Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/74

 

   

 

 

 

 

 

 

   2022         02           11                                       2022/ШЦТ/74

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,  

улсын яллагч Л.Төгсжаргал,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

*******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2210 00000 0025 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны _ дүгээр сарын _-ны өдөр _ аймгийн _ суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын засварчин мэргэжилтэй, _ аймгийн _ суманд “_” ХХК-д дуудлагын засварчин ажилтай, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт _ дүүргийн _ дүгээр хороо, _ тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* (РД:_).

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:

Яллагдагч ******* нь 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, Хан-Уул дүүргийн _ дүгээр хорооны _ тоотод хамтран амьдрагч Д.Б-той “бусадтай хардаж, найзуудын дэргэд доромжиллоо” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар шанаа тус газарт нь 4-5 удаа гараараа алгадах, толгой, нуруун тус газарт нь хөлөөрөө өшиглөх, үсдэж чирэх, хоолойг нь боох зэргээр зодож, эрүүл мэндэд нь хүзүү, баруун эгэм, цээж, хоёр бугалга, баруун сарвуу, зүүн шуу, хэвлий, хоёр гуя, өвдөгт цус хуралт, зүүн хацрын төвгөр, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хоолойг боож, амьсгалыг нь боогдуулах, ам уруу нь цаас чихэх, нүүрэн дээр нь дэрээр дарах, ус цацах хэлбэрээр удаан хугацаанд бие махбодын шаналал үүсгэж, олон тооны шарх, гэмтэл учруулж онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй гэв.  

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, эрүүгийн 2210 00000 0025 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

1. Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасагт 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр бүртгэгдсэн дуудлагын лавлагааны хуудас (хэргийн 4 дэх тал),

 

2. Хохирогч Д.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 12 дугаар сарын 12-ний өдөр өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 11-ний 21 цагийн орчимд Өлзийтөд байх манай гэрт нөхөр М багын найзууд  Ц, Б, Т гэх эхнэр хүүхэдтэйгээ ирээд пиво, шампанск ууж дуусгасан. Дэлгүүрээс нэмж архи авч уугаад манай нөхөр найзууддаа худлаа юм яриад байхаар нь би “үнэнээ яриач, дандаа битгий худлаа яриад байгаач” гэсэн чинь найзуудын дунд намайг доош нь хийлээ гээд намайг “алаад хаячий” гээд хутга бариад дайрсан.  Тэр үед найзууд нь дундуур орж салгаад хутгыг нь амбаарт нуусан. Найзууд нь яваад би утсаа олмоор байна ээж, аав руугаа ярьмаар байна, утас өгөөч гэхэд миний утсыг унтрааж нуугаад, өөрсдийнхөө утсаар яриулаагүй. Бид хоёр баталгаа байхгүй, 3 жил хамт амьдарч байгаа, дундаасаа бага насны хоёр хүүхэдтэй. Манай нөхөр сард 2-3 удаагийн давтамжтай архи уудаг. Өмнө архи уучхаад агсам тавьж байгаагүй. Найзуудыгаа явсны дараа хаалгаа дотроосоо түгжээд ор луу үснээс зулгаагаад чирч аваачаад орон дээр унагасан. Хоолой багалзуурдаж боож шахаад амьсгал боогдоод байсан, дээрээс ус цацаад байсан. Сэргээд уйлаад орилох гэхээр миний ам руу цаас болон дэрээр дараад байсан. Хөл рүү толгой руу өшиглөөд нүүр рүү алгадсан. Хэдэн удаа цохисныг нь санахгүй байна. Намайг зодуулж байхад гаднаас орж ирж салгаагүй. М ээж ...намайг салгаагүй гараад явсан. Би хаалгаа онгойлгоод хашаанд байх хадам аав, ээжийн гэрт ороод намайг зодоод байна туслаач гэхэд хадам ээж Гансүх дуугүй нөхрийнхөө үгэнд ор, гэртээ ор гэсэн. Хадам аав Э нэмэр болохгүй байж нэрмээс битгий болоод бай гэсэн. Тэгээд би орохгүй гэсэн нөхөр М араас орж ирээд  намайг өшиглөөд ээжтэйгээ гэрт буцаж орж ирээд М унтсан. Би айгаад ... гуталгүй хөл нүцгэн гүйж урд гудамжны айлд орж ээж рүүгээ утасдаж хэл дуулгасан. Манай аав, ээж хоёр ирээд гэмтлийн эмнэлэгт үзүүлээд тэндээсээ цагдаад мэдэгдсэн. Гомдолтой байна, хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү...” гэх мэдүүлэг (хэргийн 11-12 дахь тал),

