Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/69

 

 

 

 

 

 

   2022         02            11                                       2022/ШЦТ/69

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,

улсын яллагч Б.Хурц, 

шүүгдэгч*******, түүний өмгөөлөгч *******,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Ж.А,

******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201002407 0686 дугаартай, 1 хавтаст хэргийг 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2022 оны 02 дүгээр сарын 11-ний өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1977 оны __ дугаар сарын __-ны өдөр ____ аймагт төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт _ дүүргийн _ дугаар хороо, _ дугаар гудамж, _ тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,******* (РД:_).   

2. Монгол Улсын иргэн, 1967 оны _ дугаар сарын _-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 54 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, нөхрийн хамт _ дүүргийн _ дугаар хороо, _ дугаар гудамж, _ тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,  ******* (РД:_).   

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:

Яллагдагч******* нь 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 94-103 тоот дахь иргэн Н.О гэрт нь очиж эхнэр *******-ийн сэтгэл санааны хохирол 15.000.000 төгрөг шилжүүлэн өгөхийг шаардаж Н.О өөрт нь хүч хэрэглэсэн, мөн хүч хэрэглэхээр заналхийлсэн гэмт хэргийг *******-т бүлэглэн үйлдсэн,

Яллагдагч ******* нь 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 94-103 тоот дахь иргэн Н.О гэрт нь очиж, түүнийг нөхөр*******тай дотно харьцаанд орсон учир сэтгэл санааны хохирол 15.000.000 төгрөг шилжүүлэн өгөхийг шаардаж Н.О өөрт нь хүч хэрэглэсэн, мөн хүч хэрэглэхээр заналхийлсэн гэмт хэргийг Ж.А-тай бүлэглэн үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

                Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч*******, ******* нараас: Мөрдөн байцаалтад хэргийнхээ талаар мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйл байхгүй гэв.

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг дурдаж, эрүүгийн 201002407 0686 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

 

1. 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтас хэргийн 6-8 дахь тал),

 

2. Хохирогч Н.О мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн орой 20 цаг 30 минутын үед Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 94-103 тоотод гэртээ байхад хаалга хүн цохихоор нь тайлахад А гэдэг надад кабель мөнгөний өртэй залуу зогсож байхаар нь гэртээ оруулсан. Удалгүй 5 минутын дараа гэрийн хаалга хүчтэй нүдэхээр нь хаалга тайлтал хар өндөр махлагдуу эмэгтэй орилоод би танайд орох гэсэн юм гэхээр нь би чамайг танихгүй шүү дээ гээд хаалга хаах гэтэл А намайг татаж тэр эмэгтэйг гэрт оруулсан. Гэрт орж ирээд тэр эмэгтэй намайг заамдаж хоолой боож миний элэг рүү 2-3 цохисон, үснээс зулгаагаад намайг орон дээр суулгасан. Тэр эмэгтэй А зурагтын дуу чангал гэрийн түлхүүрийг ав, утсыг нь ав гэхэд А зурагтын дууг чангалж гэрийн түлхүүрийг ширээн дээрээс авсан. Эмэгтэй А үзэг цаас олоод аваад ир гэхэд миний цүнхийг уудалж үзэг цаас гаргаж ирсэн. Тэр үл таних эмэгтэй чи манай нөхөртэй унтаж хэвтсэн, 25 сая төгрөг чамаас авна, 25 сая төгрөг өгнө гэж албан ёсоор бичиж өг гэсэн. ...би бичиж чадахгүй гэхэд миний элэг рүү 3 удаа цохиж босох гэтэл толгойгоор хана мөргүүлсэн. ...          Хутга аваад ир гэж хэлэхэд А хутга биеэсээ гаргаж ирээд, үл таних эмэгтэй “одоо бич бичихгүй бол хутгална шүү” гэсэн. ...үл таних эмэгтэй сейф үзэх гээд намайг тавихаар нь би зугтаж гэрээс гарсан. ...106 тоотоос эмэгтэй хүн гарч ирээд юу болоод байна гэж хэлээд гарч ирэхэд тэр 2 зугтаад шатаар буугаад явсан. ...Маргааш нь гар утасныхаа дугаарыг сэргээлгэхэд 8_ дугаараас 2-3 удаа залгасан, мөн мессежээр намайг дарамталсан. ...” гэх мэдүүлэг (хавтас хэргийн 13-16 дахь тал),

-Хохирогчоор дахин 2021  оны 01 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр, эсхүл 02-ны өдөр бил үү, өдрөө сайн санахгүй байна. 21 цагийн үед миний гар утас руу танихгүй дугаараас “Янхан авгай минь ална шүү, хажууд чинь ойрхон байна шүү, чи надтай 32-ын тойргийн дээшээ “Сод монгол” бензин колонкийн зүүн талд байдаг нийтийн байран дээр ирж мөнгөө өг,  би танай байрны хажууд байна” гэхээр нь “Чи юу гээд мөнгө төгрөг яриад байгаа юм бэ, би харин мөнгөө авмаар байна” гэхэд Танай хажууд байна, янхан минь гэж хэлэхээр нь айгаад гэр рүүгээ орох гээд явж байгаад айгаад утсаа унагааж эвдсэн. Маргааш орой нь 23 цагийн үед 99_ дугаарын утаснаас миний утас руу залгаад “Янхан авгай минь би мөнгө төгрөгөө авмаар байна, чамайг би хаа яваа газраас чинь олж ална шүү” гэж хэлэхээр нь би айгаад утсаа салгасан. Миний утсанд 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 23 цаг 29 минутад 99_ дугаарын утаснаас “Миний эрүүл мэнд болон сэтгэл санааны хохирлыг хэзээ барагдуулах гэж байна, эсвэл би очих уу” гэсэн мессеж ирсэн. Надтай дахиж утсаар яриагүй...” гэх мэдүүлэг (хавтас хэргийн 17-18 дахь тал),

-Хохирогчоор дахин 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр өгсөн:”...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн, нэмж мэдүүлэх зүйл байхгүй. А гэж хүний зураг үсний засалт бол мөн байна. Яг мөн гэж хэлэхэд хэцүү л байна. Уулзвал сайн таних байх. Нөгөө эмэгтэйг бол хэлж мэдэхгүй байна. А нь эхнэрийгээ Б гэж хэлээд байсан. ...” гэх мэдүүлэг (хавтас хэргийн 46 дахь тал),

 

3. Гэрч Д.Ц-н мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 17 цагийн үед гэр бүлээрээ явж 2020 оны 10 дугаар сарын 24-ны шөнө 02 цагт гэртээ ирэхэд хаалганы бариул хугарч доошоо уначихсан байхаар нь хоорондоо яриад байж байхад өөдөөс харсан 103 тоотоос үл таних залуу гарч ирээд манай эгч ганцаараа гэртээ амьдардаг юм, 2 хүн манай эгч рүү дайрсан байна, эгч зугтаж гараад танай хаалгыг ийм болгосон байна, засаж өгнө гэсэн. ...” гэх мэдүүлэг (хавтас хэргийн 23-24 дэх тал),

 

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ц.Бадралын хүний биед хийсэн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 12813 дугаартай.

 “...Н.О биед хэвлий, хоёр гарын шуу, өвдөгт цус хуралт, хоёр гарын эрхий хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

 -Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

 -Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.

 -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

 -Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд

нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (хавтас хэргийн 27-28 дахь тал),

 

5. Эд зүйл, баримтыг хэрэгт хавсаргах тухай мөрдөгчийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн тогтоол, “Н.О 86_ дугаарын утас руу 80_ дугаарын утаснаас бичсэн “...хөөе янхан жингэр минь 3 хоногийн дотор 5.000.000 төгрөг хий, чи надаас зугтааж чадахгүй шүү, миний мөнгийг 3 хуваагаад нийт 15.000.000 төгрөг хий, надад яаралтай мөнгөний хэрэг болоод байна, 2 хүүхэд өвдөөд эмнэлэгт хэвтэж байна чамаас болж янхан авгай минь би удаан хүлээхгүй шүү, сайхан мэдээрэй...” гэх агуулга бүхий зурвасын хуулбар (хавтас хэргийн 32-33 дахь тал),

 

6. Эд зүйл, баримтыг хэрэгт хавсаргах тухай мөрдөгчийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн тогтоол “Н.О 86_ дугаарын утас руу 99_ дугаарын утаснаас бичсэн “...миний эрүүл мэндийн болон сэтгэл санааны хохирлыг хэзээ барагдуулах гэж байна эсхүл би очих уу...” гэх агуулга бүхий зурвасын хуулбар (хавтас хэргийн 30-31 дахь тал),

 

7. “Юнител” ХХК-аас 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ирүүлсэн “...80_ дугаарын эзэмшигч _ регистртэй, ******* бүртгэлтэй тухай болон дугаарын орсон гарсан дуудлагын лавлагаа...” гэсэн албан бичиг (хавтас хэргийн 84-87 дахь тал),

 

 

8. Яллагдагч*******-н мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр өгсөн: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед эхнэр Б нь Н.О-с надтай явалдсан гэх үндэслэлээр мөнгө нэхэх гэж очсон нь үнэн. Өөрийн хийсэн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг (хавтас хэргийн 104 дэх тал),

 

9. Яллагдагч *******-н мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр өгсөн: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Тухайн эмэгтэй Н.О нь нөхөр А-тай явалдсаныг мэдээд уурласандаа тухайн гэмт хэргийг үйлдсэн. Өөрийн хийсэн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг (хавтас хэргийн 111 дэх тал),

 

10. Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд:

 Ж.А-н иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 113 дахь тал), гэрлэлтийн цуцалсан бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 114 дэх тал), мэргэжлийн үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 76-77 дахь тал),  урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 120 дахь тал) ,

-*******-н иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 118 дахь тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтас хэргийн 115 дахь тал), гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 116 дахь тал), Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 119 дахь тал) болон бусад   бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав.Шүүхээс тогтоосон үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

  1. Гэм буруугийн талаар.

Шүүх хуралдаанд улсын яллагч гаргасан дүгнэлтдээ “Шүүгдэгч Ж.А нь 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 94-103 тоот дахь иргэн Н.О гэрт нь очиж эхнэр *******-н сэтгэл санааны хохирол 15.000.000 төгрөг шилжүүлэн өгөхийг шаардаж, Н.О өөрт нь хүч хэрэглэсэн, мөн хүч хэрэглэхээр заналхийлсэн гэмт хэргийг *******-тай бүлэглэн үйлдсэн, шүүгдэгч ******* нь 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 94-103 тоот дахь иргэн Н.О гэрт нь очиж, түүнийг нөхөр*******-т дотно харьцаанд орсон учир сэтгэл санааны хохирол 15.000.000 төгрөг шилжүүлэн өгөхийг шаардаж Н.О өөрт нь хүч хэрэглэсэн, мөн хүч хэрэглэхээр заналхийлсэн гэмт хэргийг*******-тай бүлэглэн үйлдсэн болох нь хохирогчийн удаа дараа өгсөн мэдүүлэг, яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, зурвасууд болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул тэднийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тус тус тооцуулах саналтай, хохирогчид шүүгдэгч нар нь төлөх төлбөргүй болно.” гэсэн дүгнэлтийг;

Шүүгдэгч*******-н өмгөөлөгч *******-с ”Миний үйлчлүүлэгч******* нь гэм буруу дээрээ маргадаггүй, мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Хардалт хэрэг гарах болсон шалтгаан болсон бөгөөд тохиолдлын шинжтэй үйлдэгдсэн” гэсэн дүгнэлтийг;

Шүүгдэгч *******-н өмгөөлөгч М.Алтанцэцэгээс “Миний үйлчлүүлэгч ******* нь гэм буруу дээрээ маргадаггүй” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан бөгөөд шүүгдэгч нар нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын   холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч******* нь *******-тай бүлэглэн 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах  94-103 тоот дахь иргэн Н.О гэрт очиж, түүний биед удаа дараа цохих, хоолойг нь боох, хана мөргүүлэх, хутга тулгах зэргээр хүч хэрэглэн халдаж, эхнэр *******-н сэтгэл санааны хохиролд гэж 15.000.000 төгрөг шилжүүлэн өгөхийг шаардаж, мөнгө өгнө гэж цаасан дээр бич, бичихгүй бол хутгална гэж, улмаар гар утас руу нь “Янхан авгай минь ална шүү, хажууд чинь ойрхон байна, хаа байгаа газраас чинь олж ална шүү” гэх зэргээр мессеж илгээж, хүч хэрэглэхээр заналхийлсэн;

Шүүгдэгч ******* нь Ж.А-тай бүлэглэн 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 94-103 тоот дахь иргэн Н.О гэрт нь очиж, түүний биед нь удаа дараа цохиж, хоолойг нь боох, хана мөргүүлэх, хутга тулгах зэргээр хүч хэрэглэн, улмаар Н.О-с нөхөр*******-тай дотно харьцаанд орсон учир сэтгэл санааны хохиролд гэж 15.000.000 төгрөг шилжүүлэн өгөхийг шаардаж, мөнгө өгөхийг цаасан дээр бич, бичихгүй бол хутгална гэж, мөн гар утас руу нь “Янхан авгай минь ална шүү, хажууд чинь ойрхон байна, хаа байгаа газраас чинь олж ална шүү” гэх зэргээр мессеж илгээж, хүч хэрэглэхээр заналхийлсэн үйл баримт нь:

 

-2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтас хэргийн 6-8 дахь тал),

-Хохирогч Н.О мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр өгсөн“...Гэрт орж ирээд тэр эмэгтэй намайг заамдаж хоолой боож миний элэг рүү 2-3 цохисон, үснээс зулгаагаад намайг орон дээр суулгасан. Тэр эмэгтэй А зурагтын дуу чангал гэрийн түлхүүрийг ав, утсыг нь ав гэхэд А зурагтын дууг чангалж гэрийн түлхүүрийг ширээн дээрээс авсан. Эмэгтэй А үзэг цаас олоод аваад ир гэхэд миний цүнхийг уудалж үзэг цаас гаргаж ирсэн. Тэр үл таних эмэгтэй “чи манай нөхөртэй унтаж хэвтсэн, 25 сая төгрөг чамаас авна, 25 сая төгрөг өгнө гэж албан ёсоор бичиж өг” гэсэн. ...би бичиж чадахгүй гэхэд миний элэг рүү 3 удаа цохиж босох гэтэл толгойгоор хана мөргүүлсэн. ...Хутга аваад ир гэж хэлэхэд А хутга биеэсээ гаргаж ирээд, үл таних эмэгтэй “одоо бич бичихгүй бол хутгална шүү” гэсэн. ...мөн мессежээр намайг дарамталсан. ...” гэх мэдүүлэг (хавтас хэргийн 13-16 дахь тал) болон түүний дахин 2021  оны 01 дүгээр сарын 12, 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр өгсөн мэдүүлгүүд (хавтас хэргийн 17-18, 46 дахь тал),

-Гэрч Д.Ц-н мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтас хэргийн 23-24 дэх тал),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ц.Бадралын хүний биед хийсэн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 12813 дугаартай дүгнэлт (хавтас хэргийн 27-28 дахь тал),

-Эд зүйл, баримтыг хэрэгт хавсаргах тухай мөрдөгчийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн тогтоол, хохирогч Н.О 86_ дугаарын утас руу 80_ дугаарын утаснаас бичсэн “...хөөе янхан жингэр минь 3 хоногийн дотор 5.000.000 төгрөг хий, чи надаас зугтааж чадахгүй шүү, миний мөнгийг 3 хуваагаад нийт 15.000.000 төгрөг хий, надад яаралтай мөнгөний хэрэг болоод байна, 2 хүүхэд өвдөөд эмнэлэгт хэвтэж байна чамаас болж янхан авгай минь би удаан хүлээхгүй шүү, сайхан мэдээрэй...” гэх агуулга бүхий зурвасын хуулбар (хавтас хэргийн 32-33 дахь тал),

-Эд зүйл, баримтыг хэрэгт хавсаргах тухай мөрдөгчийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн тогтоол, “Н.О 86_ дугаарын утас руу 99_ дугаарын утаснаас бичсэн “...миний эрүүл мэндийн болон сэтгэл санааны хохирлыг хэзээ барагдуулах гэж байна эсхүл би очих уу...” гэх агуулга бүхий зурвасын хуулбар (хавтас хэргийн 30-31 дахь тал),

-Юнител ХХК-аас 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ирүүлсэн “...80_ дугаарын эзэмшигч _ регистртэй, ******* бүртгэлтэй тухай болон дугаарын орсон гарсан дуудлагын лавлагаа (хавтас хэргийн 84-87 дахь тал),

-Шүүгдэгч*******_н мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтас хэргийн 104 дэх тал),

-Шүүгдэгч *******_н мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтас хэргийн 111 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит нөхцөл байдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон, оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн, хязгаарласан зэрэг нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүх дээрх нотлох баримтуудын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэж цэгнэж, харьцуулан шинжилж, хохирогч, гэрч, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтийн нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас нэгтгэн дүгнэхэд шүүгдэгч нар нь бүлэглэн хохирогч Н.О гэрт нь очиж, түүнийг*******-тай дотно харьцаанд орсон учир сэтгэл санааны хохиролд гэж 15.000.000 төгрөг шилжүүлж өгөхийг шаардсан, улмаар Н.О-г мөнгө өгнө гэсэн бичиг хийж өгөхийг шаардаж цохих, хоолойг боох зэргээр хүч хэрэглэсэн, мөн мөнгө шилжүүлэхгүй бол чамайг ална, танай гэрийн хажууд байна гэх зэргээр түүний гар утас руу залгаж, мессеж бичиж байдлаар заналхийлсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

 

Хууль зүйн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх” гэмт хэргийн ойлголт нь өмчийн шинж чанартай шаардлага тавих, тавьсан шаардлагатай уялдаа бүхий заналхийллийг өөрт нь болон ойр дотны хүмүүсийн эрх, эрх чөлөө, нэр хүнд рүү халдсан заналхийлэл, сүрдүүлгээр илэрнэ. Тодруулбал тодорхой шаардлага хохирогчид тулгах, амаар болон бичгээр, шуудангаар гэх зэргээр шаардлагыг хэрэгжүүлэхээр шаардах, улмаар эд хөрөнгө, түүний өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхийг хохирогчоос шаардах зэрэг шинжтэй байдаг. Түүнчлэн гэмт этгээд нь эд хөрөнгийн ашиг олох, ямар ч зардалгүйгээр өөрт ашиг олох шинжтэй шаардлагыг тавих гэх зэргээр бөгөөд гэм буруугийн хувьд шууд санаатай, шунахай сэдэлттэй үйлдэгддэг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан.

 

Хэргийн үйл баримтаас тогтоогдсон нөхцөл байдлаас хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч нар нь өөрсдийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэж, хохирогчоос эд хөрөнгө өгөхийг шаардаж хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахай сэдэлттэй гэмт хэргийг үйлдсэн байна.

 

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заасан бөгөөд шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэх санаа зорилго, сэдэлт, үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэж гэмт хэргийг үйлдсэн байна. Тодруулбал: хохирогч Н.О гэрт шүүгдэгч******* эхэлж орж, дараа нь *******-д хохирогчийн гэрийн хаалгыг онгойлгож өгсөн, улмаар ******* нь хохирогчийг боох, цохих, хана мөргүүлэх зэрэг хүч хэрэглэсэн үйлдэл хийж,*******-р цаас үзэг авчруулж,******* нь хутга тулгаж, тэд хохирогчид мөнгө өгнө гэдгээ цаасан дээр бичихийг шаардах зэргээр үйлдэл оролцоогоор бүлэглэн гүйцэтгэсэн байна.

 

Иймд шүүгдэгч*******, ******* нарын гэмт үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэлтэй бөгөөд дээрх зүйл хэсэгт зааснаар шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

“Бусдын “...эд хөрөнгө, эрүүл мэндэд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд хохирогч нь гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1  дэх хэсэгт тус тус хуульчилсан.   

Хохирогч Н.О-н биед хэвлий, хоёр гарын шуу, өвдөгт цус хуралт, хоёр гарын эрхий хуруунд зулгаралт гэмтэл учирсан байх ба, хохирогч нь эрүүл мэндэд учирсан болон эд хөрөнгийн хохиролтой холбоотой хор уршгийн зардлыг нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт тус бүр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, эд мөрийн баримтаар тооцогдсон 2 хуудас баримтыг хэрэгт хавсаргах, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь цаг хугацааны хувьд Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байгаа тул Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар эдлэх ялаас 2 жилийг хасаж, үлдэх 6 сараас цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд оруулан тооцож үлдэгдэл ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч*******-н өмгөөлөгч ******* дүгнэлтдээ “Миний үйлчлүүлэгч******* нь гэм буруу дээрээ маргадаггүй, мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Хэргийг прокурорт шилжүүлэх үед гэм буруу дээрээ маргахгүй Өршөөлд хамруулж өгөх хүсэлт гаргаж байсан. Тохиолдлыг шинэтэй гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, Өршөөлийн тухай хуулийн 6.2 дугаар зүйлд заасны дагуу эдлээгүй үлдсэн хорих ялыг хасаж, хорих ял эдлүүлэхгүйгээр Өршөөл үзүүлэх тухай хуульд бүрэн хамруулж нийгмээс тусгаарлахгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч *******-н өмгөөлөгч М.Алтанцэцэгээс “Миний үйлчлүүлэгч ******* нь гэм бурууд маргадаггүй. Өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзаж хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож хөнгөрүүлж өгнө үү. Гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус харилцааны улмаас гэмт хэрэг гарах болсон шалтгаан байгааг харгалзаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар хорих ялаас хууль зааснаар хөнгөрүүлж үзэх үндэслэл байна. Иймд 2 жилийн хорих ялаас 1 жилийг хасаж үлдэгдэл ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлд заасны дагуу 2 жилийг хорих ялыг хасах хуулийн заалтыг хэрэглэж өгнө үү. Мөн Шүүгдэгч ******* нь эрүүл мэндийн хувьд хавдар судлалын төвийн эмчийн хяналтад байдаг, хавдрын голомттой, 54 настай, 4-5 хүүхдийг төрүүлж өсгөсөн, нөхөр*******-н гэр бүлээс гадуурх харилцаа гэнэтийн байдлаар үүссэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан торгох ял оногдуулбал татгалзахгүй 3.000.000 төгрөгийг 3 жилийн хугацаанд эдлүүлэх саналыг гаргаж байна... “ гэсэн тус тус дүгнэлтийг гаргаж талууд мэтгэлцэв.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаардана.

Шүүгдэгч нарын хувийн байдлыг шинжлэн судалсан баримт болох эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаагаар шүүгдэгч*******, ******* нар нь цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байна. Тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзав.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь хүнд ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд тус зүйл хэсэгт зааснаар “арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж хуульчилсан.

 

Шүүгдэгч*******, ******* нар нь бүлэглэн “Бусдыг эд хөрөнгө өгөхийг шаардаж, өөрт нь  хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******, ******* нарыг тус бүрийг 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийг 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаа ба, тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн этгээд хамаарна” гэж хуульчилсан.

Шүүгдэгч*******, ******* нар нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр үйлдсэн байх тул дээрх хуулийн үйлчлэлд тэдний үйлдсэн гэмт хэрэг хамаарч байна.

2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх  /Эрүүгийн хуулийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/ гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялаас хоёр жилийг хасна” гэж хуульчилсан тул шүүгдэгч*******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялын 2 жилийг өршөөн хасаж, шүүгдэгч нар нь шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялыг бүрэн эдэлж дуусгавар болсонд тооцож, шүүгдэгч *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч*******-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ өдрөөс тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэв.

Харин өмгөөлөгч нараас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэх тухай саналт дүгнэлтийг хүлээн авах шаардлагагүй гэж үзэв.

 

3. Бусад асуудлын талаар.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******-н 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 14 хоног, шүүгдэгч*******-н 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл 37 хоног тус тус цагдан хоригдсон болохыг;  

-Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                            ТОГТООХ нь:

              1. Шүүгдэгч Ж.А, ******* нарыг бүлэглэж “Бусдыг эд хөрөнгө өгөхийг шаардаж өөрт нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тус тус тооцсугай.

              2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******, ******* нарыг тус бүрийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

              3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******, ******* нарт оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

              4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дугаар зүйлийн 1, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.А, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялаас 2 жилийг тус бүр өршөөн хасаж, шүүгдэгч Ж.А, ******* нар нь энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялыг бүрэн эдэлж дуусгавар болсонд тооцсугай.   

              5. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгч ******* нь 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 14 /арван дөрөв/ хоног, шүүгдэгч******* нь 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл 37 /гучин долоо/ хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.

              6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч*******-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч, шүүгдэгч *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

              7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

              8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд нь давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч*******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ДОРЖСҮРЭН