Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/458

 

                                                           

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, Г.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганболор, иргэдийн төлөөлөгч Э.Мөнхбат, улсын яллагч Х.Анхцэцэг, шүүгдэгч, хохирогч Ц.М, түүний өмгөөлөгч Д.Амаржаргал, шүүгдэгч, хохирогч Ч.Н, түүний өмгөөлөгч А.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108 03119 0080 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн, Б овгийн Ц.М, *** оны ** сарын **-ний өдөр Төв аймгийн Баянцогт суманд төрсөн, эрэгтэй, 34 настай, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл дөрөв, хамтран амьдрагч, хоёр хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Намаг 1 дүгээр гудамж, ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, урьд:

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн ** дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн.

2. Монгол Улсын иргэн, Т овгийн Ч.Н, *** оны ** дүгээр сарын **-ний өдөр Төв аймгийн Жаргалант суманд төрсөн, 25 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужир булан ** хэсэг гудамж, ** тоотод оршин суух бүртгэлтэй боловч ам бүл дөрөв, хамран амьдрагч, хоёр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн ** тоотод түр оршин суудаг, регистрийн дугаар: ***,  эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Ц.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 26-аас 27-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага наран ** тоотод хамтран амьдрагч Ч.Н-тай хувийн таарамжгүй харьцаанаас үүдэлтэйгээр маргаж, түлхэж унагаан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хоёр талын дээд үүдэн 1 дүгээр шүдний сулрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

 Шүүгдэгч Ч.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 26-аас 27-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага наран ** тоотод хамтран амьдрагч Ц.М-тэй хувийн таарамжгүй харьцаанаас үүдэлтэйгээр маргаж, өөрийгөө түлхлээ гэх шалтгаанаар хутгыг зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, нуруун тус газар нь хоёр удаа хутгалж, эрүүл мэндэд нь зүүн далны дээд хэсэгт цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндийд хий, цус хуралдалт, баруун сарвуунд зулгаралт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт тус бүр холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд:

“Шүүгдэгч, Б овгийн Ц.М, Т овгийн Ч.Н нар 2021 оны 11 дүгээр сарын 26-аас 27-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага наран ** тоот гэртээ согтууруулах ундаа хэрэглэж, улмаар хардалтаас үүдэн харилцан маргалдаж, Ц.М нь Ч.Н-ыг түлхэж унагаан буйдангийн гар амраагч мөргүүлэн бие махбодод нь “хоёр талын дээд үүдэн 1 дүгээр шүдний сулрал” бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан, үүний дараа Ц.М нь хоол хийх гээд гал тогооны хэсэгт хутга барин зогсож байх үед нь Ч.Н араас нь ирж түүний барьж байсан хутгыг булаан авч, Ц.М-ийн нуруу руу хоёр удаа хутгалан бие махбодод нь “зүүн далны дээд хэсэгт цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндийд, хий, цус хуралдалт, баруун сарвуунд зулгаралт” бүхий хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан“ үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

  1. 2. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт

Шүүгдэгч Ч.Н шүүх хуралдаанд: “...М намайг түлхээд унагаасан. Тэгээд би босож ирээд суусан чинь дахиад түлхэж унагаасан. М намайг 2 удаа түлхсэн. Би унахдаа шүдээрээ юманд цохигдсон. Тэгээд би М яагаад намайг түлхэж унагаад, зодож цохиод байдаг юм бол гэж дотроо их гомдоод тийм зүйл хийсэн. Түүнээс би М-ийг алах гэсэн санаа зорилго агуулаагүй байсан. Гэхдээ би согтуу байсан, тухайн үедээ хутгалсан гэдгээ санахгүй байсан. Би нөхөртэйгөө утсаар ярьж юу болсон талаар асуухад нөхөр ийм зүйл болсон талаар надад хэлсэн. Тэгээд тухайн үед болсон асуудал миний толгойд бага багаар орж, гараад байсан...” гэв.

Шүүгдэгч Ц.М: “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

-Хэргийн газрын үзлэг хийсэн: “...Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, бага наран ** тоотод ... байшинд ... үзлэгийг цааш явуулахад ханын стенкны урд доод хэсэгт 20 см зайтай байрласан саарал өнгийн 23 см урттай, ажлын хэсэг нь 12 см урттай хутгыг эд мөрийн баримтаар хураан авав ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн5 дахь тал);

-Ч.Н-ын хохирогчоор өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 26-аас 27-нд шилжих шөнө М-тэй маргалдаж байхад М намайг гараараа хүчтэй түлхэх үед би хажууд байсан буйдан луу унасан. Унах үедээ буйдангийн гарын тавиурыг мөргөж шүдээ гэмтээсэн. Тэгээд би босож ирээд М-ийг “дандаа хүн цохиж дээрэлхдэг” гээд үргэлжлүүлэн маргалдаад би М-ийг нуруунд нь хутгалсан. Би тухайн үед түлхүүлсэн болон урд нь зодуулж байснаа бодоод гурил хэрчиж байсан хутгыг нь булааж аваад ар талаас нь 2 удаа хутгаараа хатгаж гэмтээсэн. Урьд 2021 оны 9 сард М намайг бусадтай хардаж зодоод шүүхээр орж торгуулийн арга хэмжээ авхуулж байсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дахь тал);

“…Шинжээчийн 11910 дугаартай дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Дээрх гэмтлийг би нөхөр М-ийн биед хутгаар зүүн даланд хоёр удаа хатгаж гэмтээсэн. Би 11919 дугаартай дүгнэлттэй танилцлаа. Дээрх гэмтлийг манай нөхөр намайг түлхэж унагаад гэмтэл учруулсан. Би унахдаа буйдангийн гар амраагчийг мөргөөд гэмтсэн юм. Тэгээд нөхөртөө уурлаад хоол хийж байсан хутгыг нь булааж аваад араас нь хоёр удаа хатгаж гэмтээсэн... надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн дахин мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дахь тал);

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 11919 дугаартай “Ч.Н-ын биед хоёр талын дээд үүдэн 1 дүгээр шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 32 дахь тал);

-Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл “үүдэн шүд эмзэглэлтэй” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 84 дэх тал);

-Аюулын зэргийн үнэлгээний “бага” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 180-182 дахь тал);

-Шүүгдэгч Ц.М-ийн яллагдагчаар өгсөн: “...Н бид хоёр пиво уугаад сууж байхдаа өмнөх хойдох юмаа яриад маргалдсан. Би өмнө Н-тай үерхэж байсан нутгийн залуутай хардаад юм ярихад Н чи өөрөө тийм ариухан юм уу гээд бид хоёр хоорондоо хэрүүл хийж байгаад Н-ыг түлхсэн чинь унахдаа буйдангийн гар амраагчийг шүдээрээ мөргөөд унасан. Би буруу зүйл хийснээ ойлгож ухамсарлаж байна…” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 65 дахь тал);

-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан “Ц.М бусдад хутгалуулсан” тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дахь тал);

-Дуудлагын лавлагааны “эхнэр нь нөхрөө хутгалсан юм шиг байна, нөхөр нь хоёр далны хооронд хоёр удаа хатгуулсан бололтой байна. Түргэн ирээд авч явах гэтэл эхнэр нь явуулахгүй орилж хашхираад байна” гэсэн хуудас (хавтаст хэргийн 4 дэх тал);

-гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт, аюулгүй зэргийн үнэлгээний тэмдэглэл (хавтаст хэргийн 172-181 дэх тал);

-Шүүгдэгч Ц.М-ийн хохирогчоор өгсөн: “...Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн ** дүгээр гудамжны ** тоотод эхнэр Ч.Н, хоёр хүүхдийн хамт оршин суудаг. 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн өглөө босоод цайгаа уучхаад хөргөгчид байсан 5 лааз Сэнгүр пивыг хувааж уусан. Ингээд орой 18 цагийн үед миний таньдаг Т над руу залгаад манайд хүрээд ир гэхээр би Н-ын хамт Сонгинохайрхан дүүргийн 05 дугаар хороо, Дүүргийн засаг даргыг тамгын газрын ард байдаг гэрт нь очиж, хоол идэж 1 шил архи уусан. Бид хоёр оройн 23 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн. Тэгтэл Ч.Н миний өмнөх амьдралыг яриад маргалдаад намайг цохих гээд байхаар нь би Н-ыг цааш түлхсэн чинь дахиж, намайг цохих гээд байхаар нь би дахиж хүчтэй түлхэхэд Н газарт унасан. Тэгээд Н босож ирээд үүдэн шүдээ дараад “чи намайг яаж байгаа юм бэ” гээд дайраад байхаар нь “чи миний өнгөрсөн амьдралыг яриад хэрэггүй” гэж хэлээд хоол хийх гээд хэрчсэн гурилыг голоор хуваах гээд гэрийнхээ гал тогооны хэсэгт зогсож байсан. Тэгтэл Н миний гарт байсан цагаан өнгийн төмөр хутгыг булааж аваад миний ар нурууны хэсэгт 2 удаа хатгасан. Миний биеэс их хэмжээний цус гараад тогтохгүй байсан. Тэгээд Ч.Н өөрөө 103 дуудаад намайг үзүүлсэн чинь яаралтай гэмтлийн эмнэлэг руу авч явсан. Ингээд би гэмтлийн эмнэлэгт 4 хоног хэвтэн эмчлэгдэж байгаад эмнэлгээс гарсан юм. Би Ч.Н-тай гэрлэлтийн баталгаагүй хамтран амьдраад 1 жил гаран болж байна. Бид хоёр дундаасаа хүүхэдгүй. Намайг Н хардалтын улмаас хутгалсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дэх тал);

“...Би шүүх эмнэлгийн 11910 дугаартай хүнд зэргийн дүгнэлттэй уншиж танилцсан. Уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Дээрх гэмтлийг надад манай эхнэр Н хутгаар зүүн талын даланд хоёр удаа хатгаж гэмтээсэн. Би шинжээчийн 11919 дугаартай дүгнэлттэй уншиж танилцсан. Би дээрх гэмтлийг эхнэр Н-ын биед түлхэж унагаж учруулсан. Н унахдаа буйдангийн гар амраагчийг мөргөөд унасан. Н бид хоёр 2021 оны 9 сард маргалдаад биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулж шүүхээр орж 500 нэгжээр торгуулж байсан. Торгуулиа төлөөгүй байгаа. Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн дахин мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дахь тал);

-Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 11910 дугаартай: “...Ц.М-ийн биед зүүн далны дээд хэсэгт цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндийд, хий, цус хуралдалт, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх шарх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр, зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Цээжний хөндийн нэвтэрсэн шарх, цээжний хөндийд хий, шингэн хуралдалт нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, баруун сарвууны зулгаралт гэмтэл нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Эсэргүүцэн тэмцэлдсэн ул мөр үгүй байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 37-38 дахь тал), өвчний түүх (хавтаст хэргийн 49-56 дахь тал);

-Гэрч Ж.А-ын: “Би Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн нийтийн хэв хурам хамгаалах тасагт эргүүлийн офицерын ажил хийдэг юм. 2021 оны 11 дүгээр сарын 26-аас 27-нд шилжих шөнө бүргэд 114 дүгээр чиглэлд цагдаагийн ахлах ахлагч Б.М-ийн хамт үүрэг гүйцэтгэж байхад 27-ны шөнийн 00:48 минутад Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн ** тоотод эхнэр нь нөхрөө хутгалчихсан байна, Нөхөр нь хоёр далны хооронд хоёр удаа хутгалуулсан бололтой байна. Түргэн ирээд авч явах гэтэл эхнэр нь явуулахгүй орилж хашхичаад байна гэх дуудлагаар уг тоотын үүдэнд очиход 103 түргэн тусламж үүдэнд ирчихсэн нөхрийг нь авч явах гэж байсан ба эхнэр нь гэх эмэгтэй бас гадаа үүдэндээ байсан. Тэр эхнэр нөхөр хоёр нэлээн согтуу байдалтай хоорондоо зодолдсон шинжтэй байсан. 103 эмч нөхрийнх нь ар далны хэсэгт хоёр удаа хутгалуулсан шарх байна гэж хэлсэн. Мөн эхнэрийн хувцас хунар, нүүр гар нь цус болсон байдалтай байсан. Эхнэрийг нь машинд суулгаад, бүрэлдэхүүн ирэхэд нь мөрдөгч Н хэргийн газрыг хүлээлгэн өгөөд эхнэр Н гэдэг эмэгтэйг эрүүлжүүлэх байранд хүргэж өгсөн. 103 эмч Н-ын биед гэмтэл бэртэл байгаа талаар хэлээгүй. Гэхдээ Н-ын хувцас хунар, гар, нүүр нь цус болсон байдалтай байсан. Н намайг нөхөр түлхэж унагаад шүд хөдөлсөн гэж хэлж байсан. Эхнэр нөхөр хоёроос өөр хүн байгаагүй..." гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 184 дэх тал);

-Шүүгдэгч Ч.Н-ын "...маргалдах болсон шалтгаан нь М манай нутгийн найз Н-тай хардаж зуны явдлыг ярьж байгаад намайг ор луу түлхээд унагасан. Би орны гар амраагчийг мөргөж унахдаа амаа цохиод шүдээ гэмтээсэн. Тэгээд М цаашаа гал тогооны өрөө рүү ороод хоол хийх гээд мах хэрчээд зогсож байсан. Би том өрөөнөөс гүйж гарч ирээд М-д хандан “чи яахаараа намайг дандаа зодож байдаг юм” гэж хэлсэн. Тухайн үед М гартаа хутга барьсан байхаар нь “чи одоо намайг хутгалах нь уу” гэж хэлээд гараас нь хутгыг нь булааж авахад М цаашаа эргээд харахад араас нь зүүн дал хэсэгт 2 удаа хутгалсан. Тэгээд М-ийн араас цус гарахаар нь сандраад түргэн тусламж дуудсан. Удалгүй түргэн цагдаа ирээд М-ийг эмнэлэг рүү аваад явсан. Би энэ үйлдэлдээ маш их гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 75 дахь тал) зэрэг нотлох баримтаар шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.

Талууд хэргийн үйл баримтын талаар мэтгэлцээгүй бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаас нэгийг нөгөөгөөр нь няцаан үгүйсгээгүй, нотлох баримтаас хасуулах талаар хүсэлт гаргаагүй болно.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц оролцогч нарын хуулиар баталгаажсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч Ч.Н-ын өмгөөлөгч А.Ганбат гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Н гэмт хэрэгт холбогдсон шалтгаант холбоог харгалзан үзэх хэрэгтэй. Н нь удаа дараа зодуулсан, гэр бүлийн хүчирхийлэлд орсон зэргийг тэвчиж ядаад тухайн мөчид гэнэт ийм асуудал болсон байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлд зааснаар санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсаны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэсэн зүйл анги байна. Н-ын урьд нь зодуулж байсан. Тухайн үед М Н-ыг дахин зодож, түлхээд унагаасан. Унагаасны улмаас Н маш их гомдсон. Тэгэх үед санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан түүний улмаас энэ гэмт хэрэг үүссэн. Хоёрдугаарт гэр бүлийн хүрээнд архидах нь байж болохооргүй асуудал ч архидан согтуурсны улмаас энэ хэрэг гарсан байна. Зүйлчлэл солих нь онолын түвшинд ойртож очно гэсэн тайлбарыг гаргаж байна...” гэв.

Шүүгдэгч Ц.М-ийн өмгөөлөгч Д.Амаржаргал гэм буруугийн талаарх дүгнэлтээ: “...Миний үйлчлүүлэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь гэрчийн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байгаа. Гэхдээ уг гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь гэр бүлийн хүрээнд архидан согтуурсны улмаас гарсан. Дахин энэ гэмт хэрэг гаргахгүйн тулд урьдчилан сэргийлж тухайн баг хорооны засаг даргад ямар нэгэн байдлаар мэдэгдэл хүргүүлэх арга хэмжээ авах нь зүйтэй. Мөн Н М-тэй хамтран амьдраад 1 жил орчим болж байгаа. Хэрэв Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг тогтоосон бол хүний биед хүнд гэмтэл санаатай учруулах биш Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлд зааснаар зүйлчлэх байсан гэж үзэж байна...” гэв.

Шүүгдэгч/хохирогч нарын өмгөөлөгч нар хэргийн үйл баримтын талаар шүүхэд ирүүлсэн хэргээ хэмжээ болон шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтыг няцаан үгүйсгэж мэтгэлцээгүй боловч зүйлчлэлийн хувьд шүүгдэгч Ч.Н-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлд заасан “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт шинжтэй гэж үзэн дүгнэлт гаргасан. Тэд үндэслэлээ Ч.Н урьд хамтран амьдрагч Ц.М-д зодуулж байсан бөгөөд тухайн өдөр дахин зодуулснаас болж санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнд гэмтэл учруулсан хэмээн тайлбарласан юм.

 Санаа сэтгэл нь гэнэт хүчтэй цочрон давчдах буюу физиологийн аффект гэдэг нь сэтгэцийн өндөр зэрэглэлийн тэсрэлтээр илрэх бөгөөд хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэхүйн хэвийн байдал алдагдан өөрийн үйл ажиллагааг удирдан жолоодох, өөртөө хяналт тавих чадваргүй болсон байдлыг хэлдэг.[1]

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтаар шүүгдэгч Ч.Н нь хохирогч Ц.М-ийн хууль бус буюу өөрийг нь түлхэж унаган гэмтээсэн үйлдлээс хойш тодорхой хугацааны дараа Ц.М-ийг хоол хийгээд байж байх үед араас нь очиж “чи намайг хутгалах гэж байна уу” хэмээн хэрүүл маргаан үүсгэж, улмаар хутгыг булаан авч, араас нь хоёр удаа хутгалсан байх тул хохирогч Ц.М-ийн хууль бус үйлдлийн улмаас шүүгдэгч Ц.Н-ыг хоромхон зуур гэнэтийн цочролд орсон гэж үзэхээргүй байна.

Шүүхийн сэтгэц гэм судлалын шинжлэх ухаанд “энгийн сэтгэл цочирдол” буюу “физиологийн хариу урвал” гэдэг нь сэтгэлийн сөрөг нөлөөний гаралтай гэнэтийн хүчтэй цочролуудыг үед огцом үүсдэг, богино хугацаанд үргэлжилдэг, эрс хүчтэй сэтгэл хөдлөл юм. Энгийн сэтгэл цочирдол үүссэн эсэхийг тогтоох болон түүнтэй гэмт хэргийг холбон дүгнэлт хийх нь шүүхийн сэтгэц гэм судлалын шинжээч эмчийн шийдвэрлэвэл зохих эрх мэдлийн асуудал биш.[2]

Үүнээс үзвэл санаа сэтгэл нь гэнэт хүчтэй цочрон давчидсан эсэхийг шинжээчээр тогтоолгох шаардлагагүй бөгөөд шүүх хэргийн нөхцөл байдал, шинжлэн судалсан нотлох баримт, шүүгдэгч хохирогч нарын харилцаа зөрчилдөөн, тэдний зан үйлийн хэр хэмжээг үнэлэн тодорхойлох хууль зүйн асуудал байна.

Шүүгдэгч/хохирогч Ч.Н, шүүгдэгч/хохирогч Ц.М нар нь хамтдаа архидан согтуурсан бөгөөд харилцан маргалдсан байна. Гэтэл энэ үед шүүгдэгч/хохирогч Ц.М нь шүүгдэгч/хохирогч Ч.Н-ыг түлхэх үйлдэл хийсэн боловч үйлдлээ үргэлжлүүлэлгүйгээр түүнийг орхин холджээ. Шүүгдэгч/хохирогч Ц.М-ийн үйлдэл нь хууль бус боловч шүүх нөхцөл байдлыг хүндээр доромжилсон, хүчээр дарласан зэрэг физиологийн хариу урвал илрэх хэр хэмжээний цочроогч биш гэж үзсэн болно.

Түүнчлэн, шүүгдэгч/хохирогч Ч.Н шүүхийн хэлэлцүүлэгт “...Гэхдээ би согтуу байсан, тухайн үедээ хутгалсан гэдгээ санахгүй байсан. Би нөхөртэйгөө утсаар ярьж юу болсон талаар асуухад нөхөр ийм зүйл болсон талаар надад хэлсэн...” гэж мэдүүлсэн, гэрч Ж.А мөрдөн байцаалтад “...2021 оны 11 дүгээр сарын 26-аас 27-нд шилжих шөнө бүргэд 114 дүгээр чиглэлд цагдаагийн ахлах ахлагч Б.М-ийн хамт үүрэг гүйцэтгэж байгаад 27-ны шөнийн 00:48 минутад Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн ** тоотод эхнэр нь нөхрөө хутгалчихсан байна. Түргэн ирээд авч явах гэтэл эхнэр нь явуулахгүй орилж хашхичаад байна гэх дуудлагаар очиход 103 түргэн тусламж үүдэнд ирчихсэн нөхрийг нь авч явах гэж байсан ба эхнэр нь гэх эмэгтэй бас гадаа үүдэндээ байсан. Тэр эхнэр, нөхөр хоёр нэлээн согтуу байдалтай хоорондоо зодолдсон шинжтэй байсан. 103 эмч нөхрийнх нь ар далны хэсэгт хоёр удаа хутгалуулсан шарх байна гэж хэлсэн. Эхнэрийг нь машинд суулгаад, бүрэлдэхүүн ирэхэд нь мөрдөгч Н хэргийн газрыг хүлээлгэн өгөөд эхнэр Н гэх эмэгтэйг эрүүлжүүлэх байранд хүргэж өгсөн...” гэсэн мэдүүлэг, мөн шуурхай удирдлагын тасгийн “...эхнэр нь нөхрөө хутгалсан юм шиг байна, нөхөр нь хоёр далны хооронд хоёр удаа хатгуулсан бололтой байна. Түргэн ирээд авч явах гэтэл эхнэр нь явуулахгүй орилж хашхираад байна...” гэсэн дуудлагын лавлагааны хуудас (хх-ийн 4 дэх тал) зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Ч.Н нь гэмт хэрэг үйлдэх үедээ согтуурсны улмаас өөрийгөө хянах чадваргүй байсан болох нь тогтоогдож байна. Иймд түүнд физиологийн хариу урвал илрээгүй гэж үзэх үндэслэлтэй юм.

            Шүүх хуралдаанд иргэдийг төлөөлөн оролцсон Э.Мөнхбат нь шүүгдэгч нарын гэм буруугийн талаар “шүүгдэгч Ц.М болон шүүгдэгч Ч.Н нар хоёулаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна” гэсэн дүгнэлт гаргасан болохыг мөн дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Ч.Н, Ц.М нарын үйлдэл нь идэвхтэй бөгөөд ухамсарт үйлдэл байхын сацуу хууль бус болох нь илэрхий атал тэд харилцан бие биедээ гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул тэднийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Түүнчлэн, шүүгдэгч Ч.Н, Ц.М нар албан ёсны гэр бүлийн баталгаагүй хэдий ч, эхнэр нөхрийн харилцаатай хамтран амьдарч байх тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад “...хамтран амьдрагч...” гэж зааснаар тэд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс болно. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт Энэ хуулийн ... үйлчлэлд хамаарах хүний ... эрүүл мэндэд гэм хор учруулсан, ... үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ хэмээн тодорхойлсон, Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хуульд ... заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална.” гэж заасан хууль ёсны зарчмын дагуу шүүгдэгч Ц.М-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж, мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь заалтад “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж тус тус хуульчилсан тул хүндрүүлэн зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгч Ч.Н нь энэ гэмт хэргийг үйлдэхдээ үйлдвэрийн хийц бүхий бүтцийн хувьд аливаа биетийг гэмтээх хэрэгсэл болох хутга хэрэглэсэн байх тул түүнийг гэмт хэрэг үйлдэхдээ зэвсэг хэрэглэсэн гэж үзэн зүйлчлэл хүндрүүлэх үндэслэл болжээ.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийн “зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” шинжийг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” шинжийг тус бүр бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүхээс шүүгдэгч Ц.М-ийн хувьд хамтран амьдрагч Ч.Н-ыг түлхэж унагаасан үйлдэл болон хохирогч Ч.Н-ын үүдэн дээд 1 дүгээр шүдний сулрал гэмтэл нь, шүүгдэгч Ч.Н-ын хохирогч Ц.М-ийн нуруу руу хоёр удаа хутгалсан үйлдэл болон Ц.М-ийн биед учирсан зүүн далны дээд хэсэгт цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндийд хий, цус хуралдалт гэмтэл буюу амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл нь тус бүр өөр хоорондоо шалтгаант холбоотой гэж дүгнэв.

Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийн хувьд эхнэр нөхрийн харилцаатай хамтран амьдрагч нар ахуйн хүрээнд архидан согтуурч, улмаар эр эмийн хардлага сэрдлэгийн улмаас харилцан маргалдаж, бие биеэ үл хүндэлснээс үүдэлтэй байна.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Ц.М-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Ч.Н-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад зааснаар тус бүр эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

    1. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Шүүгдэгч Ч.Н, Ц.М нар хохирогчийн хувьд харилцан бие биеэсээ нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй“ гэж мэдүүлж байх тул тэднийг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдлаа.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:       

    1. Талуудын санал, дүгнэлт    

Улсын яллагч: “...Ц.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох, уг оногдуулсан ялыг 5 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар урьд шийтгэх тогтоолоор оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгэн 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгийн торгох ялыг 5 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоолгох саналтай байна. Шүүгдэгч Ч.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад зааснаар 5 жил 6 сар хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч Ц.М, Ч.Н нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тогтоолд дурдуулах, эд баримтаар хураагдсан саарал өнгийн иштэй хутга 1 ширхгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах саналтай байна. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө байхгүй...” гэв.

Шүүгдэгч Ч.Н-ын өмгөөлөгч А.Ганбат: “...Н-ыг нэгэнт гэм буруутайд тооцсон тул оногдуулсан ялыг хөнгөрүүлэх байр суурьтайгаар дүгнэлтээ хэлье. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх” гэсэн заалт байдаг. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасан заалтыг хэрэглэж өгнө үү...” гэв.