            - хохирогчоор 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр дахин өгсөн: “...Миний биед учирсан гэмтлийг нөхөр М нь маргалдаж зодох үедээ үүсгэсэн. Манай нөхөр хүзүүнд гараараа боож байгаад хүзүү, баруун эгэм, цээж хоёр бугалга, баруун сарвуу, зүүн шуу зэрэгт гэмтэл учруулсан. Баруун эгэмд ...гараараа базалж учруулсан. Цээж хэсэгт цохисон. Бугалга орчим хөдөлгөөнгүй болгох гэж гарыг боож барьж байхдаа гэмтээсэн. Зүүн хацарт 5-6 удаа цохиж, дээрээс хацар орчим өшиглөсөн. Хүзүүн дэх зулгаралтыг намайг орноос унагаасны дараа доороо дарж байгаад хүзүү боож, гараараа базалж үүсгэсэн. Хадам ээж, манай нөхрийн найзууд намайг цохиж зодсон зүйл байхгүй. Намайг зодож байхад орж ирэх үеэр М зодохоо больж, гарсны дараа дахиж зодож эхэлсэн. Би гэрт нь орж намайг зодож байна гэхэд тоогоогүй гэртээ орж асуудлаа шийд гэсэн. Би гомдолтой байна хуулийн дагуу шалгаж шийдвэрлэж өгнө үү. ...” гэх мэдүүлэг (хэргийн 15 дахь тал),

            - хохирогчоор 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр дахин өгсөн: “...Манай нөхрийн найз Б намайг зодож цохисон зүйл байхгүй. Намайг маргалдаж байхад бид хоёрын голоор ороод ирсэн юм. Тэгээд бид хоёрын хэрүүлийг зогсоох гэсэн байх. Намайг татаад түлхэхэд би байшингийн багана мөргөсөн. Тэр үед надад ...шарх гэмтэл үүсээгүй. Б-д гомдол санал байхгүй. Ц гэх залуу хадам ээжийг дуудаад оруулаад ирсэн. Хадам ээж орж ирээд М найзууд гараад явсан. ...” гэх мэдүүлэг (хэргийн 16 дахь тал),

 

3. Гэрч М.Ц-н мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 21 цагийн үед найз М-д очсон. Бид 10 жилийн сайн найзууд юм. Би М гэрт хоноогүй. 01 цагийн үед гэр рүүгээ явсан. Намайг явахын өмнө М өөрийн эхнэртэйгээ хэрэлдээд байсан. Би явахаасаа өмнө нэг хашаанд хамт амьдардаг М ээжийг дуудаж энэ хоёр хүүхэд чинь хэрэлдэж маргалдаад байна гэж хэлээд М гэрт нь оруулж өгөөд явсан. Намайг байхад зодож цохисон үйлдэл гаргаагүй...” гэх мэдүүлэг (хэргийн 25 дахь тал),

 

4. Гэрч Б.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр миний хүү М гэрт хүмүүс ирж байсан. Тэдний нэг эрэгтэй нь шөнө дунд хаалга цохиж манай хүүг эхнэртэйгээ хэрэлдэж байна гэж хэлээд гэрийн гаднаас гүйгээд явсан. Би санаа зовоод гэрт нь ороход манай бэр Б согтуу, манай хүү халамцуу байсан. 3 хүн үүдэнд зогсож байхад Б намайг янхан гээд байна гэхээр нь би хүүгийнхээ найзуудыг яв гэсэн. М миний найзуудыг хөөхгүй шүү гэж орилсон. Тэгэхээр нь би загнаад найзуудыг нь явуулж унт гээд гэрт нь үлдээгээд гарсан. Гэр рүү орж байтал ард чимээ шуугиан болохоор нь гарч хартал манай бэр хашхираад М тэврээд орсон. Би гэрт нь цуг орж хүүхдийг нь аваад гэртээ орсон. Тэр шөнө үүрээр манай бэр хажуу айл руу гүйж ороод аав ээждээ хэлсэн шиг байна лээ. Би гэрт нь орж харахад зодолдсон зүйлгүй байсан...” гэх мэдүүлэг (хэргийн 31-32 дахь тал),

 

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 415 дугаартай дүгнэлтэд:

- Д.Б-н биед хүзүү, баруун эгэм, цээж, хоёр бугалга, баруун сарвуу, зүүн шуу, хэвлий, хоёр гуя, өвдөгт цус хуралт, зүүн хацрын төвгөр, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

- Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт (хэргийн 34-35 дахь тал),

 

6. Шүүгдэгч *******-н мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр яллагдагчаар өгсөн: “..._ дүүргийн _-р хороо _ тоотод эхнэр Д.Б, 2 хүүхдийн хамт амьдраад 3 жил болж байна. Би _ аймгийн _ суманд “_” ХХК-д дуудлагын засварчнаар ажиллаж байгаа.

