Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 0359

 

 

 

 

 

 

 

2020 оны 06 сарын 09 өдөр               

 

 

           Дугаар 128/ШШ2020/0399

 

 

               Улаанбаатар хот

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “4” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “М” ХХК, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3

дугаар хороо, ЭХБУТ ХХК-ийн байр, РД:6001718,

Хариуцагч: Бздгзба,

Нэхэмжлэлийн шаардлага: “Бздгзбанаас газрын төлбөрийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлэн нэхэж, гэрээ цуцлана гэж мэдэгдэж байгааг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч О.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х, Д.А шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.С нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа: “Монгол улсын хуулийн этгээд болох Манзушир тур интернэшл ХХК аж ахуйн үйл ажиллагаа чөлөөтэй явуулах, бизнес эрхлэх, хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, түүнчлэн эрх эзэмших эрхтэй юм. Түүнчлэн хуульд заасан албан татвар, төлбөр, хураамжийг зохих журмын дагуу, тогтоосон хэмжээгээр төлөх үүрэг хүлээхийн зэрэгцээ өөрт үлдэх мөнгөн орлого, ашгаа үйл ажиллагаандаа захиран зарцуулах, чөлөөтэй эзэмших, өмчлөх эрхтэй юм.

Гэтэл Баянзүрх дүүргийн Газрын албаны зүгээс /хуучин нэрээр/ илүү мөнгө нэхэмжилж байгаа нь тус компанийн хуулийн дагуу, чөлөөтэй үйл ажиллагаа явуулах эрхэнд халдаж, санхүүгийн талаар доройтуулж, өмчлөх эрхэд нь халдаж байна. Аливаа хуулийн этгээд нь зах зээлд тодорхой байр суурь эзлэх, үйл ажиллагаагаа тогтвортой явуулах, өсөн дэвжих ашиг сонирхолтой байдаг.

Манай зүгээс Бздгзбаны явуулж буй үйл ажиллагааг “захиргааны үйл ажиллагаа” гэж үзэж байгаа болно.

Захиргааны Ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Захиргааны үйл ажиллагаа дараах хэлбэртэй байна, 11.1.1-д “захиргааны акт”, 11.1.2-д “захиргааны гэрээ”, 11.1.3-д “захиргааны хэм хэмжээний акт” мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно”, 37.2-т “Захирамжилсан үйл ажиллагаа гэж хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно” гэж тус тус заажээ. Захиргааны акт нь бичгээр гарахаас гадна тодорхой үйлдлээр, амаар ч гарч болно гэдэг талаар нэгэнт шүүхийн практик тогтсон гэж үзэж байгаа.

Манай компани газрын төлбөрт 13.200.000 төгрөг төлөх ёстой байхад БЗД-ийн Газрын албанаас/тухайн үеийн нэрээр 2019.07.08-ны өдөр 57 дугаартай төлбөрийн тооцооны баримт ирүүлж тус компанийн газрын төлбөрийн үлдэгдэл 129.800.600 төгрөг төлөхийг шаардсан. Удалгүй 2019.11.19-ний өдөр нэхэмжлэх ирүүлэхдээ 284 900.000 төгрөг төлөх ёстой гэж нэхэмжилсэн. Ийнхүү ямар ч тооцоо судалгаагүй, хууль зүйн үндэслэлгүй мөнгө нэхээд байна. Үүнийг бид захиргааны акт гэж үзээд байна.           

1/ Тодорхой 1 тохиолдолд буюу Манзушир тур интернэшл ХХК-н газрын төлбөрийн асуудлыг шийдвэрлэх зохицуулах зорилгоор гарч байна

2/ Гадагш чиглэсэн шинж бүрэн хангагдсан байна

3/ Амаар болон бичгээр илэрч гарсан байна.

4/ Эрх зүйн үйл дагавар үүсгэж байна. а/ гэрээ цуцлана гэж мэдэгдэж байгаа нь заавал биелэгдэх шинжийг агуулж байна. б/Манайх өмчлөх эрх, мөн хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх эрсдэл учирч байна.

Давж заалдах шатны шүүхийн тогтоолоос үзэхэд хариуцагчийн мөнгө төлөхийг шаардаад, төлөхгүй бол гэрээ цуцпана шүү гэсэн үйлдэл ямар учиртай болохыг тодруулахыг хүсэж байна гэж ойлгосон. Өөрөөр хэлбэл гэрээ цуцлах” гэдэг нь захиргааны актын “сонсох ажиллагаа” болгож мөнгийг төлөхийг шаардаад, төлөхгүй бол цуцлана шүү гэж мэдэгдэж байна уу эсхүл “мөнгө төлөхийг шаардаж байгаа нь өөрөө|захиргааны акт уу” гэдгийг ялгахыг хүсчээ. Хэрвээ сонсох ажиллагаа бол зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол байх ёсгүй шүү дээ гэсэн агуулгаар тогтоол гараад ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол чинь зөрчигдөөд байна, яаж сэргэх юм бэ гэж асууж байна.

Манай зүгээс “мөнгө төлөхийг шаардаж буйг “сонсох ажиллагаа” гэж үзэхгүй байгаа. Хэрвээ сонсох ажиллагаа байсан бол эхлээд ЗЕХуулийн Гуравдугаар бүлгийн дагуу тодорхой ажиллагаанууд явагдах бөгөөд 25-27 дугаар зүйлд заасан ажиллагааг заавал хийх ёстой, захиргааны шийдвэрийн хувийн хэрэг, дагалдах хуудас зэрэг байх ёстой, мөн сонсох ажиллагааны мэдэгдэл өгөх, сонсох ажиллагааны тэмдэглэл хөтлөх зэрэг үйл ажиллагаа явуулах ёстой. Энэ бүхэн огт байхгүй. Хэргийн оролцогчид ч энэ талаар ямар нэгэн маргаан өрнүүлээгүй. Энэ хэсэг дээр давж заалдах шатны шүүх ямар ч үндэслэл байхгүй үед төөрч будлиад эргэлзсэн байна.

Мөнгө нэхэмжилж буй нь “захиргааны акт” мөн. Зүйрлэж хэлбэл Татварын улсын байцагч акт тогтоож байсан шиг, Аудит акт, дүгнэлт гаргадагтай агуулгын хувьд адил юм. Гагцхүү Газар зохион байгуулалтын алба “акт” тогтоох эрхгүй тул захиргааны акт нь бичгээр биш, амаар хэлэх, утсаар ярих, төлөхийг шаардах, газрын төлбөр төлсөн цахим бүртгэлдээ өртэй гэж бүртгэх, мэдэгдэл, нэхэмжлэх ирүүлэх зэргээр илэрч байгаа юм. Үүнийг бид Захиргааны ерөнхий хуулийн 37.2-т заасан “тогтоосон үйлдэл” гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл төлбөр тогтоосон үйлдэл юм.

Нэхэмжлэгчийн ямар эрх, ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн талаар: Энэ хэсэгт мөн давж заалдах шатны шүүх зөрчилтэй дүгнэлт хийжээ. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заасан. Хуулийн энэхүү заалтаас үзэхэд заавал манай данснаас мөнгийг аваад явсан хойно, эрх нь зөрчигдсөний дараа нэхэмжлэл гаргах ёстой гэж үзэх боломжгүй.

Манай компанийн тухайд зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, нэхэмжлэл гаргасан болно. Зөрчигдсөн эрх, хууль ёсны тухайд “сэргээлгэхээр”, зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхолын тухайд “хамгаалуулахаар” нэхэмжлэл гаргах боломжтой гэдэг нь ЗХШХШ тухай хуулийн 1 дүгээр зүйлд тодорхой тусгагдсан болно. Иймд манай компани зөрчигдөж болзошгүй өмчлөх эрх, хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгө шударгаар олж авах эрх, өөрийн үйл ажиллагаагаа олсон орлогоо захиран зарцуулах зэрэг эрх, түүнчлэн зөрчигдөж болзошгүй аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх, ашиг орлоготой байх зэрэг ашиг сонирхол нь зөрчигдөж болзошгүй тул нэхэмжлэл гаргасан болно” гэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч О.Ч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар дархан цаазат газрын болон байгалийн цогцолбор газрын хязгаарлалтын бүс байгалийн нөөц газраас иргэн аж ахуй нэгжид зориулж хугацаа товлох ёстойгоос гэрээний үндсэн дээр ашиглуулж болох байсан. Тусгай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт байгаль орчны сайдын 2001 болон 2018 оны 218 дугаар тушаалаар батлагдсан журмын 3.4 дэх хэсэгт заасныг нэхэмжлэгч зөвшөөрөл олгосон өдрөөс эхлэн тусгай хамгаалалтын газар үйл ажиллагаа явуулах эрхтэй бөгөөд 3 сарын дотор тусгай хамгаалалтын газар болон сум дүүргийн Засаг даргатай гэрээ байгуулж , тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын даргаар батлуулах үүрэгтэй. Тусгай хамгаалалтын газар ашиглах эрх үүссэн бол зориулалтын дагуу үр ашигтай ашиглаж газрын төлбөрөө хугацаанд төлөх үүрэгтэй “М” ХХК нь 2016 онд газар өмчлөх гэрээгээ сунгасан. Баянзүрх дүүрэг нь үндэслэлгүйгээр газрын төлбөр нэмэгдүүлж газар зохион байгуулалтын албаны үйл ажиллагааг тогтоож хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М ХХК нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага тодруулах тухай албан бичигтээ Бздгзбаны газрын төлбөр нэхэмжилсэн үйлдэл нь Захиргааны ерөнхий хуулийн дагуу захиргааны үйл ажиллагаа гэж үзэж, үндэслэлгүй тооцсон газрын төлбөр нь компанийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байгаа учир шүүхэд нэхэмжлэл гаргах шалтгаан болсон талаар дурдьжээ.

М ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2014 оны 01 сарын 09 өдрийн А-08 тоот тушаалаар газар ашиглах эрх үүсэж, холбогдох байгууллага, албан тушаалтантай “ тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрээ”- 5 жилийн хугацаатай байгуулан газраа ашиглаж байгаад 2019 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр гэрээний хугацаа дууссан байна.

Газар ашиглах гэрээний 2,4-ийн Г дэх заалтанд Эрх бүхий байгууллагын шийдвэрээр газрын төлбөрт өөрчлөлт орсон тохиолдолд гэрээг шинэчилнэ гэсэн заалтын дагуу Монгол улсын Засгийн газрын 2018 оны 182-р дугаар “Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл (Бүс), Суурь үнэлгээ, Газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай” тогтоол, мөн Баянзүрх дүүргийн ИТХ-ын 2019 оны 25-р дугаар “ Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн зааг, хязгаар, Газрын төлбөрийн итгэлцүүрийн тоон утгыг Тогтоох тухай"” тогтоолоор газрын төлбөрийг шинэчилэх ажлын хүрээнд газраа ашиглаж байгаа бол дээрхи тогтоолын дагуу, газар ашиглах гэрээнд өөрчлөлт оруулж, шинэчилсэн үнэлгээгээр төлөх үүрэгтэй, үүний дагуу төлбөрийг тооцон нэхэмжлэл өгсөн болно.

Хэрэв М ХХК нь газар ашиглах эрх дууссан газрын төлбөр төлөх хууль эрх зүйн үндэс байхгүй гэж үзэж байгаа бол дээрхи газар ашиглах гэрээний 4 дүгээр зүйлийн 7-д заасны дагуу газраа хамгаалалтын захиргаанд хүлээлгэж өгч газар ашиглах эрхээ дүгнүүлэх үүрэг хүлээж байсан. Бздгзба тус компанийн газрын эрх үргэлжилж байгаа, газраа үргэлжлүүлэн ашигласаар байгаа, дээрхи газар ашиглах гэрээний 8-д заасны дагуу газар ашиглах хүсэлтээ сунгуулах хүсэлтээ гаргасан гэж газрын төлбөрийг шинэчилсэн үнэлгээгээр нэхэмжилсэн болно. Газрын төлбөрийн нэхэмжлэлийг М ХХК-д 2019 оны 7-р сарын 08-нд, 11-р сарын 29-нд тус тус өгч байсан болно.

... 2016 оны сайдын тушаалаар газар эзэмших эрх нээгдчихээд 2016 онд газрын төлбөрөө төлсөн. Мөрдөгдөж байгаа хууль тогтоомжоор шинэчлэгдээд төлбөрийн хэмжээ нэмэгдээд ирэхэд газраа ашиглаж чадаагүй, гэрээ байгуулаагүй гэсэн үндэслэлээр газрын төлбөр нэхэмжилж байгаа нь хууль бус үйлдэл гэж үзэж байна” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн хэлсэн дагуу тухайн тусгай хамгаалалттай газар болон нутаг дэвсгэрт газар ашиглах тухай 2016 оны 057 дугаартай гэрээ маань 2019 онд дууссан. Гэрээний дагуу бол газар ашиглах эрх дуусгавар болсон бол газрыг гэрээний дагуу 4 дүгээр зүйлийн 4.8 дахь хэсэгт зааснаар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэх ёстой. Газар ашиглах гэрээг үргэлжлүүлэн ашиглахад гэрчилгээ гэрээ сунгах хүсэлт гаргаж,. зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулж дууссаны дараа төлөвлөгөөнд заасны дагуу газрыг нөхөн сэргээж хүлээлгэн өгнө. Энэ гэрээг дуусгавар болгоод хүлээлгэн өгсөн тохиолдолд газар зохион байгуулалтын албанаас газрын төлбөрийг нэхэмжлэхгүй байсан. Хугацаа сунгуулах нь газар эзэмшигчийн өөрийнх нь үүрэг юм. Байгаль орчин аялал зуучлалын сайдын тушаалаар газар ашиглах эрхийг сунгасан гэдэг нь үргэлжилсэн харилцаа болно. Ашиглаж байсан газрын эрхийг сунгаж байгаа тохиолдолд газрын төлбөр нь өөрөө үргэлжлээд явдаг. Газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт хавтаст хэрэгт хавсаргасан байгаа “М” ХХК нь өөрөө хуучин үнэлгээгээр 2019 оны эхний гурван улирлын төлбөрийг хүлээн зөвшөөрөөд 9900000 төгрөг төлсөн. Засварын үе гарч төлөхгүй гэсэн ойлголттой явж байгаа болохоос ашиглах эрх маань сунгагдаж байгаа тохиолдолд тухайн газрыг ашиглаад явж байсан гэж үзэж байна. Төлөвлөгөөнд заагдсан дагуу газрыг нөхөн сэргээж газрыг хамгаалалтын захиргаанд “М” ХХК нь хүлээлгэж өгөөгүй байсан” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэгч “М” ХХК-ийн Бздгзбанд холбогдуулан гаргасан “газрын төлбөрийг үндэслэлгүй нэмэгдүүлэн нэхэж, гэрээ цуцална гэж мэдэгдэж байгаа захиргааны байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа /захиргааны акт/-г хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Маргааны үйл баримтын талаар:

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А-08 тоот тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс, Манзуширын аманд “М/хуучин нэрээр/” ХХК-д 11 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглуулахаар шийдвэрлэсний дагуу тус яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаас 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 2016/142 тоот гэрчилгээ олгожээ.

Нэхэмжлэгч хуулийн этгээд нь 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг дарга болон Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаатай гурвалсан гэрээг 5 жилийн хугацаатайгаар байгуулж, гэрээний 2 дугаар зүйлийн 2.4 дэх заалтаар газрын төлбөрт жилд нэг мкв тутамд 120 төгрөг буюу нийт 13200000/арван гурван сая хоёр зуун мянга/ төгрөг төлж байжээ .

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн А/70 дугаар тушаалаар “М” ХХК-ийн 11 га газрын ашиглах эрхийн эрхийн хугацааг 5 жилээр буюу 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл сунгасан байна[1].

 

Бздгзбанаас 2019 оны 1-2 дугаар улирлын газрын төлбөрт 129,800,000.00 сая төгрөг төлөхийг шаардсан төлбөрийн нэхэмжлэхийг 2019 оны 07 дугаар сарын 08-нд, 1-4 дүгээр улирлын газрын төлбөрт 284,900,000.00 төгрөг төлөх тухай 13/4373 тоот албан бичгийг 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр “Манзушир тур интернэшнл” ХХК-д тус тус хүргүүлжээ .

Нэхэмжлэгч хуулийн этгээд нь 2014-2018 онуудад газрын төлбөрийг 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай” 2016/057 тоот гэрээнд заасан хэмжээ/жилд 13,2 сая төгрөг/-гээр төлж байсан[2] байсан тухайд болон дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 25 дугаар тогтоол гарсан болон газар эзэмших эрхийн хугацааг сунгасантай холбоотойгоор дахин гэрээ байгуулаагүй, гэрээг шинэчлэн байгуулах талаар нэхэмжлэгч хуулийн этгээдэд захиргааны байгууллагуудаас мэдэгдээгүй, түүнчлэн Баянзүрх дүүргийн ИТХ-ын 2019 оны 25 дугаар тогтоолоор газрын төлбөрийн хэмжээ нэмэгдсэн тухайд хэргийн оролцогчид маргаагүй.

Харин нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Бздгзбанаас дээрх гэрээнд заасан хэмжээгээр бус илүү хэмжээгээр төлөхийг шаардаж байгааг эс зөвшөөрч нэхэмжлэлийн үндэслэлээ “захиргааны байгууллага нь гэрээнд зааснаас илүү төлбөр төлөхийг шаардаж байгаа нь хууль бус” гэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчөөс “Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 25 дугаар тогтоолын дагуу гурвалсан гэрээг шинэчлэн байгуулаагүй байхад өмнөх гэрээнд зааснаас илүү төлбөр төлөхийг шаардаж байгаа нь хууль бус” гэж тайлбарлан маргасан.

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “Газар зохион байгуулалтын алба нь хууль тогтоомж, иргэдийн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй захиргааны байгууллага дүүргийн иргэдийн Хурлын тогтоолоор тогтоосон хувь хэмжээгээр газрын төлбөрийг тооцож төлөхийг шаардсан нь хууль тогтоомжид нийцсэн” хэмээн тайлбарлаж нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн.

 

Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.д “Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлнө”, Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хууль тогтоомжийн дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэрлэсний үндсэн дээр газрыг эзэмшиж, ашиглаж байгаа Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, газар ашиглаж байгаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газар, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын иргэн, харьяалалгүй хүн газрын төлбөр төлөгч байна” гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтууд болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдож буй нөхцөл байдлаас үзвэл, нэхэмжлэгч “Манзушир тур интернэшнл” ХХК нь эрх бүхий этгээдийн шийдвэрийн үндсэн дээр улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглаж буй газрын төлбөр төлөх үүрэг бүхий этгээд байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “захиргааны байгууллага нь үндэслэлгүйгээр илүү төлбөр төлөхийг шаардаж байгаа нь хууль бус” гэсэн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “нэхэмжлэгч хуулийн этгээдийн ашиглаж буй газар нь газрын үнэлгээний зэрэглэл(бүс)-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг хязгаарыг тогтоосон Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 25 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар тогтоосон газрын төлбөр тооцох 6 дугаар бүс, худалдаа, бүх төрлийн үйлчилгээний зориулалттай газрын ангилалд хамаарч байгаа” гэж тайлбарласан ба нэхэмжлэгч хуулийн этгээдээс энэхүү газрын төлбөр тооцох бүс болон газрын зориулалт, түүнчлэн газрын суурь үнэлгээний хэмжээнд маргаагүй гэж тайлбарласан.

