Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 1063

 

Л.И- холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Буяндэлгэр,

шүүгдэгч Л.И-ын өмгөөлөгч Э.Ганбат,

нарийн бичгийн дарга Д.Оргил нарыг оролцуулж,

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Бямбажав даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 129 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Х.Эрдэнэтуяагийн бичсэн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 16 дугаартай эсэргүүцлээр Л.И- холбогдох 201601070222 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

А овгийн Л-ийн Л.И-, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр     төрсөн, .. настай, ..., дээд боловсролтой, .. мэргэжилтэй,  ............. ажилтай, ам бүл .., ::,: хүүхдүүдийн хамт амьдардаг, ................тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:................../;

 

Л.И- нь Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвд мэс заслын эмчээр ажиллаж байхдаа 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр өвчтөн Л.М-эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу цөсний хүүдийн чулуу авах дурангийн мэс заслыг хийхдээ түүний нарийн гэдсийг хагалгааны багажаар түлсний улмаас хагалгааны дараа нарийн гэдэс цоорч, хэвлийн хөндийд тархмал баасан гялтантас, гялтангийн арын зайн идээт үрэвсэл үүсч ерөнхий хордлогод орсны улмаас өвчтөн Д.Мөнхбат нь 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө 01 цаг 10 минутын үед Улаанбаатар хотын Улсын Клиникийн нэгдүгээр төв эмнэлэгт нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Багануур дүүргийн прокурорын газраас: Л.И- холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: А овгийн Л-ийн Л.И-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Л.И-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар арван мянган /10,000/ нэгж буюу арван сая /10,000,000/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг ялтан Л.И- мэдэгдэж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Д нь Л.И-аас 26,310,005 төгрөг нэхэмжлэхээс татгалзсаныг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол Л.И- авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Л.И- холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Х.Эрдэнэтуяа бичсэн эсэргүүцэлдээ: “...Л.И- нь Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвд мэс заслын эмчээр ажиллаж байхдаа 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр өвчтөн Д.Мөнхбатад эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу цөсний хүүдийн чулуу авах дурангийн мэс заслыг хийхдээ түүний нарийн гэдсийг хагалгааны багажаар түлсний улмаас хагалгааны дараа нарийн гэдэс цоорч, хэвлийн хөндийд тархмал баасан гялтантас, гялтангийн арын зайн идээт үрэвсэл үүсч ерөнхий хордлогод орсны улмаас өвчтөн Д.Мөнхбат нь 2016 оны 8 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө 01 цаг 10 минутын үед Улаанбаатар хотын Улсын Клиникийн нэгдүгээр төв эмнэлэгт нас барсан гэмт хэрэгт холбогдсон.

Багануур дүүргийн прокурорын газраас Л.И-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгаж, 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр яллах дүгнэлт үйлдэн, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хянан хэлэлцээд 129 дугаартай шийтгэх тогтоол гаргасан ба анхан шатны шүүхээс Л.И- холбогдох үйлдлийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “Хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэж үзэх дараахи үндэслэл тогтоогдож байна. Үүнд:

1. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Адуутан овгийн Лхагвадоржийн Л.И-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар арван мянган /10,000/ нэгж буюу арван сая /10,000,000/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй” гэж заасан.

Гэтэл хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт “...Нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар эрх хасаж, таван мянга дөрвөн зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хуульчилсан байхад анхан шатны шүүх нь шүүгдэгч Л.И- “Нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар эрх хасах” ялыг хэрэглээгүй орхигдуулсан байна.

Иймд Л.И- холбогдох Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 129 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаалгахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив. ...” гэжээ.

 

            Прокурор Б.Буяндэлгэр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон боловч нэмэгдэл ялыг орхигдуулсан тул анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

 

            Шүүгдэгч Л.И-ын өмгөөлөгч Э.Ганбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийн хувьд нэмэгдэл ялыг хэрэглээгүй гэсэн. Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанд Л.И-ын үйлдлээс хохирогчийн гэдэс гэмтэж, үхэлд хүрсэн гэх шалтгаант холбоо тогтоогдоогүй гэсэн байр суурьтай байдаг. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянах учраас нарийн гэдэс гэмтсэн талаар эмгэг судлалын шинжилгээ авч, шинжилгээ хийсэн эмч н.Болормаагийн мэдүүлэг болон авсан дээжийн шинжилгээнээс харахад нарийн гэдэс нь цоорсон асуудал нь баттай тогтоогдоогүй байгаа. Мөн нэмэгдэл ялыг оногдуулаагүй шийтгэх тогтоол гарсан. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

 

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд Л.И-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, түүнд уг зүйл хэсэгт заасан үндсэн ялыг оногдуулж шийдвэрлэжээ.

 

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна...” гэж зааснаар шүүх мөн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “ ...нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар эрх хасаж...” эрх хасах нэмэгдэл ялыг уг гэмт хэрэг үйлдсэн этгээдэд заавал оногдуулах ёстой атал оногдуулаагүй орхигдуулжээ.

 

Анхан шатны шүүхийн оногдуулаагүй ялын талаар давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийх, шүүгдэгч оногдуулаагүй ялыг хөнгөрүүлэх, эсхүл хүндрүүлж шүүхийн  шийдвэрт өөрчлөлт оруулах хууль зүйн үндэслэлгүй тул энэ талаар бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, 201601070222 дугаартай эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Түүнчлэн, Л.И-ын үйлдэл нь Монгол Улсын нутаг дэвсгэрт 2002 оны Эрүүгийн хууль үйлчилж байх үед хамаарагдаж байх ба 2017 оны 7 дугаар сарын 1-ээс 2015 оны Эрүүгийн хууль үйлчилж эхэлсэн тул уг хуулийг буцаан хэрэглэх хууль зүйн дүгнэлт, үндэслэлээ анхан шатны шүүх тодорхой хийж хянан шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

 

Тодруулбал, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт “...Эмч ...өвчтөнд тусламж үзүүлэх үүргээ ...зохих ёсоор биелүүлээгүйгээс ...өвчтөн нас барсан бол үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасаж, гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж,

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...Эмнэлгийн мэргэжилтэн ...зохих ёсоор биелүүлээгүйгээс ...хохирогч нас барсан бол нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар эрх хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж заажээ. Иймд Л.И-ын эрх зүйн байдлыг ямар үндэслэлээр дээрдэж байгаа гэж үзсэн талаарх дүгнэлтээ шийтгэх тогтоолдоо тодорхой, ойлгомжтой хийх нь зүйтэй байна.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Бямбажав даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 129 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Л.И- холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг шүүхэд очтол Л.И- урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН

 

ШҮҮГЧИД                                                       Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

Д.ОЧМАНДАХ