2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр _ дүүргийн _ дүгээр хороо _ гэх газар өөрийн гэрт орой 18 цагийн үед манай найз Ц, Б, түүний эхнэр М Т нар ирж хүүхдүүдэд маань бэлэг өгч  бид 2 ширхэг 2.5литр савлагаатай Нийслэл шар айраг хувааж уугаад, архи авахаар ойролцоох дэлгүүр гарч 2 ширхэг 0.75литр савлагаатай Экс архи авч гэртээ ирсэн. Гэрт ирээд найзуудын хамт архи ууж байхад эхнэр өөр хүнтэй явалддаг юм уу гээд хэрүүл өдөөд нүүр рүү пиво цацахаар нь уурлаж архи ууж байгаад намайг доромжиллоо гээд мах идэж байсан хутга авч чамайг ална шүү гээд босоход найзууд маань тайвшруулж суулгасан. Эхнэр уурлаад байхаар нь найзууд явж эхнэр бид хоёр үлдсэн. Найзууд яваад би эхнэрээ хоолойг нь боож 4-5 удаа алгадсан. Түүнээс хойш согтуу байсан болохоор сайн санахгүй байна. Эхнэрийн биед учирсан гэмтлийг би учруулсан. Найзууд явсны дараа хоолойг нь боож үүсгэсэн. Баруун эгэмд тохойгоороо дарж унахдаа үүсгэсэн, цээж хэсэгт нь том захтай цамцаар бооход үүссэн байх. Баруун сарвуу, зүүн шуу хэсэгт би атгаад гэмтээсэн. Хэвлий, хоёр гуя зэрэгт би гараас нь барьж байхдаа газар унасны дараа өвдгөөрөө дарсан. Өвдөгт нь цус хурсныг яаж үүссэнийг мэдэхгүй. Зүүн хацрын төвгөр хэсэгт би алгадаж хөхрүүлсэн. Би энэ бүх гэмтлийг ээж орж ирээд гарсны дараа үүсгэсэн. Надаас өөр эхнэрт маань гар хүрсэн хүн байхгүй. Бид хоёр маргалдаж эхлээд ээж орж ирэхэд манай найзууд гарч явсан. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг (хэргийн 43-44 дэх тал),

 

7. Яллагдагч, хохирогч нарын гаргасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт, хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, ялын санал (хэргийн 72-78 дахь тал),

 

8. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Иргэний үнэмлэхийн лавлагаа (хэргийн 45 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хэргийн 46 дахь тал), жолоодох эрхийн лавлагаа (хэргийн 54 дэх тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хэргийн 55-56 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт (хэргийн 57-58 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хэргийн 60 дахь тал), М овогтой М-н төрсний гэрчилгээний хуулбар (хэргийн 47 дахь тал), М овогтой Б-н төрсний гэрчилгээний хуулбар (хэргийн 48 дахь тал)  болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

             Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад яллагдагчийн гаргасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, ялын санал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар яллагдагчид танилцуулж, зөвшөөрсөн талаар дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

 

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал болон хууль зүйн дүгнэлт.

  1. Гэм буруугийн талаар.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтаар хангалттай тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай гэсэн дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгч нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч ******* нь 2021 оны 12 дугаар сарын 11-ээс 12-нд шилжих шөнө согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн __ дүгээр хорооны _ тоотод хамтран амьдрагч Д.Б-той “бусадтай хардаж, найзуудын дэргэд намайг доромжиллоо” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар гараараа шанаа тус газарт нь 4-5 удаа цохих, толгой, нуруун тус газарт нь хөлөөрөө өшиглөх, үснээс нь үсдэж чирэх, хоолойг нь боох зэргээр зодож, эрүүл мэндэд нь хүзүү, баруун эгэм, цээж, хоёр бугалга, баруун сарвуу, зүүн шуу, хэвлий, хоёр гуя, өвдөгт цус хуралт, зүүн хацрын төвгөр, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хоолойг боож, амьсгалыг нь боогдуулах, ам уруу нь цаас чихэх, нүүрэн дээр нь дэрээр дарах, ус цацах зэргээр удаан хугацаанд бие махбодын шаналал үүсгэж, олон тооны шарх, гэмтэл учруулж онц харгис хэрцгийгээр үйлдсэн үйл баримт нь:

