Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/138

 

 

  2022           04           13                                  2022/ШЦТ/138

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Б

Улсын яллагч Г.А

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тулга

Шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан хийж Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Бд холбогдох эрүүгийн 2125003550354 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Б нь 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Дэнж багийн Баруун дэнжийн 10-14 тоотод суух иргэн Г.Цгийн эзэмшлийн амбаарт буюутусгайлан хамгаалсан агуулахын хаалгыг эвдэлж нэвтрэн бүтэн ямааны махыг хууль бусаар, нууцаар хулгайлан авч 162,500 төгрөгийн хохирол учруулсан, мөн Орхон аймаг Баян-Өндөр сум Булаг багт үйл ажиллагаа явуулах “Тамир” хүнсний дэлгүүрт 2021 оны 11 сарын 21-ний өдөр хууль бусаар нэвтэрч хүнсний бүтээгдэхүүн, архи зэргийг хулгайлан авч 795.386 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдож Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

      1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

       Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

       -шүүгдэгч Ц.Б мэдүүлсэн: Согтуугаар ийм хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг болон прокурорын яллах дүгнэлт түүний хавсралтад заасан:

-Хэргийн газар үзлэг хийсэн тухай ...”хэрэг болсон гэх газар нь Орхон аймаг Баян-Өндөр сум Баруун дэнж 10-14 тоот улбар шар өнгийн хашааны хаалгатай ба хаалгаар ороход хашааны зүүн хойд буланд модон амаар байх, амбаарны хаалга ертөнцийн зүгээр зүүн тийш харсан байх ба онгорхой байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв...” гэх тэмдэглэл /хх-ийн 15-16-р тал/

-хохирогч Г.Цгийн мэдүүлсэн...Миний бие 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Булган аймгийн Орхон сумын Халиун багаас 170.000 төгрөгөөр эр ямаа худалдаж авсан юм. Тэгээд худалдаж авсан ямаагаа гаргаж чадахгүй байсан болохоор зүс таних Эрдэнээ гэдэг залуугаар ямаагаа гаргуулчихаад ямааны махаа загсаах гээд хуучин байшиндаа хийгээд үүдийг нь цоожилчихсон юм. Тэгээд маргааш нь буюу 2021 оны 10 дугаар сарын 03-ны өглөө гэрээсээ гарч яваад өдөр 17:00 цагийн орчимд гэртээ иртэл мах хийсэн байсан байшингийн модон хаалга эвдэрч онгойсон байдалтай болчихсон байхаар нь ороод хартал ямааны мах маань бүтнээрэй алга болчихсон байхаар нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Хөрш айлын хүнээсээ сурагласан чинь өдөр нэг залуу танайд ирээд ямааны махыг чинь аваад гарсан би зургийг нь дарчихсан гээд гар утаснаасаа ямааны мах авч явсан хүний зургийг нь үзүүлсэн юм...гэх мэдүүлэг /хх-ийн 18-20-р тал/

-гэрч С.У мэдүүлсэн ... Одоо өдрийг нь сайн санахгүй байна. 2021 оны 10 дугаар сарын эхээр манай хөрш айл болох Дэнж багийн 10-146 тоотод оршин суух Ц гэх айлд нэг өдөр архи дарс ууж, гаднын хүмүүс ирсэн байгаа харагдсан. Маргааш өдөр нь гэртээ байж байтал гадаа юм дуугараад байхаар нь гараад хартал манай хөрш айлынхаас нэг залуу мах аваад гарч явахаар нь тэр залуугаас “чи юун хүн билээ, энэ айл эзгүй байна” гэхэд “энэ миний мах юм. Айлын эзэд нь ирэхээр нь эзэн нь махаа авсан гэж хэлээрэй” гэхээр нь сэжиг төрөөд тэр залууг араас нь зургийг нь дарсан юм. Тэгээд байж байтал удалгүй манай хөрш айлын Ц гэх эмэгтэй ирээд манай амбаарыг эвдээд махыг маань аваад явчихсан байна гэхээр нь би махыг чинь аваад явсан залуугийн зургийг нь утсан дээрээ дарчихсан гээд Цд зургийг нь харуулсан ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26-р тал/,

-“Ашид билгүүн” ХХК-ийн ТХҮ-621/2111 дугаартай “... ямааны мах 1 кг 6,500 төгрөг нийт 162,500 төгрөг ... гэсэн хохирлын үнэлгээ /хх-ийн 35-36-р тал/

-шүүгдэгч Ц.Б сэжигтнээр мэдүүлсэн. .. Өдрийг нь сайн санахгүй байна. Анхны цас орсон өдөр шиг санагдаж байна. 2021 оны 10 дугаар сарын эхээр би хөдөөнөөс Эрдэнэтэд орж ирээд ...ямааг нь гаргаж өгсөн айлд буюу Ц гэдэг эгчийнд очтол гэр нь эзгүй байхаар нь цоожтой амбаарын хаалгыг нь татаж онгойлгоод ямааны махыг нь аваад Хүлэг хүнсний захын махны лангуу дээр 50.000 төгрөгөөр өгчихсөн юм. Тэгээд тэр мөнгөөрөө зах дээр архи авч ууж байгаад орой нь хөдөө гэртээ харьсан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 41-р тал/

-Сум дундын 14-р шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 55-57-р тал/

-Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 151 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 58-р тал/

-хэргийн газар үзлэг хийсэн тухай ...”хэрэг учрал болсон гэх газар нь Орхон аймаг Баян-Өндөр сум Булаг багийн 24-13б тоот хашаанд ертөнцийн зүгээр баруун тал руу буюу төв зам тал руу харуулан барьсан “Тамир” нэртэй хүнсний дэлгүүр байна...” гэх тэмдэглэл /хх-ийн 110-114-р тал/

-хохирогч Г.Д мэдүүлсэн:.... Хулгай орох үед юу алдагдсаныг сайн мэдэхгүй байсан. Тэрнээс хойш нэг бүрчлэн бараагаа бүртгэсэн. Хар чингис 0.75 литр 1 ширхэг, 0.5 литр 1 ширхэг, Ауруг 0.75 литр 1 ширхэг, 0.5 литр 1 ширхэг, Зөөлөн хараа 6 ширхэг, Жимстэй ундаа 2 ширхэг, Монгол стандарт 2 ширхэг, Сүүн ёслол 0.75 1 ширхэг, Алоё 1 ширхэг, Рэт булл 6 ширхэг, Экс 0.75 литр 1 ширхэг, 0.5 литр 3 ширхэг.Ерөөл 0.3 литр 1 ширхэг, Экс соррег 3 ширхэг, Боргио 1 ширхэг, Сэрүүн 5 ширхэг, Сүү 3 ширхэг, Голд Чингис 0.75 литр 2 ширхэг, 0.5 литр 2 ширхэг, Соёрхол 0.75 литр 2 ширхэг 0.5 литр 1 ширхэг, Вогtе 1 ширхэг, Nomad 1 литр 2 ширхэг, 0.75 литр 1 ширхэг Аlpengold 1 шоклад 3 ширхэг, элэгний нухаш 2 ширхэг, цэнхэр тагтай тос Мечта 1 ширхэг, үхрийн мах 23 кг зэрэг алдагдаж нийт 640.000 төгрөгний эд зүйл хулгайд алдагдсан байна... 2021 оны 11 дүгээр сарын 21 ний өдөр 10 цаг өнгөрч байхад эхнэр Бүрэнсайханы хамт Булаг багт үйл ажиллага аявуулах “Тамир” 8 нэрийн хүнсний дэлгүүрийн гадна хаалгаа онгойлгоод орох гэтэл үүдэн хэсгийн тамбарын жижиг цонхыг хагалан дотор талын бүргэд хаалгаыг доогуур нь хөшөөд хулгай орчихсон байсан. Мах гурил авч гарсан бололтой тамбар хэсэгт хэрчсэн гурил мах унагачихсан байсан. Тэгэхээр нь өөрсдөө орж үзэлгүй цагдаагийн байгууллагад хандсан. 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр би дэлгүүр дээрээ юм хийж байхад Таван эрдэнэ зах дээр мах нядалдаг Лайтай гэх залуу Эрдэнэ гэх хүнтэй цуг ирээд миний ажилд тусалсан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 117-119-р тал/

-гэрч Ч.Оын мэдүүлсэн....Булаг багт үйл ажиллагаа явуулдаг дэлгүүрт Бат-Эрдэнийн хамт би 2 хонь янзалж өгсөн. Б болохоор жижиг цонх хаалга хоёрыг нь янзалж өгсөн... Тэгээд гэртээ ирээд байж байхад араас Эрдэнээ 1 шил архи барьчихсан Дорлиг өглөө гээд орж ирсэн...” /хх-ийн 121-122-р тал/

-“Ашид билгүүн” ХХК-ийн ТХҮ-621/2386 дугаартай “...дэлгүүрээс алдагдсан гэх бараа нь 2021 оны 11 дүгээр сарын байдлаар нийт үнэ 795,386 төгрөг гэсэн хохирлын үнэлгээ /хх-ийн 134-136-р тал/

-шүүгдэгч Ц.Б яллагдагчаар мэдүүлсэн... 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Булаг багт байрлах Тамир хүнсний дэлгүүрээс архи болон хүнсний бүтээгдэхүүн, мах зэргийг би өөрөө ганцаараа хулгай хийсэн. Би хулгай хийсэн эд зүйлээ өөрөө аваад хороололд ууж идээд дуусгасан. Ямар нэгэн машин техник ашиглаагүй. Хамтран оролцож хулгай хийсэн хүн байхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг /хх-ийн 147-р тал/ зэргийг шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.

Үйл баримт: Шүүгдэгч Ц.Б нь 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Дэнж багийн Баруун дэнжийн 10-14 тоотод суух иргэн Г.Цгийн гуйлтаар гэрт нь очиж ямаа гаргаж амбаарт нь оруулж өлгөж өгсөн ба орой нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Г.Цгийн эзгүйд эргэн очиж амбаарын хаалгыг эвдэлж нэвтрэн орж бүтэн ямааны махыг нь нууцаар зөвшөөрөлгүй авч 162,500 төгрөгийн хохирол учруулсан,

-мөн 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Булаг баг “Тамир” хүнсний дэлгүүрийн тамбарын цонхыг хагалан бүргэд хаалгыг доогуур нь хөшиж ороод хүнсний бүтээгдэхүүн, архи зэргийг нууцаар зөвшөөрөлгүй авч Г.Дорлигсүрэнд 795,386 төгрөгийн хохирол учруулжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлүүд, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг,  шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.

Шүүгдэгч Ц.Б үйлдлийн улмаас Г.Цд 162,500 төгрөгийн хохирол, Г.Дорлигсүрэнд 795.386 төгрөгийн хохирол тус тус учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч Г.Цгийн... Тэгтэл манай амбаараас ямааны мах авсан хүн нь 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр надад ямаа гаргаж өгдөг Эрдэнээ гэх залуу байсан... гэх мэдүүлэг, гэрч С.У мэдүүлсэн... Маргааш өдөр нь гэртээ байж байтал гадаа юм дуугараад байхаар нь гараад хартал манай хөрш айлынхаас нэг залуу мах аваад гарч явахаар нь тэр залуугаас “чи юун хүн билээ, энэ айл эзгүй байна” гэхэд “энэ миний мах юм. Айлын эзэд нь ирэхээр нь эзэн нь махаа авсан гэж хэлээрэй” гэхээр нь сэжиг төрөөд тэр залууг араас нь зургийг нь дарсан юм....гэх мэдүүлэг, Ашид билгүүн” ХХК-ийн ТХҮ-621/2111 дугаартай “... ямааны мах 1 кг 6.500 төгрөг нийт 162.500 төгрөг ...” гэсэн хохирлын үнэлгээ, хохирогч Г.Д мэдүүлсэн ... 2021 оны 11 дүгээр сарын 21 ний өдөр 10 цаг өнгөрч байхад ...“Тамир” 8 нэрийн хүнсний дэлгүүрийн гадна хаалгаа онгойлгоод орох гэтэл үүдэн хэсгийн тамбарын жижиг цонхыг хагалан дотор талын бүргэд хаалгаыг доогуур нь хөшөөд хулгай орчихсон байсан. Мах гурил авч гарсан бололтой тамбар хэсэгт хэрчсэн гурил мах унагачихсан байсан...гэх мэдүүлэг, “Ашид билгүүн” ХХК-ийн ТХҮ-621/2386 дугаартай “...дэлгүүрээс алдагдсан гэх бараа нь 2021 оны 11 дүгээр сарын байдлаар нийт үнэ 795.386 төгрөг гэсэн хохирлын үнэлгээ, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруутай эсэх талаар маргахгүй байна.

 

Шүүгдэгч Ц.Б энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д хэсэгт заасан бусдын өмчлөх эрхэд хууль бусаар халдаж үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. Шүүгдэгч Эрүүгийн хуулиар хориглосон үйлдлийг санаатай хийж бусдын өмчлөх эрхэд халдаж хохирол учруулжээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй. 

Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгчийн үйлдэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон ба гэм буруугаа хүлээж хэргийг хялбаршуулсан журмаар хэлэлцүүлэхээр хүсэлт гаргаж ял тохирсон тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай гэж,

- шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тулга: Шүүгдэгч гэм буруугаа хүлээж  хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж ял тохирсон байгаа гэж тус тус дүгнэлт гаргасан ба шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, прокурортой ял тохирсон байна.

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч гэм буруугаа хүлээж прокурортой ял тохирсон  байгааг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу тохирсон ялыг оногдууллаа.

Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Г.Цд учирсан 162,500 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн тухай баримт, хохирогч  Г.Дорлигсүрэнд 795,386 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн тухай баримт хавтаст хэрэгт тус тус авагдсан, хохирогч нар нь цаашид гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэж шүүхэд мэдэгдсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн цагдан хоригдсон 30 хоногийг эдлэх ялд оруулан тооцохоор дурьдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Б овогт Ц.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  заасан үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ц.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бд оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б цагдан хоригдсон 30 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцсугай.

6. Энэ хэрэгт шүүгдэгч төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Д.АРИУНЦЭЦЭГ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

17