Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 128/2014/0000/З |
Дугаар | 221/МА2014/0104 |
Огноо | 2014-02-27 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2014 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 221/МА2014/0104
ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ
ШҮҮХ ХУРАЛДААНЫ МАГАДЛАЛ
2014 оны 02 дугаар сарын 27 өдөр дугаар 104 Улаанбаатар хот
“Ши” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Урангуа, нэхэмжлэгч В.А, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эр нарыг оролцуулан хийж, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 478 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Ши” ХХК-ийн нэхэмжлэлтэй Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Ши” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус компани нь Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт байрлах Өндөр хошуу нэртэй, ХУ013828 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайг Ашигт малтмалын газрын тосны хэрэг эрхлэх газрын кадастрын /хуучин нэрээр/ даргын 2007 оны 1745 тоот шийдвэрээр компанийнхаа нэр дээр шилжүүлэн авч, өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байна. Энэхүү 4 жилийн хугацаанд хуулийн дагуу жил бүрийн төлбөрийг тогтмол хугацаанд төлж, хайгуулын ажлынхаа явцад байгаль орчны нөхөн сэргээх төлөвлөгөөг сум, орон нутаг холбогдох байгууллагуудаар батлуулж, хээрийн ажил дуусах үед шалгуулан хүлээлгэн өгч байсан.
Манай компани нь 2010 онд хийсэн ажлын тайлангаа Ашигт малтмалын газарт хянуулж баталгаажуулсан бөгөөд 2010 оны тусгай зөвшөөрлийн төлбөрийг 2010 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр төлсөн. Мөн бид 2011 оны хайгуулын ажлын төлөвлөгөөг 2011 оны 4 дүгээр сард батлуулсан ба долоо дахь жилийн төлбөрөө 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдөр тус тус төлсөн. Гэтэл манай компанийн эзэмшлийн ХУ013828 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайг Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2010 оны 11 дүгээр сарын 16- ны өдрийн 1210 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.4 дэх заалтыг тус тус зөрчсөн гэх үндэслэлээр цуцалсан байна. Яагаад цуцлагдсан болохыг тодруулахад, Ашигт малтмалын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т зааснаар хайгуулын ажлын доод зардлаа баталгаажуулаагүй гэж тайлбар өгсөн. Гэтэл манай компани хайгуулын ажлын тайлангаа цаг хугацаанд нь Ашигт малтмалын газарт гарган өгч, татварын болон санхүүгийн тайлангаа хуулийн хугацаанд зохих байгууллагуудад өгч, холбогдох мэргэжилтнүүдээр хянуулж, гарын үсэг зуруулж байсан болно.
Ашигт малтмалын газраас Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасны дагуу цуцлах үндэслэл бүрдсэн болон цуцалсан шийдвэрийнхээ талаар манайд ямар нэгэн мэдэгдэл, албан бичгийг ирүүлээгүй юм. Ашигт малтмалын хайгуулын Х\/-013828 дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан дээрх шийдвэр нь үндэслэлгүй бөгөөд үндэслэл болгоод буй Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.4 дэх заалтуудыг манай компани зөрчөөгүй гэж үзэж байна.
Дээрх хууль зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгож өгөхийг хүсч Ашигт малтмалын газрын даргад хандан 2012 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 49, 50 тоот албан бичгүүдийг хүргүүлсэн боловч манай хүсэлтийг хүлээн авалгүй, 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 1-498 тоот албан бичгээр "танай компанийн гомдлыг хүлээн авч ашигт малтмалын хайгуулын 13828Х дугаартай тусгай зөвшөөрлийг сэргээх хууль зүйн үндэслэлгүй байна" гэсэн хариу ирүүлсэн.
Иймд, Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2010 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1210 дугаар шийдвэрээс "Ши" ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын 13828Х дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан хэсгийг хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээхийг даалгаж өгнө үү" гэжээ.
Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д " ... иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас эсвэл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор ... гомдлоо гаргах эрхтэй", мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д "иргэн хуулийн этгээд ... энэ хуулийн 6.1-д заасан хугацаанд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй" гэж заасан хуулийн хугацаа хэтэрсэн байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т "хайгуулын ажилд зарцуулсан зардлын хэмжээг тусгай зөвшөөрөл эзэмшигчийн геологи хайгуулын ажлын жилийн ажлын тайлан болон санхүүгийн тайлан тэнцэлд тулгуурлан төрийн захиргааны байгууллага баталгаажуулна" гэж заасан байна. Мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-т "төрийн захиргааны байгууллага шаардлагатай тохиолдолд хайгуулын ажилд зарцуулсан зардлын хэмжээг газар дээр нь шалгана" гэж заасны дагуу Ашигт малтмалын газрын даргын 2010 онд баталсан удирдамжийн дагуу Геологи судалгааны хэлтсийн мэргэжилтнүүд ашигт малтмалын хайгуулын 13828Х дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд шалгалт хийсэн байна. Геологийн судалгааны хэлтсийн мэргэжилтнүүд Дорноговь аймгийн Хатанбулаг, Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь “Өндөр хошуу” нэртэй газарт 13828Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд солбицлын дагуу очиход ул мөр олдоогүй байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т "төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 5 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана" гэж заасны дагуу Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга Л.Даваацогт 2010 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 6-7374 тоот мэдэгдлийг "Ши" ХХК-д шуудангаар хүргүүлсэн байна. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т "... тусгай зөвшөөрлийг цуцалж эдгээр шийдвэрийг эзэмшигчид нь мэдэгдэнэ" гэж заасны дагуу Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга Л.Даваацогт 2010 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 6-7705 тоот мэдэгдлийг "Ши" ХХК-д шуудангаар хүргүүлсэн байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4-т заасны дагуу "Ши" ХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын 13828Х дугаартай тусгай зөвшөөрлийн эрхийг Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2010 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1210 дугаар шийдвэрээр цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд, "Ши" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү" гэжээ.
Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 478 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 33 дугаар зүйлийн 33.2-т заасныг баримтлан “Ши” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн /цаашид ГУУКХ гэх/ даргын 2010 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1210 дугаар шийдвэрийн “Ши” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс давж заалдах гомдолдоо: Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 478 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол хүргүүлж байна.
Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2010 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1210 дугаар шийдвэрийн “Ши” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, ашигт малтмалын хайгуулын 13828Х дугаартай тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээхийг даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг Нийслэлийн захиргааны хэргийн шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байна.
“Ши” ХХК-д 2009 онд хийсэн 4 өрөмдлөг болон 2 суваг малтсан гэж солбилцлоо тайланд тусган, төрийн захиргааны байгууллагад ирүүлсэн байдаг. Ашигт малтмалын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-д "төрийн захиргааны байгууллага шаардлагатай тохиолдолд хайгуулын ажилд зарцуулсан зардлын хэмжээг газар дээр нь шалгана" гэж заасны дагуу Ашигт малтмалын газрын даргын 2010 онд баталсан удирдамжийн дагуу Геологи судалгааны хэлтсийн мэргэжилтнүүд Дорноговь аймгийн Хатанбулаг, Өмнөговь аймгийн Ханбогд сумдын нутаг дахь "Өндөр хошуу" нэртэй ашигт малтмалын 13828Х дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд солилцлын дагуу очиж шалгахад тухайн талбайд хайгуулын ажил хийсэн ул мөр олдоогүй байна.
Нийслэлийн захиргааны хэргийн шүүх нь шүүхэд цугларсан нотлох баримтыг үнэлэхдээ Ашигт малтмалын газрын даргын 2010 онд баталсан удирдамжийн дагуу шалгалт хийсэн тухай илтгэх хуудсыг бүрэн бодитойгоор үнэлээгүй байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д "нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх" гэж зааснаар хайгуулын ажлын тайланд хавсаргасан зураг болон шалгалтын илтгэх хуудас зэрэгт бодитой хуульд нийцсэн үнэлэлт дүгнэлт өгч чадаагүй байна гэж хариуцагчийн талаас үзлээ.
Төрийн захиргааны байгууллагаас батлагдсан удирдамжийн дагуу шалгалт хийж, 2009 оны тайланд тусгасан ажлаа хийж гүйцэтгээгүй нь тогтоогдсон байхад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байх тул Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 478 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, "Ши" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч “Ши” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын даргын 2006 оны 1745 дугаар шийдвэрээр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт байрлах “Өндөр хошуу” нэртэй газарт хамаарах 13828Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авсан байх боловч Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2010 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1210 дугаар шийдвэрээр “хайгуулын ажлын доод зардал гарган үйл ажиллагаа явуулаагүй” гэсэн үндэслэлээр тусгай зөвшөөрлийг нь цуцалсан байна.
Нэхэмжлэгч “Ши” ХХК 2009 онд хайгуулын зөвшөөрөл бүхий 45283 га талбайд эрлийн маршрут, суваг малталт, өрөмдлөг зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэн, нийт 70.209.550 төгрөгийн зардал гаргасан хэмээн хайгуулын ажлын тайлан гаргажээ.
Хариуцагчаас, Ашигт малтмалын газрын даргын баталсан удирдамжийн да>уу ажилласан мэргэжилтнүүдийн шалгалтаар “Ши” ХХК нь 2009 онд 13828Х дугаартай талбайд өрөмдлөг болон сувгийн ажил хийгээгүй нь тогтоогдсон гэсэн тайлбар гарган маргаж, тусгай зөвшөөрлийн талбайд гүйцэтгэсэн хяналтыг баримтжуулсан гэх фото зураг, дүрс бичлэг зэргийг ирүүлсэн боловч тэдгээр баримтуудаар “Ши” ХХК-ийн 2009 онд хайгуулын ажил хийсэн гэх цэгүүдийг бүрэн шалгасан гэдгийг тодорхойлох боломжгүй байсан байна.
Харин, хэрэгт нотлох баримтаар авагдсан, тус компанийн 2009 оны хайгуулын ажлын тайлан, 2009 оны санхүүгийн тайлан, Хатанбулаг сумын Засаг даргын 2009 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1/286 тоот албан бичиг, гэрчүүдийн мэдүүлэг, шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл, түүнд хавсаргасан фото зураг зэрэг нотлох баримтуудаар нэхэмжлэгч “Ши” ХХК нь 2009 оны хайгуулын ажлын тайланд тусгасан ажлуудыг хийж гүйцэтгэсэн болох нь тогтоогджээ.
Өөрөөр хэлбэл, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 196 дугаар магадлал, 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 46 дугаар магадлалд заасны дагуу анхан шатны шүүх нотлох баримтыг цуглуулах, шалгах үүргийн хүрээнд, хариуцагч байгууллагын төлөөлөгч Г.Эрдэнэболдыг оролцуулан Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Өндөр хошуут нэртэй газар буюу хайгуулын 13828Х дугаар бүхий тусгай зөвшөөрөлтэй талбайд үзлэг хийсэн, мөн уг ажлыг гүйцэтгэхэд оролцсон хүмүүсийг гэрчээр асуусан байх бөгөөд цугларсан нотлох баримтуудаар тус компани 2009 оны хайгуулын ажлын тайланд тусгасан ажлуудыг хийж гүйцэтгэсэн нь тогтоогдсон байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална”, 33 дугаар зүйлийн 33.1-т “хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон тухайн талбайн гектар тутамд ... зардал V бүхий хайгуулын ажлыг жил бүр хийж гүйцэтгэнэ”, 56 дугаар зүйлийн 56.1.4-т “тухайн жилд гүйцэтгэсэн хайгуулын ажлын зардал нь энэ хуулийн 33 дугаар зүйлд заасан хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс бага бол тусгай зөвшөөрлийг цуцлах” гэж тус тус заажээ.
Дээрх нотлох баримтуудаар нэхэмжлэгч “Ши” ХХК-ийг 2009 оны хайгуулын ажлын тайланд тусгасан ажлыг хийж гүйцэтгээгүй, уг ажлыг хийж гүйцэтгэхэд зарцуулсан зардал нь Ашигт малтмалын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасан хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс бага гэж үзэх үндэслэлгүй тул Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2010 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1210 дугаар шийдвэрийн “Ши" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.
Иймд шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 478 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН
|