Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 566

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

             Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

              Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 23 дугаар хороо, Хангайн 30-18 тоотод оршин суух, 1960 онд төрсөн, 57 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОЮ60042115, Зуутраг овогт Жанзагийн Буянхишигийн,

             Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Өлзийхишиг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ё.Мөнхгэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

             Нэхэмжлэгч Ж.Буянхишиг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Өлзийхишиг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 1976 онд 8 дугаар ангиа төгссөн бөгөөд амьдралын шаардлагаар 1976 оны 7 дугаар сарын 15-наас эхлэн 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Увс аймгийн Барилга угсралтын трестийн тоосгон заводын тоосго шатаах зуухны үнс нурам зөөгчөөр ажиллаж байсан. Би 1976 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Увс аймгийн Барилга угсралтын трестийн тоосгон заводын тоосго шатаах зуухны үнс нурам зөөгчөөр анх ажилд орсон бөгөөд тухайн үед ажлаас гарахдаа хөдөлмөрийн дэвтрээ авч чадаагүй бөгөөд хот шилжин олон жил амьдарч байгаа ба хаана хандахаа мэдэхгүй өдий хүртэл хохирч байгаа билээ. Миний бие Аймгийн архиваас тухайн үед ажилд орсон тушаал, цалингийн тодорхойлолт гаргуулж авсан. Иймд ажилд орсон тушаал байгаа хэдий ч ажлаас чөлөөлөгдсөн тушаал, хөдөлмөрийн дэвтэр байхгүйгээс танай шүүхэд хандаж байна. Иймд Аймгийн архиваас ирүүлсэн цалингийн тодорхойлолт, Увс аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1976 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 134 тоот тушаал, хамт ажиллаж байсан Р.Цэрэннадмид, Г.Гангаа нарын мэдүүлгийг үндэслэн 1976 оны 7 сараас 1990 оныг дуустал Увс аймгийн Барилга угсралтын трестийн тоосгон заводын тоосго шатаах зуухны үнс нурам зөөгчөөр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Ж.Буянхишиг нь 1976 оны 7 сараас 1990 оныг дуустал Увс аймгийн Барилга угсралтын трестийн тоосгон заводын тоосго шатаах зуухны үнс нурам зөөгчөөр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.

          Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн цалингийн тодорхойлолтодЖанзагийн Буянхишигийн 1976 оны 7 сараас 1990 оныг дуустал Увс аймгийн Барилга угсралтын трестийн тоосгон заводын шатаах зуухны үнс нурам зөөгчөөр ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлжээ.

           Увс аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1976 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 134 дүгээр Ажилчин авч ажиллуулах тухай тушаалд: Жанзаг овогтой Буянхишигийг 1976 оны 7 дугаар сарын 15-наас эхлэн тоосгон заводын тоосго шатаах зуухны үнс нурам зөөгчөөр авч ажиллуулсугай... гэжээ.

           Түүнчлэн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Г.Гангаа, Р.Цэрэннадмид нараас мэдүүлэг авсан бөгөөд Г.Гангаа Миний бие 1981 оноос 1991 оныг дуустал Увс аймгийн Барилга угсралтын трестийн тоосгон заводад тоосго шатаах зуухны галчаар ажиллаж байсан. Намайг тус байгууллагад анх ажилд ороход Ж.Буянхишиг нь тоосгон заводын тоосго шатаах зууханд үнс нурам зөөгчөөр ажиллаж байсан. Увс аймгийн Барилга угсралтын трестийн тоосгон заводын тоосго шатаах зуух нь 3-н ээлжээр ажилладаг байсан бөгөөд нийт 3-н зуухтай байсан. Ж.Буянхишиг нь мөн гурван ээлжээр ажилладаг байсан ба үнс нурам зөөгч нь ээлжинд гарахдаа гурван зуухны үнсийг тэргээр зөөж гаргадаг байсан. Ж.Буянхишиг нь Увс аймгийн Барилга угсралтын трестэд 1990 он хүртэл ажилласан. Тухайн үед Увс аймгийн барилга угсралтын трестийн даргаар Батзул, Нүүнээ гэх хүмүүс ажиллаж байсан гэж, Р.Цэрэннадмид Миний бие нь 1979 онд цэргээс халагдаж ирээд Увс аймгийн Барилга угсралтын трестийн тоосгон заводад 1979 оноос 1990 он хүртэл нормчноор ажиллаж байсан. Намайг тус трестэд ажиллаж эхлэхэд Ж.Буянхишиг нь тоосгон заводын шатаах зууханд үнс нурам зөөгчөөр ажиллаж байсан. Ж.Буянхишиг нь Увс аймгийн Барилга угсралтын трестэд 1990 он хүртэл ажилласан гэж тус тус мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 525 дугаар, 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1109 дүгээр шийдвэрийн хуулбарууд хэрэгт авагджээ.

           Нэхэмжлэгч Ж.Буянхишигийн 1979 оны 7 дугаар сараас 1980 оны 9 дүгээр сарыг дуусталх хугацааны цалинг Увс аймгийн Архивын тасгаас түүвэрлэн ирүүлсэн боловч нэхэмжлэгч нь дээрх хугацаанд цэргийн алба хаасан болох нэхэмжлэгчид 1979 оны 5 дугаар сарын 20-ны өдөр олгосон цэргийн батлахийн хуулбараар нотлогдож байх тул цалингийн тодорхойлолтын 1979 оны 7 дугаар сараас 1980 оны 9 дүгээр сарыг дуусталх бичилттэй хэсгийг шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй юм.

           Нэхэмжлэгч Ж.Буянхишиг нь 1976 оны 7 дугаар сараас 1979 оны 6 дугаар сарыг дуустал, 1980 оны 10 дугаар сараас 1990 оныг дуустал Увс аймгийн Барилга угсралтын трестийн тоосгон заводын тоосго шатаах зуухны үнс нурам зөөгчөөр ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн цалингийн тодорхойлолт, Увс аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1976 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 134 дүгээр Ажилчин авч ажиллуулах тухай тушаал, гэрч Г.Гангаа, Р.Цэрэннадмид нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

           Иймд нэхэмжлэгч Ж.Буянхишигийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж, түүний 1976 оны 7 дугаар сараас 1979 оны 6 дугаар сарыг дуустал, 1980 оны 10 дугаар сараас 1990 оныг дуустал Увс аймгийн Барилга угсралтын трестийн тоосгон заводын тоосго шатаах зуухны үнс нурам зөөгчөөр 13 жил 3 сар ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1979 оны 7 дугаар сараас 1980 оны 9 дүгээр сарыг дуустал ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

          Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Зуутраг овогт Жанзагийн Буянхишигийн 1976 оны 7 дугаар сараас 1979 оны 6 дугаар сарыг дуустал, 1980 оны 10 дугаар сараас 1990 оныг дуустал Увс аймгийн Барилга угсралтын трестийн тоосгон заводын тоосго шатаах зуухны үнс нурам зөөгчөөр 13 /арван гурав/ жил 3 /гурав/ сар ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1979 оны 7 дугаар сараас 1980 оны 9 дүгээр сарыг дуустал ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Ж.Буянхишигийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