Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2017/01574

 

 

2017 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2017/01574

Улаанбаатар хот

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би

Нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 20 28 тоотод оршин суух Боржгон овогт Болдбаатарын Шинэтуяагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр байр 95 тоотод оршин суух Самбаа овогт Зоригтын Гэрэлмаад холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 4.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Нэхэмжлэгч Б.Шинэтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие З.Гэрэлмаатай 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 3.570.000 төгрөгийг 5 хувийн хүүтэй, 2016 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл 3 сарын хугацаатай зээлдүүлсэн. Гэрээний хугацаа дууссан боловч З.Гэрэлмаа нь өнөөг хүртэл нэг ч төгрөг өгөлгүй маргааш нөгөөдрөөс өгнө гэж хуурч аргацаасаар өдий хүрлээ. Иймд хариуцагч З.Гэрэлмаагаас 4.000.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч З.Гэрэлмаа шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Б.Шинэтуяагаас 3.570.000 төгрөг 3 сарын хугацаатай зээлж авсан нь үнэн. Б.Шинэтуяагийн нэхэмжилж байгаа 4.000.000 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 15-ны дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь

 

Нэхэмжлэгч Б.Шинэтуяа, хариуцагч З.Гэрэлмаад холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 4.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2017 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн дотор 4.000.000 төгрөгийг төлж барагдуулна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1. Нэхэмжлэгч Боржгон овогт Болдбаатарын Шинэтуяа, хариуцагч Самбаа овогт Зоригтын Гэрэлмаагаас зээлийн гэрээний үүргийн биелэлт 4.000.000 төгрөг нэхэмжилснийг, хариуцагч 2017 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78950 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 39475 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч З.Гэрэлмаагаас улсын тэмдэгтийн хураамж 39475 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. . Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

  1. . Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.АРИУНАА