Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2017/01485

 

 

2017 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2017/01485

Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би

Нэхэмжлэгч Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамжны Рокмон бюлдинг ХХК-ийн байрны 701 тоотод байрлах Монре транс трейд ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхоны 18 дугаар байрны өргөтгөлд байрлах Буян ундрах ХТ ХХК-д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 6.924.575 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Нэхэмжлэгч Монре транс трейд ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Буян ундрах ХТ ХХК-ийн захирал Ц.Буянбадрах Монре транс трейд ХХК-тай Бараа материал зээлээр нийлүүлэх гэрээ-г 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр мөн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр тус тус байгуулж, 3750 төгрөгийн үнэ бүхий нийт 1580 ширхэг барилгын рек мод зээлээр худалдан авсан.

Гэрээний төлбөр төлөх хугацаа 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр болж Ц.Буянбадрахыг гэрээний нийт төлбөр болох 5.925.000 төгрөг төлөхийг удаа дараа шаардахад, 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр 1.000.000 төгрөгийг төлсөн бөгөөд төлбөрийн үлдэгдэл 4.925.000 төгрөг болон алдангийг төлөхгүй цаг хугацаа өнгөрөөж, тодорхой бус шалтгаан хэлж, бидний итгэлийг эвдэн, манай компанийг хохироож байгаа болно.

Иймд хариуцагч Буян ундрах ХТ ХХК-иас барилгын материалын үнэ 4.925.000 төгрөг, алданги 1.999.575 төгрөг, нийт 6.924.575 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.

 

Зохигчид эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Монре транс трейд ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Баасандорж, хариуцагч Буян ундрах ХТ ХХК-ийн захирал Ц.Буянбадрах бид харилцан тохиролцож, нэхэмжлэлийн үнийн дүн болох 6.924.575 төгрөгийн 1.999.575 төгрөгнөөс татгалзаж, хариуцагч Буян ундрах ХТ ХХК-иас үлдэх 4.925.000 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь

 

Нэхэмжлэгч Монре транс трейд ХХК, хариуцагч Буян ундрах ХТ ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 6.924.575 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, хоёр тал гарын үсгээ зурж баталгаажуулан, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагынхаа 1.999.575 төгрөгнөөс татгалзаж, 4.925.000 төгрөг нэхэмжилснийг, хариуцагч 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч, зохигчид эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг батлах нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Зохигчид эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Монре транс трейд ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Буян ундрах ХТ ХХК-д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 6.924.575 төгрөг нэхэмжилсэн иргэний хэрэгт, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаарлагынхаа 1.999.575 төгрөгнөөс татгалзаж, 4.925.000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн дотор төлөхөөр зохигчид харилцан тохиролцон, эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125750 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 62875 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Буян ундрах ХТ ХХК-иас 46875 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.АРИУНАА