Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 560

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

           Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг, 10-03 тоотод оршин суух, 1973 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЭ73060571, Бөөгүүд овогт Амирдагвын Содномын нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт холбогдох,

          Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 2.866.197 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ё.Мөнхгэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч А.Содном шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 1973 онд төрсөн, эхнэр 5 хүүхдийн хамт амьдардаг. Би 2013 он 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст сахиулаар ажиллаж байсан бөгөөд 2015 оны 12 дугаар сарын 02-нд сахиулын ажлаас 4 ээлжийн харуулын ажилд шилжин ажиллаж байгаад 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын даргын Б/51 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Ингээд Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэл гаргаж, анхан шатны шүүхийн 45 тоот шийдвэрээр харуулын ажилд буцаан томилох шийдвэр гарсан. Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын дарга Д.Цогт-Очир давж заалдсан бөгөөд давж заалдах шатны шүүх хуралдаан 2017 оны 2 дугаар сарын 10-нд хуралдаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн боловч Д.Цогт-Очир нь Монгол Улсын Дээд шүүхэд гомдол гаргасан. Хяналтын шатны шүүх хуралдаан 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хуралдаж 001/ХТ2017/00473 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Шүүхийн шийдвэрийг үндэслэн 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хуучин ажилд маань эгүүлэн томилсон. Иймд миний ажилгүй байх үеийн цалин хөлс болох 7 сарын буюу /2016 оны 11 дүгээр сарын 03-наас 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл/ 144 хоногийн мөнгө 2.866.197 төгрөгийг Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас гаргуулж өгнө үү гэв.

            Харицагч Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Д.Цогт-Очир шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус газар нь 2015 оны 11 дүгээр сард нийтийн халаалтанд холбогдож галчаар ажиллаж байсан 3 галч, сахиулаар ажиллаж байсан А.Содном нарыг 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс харуулаар ажиллуулсан. Тухайн үед цалингийн сан нь галчийн цалин байсан ба улирлын чанартай ажлын байр байсан болно. 2016 оны зун 4 харуулд ээлжийн амралтыг нь ээлжээр тооцон олгоод үлдсэн хугацаанд нь байгууллагаас хөдөлмөрийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон нийгмийн даатгалын шитгэлийг төлж өгч байсан. 2016 онд 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэлд байнгын ажлын байр өөрөөр хэлбэл харуулын ажлын байр болгохоор цалин хөлсийг нь төсөвт тусгаж холбогдох газруудад санал тавьж шийдвэрлүүлсний эцэст 2017 оны 1 дүгээр сараас байнгын ажлын байр бий болсон. А.Содном нь ажлаас чөлөөлөгдөх үедээ улирлын чанартай ажлын байранд ажиллаж байсан болно. Иймд А.Содномын ажлын нөхцөл, цалин хөлсний баталгаа дээшилж байнгын ажлын байранд ажиллах боломжийг бүрдүүлсэн тул байгууллагын зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй. Хэдийгээр харуулуудыг байнгын ажлын байртай болгосон хэдий ч улс орны эдийн засгийн хямрал, төсөв санхүүгийн хүрэлцээгүйгээс байгууллагын цалингийн сан нийлбэр дүнгээрээ дутагдаж байгаа болно гэжээ.

          Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч А.Содном нь хариуцагч Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт холбогдууланажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 2.866.197 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

          Нэхэмжлэгч А.Содномд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч нэхэмжлэгч нь Ажлын шаардлагаар өөрийн биеэр шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон тул шүүх хуралдааныг намайг оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар, хариуцагч Цогт-Очирт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-д зааснаар зохигчдыг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийх боломжтой гэж үзсэн болно.

          Нэхэмжлэгчийг Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 45 дугаар шийдвэрээр Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын харуулынажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан боловч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

             Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг биелүүлж нэхэмжлэгч А.Содномыг 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөрУвс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын харуул, туслах ажилтнаар томилж, ажлын байраар хангасан болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Б/19 дүгээр А.Содномыг ажилд томилох, хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай тушаалаар нотлогдож байна.

          Хариуцагч нь А.Содном ажлаас чөлөөлөгдөх үедээ улирлын чанартай ажлын байранд ажиллаж байсан гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн боловч энэ тайлбараа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, Я.Алтангэрэл, Х.Сайнжаргал, М.Янжиндулам нарын тодорхойлолтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байна.

          Иймд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ыг баримтлан нэхэмжлэгчийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх 6 сар 15 хоног ажилгүй байсан хугацааны цалин нийт 3.476.736 /1 сарын дундаж цалин хөлс 519.096 төгрөг х 6 сар = 3.114.576 төгрөг, 1 өдрийн дундаж цалин хөлс 24144 төгрөг х 15 хоног = 362.160 төгрөг/ төгрөг байгаа боловч нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 2.866.197 төгрөгийг Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас гаргуулан нэхэмжлэгч А.Содномд олгох нь зүйтэй гэж үзэв.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60.809 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас 60.809 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Содномд олгох нь зүйтэй.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 2.866.197 /хоёр сая найман зуун жаран зургаан мянга нэг зуун ерэн долоо/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Содномд олгосугай.

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60.809 /жаран мянга найман зуун ес/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчУвс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас 60.809 /жаран мянга найман зуун ес/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Содномд олгосугай.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