Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 96

 

                                                        

                

 

 

                                         

          

 

                                Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн   шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:         

 

      Улсын яллагч                                                  А.Золзаяа

      Шүүгдэгчийн өмгөөлөгч                                А.Ариунзаяа

                         Нарийн бичгийн дарга                                  Б.Урангоо нар  оролцов.

 

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж аймгийн  Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ханчин ван хошуу овогт Галбадрахын Батчулуунд холбогдох 201618000124 тоот  хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1960 оны 11 дүгээр сарын 04-нд Булган аймгийн Дашинчилэн суманд төрсөн, эрэгтэй, 56 настай, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт Сэлэнгэ аймаг Сүхбаатар  сум 8-р баг, 2 дугаар хэсэг 12а тоотод оршин суудаг, гэмт хэрэгт холбогдох үедээ “Урсгал ус” ХХК-д нөхөөсний машинист  ажилтай байсан, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай гэх Ханчин ван хошуу овогт Галбадрахын Батчулуун, /РД:ФМ-60110437/,

Шүүгдэгч Г.Батчулуун нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сумын 5 дугаар баг, 2 дугаар хэсгийн задгайд орших Т.Мөнхбадрахын хашаанд О.Батболдыг “Цэрэнбатын эхнэрийг хөөрхөн хүүхэн байна” гэж хэлсний улмаас түүнтэй маргалдаж, улмаар цохин унагааж нүүрэн тус газарт нь өшиглөж, биед нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                           

Тодорхойлох нь ;

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

1.Шүүгдэгч Г.Батчулууны 2016 оны 04-р сарын 28-ны өдөр сэжигтнээр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2016 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр танил Цэрэнбатын утас руу 14-15 цагийн орчим залгахад “дүү нь Шаркагийн гэрт байна, та хүрээд ир” гэж хэлэхээр нь  хорооллын “МТ” колонкийн хажуу талд  Шаркагийн гэрт очиход Цэрэнбат эхнэртэйгээ, Шарка эхнэртэйгээ, Батболд гэж залуу 4-лээ 0,75 литрийн архи уугаад сууж байсан. Бид нар тэдний гэрт ойр зуурын яриа өрнүүлээд байж байтал Батболд айлын эхнэрийг “бүлтгэр нүдтэй, шонхор хамартай хөөрхөн хүүхэн байна” гэж хэлэхэд Цэрэнбат эхнэрийгээ хардаж уурлаад эхнэрийн мөр лүү түлхэж холдуулаад уурласан. Би үүнийг хараад Батболдод “чи их согтуу байна, чи бид 2-н насан дээр ийм зүйл ярьж болохгүй ээ” гэж хэлээд шилэн хүзүү рүү нь 2 удаа цохиод авсан. Батболд гэрээс “харилаа” гэж хэлээд гарахаар нь би түүний араас гараад “чи айл гэр үймүүлчихлээ, ингэж айл гэр хэрэлдүүлж болохгүй шүү” гэж хэлэхэд “чамд хамаагүй, би айл гэр үймүүлээгүй” гэж надтай хэрэлдээд намайг заамдаад авсан. Бид 2-н хооронд хэсэг маргаан үүсэж би түүнийг ардаас нь түлхэхэд газар унахаар нь би нүүр лүү нь хөлөөрөө өшиглөсөн. Энэ үед гэрээс Цэрэнбат гарч ирээд бид 2-г салгасан. Өвөлжөөнд байсан Шарка хүрч ирээд “та нар яагаад Батболд ахыг зодож байгаа юм бэ? Та нар зодолдож болохгүй шүү” гэж хэлсэн. Ингээд Батболд гэр лүүгээ харихаар явж би ч харьж амарсан. Батболд бид 2 нэг нутаг усанд олон жил амьдарч байна. Бие биенийгээ сайн танина. Мэнд устай явдаг хүмүүс. Бид 2-н хооронд хувийн таарамжгүй харилцаа, өр авлага, өс хонзонтой асуудал байхгүй. Тухайн үед Батболдыг “айл гэр үймүүлчихлээ” гэж хэлэхэд Батболд намайг “чамд хамаагүй, дуугай бай, би танай эхнэрийг магтаагүй” гэж хэлээд бид 2 маргалдаж барьцалдсан. Бид 2-н хооронд өөр хэрүүл болоогүй. Хэрэлдэж маргалдсан уурандаа би түүнийг хашаан дотор газар түлхэж унагаагаад нүүр лүү нь өшиглөсөн. Энэ миний буруу. Миний хувьд цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаагүй, айж сандарсандаа худлаа тайлбар мэдүүлэг өгсөн. Би болсон явдлын талаар өмгөөлөгчийн хамт үнэн зөв мэдүүлгээ өгсөн. Батболдыг би цохисон. Цэрэнбат бид 2-г салгасан. Цэрэнбатын хувьд хэрүүл маргаан зодоонд огт оролцоогүй. Би өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч ойлгож байна. Өмнө өгсөн худлаа тайлбар мэдүүлгээс болж Цэрэнбат хүртэл буруутаж байгаа явдалд харамсаж байна. Миний ярьсан зүйлүүд бүгд үнэн. ... гэх мэдүүлэг /хх-ийн 43-р ху/,

2. Шүүгдэгч Г.Батчулууны 2016 оны 05-р сарын 13-ны өдөр яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2016 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр манай ажлын газрын Цэрэнбат утсаар залгаад “хороололд Шаркагийнд хүрээд ир” гэхээр нь би хороолод очиход Шаркагийнд Ж.Цэрэнбат эхнэртэйгээ хамт дээр нь О.Батболд нар нэг шил архи ууж байсан юм. Тэгж байхад О.Батболд согтуудаа Цэрэнбатын эхнэрийг “шонтойсон яасан хөөрхөн хүүхэн бэ” гэх зэргээр оролдоод байхаар нь би “чи их согтуу байна, айл гэр үймүүлж магадгүй юм шиг байна, гэртээ харь” гэхэд Батболд их дурамжхан “гэртээ харилаа” гээд гэрээс гарахаар нь би араас нь дагаж гараад нэг цохиод унагахаар нь нүүр лүү нь өшиглөсөн юм. Тэгээд бид салсан юм. Бид ямар нэгэн өс хонзон, өр авлага байхгүй. Би Батболдыг айлын эхнэр оролдоод байхаар нь уур хүрээд цохисон. Цэрэнбат зодоонд оролцоогүй. Би Батболдод эмчилгээний зардал 1 сая төгрөг өгсөн байгаа. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 45-р ху/,

3. Шүүгдэгч Г.Батчулууны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн:.. 2016 оны 4 дүгээр сарын 17-нд намайг Цэрэнбат над руу залгаад “хороололд Шаркагийнд  хүрээд ир. Хашаанд нь нэг морь байна. Үзээд өгөөч.  Уяа сойлго нь юу болж байна” гэж хэлсэн.  Тэгээд очсон Шаркагийнд Цэрэнбат, эхнэртэйгээ, Батболд нар архи ууж байсан. Гэтэл Батболд Цэрэнбатын эхнэрийг “хөөрхөн хүүхэн байна” гэж хэлээд байхаар нь би “бид 2 шиг өдий насны хүн ийм зүйл ярьж болохгүй” гэж хэлсэн. Тэгээд Батболд явах болоод би гаргаж өгөх гээд хашааны гадаа зогсож байсан чинь Цэрэнбат, Батболд 2 муудалцаад байх шиг болохоор нь “муудаж байгаа юм байна даа”  гээд гүйгээд очсон. Гэтэл Батболд миний уруулын дээд талд цохиод авахаар нь би зөрүүлж нэг цохиод хөл алдах хооронд нь нүүр рүү нь өшиглөсөн. Тэгээд Батболд гэр рүүгээ харьсан. Тэгээд би хохирогчийг “нүдээ эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй. Хот явж үзүүл. Зардал мөнгийг нь өгнө, болохгүй бол манай хүүгээр хот руу хүргүүл” гэж хэлээд хүүхдээ аваад Батболдынд очсон чинь хот руу явсан байсан. Би Батболдыг цохьсон өдрөөсөө хойш санаа тавьж 1.000.000 төгрөг төлсөн. Тэгээд сүүлд нь дахиад мөнгө хэрэгтэй гэхээр нь би “үхэр, адуу өгье. Надад бэлэн мөнгө байхгүй гэж хэлсэн  чинь бэлэн мөнгө авмаар байна” гэж хэлсэн. Тэгээд үхэр адууг маань авах гэж байгаа юм болов уу гэж бодож байсан чинь чимээгүй болчихсон. Цагдаад мэдэгдсэн байсан. Би Батболдтой байнга холбоотой байдаг. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогч Батболдыг эрүүл байлгахын төлөө  цаашдаа анхаарна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Хөнгөн ял оногдуулж өгнө үү.гэх мэдүүлэг,

