Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/139

 

 

    2022        04           13                                   2022/ШЦТ/139

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Б

Улсын яллагч Н.Д

Шүүгдэгч Л.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Бд холбогдох эрүүгийн 2225000000161 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.Б нь 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Сонор Хайрхан” төвийн зочид буудалд зодоон хийж бусдын биед халдан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдож Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

      1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

         Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

     -шүүгдэгч Л.Бгийн мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.Тэр хүнтэй маргаж намайг заамдахаар нь гарыг нь хөшиж түлхсэн.Би уг нь салгах гэтэл заамдсан юм.500,000 төгрөг өгсөн гэх мэдүүлэг болон прокурорын яллах дүгнэлт түүний хавсралтад заасан:

            -хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /хх-ийн 4-6-р тал/

-хохирогч Э.Бн мэдүүлсэн... Тухайн үед ажлаар ирээд амрах гэж байсан манай хүмүүсийн өрөөнд Л.Б нь найзуудын хамтаар орчихсон архи согтууруулах ундаа хэрэглээд байж байсан. Надтай хамт явж байсан найз маань уг өрөө рүү ороод  “энэ өрөөг манайх авчихсан байсан юм, манай ажилчид маань амрах өрөө” гэж хэлтэл Л.Бтэй хамт явж байсан залуу болох Нямбат нь би энэ өрөөг авчихсан байсан юм гэж хэрүүл маргаан үүсгэж зодоон болсон. Хэрүүл маргаан болоод ноцолдож байх үед Л.Б гэх залуу над руу ойртоод ирэхээр нь би заамдаад автал, заамдсан гарыг маань хөшөөд болиулсан. Тэгсэн чинь миний гарын тохой хэсэг хавдаад мултарчихсан юм шиг болчихсон байсан. Миний зүүн гарын тохой мултарчихсан байсан. Түүнээс өөр ямар нэгэн бэртэл гэмтэл байхгүй.  Миний биеийн байдал хэвийн байгаа, Гар маань хөдөлж байгаа, өвдсөн зүйл байхгүй. Миний зүгээс гаргах санал гомдол хүсэлт байхгүй, Л.Б Нямбат нар эмчилгээний зардал болон эмнэлгээр хамт явж хохирлыг маань барагдуулсан байгаа,шүүх хуралдаанд суухгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 9, 11-р тал/

-гэрч П.Б мэдүүлсэн ... Тэгэхээр нь би тэд нарт хандаж энэ өрөөг би мөнгийг нь төлөөд авсан ба энэ өрөөнд амрах ёстой байсан хүн доор ресепшин дээр унтаж байна юу болоод байгаа талаар асуугаад өрөөг маань суллаж өгөхийг шаардсан. Тэгтэл Нямбат урдаас би энэ өрөөг авчихсан гэж ярихаар нь чи андуурсан юм шиг байна энэ өрөө болон хажуугийн өрөөг хоёуланг нь авчихсан. Энэ өрөөнд DJ залуу амрах ёстой гэж хэлээд маргаан үүссэн. Маргаан үүсээд Нямбат манай найз Бг зодож эхлэхээр нь би голоор нь салгахад над руу бас дайраад толгой тархи руу цохиод тэнд зууралдаж авцгаасан...энэ үед найз Бгийн зүүн гар нь эвгүй болчихсон хөдөлгөж болохгүй байхаар нь хугарчихсан байх гэж бодоод эмнэлэг рүү явах гээд өрөөнөөс гарахад коридорт нөгөө залуучууд бас бөөндөө хүрч ирээд хэрүүл үүсээд салахгүй байхаар нь цагдаа дуудсан юм.... гэх мэдүүлэг /хх-ийн 13-р тал/

-гэрч С.Д мэдүүлсэн... хар хувцастай, нөгөө нь богино курткатай туранхай 2 залуу хараал урсгаад ороод ирсэн. Тэр 2 залууг орж ирэхийн өмнөхөн бид нар гарцгаах гээд хаалганы үүдэнд хувцаснуудаа өмсөөд зогсож байтал тэр 2 залуу орж ирэнгүүтээ шууд С.Нямбатыг цохиод газар унагасан ба манай хамт байсан залуучууд өмөөрөөд тэр 2 залуутай зууралдаж барьцалдаж аваад коридорт гарцгаачихсан.Тэгээд тэр дотор зодоон болсон ба манай эмэгтэйчүүд дундуур нь орж салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р тал/

-гэрч С.С мэдүүлсэн... тэр залуу гаднаас Нямбатаа чи миний захиалсан өрөөг гэж орилоод орж ирээд Нямбатыг заамдаад авсан. Би тэр залууд хандаж уучлаарай бид нар одоо гарах гэж байна танай өрөө байсныг мэдсэнгүй ороод иржээ ахаа гэх зэргээр хэлэхэд тоогоогүй шууд Нямбатыг цохиж унагаад Лхагварагчаа бүдүүн рүү салгах гээд дундуур нь орсон. Тэгээд л бөөндөө барьцалдаад авцгаасан. Энэ үеэр манай нөхөр Б тэд нарыг салгах гээд дайраад байсан ба би нөхрийгөө тэвэрч зуураад зогсоод байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 21-р тал/