Энэ тохиолдолд хариуцагч захиргааны байгууллагаас “нэхэмжлэгч хуулийн этгээдийн ашиглаж буй газрын төлбөрийг Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 25 дугаар тогтоолын дагуу мкв тутамд жилийн 2880 төгрөг /11га=110,000мкв*2880=316,800,000.00 төгрөг/ байхаар тооцож төлөхийг шаардсан нь Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.5-д заасан “газрын төлбөрийн зохих хууль тогтоомжийн дагуу тодорхойлж ногдуулах” үүргийг хэрэгжүүлсэн хууль ёсны үйл ажиллагаа болно.

Өөрөөр хэлбэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу Газрын үнэлгээний зэрэглэл(бүс)-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг хязгаарыг тогтоосон, энэхүү хэм хэмжээний акт хүчин төгөлдөр үйлчилж байх тул уг эрхийн актын үндсэн дээр тооцсон төлбөрийг “үндэслэлгүй илүү тооцсон төлбөр” гэж үзэх боломжгүй.

 

Түүнчлэн Газрын төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх бүхий этгээдийн шийдвэрийн дагуу ...аж ахуйн нэгж, байгууллагын ..., ашиглаж байгаа, Газрын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан газрын нэгдмэл сангийн үндсэн ангилалд хамаарах болон тусгай хэрэгцээний газарт төлбөр ногдуулна” гэж зааснаас үзвэл, газрын төлбөр ногдуулах үүрэг нь  уг газрыг ашиглах эрх олгосон шийдвэр гарсан өдрөөр тооцогдохоор байх тул нэхэмжлэгчийн “гэрээг шинэчлэн байгуулаагүй байхад төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэн тооцсон” гэсэн тайлбар үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл, Хариуцагч захиргааны байгууллага нь Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 25 дугаар тогтоолоор газрын төлбөрийн хэмжээ нэмэгдсэний дагуу нэхэмжлэгч хуулийн этгээдтэй гэрээг шинэчлэн байгуулаагүй байх боловч ийнхүү гэрээ байгуулагдаагүй нь газар ашиглах эрхийг үгүйсгэхгүй тул газрын төлбөр төлөх үүргээс газар ашиглагчийг чөлөөлөхөөргүй байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгч хуулийн этгээдийн газар ашиглах эрх анх 2014 онд үүсч байсан байх ба нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад газар ашиглах эрхийн хугацааг сунгуулах тухай хүсэлтийг гаргасан, уг хугацаа 2024 оны хүртэл сунгагдсан буюу газрыг ашиглах нэхэмжлэгчийн хүсэл зориг хэвээрээ үргэлжилж байх ба газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй нь газар ашиглах гэрээг цуцлах, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл болох тул хариуцагч захиргааны байгууллагаас гэрээг цуцлахаар мэдэгдсэнийг буруутгах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчээс шүүхийн маргаантай байсны улмаас газраа бодитойгоор ашиглаж чадаагүй хэмээн тайлбарлах боловч энэхүү нөхцөл байдал нь одоо арилсаны дээр цаг хугацааны хувьд өмнөх үйл баримт байна.

Дээрхээс нэгтгэн үзвэл, хариуцагч захиргааны байгууллагын хүчин төгөлдөр хууль тогтоомжийн хүрээнд газрын төлбөрийн хэмжээг тооцож төлөхийг шаардсан үйл ажиллагаа нь хуулиар хүлээсэн чиг үүргийг хэрэгжүүлсэн үйл ажиллагаа байх ба уг үйл ажиллагааны улмаас эрх бүхий этгээдийн хүчин төгөлдөр шийдвэрийн үндсэн дээр улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглаж буй нэхэмжлэгч хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдөөгүй байх тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.5, Газрын төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-ийн “Бздгзбанаас газрын төлбөрийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлэн нэхэж, гэрээ цуцлана гэж мэдэгдэж байгааг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.МӨНХЗУЛ

 


[1] Хавтаст хэргийн 138 дахь талд

[2] Хавтаст хэргийн 82 дахь талд