| МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар, Нэхэмжлэгч: Увс аймгийн Өмнөговь сумын 1 дүгээр багт оршин суух, 1962 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ПЮ62030679, Шангас овогт Бандийн Лхамсүрэнгийн нэхэмжлэлтэй, Хариуцагч: Увс аймгийн Засаг даргад холбогдох, Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 40.242.062 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Лхамсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Б.Болормаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ё.Мөнхгэрэл нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч Б.Лхамсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Увс аймгийн Өмнөговь сумын ахлах сургуулийн захирлаар ажиллаж байгаад Увс аймгийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/87 дугаар захирамжаар ажлаас халагдсан. Захиргааны хэргийн анхан шатны 16 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 27 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 466 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2015 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 26 дугаар тогтоолуудаар ажилдаа эгүүлэн тогтоогдсон боловч уг шийдвэрүүдийг аймгийн Засаг дарга биелүүлэхгүй явсаар байгаад өдийг хүрсэн. Харин 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс Өмнөговь сумын Ахлах сургуульд сургалтын менежерийн ажилд томилогдсон. Ажлаас халагдахдаа 2013 оны 11 дүгээр сарын цалингаа бүрэн авсан, үүнээс хойш 2017 оны 4 дүгээр сарыг дуустал цалингаа огт авч чадаагүй тул энэ хугацааны цалин болох 40.242.062 төгрөгийг Увс аймгийн Засаг даргын тамгын газраас гаргуулж өгнө үү гэв. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Шинэбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч Б.Лхамсүрэнгийн ажилгүй байсан хугацааны цалин 40.242.062 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үүгэжээ. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч Б.Лхамсүрэн нь хариуцагч Увс аймгийн Засаг даргад холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 40.242.062 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна. Увс аймгийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/87 дугаар Ажлаас халах тухай захирамжаар Б.Лхамсүрэнг Өмнөговь сумын Ахлах сургуулийн захирлын үүрэгт ажлаас халсныг нэхэмжлэгч нь эс зөвшөөрч Захиргааны хэргийн анхан шатны 16 дугаар шүүхэд гомдол гаргажээ. Улмаар Захиргааны хэргийн анхан шатны 16 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 27 дугаар шийдвэрээр Б.Лхамсүрэнг Увс аймгийн Өмнөговь сумын Ахлах сургуулийн захирлын үүрэгт ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан боловч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг биелүүлж нэхэмжлэгч Б.Лхамсүрэнтэй тохиролцон түүнийг 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Увс аймгийн Өмнөговь сумын Ахлах сургуулийн сургалтын менежерийн ажилд эгүүлэн томилж, ажлын байраар хангасан болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон Увс аймгийн Өмнөговь сумын Ахлах сургуулийн захирлын 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Б/06 дугаар Б.Лхамсүрэнг ажилд томилох тухай тушаалаар нотлогдож байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын доторхөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заажээ. Нэхэмжлэгч Б.Лхамсүрэн нь тус шүүхэд 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлээ гаргажээ. Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх нь хариуцагчийн гомдлоор Б.Лхамсүрэнгийн нэхэмжлэлтэй Увс аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг 2015 оны 2 дугаар сарын 02-ны өдөр эцэслэн хянан шийдвэрлэж, уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна. Нэхэмжлэгч Б.Лхамсүрэн нь дээрх хугацаа буюу 2015 оны 2 дугаар сарын 02-ны өдрөөс хойш 3 сарын дотор шүүхэд гомдлоо гаргах бөгөөд энэ хугацаанаас хойш 2 жил 3 сар 24 хоногийн дараа шүүхэд ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай гомдлоо гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна. Иймд нэхэмжлэгч Б.Лхамсүрэнгийн 2013 оны 11 дүгээр сараас 2017 оны 2 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Харин нэхэмжлэгч Б.Лхамсүрэнгийн шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс өмнөх 3 сарын ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай шаардлагыг хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй байх тул Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ыг баримтлан нэхэмжлэгчийн 2017 оны 2 дугаар сарын 26-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор нийт 2.276.380 төгрөгийг Увс аймгийн Засаг даргын тамгын газраас гаргуулан нэхэмжлэгч Б.Лхамсүрэнд олгох нь зүйтэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 359.160 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн Засаг даргын тамгын газраас нэхэмжлэл хангагдсан хэмжээ буюу 2.276.380 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 51.372 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Лхамсүрэнд олгох нь зүйтэй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Увс аймгийн Засаг даргын тамгын газраас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 2.276.380 /хоёр сая хоёр зуун далан зургаан мянга гурван зуун ная/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Лхамсүрэнд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 37.965.682 /гучин долоон сая есөн зуун жаран таван мянга зургаан зуун наян хоёр/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 359.160 /гурван зуун тавин есөн мянга нэг зуун жар/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн Засаг даргын тамгын газраас 51.372 /тавин нэгэн мянга гурван зуун далан хоёр/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Лхамсүрэнд олгосугай. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ |