 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 62/2788 дугаартай ...Дээр дурьдсан эд зүйлсийн бодит үнэ цэнийг 1,065,500 төгрөг байх боломжтойг тодорхойллоо” гэх дүгнэлт /хх-ийн 27-30-р тал/

- гар утас зээлээр худалдах, худалдан авах гэрээний хуулбар /93-94-р тал/

- Шүүгдэгч Г.Лийн сэжигтнээр мэдүүлсэн: Би 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ...орой 18 цагийн үед Баян-Өндөр сумын төвд байдаг Богд гол гэдэг нэртэй бааранд Баянмөнх ах эхнэрийнхэн хамт орж үйлчлүүлсэн... Би пиво дуусгах гээд ууж сууж байгаад гарахдаа ширээн дээрээс гар утсаа аваад гарсан. ..Би тухайн хүний гар утсыг хотод таньдаг хүнээрээ кодыг устгуулж форматлуулаад Өмнөговь аймгийн Хамбогд сум руу гэртээ хариад байж байхад маргааш нь Орхон аймгийн цагдаагаас ярихаар нь би утас хулгайлаагүй андуураад авчихсан байна. муухай юм болчихож гэж яриад унаанд  гар утсыг нь хийгээд утасны эзэн рүү явуулсан... иргэний үнэмлэх , жолооны үнэмлэх зэрэг эд зүйлс байсан. Тэнд хамт байсан эд зүйлсийг нь би хаячихсан...  гэх мэдүүлэг  /хх-ийн 37-38, 55-р тал/

 -Хохирогчид 200,000 төгрөгийн хохирол төлсөн тухай баримт /хх-ийн 117-р тал/зэргийг шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.

Үйл баримт: Шүүгдэгч Г.Л нь 2021 оны 12 дугаар сарын 26-ны орой 18 цагийн үед Орхон аймаг Баян-Өндөр сумын Уурхайчин багт “Богд гол” ХХК-ийн бааранд үйлчлүүлж байхдаа нэг ширээнд хамт сууж байсан З.Оийг тооцоо хийхээр явахдаа ширээн дээр үлдээсэн “Хуавай мате 20 лайт” загварын гар утас, 60,000 төгрөгийн шатахууны талон, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, Хаан банкны виза карт зэргийг зөвшөөрөлгүй нууцаар авч гараад гар утсыг хэрэглэж,бсад зүйлийг хаяж З.Оид 1,065,500 төгрөгийн хохирол учруулжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг,  шинжээчийн дүгнэлтүүд,камеырн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл,гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.

Шүүгдэгч Г.Лийн хууль бус үйлдлийн улмаас З.Оид 1,065,500 төгрөгийн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч З.Оийн...Тэгээд нөгөө 4 гараад явсны дараа би 2 найзынхаа хамт өөрийнхөө гар утсаа хайж “Богдгол” баарны хяналтын камерыг шүүж үзэх гэсэн боловч камерын хүн нь байхгүй байна, маргааш хүрээд ир гэж хэлэхээр нь маргааш нь очиж хяналтын камерын бичлэгийг үзэхэд Г.Л нь миний гар утсыг хулгайлан аваад баарнаас гарч явсан байсан... гэх мэдүүлэг, гэрч П.Бийн мэдүүлсэн... Тэгээд З.О Г.Лийг ярьсан өдрөөс хойш маргааш нь билүү нөгөөдөр нь над руу залгаад Богд гол баарны хяналтын камерын бичлэгийг үзэхэд чамтай хамт явж байсан залуу миний гар утсыг авсан байна гэж надад хэлэхээр нь би Г.Л руу залгаж хүний гар утас авсан юм биш үү, хүний гар утсыг өгөөч гэж хэлэхэд би харин өөрийнхөө гар утастай андуураад авчихсан юм шиг байна...гэх мэдүүлэг, гэрч Ш.Зын....2021 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн орой манай баараар үйлчлүүлэхдээ ширээн дээрээсээ өөрийн эзэмшлийн гар утсаа алдсан гэсэн. Тэгээд би хяналтын камерын бичлэгийг тавьж өгөхөд гар утсаа алдсан гэх залуу ширээн дээр гар утсаа үлдээн ширээн дээрээс босох үед хамт сууж байсан хэсэг хүмүүс нь мөн адил боссон бөгөөд хамгийн сүүлд үлдсэн нэг эрэгтэй хүн нь ширээн дээр байсан гар утсыг аваад гараад явсан...гэх мэдүүлэг, гэрч Б.Мөнх-Эрдэнийн.... Харин 1 эрэгтэй нь ширээн дээр ганцаараа үлдэн сууж байгаад ширээн дээрээс босож гарахдаа З.Оийн үлдээсэн гар утсыг авч хүрэмнийхээ халаасанд хийгээд баарнаас гараад явдаг ...гэх мэдүүлэг, Ашид Билгүүн ХХК-ний 2022 оны 01 дүгээр сарын 24-нйи өдрийн 62/2788 дугаартай Дээр дурьдсан эд зүйлсийн бодит үнэ цэнийг 1,065,500 төгрөг байх боломжтойг тодорхойллоо гэх дүгнэлт, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруутай эсэх талаар маргахгүй байна.Шүүгдэгч бусдын эзэмшлийн эд хөрөнгийг нууцаар зөвшөөрөлгүйгээр өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан байна.

Шүүгдэгч Г.Лийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.Шүүгдэгч Эрүүгийн хуулиар хориглосон үйлдлийг санаатай хийж бусдын өмчлөх эрхэд халдаж хохирол учруулжээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй. 

Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгчийн үйлдэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон тул гэм буруутайд тооцож 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, шүүгдэгчээс хохирогчид учирсан хохирлын төлөгдөөгүй үлдсэн 715,500 төгрөгийг гаргуулах саналтай гэж,

-шүүгдэгч өөрийг өмгөөлж санал хэлэхдээ :миний ажил хилээс гарч хийдэг жолоочийн ажил тул зорчих эрх хязгаарлах ялаас өөр ял оногдуула уу гэж тус тус санал дүгнэлт гаргажээ.

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

        Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж, шүүгдэгч анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, гэм буруугийн хэлбэр, гэм буруугаа хүлээсэн байдал, учруулсан хохирлын нийгмийн аюулын хэр хэмжээ, хохиролыг бүрэн төлсөн байдал, хэргийн нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж албадлагын арга хэмжээ оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэлээ.Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогтоогүй болно.

Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч З.Оид учирсан хохирлоо төлөгдөөгүй үлдсэн 715,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэснийг шүүгдэгч завсарлага авч бүрэн төлсөн байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй,төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Д овгийн Г.Лийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Г.Лийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар тэнссэн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг зааснаар шүүгдэгч Г.Лид шүүхээс оногдуулсан тэнсэж хязгаарлалт тогтоосон шийдвэрийг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнсэж үүрэг хүлээлгэсэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах журамтайг мэдэгдсүгэй.

4.Шүүгдэгчид оногдуулсан тэнсэж үүрэг хүлээлгэсэн шийдвэрийн биелэлтэд хяналт тогтоохыг Өмнөговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

  5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

              ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Д.АРИУНЦЭЦЭГ