 Шүүгдэгч Ц.М-ийн өмгөөлөгч Д.Амаржаргал: “...Миний үйлчлүүлэгч бага насны 2 хүүхэдтэй. Иймд хувийн байдлыг нь харгалзан торгох ялыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү. Өмнө нь авч байсан торгуулийн ялыг биелүүлсэн байгаа. Мөн Н-д ямар нэгэн гомдол санал байхгүй талаар хохирогч М хэлсэн. Иймд Ганбат өмгөөлөгчийн хэлж байгаагаар Н М нар нь нэг гэр бүлийн хоёр, залуу хүн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж өгнө үү...” гэв.

    1. Эрүүгийн хариуцлага

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ч.Н нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Ц.М-д эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Ц.М нь өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгсэлгүй, үл хөдлөх хөрөнгөгүй, гэрлэж байсан, эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй, оршин суух тодорхой хаягтай, урьд ял шийтгүүлж байсан, уг ял биелүүлсэн эсэх тодорхойгүй гэсэн хувийн байдлыг тогтоов. Харин шүүгдэгч Ч.Н нь урьд гэрлэж байгаагүй, өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгсэлгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Төв аймгийн Жаргалант суманд өмчлөлийн газартай, тодорхой оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй гэсэн хувийн байдлыг тодорхойлов.

Шүүгдэгч Ц.М-ийн орлогыг тодорхойлсон баримт байхгүй, мөн тэрээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан торгуулийн ялыг төлсөн гэх боловч үүнийг нотолсон баримт байгаагүй тул түүнд торгох ял оногдуулах боломжгүй гэж үзэв. Харин шүүгдэгч Ч.Н-ын өмгөөлөгчөөс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг хэрэглэх санал гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй юм. Учир нь, гэм буруу буюу үйл баримт, зүйлчлэл, хохирлын талаар маргасан тохиолдолд хууль зүйн хувьд тус зүйл, хэсэг, заалтыг хэрэглэх боломжгүй болдог.

Иймд шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ч.Н-д таван жил зургаан сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ц.М-д долоон зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэх нь энэ гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, арга хэрэгсэл, учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нарын гэм буруу, хувийн байдалд нь тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх зорилгыг хангана гэж үзэв.

 Шүүгдэгч Ц.М нь өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг биелүүлсэн эсэх нь тодорхойгүй байх тул Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно...” гэж зааснаар түүнд энэ тогтоолоор оногдуулсан долоон зуун хорин цагийн хугацаагаар хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн ** дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялаас тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ч.Н-ын анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан таван жил зургаан сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр зүйтэй.

    1. Бусад асуудал

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг хутгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэхээр тогтов.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.М, Ч.Н нар нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Ч.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн тоолж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ч.Н-д авсан цагдан хорих, Ц.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус бүрд нь хэвээр үргэлжлүүллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Б овгийн Ц.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд, Т овгийн Ч.Н-ыг мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тус бүр тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ч.Н-д таван жил зургаан сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М-д долоон зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Н-д оногдуулсан таван жил зургаан сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М-д энэ тогтоолоор оногдуулсан долоон зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял болон тус шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн ** дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 500,000.0 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад шилжүүлсүгэй.

6.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.М, Ч.Н нар нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Ч.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн тоолсугай.

8.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ц.М-д авсан хувийн баталгаа гаргах, шүүгдэгч Ч.Н-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус бүрд нь хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

 

                  ДАРГАЛАГЧ                                            Б.БАТАА

 

                                             ШҮҮГЧ                                          Г.АЛТАНЦЭЦЭГ

 

                                                                                                    Г.МӨНХЗУЛ

 

[1] УДШ, Эрүүгийн хуулийн 93 дугаар зүйлийн зарим заалтыг тайлбарлах, санаа сэтгэл нь гэнэт хүчтэй цочрон давчидсан үед бусдыг санаатай алах гэмт хэргээс ялгаж, зөв зүйлчлэх талаар, 2008, тогтоол №14

[2] С.Бямбасүрэн, Ш.Доржжадамба, Шүүхийн сэтгэц гэм судлал, х240-241, (1990)