Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/164

 

 

   2022          05            02                                  2022/ШЦТ/164

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга

Улсын яллагч Ц.Л

Шүүгдэгч Ө.Д нарыг оролцуулан хийж Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.Дд холбогдох эрүүгийн 2225000000127 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ө.Д нь 2022 оны 02 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт “Баян” худалдааны төвийн гадаа шөнийн 03 цагийн орчимд Г.Дгийн архины барьцаанд тавьсан “Самсунг А22” загварын гар утасыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 550.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах  гэмт хэрэгт холбогдож Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

      1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

       Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

       -шүүгдэгч Ө.Дгийн мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг болон прокурорын яллах дүгнэлт түүний хавсралтад заасан:

            -Эд зүйлд үзлэг хийж хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 6-7-р тал/

                  -хохирогч Г.Дгийн мэдүүлсэн... 2022 оны 02 сарын 13-наас 14-нд шилжих шөнө 02 цагаас 03 цагийн хооронд Залуус хорооллын урд талын зам дээрээс “мицубиши колт” загварын хар хөх өнгийн таксинд сууж, Хүрэнбулаг баг 4-7 дугаар байрны гадаа очиж зогссон. Тухайн үед машин дотор 24-25 орчим насны хоёр залуу байсан. Бид гурав юм хувааж уух болоод Төгөл худалдааны төвийн урдаас шагаас 0.75 л “Эдэн” нэртэй архи авч, барьцаанд нь “самсунг А22” загварын гар утас үлдээсэн. Надтай цуг явж байсан хоёр залуу машинтайгаа хөдлөөд намайг орхиод явахаар нь араас нь таксигаар явж 1-2 дугаар байрны зогсоол дээр очиж, нөгөө хоёр залуутай очиж уулзаад “ганц юм авч өгнө” гэж ах нь хэлсэн, одоо цуг ууя гэхэд надаас архи аваад намайг орхиод яваад өгсөн. Би маргааш нь шаг зардаг хүн дээр очиж гар утсаа авъя гэхэд өчигдөр чамтай цуг архи авсан хоёр залуу буцаж ирээд манай ах архи уугаад утсаа барьцаанд тавьсан байна, архиа буцаая, утсаа авъя гэж хэлээд миний гар утасыг авсан байсан. Надад 725,000 төгрөгийн хохирол учраад байна. .... би архи авахдаа ганцаараа очиж авсан. Надтай хамт явсан залуус Төгөлийн ард зогсоол дээр машин дотроо байсан. Миний гар утас тоон нууц кодтой байсан. Би гар утасныхаа кодыг тэр залуус хэлээгүй юм. Харин сүүлд гар утсаа авахад миний гар утсыг форматлачихсан, кодгүй болчихсон байсан. Дотор нь байсан зураг гэх мэтчилэн зүйлс устгасан байсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 13- 18-р тал/

                  -гэрч Б.Хын мэдүүлсэн ... 02 дугаар сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө 00 цагийн үед дүү Дтай Дэнжийн гурван байрны хажууд уулзаж би тухайн үед архи сгтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болхоор дүү Дгаар машин бариулж Залуус хорооллын орчим явж байсан чинь зам дээр нэг эрэгтэй гар өргөхөөр нь авч Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэн булаг баг 4-7 дугаар байрны урд очиж хүргэж өгсөн чинь ганц юм ууя гэж хэлэхээр нь Төгөл руу очсон. Гар утсаа барьцаанд тавьж архи авч өгнө гэхээр нь Төгөл дээр үлдээсэн чинь араас дагаад 1-2 дугаар байрны автобусны зогсоол дээр хүрч ирээд ах нь хэлсэндээ хүрдэг хүн шүү гэж хэлээд архитай ирэхээр нь уухгүй гэж хэлээд архийг аваад явсан. Тэгээд Ө.Д бид хоёр Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багийн нутаг дэвсгэрт байрлах төв Хаан банкны урд бид хоёр салж Д Mitsibushi cold маркийн 36-63 ора улсын дугаартай тээврын хэрэгслийг аваад явсан. Тэгээд би маргааш Ө.Дтай утсаар ярьсан чинь буцаж очоод шаг дээрээс тухайн эрэгтэй хүний гар утсыг авсан гэж ярьж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р тал/

            -гэрч Б.Агийн мэдүүслэн...Энэ үед нөхөр маань гэртээ байхгүй Заамарт ажил дээрээ байсан. Харин хүү Д маань жолоондоо явчихаад ирээгүй байсан. Тэгтэл үүрийн 03-04 цаг 30 минутын үед манай хүү Д нь  Хатанбаатараас машинаа авчихсан ганцаараа машинтайгаа ирсэн. 2022 оны 02 дугаар сарын 15-ны орой нөхөр над руу залгаад “цагдаагаас ярьж байна” гэж хэлсэн бөгөөд дараа нь над руу цагдаагаас ярьж южу болсон талаар мэдсэн. Тэр оройноо би цагдаа дээр хүүгийн хамт ирж утасны эзэнтэй уулзсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-р тал/  

-гэрч С.Ун мэдүүлсэн...тэр залуу ирээд ажлын үнэмлэхээ тавиад архи авъя гэхээр нь үгүй гэсэн. Тэр үед би нөхөр Эрдэнэбүрэнтэй хамт гадаа зогсож байсан. Хэсэг хугацааны дараа над руу нөхөр маань нэг дугаараас залгаж, нэг хүн гар утас барьцаанд тавъя гэхээр нь би тэг ээ гэж хэлсэн. Манай нөхрөөс архи авсан юм. ...нөхөр бид хоёр зогсож байсан ба би нөхрөөсөө тэр гар утасыг авч тэр залууд өгч явуулсан ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-р тал/

-гэрч Б.Б ...89-91 БУЛ дугаартай цагаан өнгийн “Приус11 машинтай таксинд явах гээд зогсож байсан. ..Удалгүй нэг залуу машинд сууснаа тэр машины араас дагаад яваарай гэж хэлсэн. Тэгэхээр нь шууд хөдлөөд араас нь явтал тухайн машин Холбооны төв хаалганы зогсоол дээр очиж зогссон бөгөөд би ард нь очиж зогссон. Нөгөө залуу буугаад машинтай хүмүүстэй юм яриад байсан. Нөгөө залуу над дээр ирснээ шагийн архи авчихаад ирье, эд нар намайг мөнгөгүй гэж бодоод байна гэж хэлсэн. Гэтэл Онхоороо энд архи байна, ямар архи авах юм гээд архиа харуулсан.Тэр залуу надаас бал цаас авч Онхоороогийн дугаарыг бичиж авсан. Тэгснээ Онхоороо эхнэртээ тэр залуугийн гар утасыг барьцаанд авлаа гэж утсаар ярьж байсан. Тэр залуу архиа аваад үлдсэн бөгөөд би буцаж, Баянгийн үүдэнд ирж зогссон. Намайг ирж зогсоод удаагүй бараг 5 минут орчмын дараа миний машиныг нэг залуу тогшоод тантай хамт явсан манай ах гар утсаа тавиад архи авчихсан байна. Архийг нь ав, би гар утасыг нь авъя гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнд би таксины хүн байна, цаад шагчидтайгаа уулз гэхэд Онхоороог харснаа өө энэ байна гээд цаашаа явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-р тал/

-гэрч Д.Э. ...Бямбаагийн машинд нэг согтуу залуу орж ирээд тэр машиныг дагаарай гэсэн. ингээд араас нь яваад 1-3 дугаар байрны ойролцоо очиход согтуу залуу машинаас бууж, нөгөө Мицубиши машины хүмүүстэй уулзсан. Тэр залуу буцаж ирээд архинд явъя, эд нар намайг юу гэж бодоод байгаа юм бэ гэхээр нь би надад архи байна гэсэн. Мөнгө байхгүй, гар утсаа барьцаанд тавьж архи авъя гэхээр нь би зөвшөөрч эхнэр Уранчимэг рүү ярьж хэлсэн... Мицубиши колт машин ирээд төв ХААН банкны гадаа ирж зогсоод дотроос нь туранхай өндөр залуу бууж ирснээ цуг ажилладаг ах маань согтуурхаад гар утсаа тавьчихаж, би авъя, маргааш утсыг нь өгөхөөс гэж хэлээд утсыг нь авч, архиа буцаан өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-р тал/

-“Ашид билгүүн” ХХК-ний 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн ТХҮ-622/3034 дугаар шинжээчийн Самсунг А22 загварын гар утас 550,000 төгрөг гэх дүгнэлт /хх-ийн 46-48-р тал/

-Шүүгдэгч Ө.Дгийн яллагдагчаар мэдүүлсэн ... Тэр ах цонхоо буулга гэхээр нь доошлуултал би архи аваад ирлээ гээд Эден нэртэй архийг цонхоор дотогш шидсэн. Тэгсэнээ би хэлсэндээ хүрдэг хүн, та 2 уу гэж хэлсэн. Тэгэхээр нь уухгүй ээ, гэтэл тэр ах бал, цаас байна уу гэж асуусан. Тэгээд нөгөө ах машинд чинь ороод суучихъя гэхээр нь үгүй ээ, таныг суулгахгүй гээд суулгаагүй юм. Ингээд байж байтал нөгөө ахын ирсэн машин явсан бөгөөд би араас нь удалгүй хөдөлсөн. Тэгэхдээ нөгөө согтуу ахыг машиндаа суулгаагүй хөдөлсөн. Ингээд би Төв хаан банкны гадаа машинаа үлдээгээд ганцаараа Баянгийн урд очсон...Баян, Төгөл хоёрын дундаас нэг эгч гарч ирсэн бөгөөд би түүнд хандан “манай хамт ажилладаг ах гар утсаа согтуурхаад архинд тавьчихжээ, архи нь энэ байна, гар утсыг нь авчихъя” гээд би тэр эгчид архийг нь өгч, оронд нь гар утсыг нь авсан юм...Маргааш нь би тэр ахын гар утсыг асааж кодыг нь хийж өөрийн сим картаа хийсэн юм. Тухайн үед тэр ах надад гар утасны кодоо хэлж өгсөн юм. Тэр өдрийн орой бил үү маргааш өдрийн орой нь би гэр лүүгээ таксидаж, таксины мөнгөний оронд тухайн ахын гар утсыг тавьсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59-р тал/

-Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 111 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /80-84-р тал/

-Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 275 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /85-89-р тал/

- Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 407 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /90-96-р тал/ зэргийг шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.

Үйл баримт: Шүүгдэгч Ө.Д нь 2022 оны 02 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт “Баян” худалдааны төвийн гадаа шөнийн 03 цагийн орчимд үл таних Г.Дгийн бусдаас авсан архины барьцаанд тавьж үлдээсэн “Самсунг А22” загварын гар утасыг түүний зөвшөөрөлгүй, нууцаар авч өөрийн эзэмшилд шилжүүлэн ашиглаж 550.000 төгрөгийн хохирол учруулжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.

Шүүгдэгч Ө.Дгийн хууль бус үйлдлийн улмаас Г.Дд 550,000 төгрөгийн хохирол учруулсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч Г.Дгийн... . Би маргааш нь шаг зардаг хүн дээр очиж гар утсаа авъя гэхэд өчигдөр чамтай цуг архи авсан хоёр залуу буцаж ирээд манай ах архи уугаад утсаа барьцаанд тавьсан байна, архиа буцаая, утсаа авъя гэж хэлээд миний гар утасыг авсан байсан. Надад 725,000 төгрөгийн хохирол учраад байна... гэх мэдүүлэг, гэрч Б.Хын мэдүүлсэн... Тэгээд би маргааш Ө.Дтай утсаар ярьсан чинь буцаж очоод шаг дээрээс тухайн эрэгтэй хүний гар утсыг авсан гэж ярьж байсан...гэх мэдүүлэг, гэрч Б.Бямбарагчаагийн.... Намайг ирж зогсоод удаагүй бараг 5 минут орчмын дараа миний машиныг нэг залуу тогшоод тантай хамт явсан манай ах гар утсаа тавиад архи авчихсан байна. Архийг нь ав, би гар утасыг нь авъя гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнд -би таксины хүн байна, цаад шагчидтайгаа уулз гэхэд Онхоороог харснаа -өө энэ байна гээд цаашаа явсан гэх мэдүүлэг, гэрч Д.Эрдэнэбүрэнгийн ... Мицубиши колт машин ирээд төв ХААН банкны гадаа ирж зогсоод дотроос нь туранхай өндөр залуу бууж ирснээ цуг ажилладаг ах маань согтуурхаад гар утсаа тавьчихаж, би авъя, маргааш утсыг нь өгөхөөс гэж хэлээд утсыг нь авч, архиа буцаан өгсөн.. гэх мэдүүлэг, Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруутай эсэх талаар маргахгүй байна.

Шүүгдэгч Ө.Дгийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. Шүүгдэгч Эрүүгийн хуулиар хориглосон үйлдлийг санаатай хийж бусдын өмчлөх эрхэд халдаж хохирол учруулжээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй. 

Шүүх хуралдаанд улсын яллагч: Бусдын эд хөрөнгийг өөрт нь мэдэгдэхгзйгээр нууцаар хууль бусаар авсан шүүгдэгчийн үйлдэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон тул хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх саналтай гэж,

        -шүүгдэгч: өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлэхдээ:  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж байна. Би 7 сард суллагдаад цэрэгт явж ирсэн. Дахин ийм үйлдэл хийхгүй гэж амлаж байна. Ээж аав хоёртойгоо амьдардаг. Хорихоос өөр төрлийн ял оногдуулна уу гэж тус тус санал дүгнэлт гаргасан.

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

      Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж, гэм буруугийн хэлбэр, гэм буруугаа хүлээсэн байдал, учруулсан хохирлын нийгмийн аюулын хэр хэмжээ, хохирол арилсан байдал,хэргийн нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж албадлагын арга хэмжээ оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэлээ.Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Г.Дд учирсан хохирол биет байдлаар нөхөн төлөгдсөн тухай баримт хавтаст хэрэгт авагдсан, хохирогч нь гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэж шүүхэд мэдэгдсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Х овгийн Ө Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ө.Дг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр 8 /найм/ сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг зааснаар шүүгдэгч Ө.Дд шүүхээс оногдуулсан тэнсэж үүрэг хүлээлгэсэн шийдвэрийг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнсэж үүрэг хүлээлгэсэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах журамтайг мэдэгдсүгэй.

4.Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.Шүүгдэгчид оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэсэн шийдвэрийн биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

  6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

         ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Д.АРИУНЦЭЦЭГ