 4.Хохирогч О.Батболдын 2016 оны 04-р сарын 30-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ...2016 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 13 цаг орчим манай гэрт миний танил дүү Шарка хүрч ирээд бид хоёр 0,5 граммын архи хувааж уухад Шаркагийн утас дуугарч утсаар яриад надад “манай гэрт хүмүүс ирсэн байна. 2-лаа цуг манайд очье” гэж хэлээд бид 2 тэдний 5 дугаар баг хорооллын “МТ” бензин колонкийн хажууханд амьдардаг хашаанд байх гэрт нь ороход миний таньдаг Цэрэнбат эхнэрийн хамт ирчихсэн 0,75 граммын архи уугаад сууж байсан. Удаа ч үгүй Батчулуун орж ирсэн. Шарка бид 2 тэд нартай юм ярьж суугаад архинаас 5-лаа уусан. Цэрэнбатын эхнэр надаас “Шаркагийн эхнэр бид 2-н хэн нь хөөрхөн байна” гэж асуухаар нь би “Шаркагийн эхнэр алаг нүдтэй, чиний хамар шонтгор хөөрхөн юм байна, 2 хөөрхөн охины алийг нь муухай гэх юм бэ” гэж хэлэхэд Цэрэнбат дургүйцэж байгаа бололтой гараараа эхнэрээ мөр лүү нь түлхэж цохиход эхнэр нь чимээгүй болсон. Би “та нар хоорондоо маргалдаж болохгүй шүү” гэж хэлээд гэрээс харихаар гарах гэхэд Батчулуун намайг “чи айл үймүүллээ, чамаас болж Цэрэнбат эхнэртэйгээ хэрэлдэж байна” гэж хэлээд миний толгойн ар луу 2 удаа гараараа цохиод авсан. Би гэрээс гарахад Батчулуун ганцаараа ардаас ирээд дахин “чи айл гэр үймүүллээ” гэхээр нь би “надаас болно гэж юу байдаг юм бэ? надаас шалтгаалах юм байхгүй” гэж бид хоёрын хооронд үл ойлголцол хэрүүл үүсэж энгэрээсээ заамдалцаад салсан. Гэтэл Батчулуун миний араас намайг түлхэж унагаагаад миний зүүн нүд рүү хөлөөрөө өшиглөсөн. Өшиглүүлснээс болж миний зүүн нүд хавдаж улайлт үүссэн. Батчулуун намайг өшиглөхөд Цэрэнбат хажууд хараад зогсож байгаад салгасан. Мөн энэ үед малын хашаанд байсан Шарка гүйж ирээд “та нар Батболд ахыг яагаад зодож байгаа юм бэ” гэж хэлсэн. Би Батчулуунд хандан “чи очиж очиж яах гэж нүд рүү өшиглөж байгаа юм бэ” гэж хэлэхэд Батчулуун надаас “уучлаарай” гэж уучлалт гуйсан. Би тэгээд гэр лүүгээ харихаар явсан. Би уг нь цагдаагийн байгууллагад хандъя гэж бодоогүй. Гэтэл миний цохиулсан зүүн нүд өвдөөд байхаар нь ер нь хандаж шалгуулсан нь дээр юм байна гээд хандсан. Бид хоёр хороололд олон жил амьдарч байна. Нэг нутаг усны хүмүүс учраас бие биенийгээ сайн таньж мэднэ. Бид хоёрын хооронд хувийн таарамжгүй харьцаа, өр авлага байхгүй. Өмнө нь маргалдаж муудалцаж байгаагүй. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 21-р ху/,  

 5.Хохирогч О.Батболдын 2016 оны 05-р сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн:  ...Би надад учруулсан хохирлыг нөхөн төлсөн тохиолдолд миний зүгээс гомдол санал байхгүй гэж бодож байна. Тухайн үед би тайлбар өгөхдөө Ж.Цэрэнбат, Г.Батчулуун нар намайг хамт зодсон гэж буруу  ташаа мэдүүлэг өгсөн байсан. Сүүлд би хохирогчоор тогтоогдож байцаагдахад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Намайг Батчулуун цохиж өшиглөсөн. Надад эмчилгээний зардал гэж Ж.Цэрэнбат, Г.Батчулуун нар 1 сая төгрөг өгсөн юм. Эмчилгээний зардалд 1 сая гаран төгрөг гараад байгаа. Бүх төлбөр тооцооны баримт байгаа. Миний зүгээс эмчилгээний зардлыг бүрэн төлж барагдуулсан тохиолдолд гомдол санал байхгүй гэж бодож байна.

 6.Гэрч Т.Мөнхбадрахын 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ... 2016 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 13 цагийн үед 5 дугаар баг хороололд Батболд ахын гэрт 0,5 литрийн архи хувааж уугаад гэрт нь байж байхад Цэрэнбат над руу залгаад “гэрт чинь байна, хүрээд ир” гэж хэлээд Батболд ах бид 2 очиход манай гэрт Цэрэнбат эхнэртэйгээ хамт ирчихсэн байсан. Бид нар 0,75 литрийн архи задалж уугаад, хоол цай идэж уугаад сууж байтал Батчулуун ах ирсэн. Би гэрээс гарч малын хашаа дотроо адууны хөлсийг хусаж байтал Батболд ах хөл гараараа газар тулсан хажууд нь Ж.Цэрэнбат, Г.Батчулуун 2 зогсож байсан. Би хэн нь хэнийгээ юугаар цохисон болохыг хараагүй. Юунаас болж маргалдсан болохыг мэдэхгүй. Би очоод тэд нарыг гэр гэр лүү нь явуулсан. Миний хажууд маргалдаж муудалцаагүй. Бие биенийгээ таньж мэдэх хүмүүс байгаа юм. Хувийн таарамжгүй харилцаа, өр авлага байдаг талаар сайн мэдэхгүй. Ж.Цэрэнбат, Г.Батчулуун 2 халамцуу байсан бол Батболд нилээн согтуу байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 23-р ху/,

 7.Гэрч А.Отгонцэцэгийн 2016 оны 04-р сарын 30-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2016 оны 04-р сарын 17-ны өдөр 13 цаг орчим нөхөр Ж.Цэрэнбатын хамт найз Шаркагийн гэрт очиход эхнэр нь ганцаараа байсан. Удаа ч үгүй Шарка гаднаас Батболд ахтай хамт орж ирсэн. Би архи ууж чаддаггүй учраас цөөхөн хундага архинд тасарч, муудсан. Батболд ах Шаркагийн эхнэр бид хоёрыг “орос шиг өндөр хамартай, бүлтгэр нүдтэй сайхан хүн байна” гэж хэлэхэд Цэрэнбат намайг түлхээд “чи унт” гэж хэлсэн. Би шууд унтаад өгсөн. Хэсэг унтаж байгаад Цэрэнбат намайг сэрээгээд гэр лүүгээ харьсан. Намайг сэрэхэд Шарка эхнэрийнхээ хамт байсан. Өөр хүн байгаагүй. Хэрүүл маргаан зодоон юунаас болсон талаар яриагүй. Би зодоон болсон талаар мэдэхгүй. Бие биенийгээ таньж мэддэг хүмүүс байгаа юм. Урьд өмнө нь маргалдаж муудалцаж байгаагүй. Хувийн таарамжгүй харилцаа өр авлага байхгүй. Гэрээс Батболд, Батчулуун ах 2 гарсан. Түүний араас хэсэг хугацааны дараа Цэрэнбат гарсан. Гэрт байхад гадаа хүн муудалцах, маргалдах чимээ сонсогдоогүй. ... гэх мэдүүлэг, /хх-ийн 24-р ху,

 8.Гэрч Ц.Ганчимэгийн 2016 оны 05-р сарын 01-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:: ... 2016 оны 04-р сарын 17-ны өдөр 13 цагийн орчим Цэрэнбат эхнэрийнхээ хамт ирсний дараагаар Батболд ахтай хамт манай нөхөр Мөнхбадрах ирсэн. Бид нар хоол цай идээд 0,75 литрийн архи ууж байхад гаднаас Батчулуун ах орж ирсэн. Батболд ах Цэрэнбатын эхнэр бид хоёрыг “хөөрхөн шонхор хамартай” гэж хэлсэн. Согтуу хүний үгийг би тоогоогүй. Батболд ах Батчулуун 2 гэрээс гараад явсан. Түүний ардаас Цэрэнбат гарсан. Батболд ах хэнтэй зодолдсон түүнийг хэн юугаар цохисон талаар мэдэхгүй, хараагүй. Гэрт байхад гадаа хашаанд ямар нэгэн чимээ сонсогдоогүй. Бие биенийгээ таньж мэддэг хүмүүс байгаа юм. Хувийн таарамжгүй харилцаа өр авлага байдаг талаар би мэдэхгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 25-р ху/,

9.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн № 174  тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

 1.О.Батболдын биед нүдний салстад цус хурсан, зовхи хавантаж улайсан, цус хуралт, зулгаралтын зөөлөн эдийн няцралтай гэмтэл тогтоогдлоо.

 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 4.Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх-ийн 27-р ху/,

10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн № 798  тоот давтан шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

 1.Өмнө гаргасан шүүх эмнэлгийн үзлэгийн  № 174 тоот дүгнэлтийн 2-р заалт үндэслэлтэй, 1,3,4-р заалт нь үндэслэлгүй байна.

  2. О.Батболдын биед зүүн нүдний доод зовхины зулгаралт, зүүн нүдний ухархайн дотор хананы сэлтэрсэн хугарал, зүүн нүдний алимны доргилт, зүүн нүдний зовхоны цус хуралтын гэмтэл тогтоогдлоо.

  3.О.Батболдод дээрхи гэмтэл учирсан нь  Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн эмчийн үзлэг, “Health Aid” эмнэлгийн толгойн КТ шинжилгээ, Улсын 1-р төв эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийн эмчийн үзлэг, “Солонго” эмнэлэг, “Орбита” эмнэлгийн эмчийн үзлэг, шинжилгээ, Улаан Үд хот дахь “Микрохирургия глаза им акад С.Н Федорова” ын салбар эмнэлгийн үзлэг шийнжилгээгээр батлагдаж байна.

  4. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

  5.О.Батболдын биед илэрсэн гэмтэл нь нэг удаа гараар цохих, хөлөөр өшиглөх зэрэг үйлдлийн үед үүсгэгдэж болно.

  6.Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэргийн гэмтэл болно.

   7. О.Батболдод  учирсан гэмтэл цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс шалтгаална.

  8. О.Батболдын нүдний хараа “Орбита” эмнэлэгт үзүүлснээр баруун талд 0.7, зүүн талд 0.5 байна. Гэмтлээс өмнө хараа ямар байсныг батлах эмчийн үзлэг байхгүй тул харьцуулах боломжгүй байна. гэх дүгнэлт, хх-ийн 66-67-р ху/,

11.Шүүгдэгч Г.Батчулууны урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх 48-р ху/, шүүгдэгчийг сэжигтнээр тооцох тогтоол /хх 41-р ху/, шүүгдэгчийг сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх 42-43-р ху, шүүгдэгчийг яллагдагчаар татах тогтоол, /хх 44-р ху/, шүүгдэгчийг яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх 45-р ху/, хохирогч О.Батболдын амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар, /хх 76-77-р ху/, хохирогчийн шинжилгээ хийлгэсэн, эмчилгээ хийлгэсэн талаархи баримт, /хх 68,73-75, 92-93-р ху/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний  лавлагаа, /хх 52-р ху/, шүүгдэгчийн оршин суугаа хаягийн тодорхойлолт, /хх 49-р ху/,  зэрэг болно.

 Шүүгдэгч Г.Батчулуун нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сумын 5 дугаар баг, 2 дугаар хэсгийн задгайд орших Т.Мөнхбадрахын хашаанд О.Батболдыг “Цэрэнбатын эхнэрийг хөөрхөн хүүхэн байна” гэж хэлсний улмаас түүнтэй маргалдаж, улмаар цохин унагааж нүүрэн тус газарт нь өшиглөж, биед нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, яллагдагчаар байцаасан тэмдэглэл, ял нэмж сонсгон байцаасан тэмдэглэл,  хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд,  хохирогчийн амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар, эмчилгээний хийлгэсэн талаархи баримт ...гэх зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрхи  нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

  Шүүгдэгч Г.Батчулуунд холбогдох хэргийн  зүйлчлэл зөв, шүүхээс “Бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт  гэм буруутайд тооцож, хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй байгаа ба шүүгдэгч Г.Батчулууны үйлдэл  нь  Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 17-р зүйлийн 17.3 дахь хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд багтаж байгаа,  мөн хуулийн ерөнхий ангийн 55-р зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  нь  анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан бодит хохиролоо  нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа болон  мөн хуулийн ерөнхий ангийн 56-р зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч уг гэмт хэргийг үйлдэхдээ согтууруулах ундаа хэрэглэсэн байсан зэргийг харгалзан, хуульд заасан хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзах  нь зүйтэй.

 Энэ хэрэгт шүүгдэгч  Г.Батчулуун нь  энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар  хураагдаж ирсэн  зүйлгүй, хохирогч О.Батболдод мөрдөн байцаалтын шатанд 1.000.000 төгрөг өгсөн болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх  хуулийн  283, 284, 286, 290-р зүйлийн  290-р зүйлийн 290.3, 292-р зүйлийн 292.2, 294, 295, 296, 297, 298-р зүйлүүдийг  удирдлага болгон ТОГТООХ нь :

1.Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 4-р зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Ханчин ван хошуу овогт Галбадрахын Батчулууныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98-р зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан “Бусдын  биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулах”  гэмт хэрэгт  гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98-р зүйлийн 98.1-дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Батчулууныг 1 /нэг/ жилийн  хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52-р зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Батчулуунд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг  жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4.Шүүгдэгч Г.Батчулуун нь энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон  хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч О.Батболдод мөрдөн байцаалтын шатанд 1.000.000 төгрөг өгсөн болохыг тус тус  дурьдсугай. 

5.Хохирогч О.Батболд нь эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

6.Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Батчулуунд оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй тул тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.3, 61.5-дахь хэсэгт зааснаар хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдэх буюу захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгуулагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлж болохыг ялтан Г.Батчулуунд сануулсугай.

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Г.Батчулуунд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.    

9.Шүүгдэгчид урьд авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүсүгэй.

10.Эрүүгийн  байцаан шийтгэх  хуулийн  299-р зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар энэхүү тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

11.Эрүүгийн байцаан шийтгэх  хуулийн  302 дугаар зүйлийн 302.1-дэх хэсэгт  зааснаар шийтгэх тогтоолыг хүчинтэй болсноос  хойш 7 хоногийн дотор тогтоолын агуулгыг  бүрэн эхээр бичгээр үйлдэж уг тогтоолын хувийг прокурор, ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

12.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303-р зүйлийн 303.1, 304-р зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч болон дээд шатны  прокурор эсэргүүцэл бичих эрхтэй

 13. Эрүүгийн  байцаан шийтгэх  хуулийн  306-р зүйлийн 306.1  дэх   хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэж, гомдол эсэргүүцлийг хэргийн материалын хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны  шүүхэд хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй..

 ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                    С.НОЛХООСҮРЭН