 

- Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасагт 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр бүртгэгдсэн дуудлагын лавлагааны хуудас (хэргийн 4 дэх тал),

- Хохирогч Д.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 12 дугаар сарын 12 (хэргийн 11-12 дахь тал), 2022 оны 01 дүгээр сарын 17 (хэргийн 15 дахь тал), 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр тус тус өгсөн мэдүүлэг (хэргийн 16 дахь тал),

-Гэрч М.Ц-н мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн мэдүүлэг (хэргийн 25 дахь тал),

-Гэрч Б.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өгсөн мэдүүлэг (хэргийн 31-32 дахь тал),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 415 дугаартай дүгнэлт (хэргийн 34-35 дахь тал),

- Шүүгдэгч *******-н мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хэргийн 43-44 дэх тал) болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүх дээрх нотлох баримтуудын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэж цэгнэж, харьцуулан шинжилж, хохирогч, гэрч, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтийн нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

 

Хэргийн тогтоогдсон үйл баримтаас хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ хохирогч Д.Б-н эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байх бөгөөд энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” бол хүндрүүлэх шинжээр зүйлчлэхээр тодорхойлжээ.

 

Онц харгис хэрцгийгээр гэдгийг хууль зүйн хувьд хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон үйлдлийг ойлгоно.

 

 Шүүгдэгч ******* нь хохирогч Д.Б-н хоолойг боож, амьсгалыг нь боогдуулах, ам уруу нь цаас чихэх, нүүрэн дээр нь дэрээр дарах, ус цацах хэлбэрээр удаан хугацаанд бие махбодын шаналал үүсгэж шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон “хүзүү, баруун эгэм, цээж, хоёр бугалга, баруун сарвуу, зүүн шуу, хэвлий, хоёр гуя, өвдөгт цус хуралт, зүүн хацрын төвгөр, хүзүүнд зулгаралт” бүхий олон тооны шарх, гэмтэл учруулсан үйлдэл нь онц харгис хэрцгий шинжийг хангасан байна.

 

Мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд “Гэр бүлийн хамаарал бүхий этгээд”-д эхнэр, нөхөр, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч нарыг гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд ойлгохоор хуульчилсан ба, шүүгдэгч ******* хохирогч Д.Б нар нь гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч гэр бүлийн харилцаа үүсгэн амьдарч байгаа хамтран амьдрагч нар байх тул гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүст хамаарна.

 

            Түүнчлэн гэр бүлийн хүчирхийллийг “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульд заасан бөгөөд шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Д.Б-н бие, эрх чөлөөнд нь халдах үедээ ам руу нь цаас чихэх, нүүрэн дээр нь дэрээр дарах, ус цацах зэрэг үйлдэл нь догшин авирласан, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй байна.

 

Ийнхүү шүүгдэгч ******* нь хамтран амьдрагч Д.Б-г онц харгис хэрцгийгээр зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэргийн шинжийг хангасан байна.

 

Шүүгдэгч согтууруулах ундаа хэрэглэсэн нь хэрүүл маргаан үүсгэх, өөрийн хийж буй ухамсарт үйл ажиллагаанд шууд нөлөөлсөн, оюун санаа болон биеэ удирдан хянах чадваргүй байсан нь хохирогчийн биед гэмтэл учруулах гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл болжээ.  

 

Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчтэй ял тохиролцон, улмаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын тухай.

Тус хэргийн улмаас хохирогч Д.Б-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба, хохирогч нь хор уршгийн зардлыг нэхэмжилсэн баримтыг хэрэгт ирүүлээгүй, нэхэмжлэл гаргаагүй, гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч *******-тэй эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн тул тохиролцсон саналын хүрээнд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй.  

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаардана.

Хувийн байдлыг судалсан баримт болох эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар шүүгдэгч ******* урьд ял шийтгэлгүй байх ба, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлыг шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзав.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх шүүгдэгчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагууд хангагдсан байна.  

Иймд шүүгдэгч *******-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар” үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул прокурортой тохиролцсон ялын саналын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого, эд хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тус хугацаанд торгох ялыг биелүүлэхээс зайлсхийвэл биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

2. Бусад асуудлаар: Шүүгдэгч *******-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

        ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *******-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ******* 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шийдвэрийг сайн дураараа биелүүлэх 3 сар буюу 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч *******-д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Шүүгдэгч *******-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ДОРЖСҮРЭН