-гэрч С.Б мэдүүлсэн... Сонор хайрханы буудалд 01:00 цагийн орчим очоод Нямбат дотогшоо түрүүлж ороод өрөө асуугаад бид нарыг ороод ир гэж утсаар яриад бид нар дээшээ 3 давхарт өрөөнд орсон. Би тухайн үед нилээн согтуу байсан болохоор өрөөнд ороод унтаад өгсөн юм. Намайг унтаж байхад тэд нар Сувдаа ирчихлээ явцгаая чамайг хүргээд өгье гээд сэрээсэн ба сэрээд байж байтал хаалгаар нэг нь махлаг, нөгөө нь туранхай хоёр залуу орж ирээд орилж бид нар руу дайраад маргаан үүсээд бужигналдаад байх шиг байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 24-25-р тал/

-гэрч Л.Л мэдүүлсэн.... тэр туранхай залуу коридорт байхдаа миний гар эвгүй болчихлоо гээд орилж байсан ба тэрнээс болж цагдаа дуудсан байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28-р тал/

-гэрч Э.Э мэдүүлсэ.... Би тэд нарын учрыг олчих гээд голоор салгах гээд явж байгаад бүгд салаад хэсэг намжих үед тэр туранхай залуу нь үүдний коридор хэсэгт та нар миний гарыг гэмтээчихлээ гээд орилоод байсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн.... гэх мэдүүлэг /хх-ийн 30-р хуудас/

-гэрч С.Н мэдүүлсэн... Тэр хоёр орж ирээд Болд-Эрдэнэ ах над руу ...миний авсан өрөөнд чи юу хийж байгаа юм гээд уурлахаар нь би бас согтуу байсан болохоор нь урдаас нь маргалдсан. Тэрнээс хойш сайн санахгүй байна нэг мэдэхэд цагдаа нар ирчихсэн байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 33-р тал/

-Орхон аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Гэрэлмаагийн 2022 оны 03 дүгээр сарын 11-ний өдрийн №235 дугаартай “...Э.Бгийн биед зүүн тохой үений зөөлөн эдэд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д дзаасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Гоо сайхны болон ерөнхий хөдөлмөрийн чадварт алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 36-37-р тал/

-шүүгдэгч Л.Бгийн хохирогч Э.Бд 464,000 төгрөгийн хохирол төлсөн тухай ХААН банкны 5031563154 тоот дансны хуулга /хх-ийн 65-66-р тал/

-Хохирогч Э.Бн эмнэлэгийн картын хуулбар, хохирлын баримт /хх-ийн 71-74, 78-79-р тал/ зэргийг шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.

Үйл баримт: Шүүгдэгч Л.Б нь 2022 оны 03 дүгээр сарын 06-ны шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн нутаг дэвсгэрт “Сонор Хайрхан” төвийн зочид буудалд байх үедээ бусадтай үл ойлголцон маргалдан, улмаар өөрийг нь заамдаж авсан Э.Бн гарыг хөшиж түлхэн биед нь зүүн тохойн үений зөөлөн эдэд цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл хохирол учруулжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг,  шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.

Шүүгдэгч Л.Бгийн үйлдлийн улмаас Э.Бн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч Э.Бн... Хэрүүл маргаан болоод ноцолдож байх үед Л.Б гэх залуу над руу ойртоод ирэхээр нь би заамдаад автал, заамдсан гарыг маань хөшөөд болиулсан. Тэгсэн чинь миний гарын тохой хэсэг хавдаад мултарчихсан юм шиг болчихсон байсан... гэх мэдүүлэг, гэрч П.Болор-Эрдэнийн мэдүүлсэн.. Голоор нь нөгөө эмэгтэйчүүд нь бас ороод хальт бөөндөө салцгаасан ба энэ үед найз Бгийн зүүн гар нь эвгүй болчихсон хөдөлгөж болохгүй байхаар нь хугарчихсан байх гэж бодоод… гэх мэдүүлэг, гэрч Э.Энхбатын.... Бг цохиод тэр хооронд бүгд барьцалдаж зууралдацгаагаад коридор хэсэгт гарцгаасан. Туранхай залуу нь наагуур цаагуур бас ганц нэг бид хүн цохиод л яваад байсан. Би тэд нарын учрыг олчих гээд голоор салгах гээд явж байгаад бүгд салаад хэсэг намжих үед тэр туранхай залуу нь үүдний коридор хэсэгт та нар миний гарыг гэмтээчихлээ гээд орилоод байсан... гэх мэдүүлэг,Орхон аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Гэрэлмаагийн 2022 оны 03 дүгээр сарын 11-ний өдрийн №235 дугаартай “...Э.Бгийн биед зүүн тохой үений зөөлөн эдэд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Шүүх эмнэлэгийн гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д дзаасны дагуу гэмтэлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Гоо сайхны болон ерөнхий хөдөлмөрийн чадварт алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруутай эсэх талаар маргахгүй байна.

Шүүгдэгч Л.Бгийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй. 

Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгчийн үйлдэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, Э.Бн гарыг хөшиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдсон тул гэм буруутайд тооцож, 600 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар ял тохирсон гэж,

       - шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж байна, торгуулийг 3 сарын хугацаанд төлнө гэж дүгнэлт санал гаргасан.

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч гэм буруугаа хүлээж прокурортой ял тохирсон  байгааг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг оногдууллаа.

Хохирол төлбөрийн тухайд: Шүүгдэгч Л.Б нь хохирогч Э.Бд учирсан хохиролд эмчилгээний төлбөр 464,000 төгрөг төлсөн тухай баримт хэрэгт авагдсан, 36000 төгрөг бэлнээр өгсөн гэж мэдүүлсэн бөгөөд хохирогч цаашид гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэж шүүхэд мэдэгдсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Х ургийн овогт Л Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бд шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш хуульд заасан 5 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Л.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Д.АРИУНЦЭЦЭГ