| Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би, Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 26 дугаар байрны 1-1 тоотод оршин суух, 1975 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЭ75011272, Борлууд овогт Цогоогийн Мөнгөнтулга, Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 26 дугаар байрны 1-1 тоотод оршин суух, 1976 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОВ76120600, Тугтан овогт Цэвээнжавын Хишгээ нарын нэхэмжлэлтэй, Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар багт оршин суух, 1974 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОВ74030600, Зуутраг овогт Насанжаргалын Цэрэнминжинд холбогдох, Гэм хорын хохирол 445.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад, ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч Ц.Мөнгөнтулга, Ц.Хишгээ нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Мөнгөнтулга миний бие нь 2017 оны 4 дүгээр сарын 23-ны өглөө машинтайгаа гадуур явж байгаад гэрийн гадаа иртэл иргэн Н.Цэрэнминжин байрнаас согтуу гарч ирээд машинд зөвшөөрөлгүй дайран орж ирээд эхнэр Ц.Хишгээгийн мобикомоос зээлээр авсан гар утсыг гараараа дарж хагалсан. Ингээд тухайн үед энэ байдлыг хэлэх гэсэн боловч ямар ч хүлээн авах чадваргүй байсан, тэгээд бэргэн эгч болох Л.Сарантуяад утсыг үзүүлэхэд одоо боломжгүй байгаа юм чинь маргааш ярина гэсэн. Маргааш нь буюу 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр очиж уулзаад утсыг үзүүлээд ярилцаж тохиролцоод 4-5 хоногийн дотор ямаа самнаад орж ирнэ гээд явсан. Ямаа самнаад төлж өгнө гэсэн боловч одоог хүртэл сураг чимээгүй алга болсон. Иймд шүүхэд хандахаас өөр аргагүйд хүрч зохих хууль журмын дагуу намайг хохиролгүй болгож хариуцагч Н.Цэрэнминжингээс утасны үнэ 445.000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ. Хариуцагч Н.Цэрэнминжин шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Ц.Мөнгөнтулгын гаргасан нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Би 2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр бэргэн эгч Л.Сарантуяагийн алдарын цайллаганд нөхөр Энхмандах болон бусад ах, дүүгийн хамт ирж улмаар тэндээ хоносон. Маргааш өглөө Чандмань орж айлд очихоор уг айлаас гарахдаа ах Эрдэнэбилэг, хүргэн Батмөнх, дүү Оюунчимэг, Мөнхжаргал, нөхөр Энхмандах нарын хамт зургуулаа явсан. Тэгэхэд байрны гадна нэхэмжлэгч Ц.Мөнгөнтулга машинтайгаа зогсож байсан бөгөөд Чандмань хүргүүлэхийг хүсэхэд хүлээн зөвшөөрсөн юм. Уг машинд зөвшөөрөлгүй суусан гэх нь худал юм. Мөн гэмтсэн гэх утас нь хаана байгаад хагарч цуурсан гэдэг нь тодорхойгүй байсан. Хэрэв хүн үнэ бүхий зүйлээ илэрхий гэмтээсэн тохиолдолд тэр даруйдаа дуугүй өнгөрөх нь юу л бол. Бидний хамт явсан хүмүүс ухаан санаа саруул явсан билээ. Гэтэл намайг согтуу байсныг далимдуулан хариуцагч болгож байгаад гомдолтой байна. Ц.Мөнгөнтулга нь Чандманьд хүргэн ах Нямсүрэнгийнд очиж хамт ороод цай уугаад явсан. Ц.Мөнгөнтулга нь өөрөө утсаа гэмтээчихээд согтуу надтай хамааруулж байгааг хэн нотолсон юм. Уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна гэжээ. Нэхэмжлэгч Ц.Мөнгөнтулга, Ц.Хишгээ, хариуцагч Н.Цэрэнминжин нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: Бид нар харилцан ярилцаж тохиролцсоны үндсэн дээр 445.000 төгрөгөөс 245.000 төгрөгийг хасч 200.000 төгрөгийг Н.Цэрэнминжин нь Ц.Мөнгөнтулга, Ц.Хишгээ нарт 2017 оны 8 дугаар сарын 16-23-ны өдрүүдэд төлөхөөр эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ. Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч Ц.Мөнгөнтулга, Ц.Хишгээ нар нь хариуцагч Н.Цэрэнминжинд холбогдуулан гэм хорын хохирол 445.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ц.Мөнгөнтулга, Ц.Хишгээ, хариуцагч Н.Цэрэнминжин нар нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлага болох гэм хорын хохирол 445.000 төгрөгөөс 245.000 төгрөгийг хасч 200.000 төгрөгийг хариуцагч 2017 оны 8 дугаар сарын 16-23-ны өдрүүдэд төлж барагдуулахаар тохиролцсон болох нь зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна. Уг гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ. Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14.000 төгрөг төлсөн ба зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас зохигчдын эвлэрсэн хэмжээ буюу 200.000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 6650 төгрөгийн тал хувь 3325 төгрөгийг төрийн сангаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, 6650 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Н.Цэрэнминжингээс 3325 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Мөнгөнтулга, Ц.Хишгээ нарт олгох нь зүйтэй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 1. Нэхэмжлэгч Ц.Мөнгөнтулга, Ц.Хишгээ, хариуцагч Н.Цэрэнминжин нар нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлага 445.000 төгрөгөөс 245.000 төгрөгийг хасч, 200.000 төгрөгийг хариуцагч 2017 оны 8 дугаар сарын 16-23-ны өдрүүдэд төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 150000941 тоот данснаас 3325 /гурван мянга гурван зуун хорин таван/ төгрөг, хариуцагч Н.Цэрэнминжингээс 3325 /гурван мянга гурван зуун хорин таван/ төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ц.Мөнгөнтулга, Ц.Хишгээ нарт олгож, 6650 /зургаан мянга зургаан зуун тавь/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Н.Цэрэнминжин сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчидшүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй. ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ |