Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашнямын Доржсүрэн |
Хэргийн индекс | 187/2022/0114/Э |
Дугаар | 2022/ШЦТ/88 |
Огноо | 2022-02-15 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Б.Хурц |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 2022/ШЦТ/88
2022 02 15 2022/ШЦТ/88
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,
улсын яллагч Б.Хурц,
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:
*******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 211001667 1120 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
-Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 611 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдэж, ******* (РД:_).
Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:
Яллагдагч ******* нь 2021 оны 08 дугаар сарын 06-ны шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Зайсан хилл” цогцолборын гадаа М.Б-г үл ялих зүйлээр шалтаглан нүүр рүү нь цохих, өшиглөх зэргээр халдан дух, хамрын хянганд шарх, хоёр нүдний зовхи, зүүн бугуй, сарвуунд цус хуралт, үүдэн нэг шүдний хугарал, зүүн хацарт зулгаралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******-с: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэг гаргахгүй” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, эрүүгийн 21100 1667 1120 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтууд:
1. Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасагт бүртгэгдсэн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн дуудлагын лавлагааны хуудас (хавтас хэргийн 5 дахь тал),
2. Хүний биед үзлэг хийсэн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн тэмдэглэлд: “...М.Б-н биед үзлэг явуулахад өндөр нь 183 сантиметр, толгой хэсэгтээ 5см хар хүрэн өнгийн үстэй, нүүр хэсэг цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон, хоёр хөмсөгний дунд зүүн хөмсөгний дээд хэсэгт 0.5х0.8 см хэмжээтэй шархтай, баруун дээд 2 дугаар шүд хугарч гэмтсэн байв...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтас хэргийн 7-9 дэх тал),
3. Хохирогч М.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр өгсөн: “...2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 00 цаг өнгөрч байхад Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Зайсан хилл” цогцолборын “Ион” клубийн гадаа найз Х-н хамт явж байгаад “_” хорооллын дүү нартайгаа таарсан. Тэр хэд манай найзтай үл ойлголцсон юм уу, яасан юм найз руу агсраад дайраад байсан. Тэгэхээр нь салгах гээд очсон чинь манай байрны дүүгийн найз гээд хар хувцастай _ улсын дугаартай автомашин унаад явж байсан залуу миний толгойг шууд угзарч татаад доошоо тонгойсон чинь миний хамар, шүд, нүүр рүү өшиглөөд шүдийг унагаад, би газарт нүүрээ дарж хэвтсэн...” гэх мэдүүлэг (хавтас хэргийн 15-16 дахь тал),
- хохирогчоор дахин 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр өгсөн: “...Анх Ө намайг жийж унагасан болохоор Ө-т зодуулж эдгээр гэмтлүүдийг авсан гэж бодож цагдаагийн байгууллагад хандсан. Тухайн үед зодсон хүнийг би сайн мэдэхгүй байгаа юм. Ямар ч байсан намайг хэн нэгэн цохиж би газарт унасан, энэ үед нэг хүн нь өшиглөсөн. Би хэн гэдгийг нь мэдэхгүй. Б-с надад дансаар 2.000.000 төгрөг, зураг авхуулах мөнгө гэж 480.000 төгрөг, нийт 2.480.000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Хохирлын мөнгийг Бгээс авсан ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хавтас хэргийн 21-22 дахь тал),
4. Гэрч Ө.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр өгсөн: “...2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Украйн улс руу сургуульд явах гээд найз нарын хамт Зайсангийн “Ион” нэртэй бааранд төрсөн ах Ө, төрсөн дүү О, найз З, Б, А, Ц, У, Б, Ө, О, А, М, Б, нарын хамт орсон. 00 цагийн орчимд гараад явж байхад З Б хоёр хоорондоо муудалцаад эхлэхэд Б, А, Ө нар голоор нь орж одоо больцгоо, гэр лүүгээ явъя гэж хэлсэн боловч Б нь З, Б нарыг янз бүрээр хэлж хоорондоо бие биенийгээ хэл амаар доромжилж цаг орчим болсон. ...Б цаанаас ирээд Б руу намайг охин шиг гэл үү гээд дайрах үед Ө машинаас бууж ирээд одоо больцгоо гэхэд Б Ө руу дайраад чамаас энэ бүхэн боллоо гээд ...Ө хөлөөрөө гэдэс орчим нь жийсэн чинь Б зөрүүлээд Өын гэдэс рүү жийсэн. Тэгээд салгаад хартал Б Б-г газар унасан байхад дээрээс нь өшиглөж цохисон... ” гэх мэдүүлэг (хавтас хэргийн 24-25 дахь тал),
5. Гэрч Г.У-гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр өгсөн: “...2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Ө-ын дүү Б гадаадад сурахаар болж үдэлтийн үдэшлэгийг “Зайсан хилл”-д хийсэн. ...00 цагийн үед тараад Ө-ын машинд суух гээд явж байтал З их ууртай явж байхаар нь юу болсон талаар тодруулахад Б гэх хүнтэй муудалцсан гэж хэлсэн. ...Б Ө руу хэл амаар дарамталж дайрсан. Ингэхдээ Ө-ын нүүр хэсэг рүү толгойгоороо тулсан чинь Ө Б-ийг түлхэж унагаасан. Энэ үед Б, З хоёр Б дээр очоод дээрээс нь гараараа болон хөлөөрөө өшиглөж зодох үед тэнд байсан хүмүүс хоёр тийш нь салгасан... ” гэх мэдүүлэг (хавтас хэргийн 29-30 дахь тал),
6. Гэрч Ж.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр өгсөн: “...2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Б, О нарыг гадаад явахад нь гаргаж өгөх гээд “Ион” нэртэй бааранд Б, О, Б, Санчир, Ө, Ө, З, М нарын хамтаар архи ууж бүжиглэж байгаад гадаа гарч ирсэн чинь З байрны ах Бийн найзтай нь муудалцаад байхаар нь салгасан... ...Цаана нь яг бужигнаан дунд хэн нь хэнийгээ цохисныг хараагүй...” гэх мэдүүлэг (хавтас хэргийн 43-44 дэх тал),
7. Гэрч Ө.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр өгсөн: “...2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр төрсөн эгч Б Украйн Улс руу сургуульд явахаар болж найз нарынх нь хамт Зайсангийн “Ион” нэртэй клубт орж хаах цаг нь болоод бөөнөөрөө гараад явж байхад З Б-ийн найзтай маргалдаж байсан. Ө голоор нь ороод салгах гэтэл Б шалтгаангүйгээр Ө руу дайрсан. Ингээд хоорондоо хэрэлдээд... ...машины хойд талд Б газар унасан Б өшиглөсөн. ...” гэх мэдүүлэг (хавтас хэргийн 60 дахь тал),
8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 7983 дугаартай хүний биед хийгдсэн дүгнэлтэд:
-М.Б-ийн биед дух, хамрын хянганд шарх, хоёр нүдний зовхи, зүүн бугуй, сарвуунд цус хуралт, үүдэн нэг шүдний хугарал, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.
-Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.
-Дээрх гэмтлүүдийг өөрөө өөртөө учруулах боломжгүй.
-Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. ...” гэсэн дүгнэлт (хавтас хэргийн 63-64 дэх тал),
9. Шинжээч Ч.Эрдэмболорын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр өгсөн: “...М.Б-ийн дух, хамрын хянганд шарх, хоёр нүдний зовхи цус хуралт, үүдэн нэг шүдний хугарал гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, харин зүүн бугуй, сарвуунд цус хуралт, зүүн хацарт зулгаралт нь гэмтлийн зэрэгт хамаарна... ...Б нь нүүр болон биеийн урд хэсгээр унасан тохиолдолд эдгээр гэмтлийг авах боломжтой. ...” гэх мэдүүлэг (хавтас хэргийн 68-69 дэх тал),
10. Яллагдагч *******-н мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр өгсөн: “...Надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. ...2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Зайсангийн “Ион” нэртэй шөнийн клуб руу Ө, түүний дүү Б, О, М, О, У, З, А, А нарын хамт ороод бүгдээрээ пиво уусан. Клуб хаах үед тамхины өрөөнд тамхи татчихаад гарах үед ... З сая Б ахтай таарсан чинь намайг доромжилж, дээрэлхэж байна гэхээр нь би Бийг гарч ирэхийг хүлээе гэж хэлээд Б гарч ирэхээр нь очиж уулзсан... ...М, О, А нар орж ирээд бие биетэйгээ маргалдаж байхад Б зогсож байхаар нь шууд очоод нүүрэн тус газар нь нэг удаа цохиход газар унасан, тэгээд хөл рүү нь өшиглөхөд хэн нэгэн салгасан... ” гэх мэдүүлэг (хавтас хэргийн 100-101 дэх тал),
11. Хохирогч М.Б-ийн гомдол, саналгүй гэх мэдүүлэг (хавтас хэргийн 21-22 дахь тал), Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагч *******-н гаргасан хүсэлт (хавтас хэргийн 120 дахь тал), Хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, прокурорын яллагдагчтай ялын тохиролцсон санал (хавтас хэргийн 139-140 дэх тал),
12. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтуудад: Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтас хэргийн 113 дахь тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтас хэргийн 117 дахь тал), бүрэн дунд боловсролын үнэмлэхийн тодорхойлолт (хавтас хэргийн 114 дэх тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтас хэргийн 116 дахь тал), эд хөрөнгөтэй эсэхийг шалгасан лавлагаа (хавтас хэргийн 115 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтас хэргийн 119 дэх тал), Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 611 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтас хэргийн 122-129 дэх тал), Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол (хавтас хэргийн 121 дэх тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад яллагдагчийн гаргасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, ялын санал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар яллагдагчид танилцуулж, зөвшөөрсөн талаар дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, хууль зүйн дүгнэлт.
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “шүүгдэгч Э.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай” гэсэн дүгнэлт гаргасан ба, шүүгдэгч нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч ******* нь 2021 оны 08 дугаар сарын 06-ны шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Зайсан хилл” цогцолборын гадна иргэн М.Б үл ялих зүйлээр шалтаглан нүүрэнд нь цохих, өшиглөх зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь “дух, хамрын хянганд шарх, хоёр нүдний зовхи, зүүн бугуй, сарвуунд цус хуралт, үүдэн нэг шүдний хугарал, зүүн хацарт зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:
-Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасагт бүртгэгдсэн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн дуудлагын лавлагааны хуудас (хавтас хэргийн 5 дахь тал),
-Хохирогч М.Б-ийн биед 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтас хэргийн 7-9 дэх тал),
-Хохирогч М.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр өгсөн “...“Ион” клубийн гадаа ...“Хурд” хорооллын дүү нартайгаа таарсан. Тэр хэд манай найзтай үл ойлголцсон юм уу, яасан юм найз руу агсраад дайраад байсан, ...салгах гээд очсон чинь манай байрны дүүгийн найз гээд ...залуу миний толгойг шууд угзарч татаад доошоо тонгойсон чинь миний хамар, шүд, нүүр рүү өшиглөөд шүдийг унагаад, би газарт нүүрээ дарж хэвтсэн. ...” гэх мэдүүлэг (хавтас хэргийн 15-16 дахь тал) болон түүний хохирогчоор 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр дахин өгсөн мэдүүлэг (хавтас хэргийн 21-22 дахь тал),
-Гэрч Ө.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр өгсөн “...З Б хоёр хоорондоо муудалцаад эхлэхэд Б, А, Ө нар ..явъя гэж хэлсэн боловч Б нь З, Б нарыг янз бүрээр хэлж хоорондоо бие биенийгээ хэл амаар доромжилж цаг орчим болсон. ...Тэгээд салгаад хартал Б Бийг газар унасан байхад дээрээс нь өшиглөж цохисон... ” гэх мэдүүлэг (хавтас хэргийн 24-25 дахь тал),
-Гэрч Г.У-гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтас хэргийн 29-30 дахь тал),
-Гэрч Ж.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр өгсөн мэдүүлэг (хавтас хэргийн 43-44 дэх тал),
-Гэрч Ө.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр өгсөн: “...хоорондоо хэрэлдээд... ...машины хойд талд Б газар унасан Б өшиглөсөн. ...” гэх мэдүүлэг (хавтас хэргийн 60 дахь тал),
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 7983 дугаартай хүний биед хийгдсэн дүгнэлт (хавтас хэргийн 63-64 дэх тал),
-Шинжээч Ч.Эрдэмболорын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтас хэргийн 68-69 дэх тал),
-Яллагдагч *******-н мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтас хэргийн 100-101 дэх тал) болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит нөхцөл байдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон, оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн, хязгаарласан зэрэг нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүх дээрх нотлох баримтуудын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэж цэгнэж, харьцуулан шинжилж, хохирогч, гэрч, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтийн нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Хэргийн үйл баримтаар тогтоогдсон нөхцөл байдлаас хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч Э.Б нь тухайн үед үүссэн үл ойлголцол, таарамжгүй харьцааны улмаас иргэн М.Б-той маргалдан бие, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байх ба улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон гэж дүгнэв.
Иймд прокуророос шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хэргийг зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч, хохирогч нар биенийгээ үл хүндэлсэн байдал, согтуурсан байсан зэрэг нь маргаан үүсэх нөхцөл болж, хохирогч М.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг гарах шалтгааныг бий болгожээ.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Тус хэргийн улмаас хохирогч М.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба, хохирогч нь хор уршгийн зардлыг нэхэмжилсэн баримтыг хэрэгт ирүүлээгүй, нэхэмжлэл гаргаагүй, гомдол саналгүй, хохиролд 2.480.000 төгрөгийг авсан талаар (хавтас хэргийн 21-22 дахь тал) мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч *******-д оногдуулах ялын саналыг танилцуулж, эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шилжүүлсэн тул шүүгдэгчтэй тохиролцсон ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаардана.
Шүүгдэгчийн хувийн байдлыг судалсан нотлох баримтууд болох эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан баримт, шийтгэх тогтоолын хуулбар зэргээр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 611 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгийн торгох ял шийтгэгдсэн байх ба, Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол (хавтас хэргийн 121 дэх тал)-оор ялыг эдэлж дуусгавар болсон байх тул нэмж нэгтгэх ялгүй гэж үзнэ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлснийг” хөнгөрүүлэх нөхцөлд харгалзав.
Шүүгдэгч ******* нь эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, прокуророос түүнд танилцуулсан ялын саналыг зөвшөөрч гарын үсэг зурсан байх ба, шүүх хуралдаанд гэм буруу, прокурорын ялын саналыг зөвшөөрч байгаа, ялаас зайлсхийвэл хорих ялаар солих хууль зүйн үр дагаврыг ойлгосон талаар мэдүүлж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг хангагдсан гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.
Шүүгдэгч *******-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул улсын яллагчтай тохиролцсон ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого, эд хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг харгалзан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлэхээс зайлсхийвэл биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
2. Бусад асуудлын талаар: Шүүгдэгч *******-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн биелүүлэхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг тогтоосон заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч *******-д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Шүүгдэгч *******-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогч М.Б-т төлөх төлбөргүй болохыг дурдсугай
7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, гардан авснаас, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДОРЖСҮРЭН