Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 2021/ШЦТ/132

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан 2002002000203 дугаартай эрүүгийн хэргээс шүүгдэгч Н.Ц-д холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус журамлан шүүгдэгч Б овогт Х-н А, Б овогт Д-н Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан хахууль өгөх” гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Эа овогт Н-н Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хахууль өгөх” гэмт хэргийг бусадтай бүлэглэн үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овогт Ба-н А, Б овогт Т-н Т, М овогт Б-н Б нарыг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан хахууль авах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ц-н нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 10.000/арван мянга/  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000/арван сая/ төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Х.А-н нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 10.000/арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000/арван сая/ төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-н нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 7000/долоон мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000/долоон сая/ төгрөгөөр торгох, 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т, Б.А, Б.Б нарын нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 10.000/арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000/арван сая/ төгрөгөөр торгох ялыг тус бүрт нь оногдуулсугай.

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н, Т.Т, Б.А, Б.Б нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцон хорих ялаар сольж болохыг шүүгдэгч нарт сануулсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 3.000.000/гурван сая/ төгрөгийг шүүгдэгч Т.Т-с, 3.000.000/гурван сая/ төгрөгийг шүүгдэгч Б.А-с, 4.000.000/дөрвөн сая/ төгрөгийг шүүгдэгч Б.Б-с тус тус гаргуулж улсын орлого болгосугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 4 ширхэг CD-г хэрэгт хавсаргаж, 4 ширхэг гадаад паспортыг хууль ёсны эзэмшигч нарт буцаан олгож, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний үнэмлэх шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар үйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор  хүчинтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч нар, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Г.МӨНХТУЛГА