| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2017/01654/И |
| Дугаар | 102/ШШ2017/01517 |
| Огноо | 2017-05-24 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 102/ШШ2017/01517
| 2017 оны 05 сарын 24 өдөр | Дугаар 102/ШШ2017/01517 | Улаанбаатар хот |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, Өнөр хороолол, 30 дугаар байрны 45 тоотод оршин суух Ногоон овогт Данаагийн Төмөрчөдөрийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар Бичил хороолол, Хасбаатарын гудамж, 19 дүгээр байрны 95 тоотод оршин суух Есүхэй овогт Бяхарсүрэнгийн Дагвадоржид холбогдох зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 4.200.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Амаржаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч Д.Төмөрчөдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.Дагвадоржтой 2014 оны 6 дугаар сарын 02-ны өдөр өөрийн өмчлөлийн 41-07 УНГ улсын дугаартай KNAGE22528А25108 тоот арлын дугаартай K.Lote маркийн 2008 онд үйлдвэрлэгдсэн саарал өнгөтэй, суудлын зориулалттай, тээврийн хэрэгслийг 8.000.000 төгрөгөөр худалдахаар тохиролцон, урьдчилгаа төлбөрт 1.000.000 төгрөгийг авч, сар бүрийн 26-ны өдөр 500.000 төгрөгийг төлж, 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр бүрэн барагдуулахаар Зээлээр худалдах, худалдан авах гэрээ-г байгуулсан.
Гэрээний хугацаанд болон хугацаа дууссаны дараа Дагвадоржоос нийт 4.900.000 төгрөгийг бэлнээр авсан бөгөөд үлдэгдэл 3.100.000 төгрөгийг 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр, сарын 4 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай, сар бүрийн 15-нд 800.000 төгрөгийг хүүгийн хамт төлөхөөр /800000+хүү, 800000+хүү, 900.000+хүү/, хугацаа хэтэрвэл Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хоногийн 0.5 хувийн алданги тооцож, 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр бүрэн төлж дуусахаар Зээлээр худалдах, худалдан авах гэрээ-г шинэчлэн байгуулсан болно.
Сүүлийн гэрээ байгуулсан өдөр 600.000 төгрөгийг өгснөөс хойш ямар ч төлбөр төлөөгүй.
Иймээс үндсэн зээлд 2.500.000 төгрөг, 3 сарын хүү 300.000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх хоног тутамын алданги 14000 төгрөг буюу 313 хоногийн алданги 4.382.000 төгрөг, хуулинд заасны дагуу гүйцэтгээгүй үнийн дүн 2.800.000 төгрөгийн 50 хувь болох 1.400.000 төгрөг, нийт 4.200.000 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.
Хариуцагч Б.Дагвадорж шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн Б.Дагвадорж миний бие 2014 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Д.Төмөрчөдөртэй уулзан зарах буюу дараа төлбөрөөр төлөх автомашин байна уу? гэхэд 2008 онд үйлдвэрлэсэн, 2013 онд Монголд ирсэн K.Lote маркийн суудлын газан машин, орги ирснээрээ байгаа. Бэлнээр 5.500.000 төгрөг, дараа төлбөртэйгээр 6.000.000 төгрөгт өгнө гэсэн.
Тухайн үед Да хүрээ зах дээр Солонгосоос орж ирсэн адил төрлийн автомашин 5.500.000 төгрөгийн ханштай байсан. Гэхдээ машины үндсэн үнийг 6 сая гэж тохирч, хугацаа сунжраад, удаан хугацаанд төлбөр хийх бол надад ашиг орлого муу байдаг учраас 2.000.000 төгрөг нэмж, заасан хугацаа хэтэрвэл 8.000.000 төгрөг болгож өгнө гэж гэрээ байгуулан, урьдчилгаанд 1.000.000 төгрөг төлсөн.
Д.Төмөрчөдөр 2014 оны 6 дугаар сарын 02-ны өдөр гэрээ байгуулахдаа миний саналыг асуухгүйгээр 6.000.000 төгрөгийн төлбөрийн хугацааг 2 сараар бичүүлж, хугацаа хэтэрвэл 8.000.000 төгрөгийн төлбөр хийхээр гэрээ байгуулсан.
Уг машиныг 2013 онд Солонгосоос оруулж ирсэн даруйдаа өөр хүнд дараа төлбөрөөр өгөөд нөгөө хүнээсээ 2014 оны 6 дугаар сарын 01-ний өдөр буцааж аваад, бидэнд өгсөн байсныг нь сүүлд олж мэдсэн бөгөөд надад өгсөн машины дугуй, аккумлятор муу, тэнхлэг тохиргоогүй, 1 кадушки ажиллахгүй доголдолтой байсныг явцын дунд мэдээд, Д.Төмөрчөдөрт утсаар хэлэхэд урьд нь нэг гаргачихсан юмаа ах гэж хэлсэн. Дүүгээ машинтай болгох үүднээс буцааж солиод яахав гэж бодоод, 4 шинэ дугуй, аккумлятор, тэнхлэг тохиргоо, 1 гар, 1 кадушкийг өөрийн мөнгөөр тавьж, засварын хөлстэйгээ нийлээд ойролцоогоор 1 сая төгрөг болсон.
Д.Төмөрчөдөрт би 2016 оны 3 дугаар сар хүртэл 5.300.000 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 600.000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 5059252024 тоот дансанд 300.000 төгрөг, нийт 6.200.000 төгрөгийг төлсөн.
Өнөөдрийн байдлаар машинд анх төлсөн 6.200.000 төгрөг, машины засварт 1.000.000 төгрөг, нийт 7.200.000 төгрөгийг зарцуулжээ. Тухайн үеийн ханшаар 1 жил явсан газын машин 4.500.000 төгрөгийн үнэтэй гэж тооцвол Д.Төмөрчөдөр бид хоёрын хооронд ямар нэгэн маргаан байхгүй гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Амаржаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид Д.Төмөрчөдөрт өөрийн өмчлөлийн 41-07 УНГ улсын дугаартай, K.Lote маркийн суудлын авто машинаа зарсан нь үнэн. Гэтэл гэрээнд заасан төлбөрөө хугацаанд нь төлөхгүй, өнөөдөр, маргааш гэсээр өдий хүрсэн.
Анх зээлээр авах бол 8.000.000 төгрөгт өгнө гээд хүү, алданги заагаагүй, машины үнийг бүрэн төлсний дараа гэрчилгээгээ шилжүүлэхээр гэрээ байгуулсан бөгөөд мөнгөө төлөхгүй болохоор дахин гэрээ хийсэн. Биднээс авсан машинаа цааш нь ажилтан Ганзориг гэж хүнд өгсөн байсан. Яагаад, энэ талаар мэдсэн гэхээр Замын цагдаагийн газраас яриад, машин чинь дүрэм зөрчсөн байна төлбөрөө төл гэхэд мэдэж, Багануур явж машинаа авчраад, Д.Төмөрчөдөрт өгөөд, мөнгөө хурдан төл гэсэн. Одоо үндсэн төлбөрөөс 600.000 төгрөг өгснийг хасаад, 2.500.000 төгрөгийг, алдангийн хамт гаргуулж өгнө үү, гэв.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Д.Төмөрчөдөр, хариуцагч Б.Дагвадоржоос зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 4.200.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж зааснаар хариуцагч Б.Давгадоржид шүүх хуралдааны товыг 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 14 цаг 54 минутанд, түүний 91916126 дугаарын утсанд залгаж мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлтийг хүлээн авч, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж,үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
1.Хариуцагч , нэхэмжлэгчээс 41-07 УНГ улсын дугаартай, K.Lote маркийн, 2008 онд үйлдвэрлэгдсэн саарал өнгөтэй, суудлын зориулалттай, тээврийн хэрэгслийг 8.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон нь 2014 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Автомашин зээлээр худалдах, худалдан авах болон 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээ, машины төлбөрт мөнгө төлсөн тухай талуудын тайлбараар тогтоогдож байна.
2.Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээнүүд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно зааснаар хуульд заасан үндэслэл шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ болох нь нотлогдож байна.
3.Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ гэснээр нэхэмжлэгч суудлын автомашиныг шилжүүлж, хариуцагч машиныг хүлээн авч унаж байгаа нь тогтоогдож байгаа тул машины үнийг төлөх үүрэгтэй байна.
4.Нэхэмжлэгч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж зааснаар хариуцагчаас алданги нэхэмжлэх эрхтэй.
5.Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч, хариуцагч Б.Давгадорж машины үнийн урьдчилгаа төлбөрт 1.000.000 төгрөг, 2014 оны 7 дугаар сард 500.000 төгрөг, 12 дугаар сард 1.500.000 төгрөг, 2015 оны 7 дугаар сард 1.000.000 төгрөг, 2016 онд 600.000 төгрөг, 2017 оны 2 дугаар сард цагаан сарын үед хүү гэж 300.000 төгрөг төлсөн, өнөөдрийн байдлаар тооцоод үзэхэд үндсэн мөнгө 2.500.000 төгрөгийг, алдангитай хамт гаргуулмаар байна гэх тайлбарыг гаргасан ба гэрээний дагуу төлөх 3 сарын хүүг төлсөн гэж нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт ...анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнд 2.500.000/ үндсэн зээл/х0.5%=12.500 төгрөг/нэг хоногийн алданги/, 12500х313/хоног/=3.912.500 төгрөгийн алданги тооцохоор байгаа боловч гүйцэтгээгүй үнийн дүн 2.500.000:50 хувь=1.250.000 төгрөгийн алданги тооцохоор байна.
Иймээс хариуцагчаас 2.500.000/үндсэн зээл/+1.250.000 /2016 оны 6 дугаар сарын 16-наас 2017 оны 4 дүгээр сарын 24-ны өдрийг хүртлэх 313 хоногийн алданги/= нийт 3.750.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 4.200.000-3.750.000= 450.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад, хуулийн дагуу цуглуулсан, нотлох баримтын шаардлага хангасан, үнэн зөв эргэлзээгүй баримтууд гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 3.750.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 74950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага
болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Есүхэй овогт Бяхарсүрэнгийн Дагвадоржоос зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 3.750.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Төмөрчөдөрт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 450.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 74950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА