| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2017/01902/И |
| Дугаар | 102/ШШ2017/01572 |
| Огноо | 2017-05-29 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 102/ШШ2017/01572
| 2017 оны 05 сарын 29 өдөр | Дугаар 102/ШШ2017/01572 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би
Нэхэмжлэгч Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Голден парк 1 хотхоны 102 байрны 00 тоотод байрлах Баянбулаг СӨХ-ны нэхэмжлэлтэй
Хариуцагч Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Голден парк 1 хотхоны 103 дугаар байрны 41 тоотод оршин суух Боржигин овогт Сүхээгийн Мөнх-Итгэлтэд холбогдох дундын өмчлөлийн засвар үйлчилгээний төлбөр 652000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч Баянбулаг СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд байрлах, Голден парк хотхоны 103 дугаар байрны 41 тоотод оршин суугч С.Мөнх-Итгэлт орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн цэвэр бохир усны магистрал шугамууд, дээвэр, цахилгаан, цахилгаан шат, инженерийн шугам сүлжээний засвар үйлчилгээ, бусад зардалд зарцуулах төлбөрөө 2011 оноос эхлэн төлөхөөс санаатай зайлсхийж, Иргэний хуулийн 147.1, 148.2.3 дахь хэсгүүдэд заасан үүргээ биелүүлээгүй тул С.Мөнх-Итгэлтээс 652000 төгрөг гаргуулж өгнө үү, гэжээ.
Зохигчид эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Баянбулаг СӨХ-ны гүйцэтгэх захирал П.Буяннэмэх, хариуцагч С.Мөнх-Итгэлт бид харилцан тохиролцож, нэхэмжлэлийн үнийн дүн болох 652000 төгрөгнийхөө 352000 төгрөгнөөс татгалзан, хариуцагч С.Мөнх-Итгэлт үлдэх 300000 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 100000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 100000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 100000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрч байна, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Баянбулаг СӨХ, хариуцагч С.Мөнх-Итгэлтээс дундын өмчлөлийн засвар үйлчилгээний төлбөрт 652000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, хоёр тал гарын үсгээ зурж баталгаажуулан, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагынхаа 352000 төгрөгнөөс татгалзаж, 300000 төгрөг нэхэмжилснийг, хариуцагч 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 100000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 100000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 100000 төгрөгийг төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч, зохигчид эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг батлах нь зүйтэй байна гэж үзлээ.
Зохигчид эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Баянбулаг СӨХ-ны нэхэмжлэлтэй, хариуцагч Боржигин овогт Сүхээгийн Мөнх-Итгэлтэд холбогдох дундын өмчлөлийн засвар үйлчилгээний төлбөр 652000 төгрөг нэхэмжилсэн иргэний хэрэгт, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаарлагынхаа 352000 төгрөгнөөс татгалзаж, 300000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 100000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 100000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 100000 төгрөгийг төлөхөөр зохигчид харилцан тохиролцон, эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20198 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 10099 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч С.Мөнх-Итгэлтээс 10099 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.АРИУНАА