Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2017/01513

 

 

2017 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2017/01513

Улаанбаатар хот

 

                         

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч Чингэлтэй дүүрэг, Ж.Самбуугийн гудамж, Нийслэлийн төр захиргааны 2 дугаар байранд байрлах Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол Хасбаатарын гудамжны 32-2 тоотод байрлах Си Эл энд Эн ХХК-д холбогдох 2013 оны Татварын улсын байцаагчийн актын үлдэгдэл 6.005.600 төгрөг, 2014 оны НӨАТ-ын өр 70.508.915 төгрөг, нийт 76.514.515 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баасансүрэн, М.Дуламсүрэн, хариуцагч Си Эл энд Эн ХХК-ийн захирал Л.Наст, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай дүүргийн Татварын хэлтэстэй харилцагч 5119065 тоот регистрийн дугаартай, Си Эл энд Эн ХХК холбооны тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2013 оны Татварын улсын байцаагчийн актын үлдэгдэл 6.005.600 төгрөг, 2014 оны НӨАТ-ын өр 70.508.915 төгрөг, нийт 76.514.515 төгрөгийг одоо хүртэл төлж барагдуулахгүй байна.

Уг үйлдэл нь Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.1 дэх хэсэгт ...ногдуулсан, татварын өр буюу дутуу төлөлтийг ногдол хийсэн акт гардуулсан өдрөөс хойш 15 хүртэл хоногийн хугацаанд татварын өрийг төлж барагдуулана гэсэн заалтуудыг зөрчсөн бөгөөд татварын өрийг Татварын ерөнхий хуулийн 63 дугаар зүйлд заасны дагуу татвар төлөгчийн банкин дахь мөнгөн хөрөнгөөс үл маргах журмаар гаргуулахаар дансны гүйлгээг бүрэн зогсоох арга хэмжээ авч, татвар төлөгчид удаа дараа төлөхийг шаардсан Мэдэгдэх хуудас-ыг гардуулсан боловч төлөөгүй болно.

Тус хэлтсийн зүгээс Эд хөрөнгийн лавлагаа болон Ярилцлагын тэмдэглэл-ээр Си Эл энд Эн ХХК үнэт цаас болон хувьцаа эзэмшдэггүй, өмчлөлд нь эд хөрөнгө байхгүй тул барьцаалах, битүүмлэх ажиллагааг явуулах боломжгүй байна.

Иймээс Татварын ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.1.3, 62.2, 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсгүүдэд зааснаар Си Эл энд Эн ХХК-иас 2013 оны Татварын улсын байцаагчийн актын үлдэгдэл 6.005.600 төгрөг, 2014 оны НӨАТ-ын өр 70.508.915 төгрөг, нийт 76.514.515 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.

 

Хариуцагч Си Эл энд Эн ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2012 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Говийн торх ХХК-тай Өмнөговь аймгийн Цогтцэций суманд Агуулахын барилга байгууламж барих Б/241 дугаартай гэрээ байгуулж, барилгыг барих туслан гүйцэтгэгчээр Хатиганболор ХХК-ийг ажиллуулсан.

Си Эл энд Эн ХХК-ийн дансанд Говийн торх ХХК-иас орж ирсэн мөнгөн орлогыг Хатиганболор ХХК-ийн менежер Т.Байгалмаагийн дансанд авч, барилга угсралтын ажлыг хугацаанд нь гүйцэтгэж, Улсын комисст хүлээлгэн өгсөн.

Си Эл энд Эн ХХК, Говийн торх ХХК, Хатиганболор ХХК-ийн хооронд бичигдэх ёстой НӨАТ-ын падаан бичигдээд явж байсан. Гэтэл менежер Т.Байгалмаа санхүүгийн НӨАТ-ын талаар мэдлэггүйн улмаас Си Эл энд Эн ХХК-ийн дансаар мөнгө орж ирсэн борлуулалтанд ногдох НӨАТ-ын 10 хувийг барагдуулах ёстой гэж ойлгон, Силикон стийл ХХК-ийг НӨАТ-ын падаан зардаг гэж дуулаад 499 сая төгрөгийн НӨАТ-ын падаан худалдан авч, гэм буруутай ажил хийж, Си Эл энд Эн ХХК-д нэмж бодит биш орлого бий болгосон.

2014 онд Силикон стийл ХХК-ийн НӨАТ-ын падааныг хуурамчаар зарсан хэрэг илэрч, тэднээс авсан падаанд Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэс Си Эл энд Эн ХХК-д 45.369.900 төгрөгийн НӨАТ-ын өр ногдуулсан.

Бид Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн үйлчлэх хүрээг мэдэхгүйн улмаас уг асуудлуудыг шийдүүлж чадаагүй өнгөрсөн. Мөн 2013 онд санхүүгийн тайланд залруулга оруулах боломжтой байсныг залруулга оруулж чадаагүй. Менежер Т.Байгалмаа Чингэлтэй дүүргийн Татварын хяналтын хэлтсийн дарга Мөнхлутад баримт материалаа танилцуулахад Татварын залруулга хийх хугацаа өнгөрсөн учраас боломжгүй, шүүхээр шийдвэрлүүл гэсэн хариуг өгсөн.

Силикон стийл ХХК-иас НӨАТ-ын падаан худалдаж авснаар бодит биш борлуулалтын орлогыг өгөх шаардлагатай болсон тул хувь хүмүүстэй тохиролцон Ажил гүйцэтгэсэн гэрээ-г хуурамчаар байгуулсан. Энэ нь 2012 оны 12 сард эцсийн хэрэглэгчээр 210 сая төгрөг, 2013 оны эцсийн хэрэглэгчээр 40,80 сая төгрөг, нийт 330 сая төгрөгийг эцсийн хэрэглэгчээр тодорхойлсноор харагдаж байна.

Иймээс Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн нэхэмжлэлд дурдсан 6.005.600 төгрөг болон 2017 оны 4 дүгээр сард 4 сая төгрөгийн татвар төлсөн тул 2014 оны НӨАТ-ын өр 68.190.734 төгрөгнөөс эцсийн хэрэглэгчийн 330 сая төгрөгийн НӨАТ болох 30.000.000 төгрөгийг нь хасуулж, 38.190.734 төгрөгийг төлөх саналтай байна гэжээ.

 

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Дуламсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид өмнө нь энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч урьдчилан шийдвэрлэх журмыг зөрчсөн байна гээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул эдгээр ажиллагаануудаа хийгээд дахин нэхэмжлэл гаргаж байна. Тус компани манай Татварын хэлтэст бүртгэлтэй бөгөөд 2013-2017 оны хоорондох татварын өрөө төлөөгүй. Учир нь:

Си Эл энд Эн ХХК, Силикон стийл ХХК-иас 499 сая төгрөгийн НӨАТ-ын хуурамч падаан худалдан авсан нь цагдаагийн байгууллага Силикон стийл ХХК-ийг шалгах явцад илэрсэн тул манай байгууллага татвар ногдуулсан. Мөн 2013-2017 онуудад тус компани татварт төлөх ёстой татвараа төлөөгүйн улмаас нийт 76.514.515 төгрөгийн татварын өр үүссэн. Үүнээс байгууллага нэхэмжлэлийн шаардлагаа багасган, 2013 оны Татварын улсын байцаагчийн актын үлдэгдэл 6.005.600 төгрөгийг хасаж, 2014 оны НӨАТ-ын өр 70.508.915 төгрөгийг нэхэмжилж байна.

Хариуцагч 6.000.000 төгрөгийг төлсөн гэж байгаа боловч шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт байхгүй, манай системд доголдол гараад, төлсөн, эсвэл төлөөгүй гэж гарч ирээд байгаа учраас системээ хэвийн ажиллахаар шалгаж үзье гээд татгалзаж байна.

Мөн хариуцагч НӨАТ-ын өрнөөс багасгаж өгөөч, бид хохирч байна гэж ярьж байна. Татварын алба өөрөө дур мэдэн НӨАТ-ыг ногдуулдаггүй, танай татварт өгсөн тайланг үндэслэдэг тул үйл ажиллагаа бүгд хуулийн дагуу явагдсан. Бид хасах боломжгүй. Хэрвээ өөрсдийгөө хохирсон гэж үзэж байгаа бол хохирлоо хохирол учруулсан этгээдээс гаргуулах эрхтэй. Улс татвараа авч, хуулийн этгээд, иргэн хэн боловч үүргээ биелүүлэх ёстой. Бид хувь хүмүүстэй харьцаагүй, Си Эл энд Эн ХХК-тай эрх зүйн харилцаанд оролцож байгаа учраас нэхэмжлэлээ дэмжиж байна гэв.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баасансүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компани ногдуулсан татварын өрийг хуулийн дагуу төлөх ёстой. Бид үндэслэлгүйгээр төлбөр үүсгээгүй. Си Эл энд Эн ХХК өөрсдөө хуурамч падаан авснаа хүлээн зөвшөөрөөд, тайлангаа татварт ирүүлсний улмаас бид ажлаа хийсэн. Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн заалтанд хамрагдаж чадаагүй гэж ярьж байгаа нь татварын хэлтсээс шалтгаалахгүйгээр компани өөрсдөө мэдүүлгээ өгч мэдүүлэх үүрэгтэй байсан. 70 сая төгрөгийн задаргаа 45-46 сая нь 499 сая төгрөгийн НӨАТ-ынх, үлдэх хэсэг нь 2013-2017 оны хоорондох компанийн татварт төлөх ёстой төлбөрийн үлдэгдэл.

Иймд улсад төлөх НӨАТ-ын өр 70.508.915 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь

 

Нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэс, хариуцагч Си Эл энд Эн ХХК-иас 2013 оны Татварын улсын байцаагчийн актын үлдэгдэл 6.005.600 төгрөг, 2014 оны НӨАТ-ын өр 70.508.915 төгрөг, нийт 76.514.515 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, татварын өр 30.000.000 төгрөгийг төлөхгүй гэж маргаж байна.

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

  1. Татварын Ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт татварын хууль тогтоомжийн дагуу татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа, тодорхой эрх бүхий, эсхүл ажил үйлчилгээ эрхэлж, түүнчлэн газар, түүний хэвлий, байгалийн баялаг, ашигт малтмалын нөөц ашигласан, агаар, ус, хөрс бохирдуулснаас татвар төлөх үүрэг хүлээсэн хувь хүн, хуулийн этгээд татвар төлөгч байна гэж зааснаар Си Эл энд Эн ХХК, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст татвар төлөгч болох нь Татвар төлөгчийн карт, Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн лавлагаа, Мэдэгдэх хуудсыг хүлээн авсан тэмдэглэл, Татварын өрийн тооцоолол, НӨАТ-ын 2012, 2014, 2017 онуудын Татварын тайлан зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
  2. Нэхэмжлэгч Татварын хэлтэс Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3 дахь хэсэгт хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх, Татварын Ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт Хугацаанд нь төлөөгүй татварын өрийг энэ хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан журмын дагуу барагдуулах боломжгүй бол татварын алба шүүхэд нэхэмжлэл гаргана гэж заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж, хариуцагчаас татварын өр төлбөрөө шаардах эрхтэй байна.
  3. Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ шаардлагыг багасгаж, НӨАТ-ын өр 70.508.915 төгрөгийг нэхэмжилсэн боловч хариуцагч Санхүүгийн мэдлэггүйн улмаас болж, НӨАТ-ын хуурамч падааныг худалдан авч, буруутай ажиллагаа хийж, бодит биш орлого хийсэн тул эцсийн хэрэглэгчийн 499 сая төгрөгт ногдох 45 сая төгрөгийг төлөхгүй, 330 сая төгрөгт ногдох 30 сая төгрөгийг төлнө гэж тайлбарлаж байгаа нь Татварын Ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх, мөн хуулийн 18.1.2 дахь хэсэгт татвар ногдуулах, төлөхтэй холбогдсон тооцоо, мэдээ, тайланг гаргаж, тогтоосон хугацаанд татварын албанд ирүүлэх гэсэн заалтуудыг зөрчиж тайлангаа ирүүлэхдээ үнэн зөв тайлагнаагүй, татварын шалгалтаар илэрсэн төлбөрийн актыг танилцуулахад, зөрчлийг зөвшөөрч зарим хэсгийг төлж, энэ талаар гомдол гаргаагүй, 330 сая төгрөгийн хувь хүмүүстэй тохиролцон Ажил гүйцэтгэсэн гэрээ-г хуурамчаар байгуулсанаа нотлох баримтаар шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн мөн зохигчдын тайлбар, үйл баримтаар хариуцагч татварын өрийг төлөх нь тогтоогдож байна.
  4. Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэс НӨАТ-ын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13 дэхь хэсэгт "нэмэгдсэн өртгийн албан татварын падаан" гэж тухайн төлбөр тооцоо хийснийг нотлох он, сар, өдөр, дахин давтагдашгүй төлбөрийн дугаар, албан татвар суутган төлөгчийн буюу худалдаа эрхлэгч, худалдан авагч албан татвар суутган төлөгчийн нэр, хаяг, татвар төлөгчийн дугаар, худалдаа хийгдсэн бараа, ажил, үйлчилгээний нэр, код, тоо хэмжээ, үнэ, төлбөр тооцооны болон татварын дүн зэрэг мэдээллийг агуулсан зориулалтын тоног төхөөрөмжөөс гаргасан цаасан болон цахим баримтыг хэлнэ мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт энэ хуулийн 7.1.1, 7.1.2-т заасан бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын үнэлгээнд 10 хувиар ногдуулна гэж зааснаар Си Эл энд Эн ХХК-ийн татварт тайлагнасан , эхний он, сар 2012 оны 12 дугаар сар, сүүлийнх нь 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 5119065 татвар төлөгчийн дугаартай Силикон стийл ХХК-иас 160.000.000 төгрөг, 143.699.000 төгрөг, 150.000.000 төгрөг, нийт 453.699.000 төгрөгийн НӨАТ-ын падаан авсан тайлан, 2014 оны 4 дүгээр сар, 2017 оны 3 сарын тайлангуудыг үндэслэн албан татвар ногдуулсан нь үндэслэлтэй байх тул хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу хариуцагч НӨАТ-ын өрийг төлөх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хэрэгт цугларсан бичгийн баримтууд хуульд заасан нотлох баримт гаргах, цуглуулах шаардлагыг хангасан, үнэн зөв, энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, эргэлзээгүй баримтууд гэж дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас 70.508.915 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 510495 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Татварын Ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, Нэмүү өртгийн албан татварын хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Си Эл энд Эн ХХК иас НӨАТ-ын өр 70.508.915 төгрөгийг гаргуулж, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Си Эл энд Эн ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 510495 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА