| МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар, Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар баг, 2-18 тоотод оршин суух, 1959 онд төрсөн, 58 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОЭ59122715, Их зуутраг овогт Цэгмидийн Дүгэржавын, Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Дүгэржав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ё.Мөнхгэрэл нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч Ц.Дүгэржав шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1959 онд төрсөн, 58 настай. Би 1978 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс Увс аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт бохирын жолоочоор ажилд ороод 1991 оныг дуустал ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас болж бичиг баримтаа бүрдүүлэхэд тухайн үед ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр гээгдсэн учраас ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандах шаардлагатай болсон. Иймд миний Увс аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт 1978 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 1991 оныг дуустал бохирын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Тухайн үед надтай хамт ажиллаж байсан Т.Нямааг гэрчээр асууж өгнө үү гэв. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч Ц.Дүгэржав нь 1978 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 1991 оныг дуустал Увс аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт бохирын жолоочоор ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 267 дугаар архивын лавлагаанд: Увс аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын цалингийн баримт манай архивт шилжиж ирээгүй тул Цэгмид овогтой Дүгэржавын цалинг шүүн үзэх боломжгүй байна гэжээ. Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабын 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 161 дүгээр тодорхойлолтод: Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар багийн иргэн Цэгмид овогтой Дүгэржав нь хугацаат цэргийн албыг хаагаагүй нь үнэн болно гэжээ. Увс аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1978 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 55 дугаар Ажилд авах тухай тушаалд: ХНХ-ийн хэлтсийн 9/414, 416 тоот шилжүүлэгтэй Ц.Дүгэржавыг 6 дугаар сарын 28-наас бохир усны машины жолоочоор авч ажиллуулсугай... гэжээ. Түүчлэн Увс аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1986 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 91 дүгээр Төлөвлөгөө биелүүлсний шагнал олгох тухай тушаалд: ОСНАА-н салбарын ажилчдын 2-р сарын төлөвлөгөө биелүүлсэн шагналыг хавсралт ёсоор олгосугай. Хавсралтын 10-т Ц.Дүгэржав... гэжээ. Увс аймгийн Барилга, цахилгаан сантехникийн засварын ангийн даргын 1990 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 39 дүгээр Тэргүүний хүмүүсийг шагнах тухай тушаалд: Ардын хувьсгалын 69 жилийн ойн баярыг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа өндөр амжилт гаргасан 35 хүнийг хавсралтад зааснаар шагнасугай. Хавсралтын 8-д Ц.Дүгэржав-жолооч... гэжээ. Увс аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1991 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 20 дугаар Шагнал олгох тухай тушаалд: БНМАУ-ын НААҮ-ний яамны коллеги, тээвэр холбоо, худалдаа нийтийн аж ахуй үйлчилгээний ажилчдын үйлдвэрчний эвлэлийн байнгын зөвлөлийн 1987 оны А-19/24 дүгээр тушаал, тогтоолыг үндэслэн барилгын засварын ажилчдад 1990 оны жилийн ажлын үр дүнгийн шагналыг хавсралтад заагдсан нэр бүхий ажилчдад олгосугай. Хавсралтын 68-д Ц.Дүгэржав... гэжээ. Мөн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Т.Нямаагаас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Т.Нямаа Миний бие нь 1978 оноос 2013 он хүртэл Увс аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газар буюу Ус сувгийн газар одоогийн Чандмань-Увс ХХК-д жолоочоор ажиллаж байсан. Намайг тус газарт ажиллаж байхад Ц.Дүгэржав нь 1978 оноос эхлэн Увс аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт жолоочоор ажиллаж эхэлсэн. Ц.Дүгэржав нь 1991 оныг дуустал тус газарт жолоочоор ажилласан. Миний бие нь Ц.Дүгэржавтай тасралтгүй 17 гаруй жил хамт ажилласан. Тухайн үед Увс аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын даргаар Давааням гэх хүн ажиллаж байсан гэж мэдүүлсэн ба түүний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбар болон 196255 дугаар үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэх хэрэгт авагджээ. Увс аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1978 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 55 дугаар Ц.Дүгэржавыг бохир усны машины жолоочоор ажилд томилсон тушаалын бохир гэж бичсэн хэсэг болон тушаалын он засвартай, сүүлд нөхөж бичсэн эргэлзээтэй байх тул уг тушаалыг шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй гэж үзэв. Түүнчлэн хэрэгт авагдсан Увс аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1986 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 91 дүгээр Төлөвлөгөө биелүүсний шагнал олгох тухай тушаал, Увс аймгийн Барилга, цахилгаан сантехникийн засварын ангийн даргын 1990 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 39 дүгээр Тэргүүний хүмүүсийг шагнах тухай тушаал, Увс аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1991 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 20 дугаар Шагнал олгох тухай тушаал, гэрч Т.Нямаагийн мэдүүлгээр Ц.Дүгэржав нь тус байгууллагад бохирын жолоочоор ажиллаж байсан болох нь няцаагдаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагын бохирын жолоочоор ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй. Харин нэхэмжлэгч Ц.Дүгэржав нь 1978 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 1991 оныг дуустал Увс аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт жолоочоор ажиллаж байсан болох нь Увс аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1986 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 91 дүгээр Төлөвлөгөө биелүүсний шагнал олгох тухай тушаал, Увс аймгийн Барилга, цахилгаан сантехникийн засварын ангийн даргын 1990 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 39 дүгээр Тэргүүний хүмүүсийг шагнах тухай тушаал, Увс аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1991 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 20 дугаар Шагнал олгох тухай тушаал, гэрч Т.Нямаагийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. Иймд нэхэмжлэгч Ц.Дүгэржавын хүсэлтийн зарим хэсгийг хангаж, түүний 1978 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 1991 оныг дуустал Увс аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт жолоочоор 13 жил 6 сар 3 хоногажиллаж байсан байдлыг тогтоож, дээрх хугацаанд бохирын жолоочоор ажиллаж байсан байдал тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Их зуутраг овогт Цэгмидийн Дүгэржавын 1978 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 1991 оныг дуустал Увс аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт жолоочоор 13 /арван гурав/ жил 6 /зургаа/ сар 3 /гурав/ хоног ажиллаж байсан байдлыг тогтоож, дээрх хугацаанд бохирын жолоочоор ажиллаж байсан байдал тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Ц.Дүгэржавын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ |