Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 1064

 

          С.Б-, О.О-нарт холбогдох

      эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Батжаргал,

шүүгдэгч С.Б-, түүний өмгөөлөгч Д.Мядагбадам,

нарийн бичгийн дарга Д.Оргил нарыг оролцуулан,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 622 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Б- гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч С.Б-, О.О-нарт холбогдох эрүүгийн 1802 0020 40156 дугаартай хэргийг 2018 оны 11 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. А овгийн С-ийн Б, 19.. оны .. дүгээр сарын ..-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, гадаад худалдааны эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Дулааны бүсийн 42-1-1 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ХГ86012915/;

 

2. Харчин овгийн Орхоны Оюунтуяа, 1995 оны 10 дугаар сарын 9-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, эгч нарын хамт Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 1-24 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:УУ95100908/;

 

С.Б-, О.О-нар бүлэглэн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: С.Б-, О.О-нарыг үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: О.Оюунтуяа, С.Б- нарыг мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Оюунтуяа, С.Б- нарт 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Оюунтуяа, С.Б- нарын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Оюунтуяад 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, түүнд хяналт тавихыг эрх бүхий байгууллагад даалгаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1.1350 грамм, 0.4745 грамм метамфетамины агууламж бүхий бодис, 69-98 УБС улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хийсэн үзлэгээр хураан авсан хэсэг нь хагархай тарианы усны шил, гялгар уутны тасархайг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгалын комисст даалгаж А01702649 серийн дугаар бүхий 100 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг Монгол банкинд шилжүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Б- шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 2 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, О.О-нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч С.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие өөрийн хийсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд өөрийн хийсэн алдаанаас болж эхнэр, хүүхэд, ар гэрийн амьдралаа хэцүү байдалд оруулж, өөрөө ч гэсэн бие сэтгэлээрээ зовж суугаад маш их харамсаж байна.

Дөрвөн жилийн өмнө эхнэр авто осолд орсноос болж нуруу, нугасны өвчтэй болсон бөгөөд улирал болгонд эмчилгээ хийлгэдэг юм. Эхнэр Солонго нь одоо гурван сартай жирэмсэн. Банкны зээлээ төлж чадаагүйгээс болж орон гэргүй, ажлын байргүй болж, эхнэр хүүхэд минь давхар хохирох гэхээс маш их санаа зовж байна.

Миний бие анх удаа шүүхийн танхимд орсон болохоор сандарсандаа өөрийн санаа бодлоо сайн тайлбарлаж хэлж чадаагүй бөгөөд өөрийн алдаагаа дахин давтахгүй гэдгээ хуулийн өмнө андгайлж байгаагаа үүгээр уламжилж байна.

Иймд миний гэм буруугаа хүлээж байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ар гэрийн зайлшгүй шаардлагатай байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж надад оногдуулсан 1 жилийн хорих ялыг хойшлуулж өгнө үү. ...” гэжээ.

 

Шүүгдэгч С.Б- өмгөөлөгч Д.Мядагбадам тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...С.Б- нь эхнэр н.Солонгын хамт бизнес эрхэлдэг ба Хас банкнаас 3 жилийн хугацаатай, байраа барьцаанд тавьж авсан 245,000,000 төгрөгийн зээлд сард дунджаар 6,000,000-7,000,000 төгрөг төлдөг болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогддог. Мөн эхнэр Солонго нь авто осолд орж, юм өргөж чадахгүй, одоо жирэмсэн нөхцөл байдалтай учир С.Б- хувийн байдал анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмшиж байгааг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэх, албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч С.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үйлдсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж, харамсаж байна. Энэ хугацаанд маш сайн ухаарч ойлголоо. Дахин ийм төрлийн гэмт хэрэгт холбогдохгүй тул надад оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү...” гэв.

 

Прокурор Б.Батжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 622 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх С.Б-, О.О-нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг мөрдөн байцаалтаар хангалттай шалгаж тодруулсан байх ба шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

С.Б-, О.О-нар 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь:

С.Б-, О.О-нарын тус тус хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд /хх 36-37, 77-78, 81-82, 92-94/,  

тэдний зорчиж явсан 08-65 УНК улсын дугаартай Touareg маркийн тээврийн хэрэгслийн урд талын хамар дээр “мөс” мэт 2 ширхэг гялгар ууттай зүйл байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн шинжилгээнд авсан үйл ажиллагааг бэлжүүлсэн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 5-6/,

С.Б- нь миний жолоодож явсан автомашин дотор мансууруулах бодис хэрэглэхдээ ашигладаг хэрэглүүрүүд байгаа гээд өөрөө сайн дураараа 08-65 УНК улсын дугаартай Touareg маркийн машиныхаа жолооч талын хажуугийн суудлын шалавчин дээрээс дотор тал нь цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон үзүүр хэсэг нь хагарсан шил мэт зүйл, хуйлсан байдалтай серийн дугаарыг нь харах боломжгүй мөнгөн дэвсгэрт, цэнхэр өнгийн тамхины асаагуур, мөн жолоочийн эсрэг талын суудал дээр ирмэгийг нь хайлуулж наасан байдалтай гялгар уутны тасархай гаргаж өгсөн болохыг тэмдэглэсэн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 7-12/,

“...хэргийн газраас хураагдсан 2 тусдаа гялгар уутанд хийсэн цайвар өнгийн талстлаг зүйл, хагархай тарианы шил, хоосон гялгар уут, АО702649 гэсэн серийн дугаартай 100 төгрөгийн дэвсгэрт зэргээс метамфетамин илэрч байна. Илэрсэн метамфетамин нь Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтдаг болно...” гэх 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 6526 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх 55-59/,

тухайн цаг хугацаан дахь О.Оюунтуяа, С.Б- нарын шээснээс Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамин илэрсэн болохыг тогтоосон 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 6527 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх 64-65/  зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Шүүгдэгч С.Б-, О.О-нарын 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан...” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх ба тэдний үйлдлийг зүйлчилсэн гэмт хэргийн зүйлчлэл зөв байна.

 

Анхан шатны шүүх С.Б-, О.О-нарын үйлдсэн гэмт хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч С.Б- нь хувийн байдлуудаа харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэсэн хорих ялын доод хугацаагаар С.Б-д ял оногдуулсан нь хүнд биш байх ба С.Бэхтулгыг нийгмээс тусгаарлан ялыг нь биеэр эдлүүлсэн нь түүний үйлдсэн “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хор уршигт тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх дүгнээд С.Б- давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 622 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Б- гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                             Н.БАТСАЙХАН

 

ШҮҮГЧИД                                                       Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                                                                                                Д.ОЧМАНДАХ