Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 2067

 

С.Ггийн, нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

            Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2017/02382 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч С.Ггийн нэхэмжлэлтэй, хариуцагч У.Гэд холбогдох хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 3 600 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Г, хариуцагчийн өмгөөлөгч Ш.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нар оролцов.

Нэхэмжлэгч С.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Би “ТМЦ” ХХК-ийн захирал У.Гтэй 2014 онд хамтран ажиллаж барилгын компанид туслах ажилтнаар 8 сарын хугацаанд ажилласан. 2014 онд 6 000 000 төгрөгийн хөлсөөр барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд үлдэгдэл 3 600 000 төгрөгийг өнөөдрийг хүртэл аваагүй. Би өөрийн хийсэн ажлын хөлсөө У.Гээс удаа дараа шаардаж байсан бөгөөд 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хариуцагч миний ажлын хөлсийг 2 хувааж өгнө гэж хэлцэл хийж, нотариатаар гэрчлүүлсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг өгөөгүй намайг хохироож байгаа тул хариуцагчаас 3 600 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан хариуцагч У.Гээс 3 600 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Гансүхэд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.Гээс 72 500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Гд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч У.Г давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт “... хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ” гэж заасан. Нэхэмжлэгч С.Г болон иргэн У.Г нарын хооронд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдаагүй, иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй тул шаардах эрх үүсэхгүй. Харин бодит байдалд нэхэмжлэгч болон “Тэнүүн Монгол цамхаг” ХХК-ийн хооронд Хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн. Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хуулийн этгээдийн үндсэн шинжийг тодорхойлсон.

“Тэнүүн Монгол цамхаг” ХХК нь барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бие даасан хуулийн этгээд бөгөөд түүнийг төлөөлж захирал У.Г, нэхэмжлэгч С.Гтэй хөлсөөр ажиллах гэрээ байгуулж, “Тэнүүн Монгол Цамхаг” ХХК-ийн гүйцэтгэж буй барилга дээр барилгын ажил гүйцэтгүүлсэн. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа С.Г би “Тэнүүн Монгол цамхаг” ХХК-ийн захирал У.Гтэй 2014 онд хамтран ажиллаж, барилгын компанид туслах ажилтнаар 8 сарын хугацаанд ажилласан, үлдэгдэл 3 600 000 төгрөгийг өнөөдрийг хүртэл аваагүй, барилгын ажил гүйцэтгэсний үлдэгдэл 3 600 000 төгрөгийг нэхэмжилж байгаа талаар дурдсан нь “Тэнүүн Монгол цамхаг” ХХК-д хөлсөөр ажилласан, компаниас ажлын хөлс нэхэмжлэх эрхтэй болох нь харагдаж байна.

Мөн хэрэгт авагдсан 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн хэлцэл гэсэн баримтад иргэн С.Г нь манай компанид туслахаар ажиллаж байсан болно, “ТМц” ХХК-ийн захирал У.Г гэж бичээд гарын үсэг, компанийн тамга дарагдсан байсныг шүүх анхаарч үзэлгүй хэргийг шийдвэрлэсэн байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

            Нэхэмжлэгч С.Г, хариуцагч У.Гэд холбогдуулан хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 3 600 000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэрэгт хэлцэл гэх баримт авагдсан байна. /хх-4 дүгээр тал/

Хариуцагч У.Гэд 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэлийг гардуулсан байхад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл татгалзах үндэслэл, түүнийг нотлох баримтаа 14 хоногийн дотор шүүхэд ирүүлээгүй байна. Нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, баримтад заагдсан талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээний үүргийн харилцаа үүссэн үйл баримтыг тэрээр няцаагаагүй гэж үзэх үндэслэл бий болжээ.

Түүнчлэн хэргийн 4 дүгээр талд авагдсан баримтаас үзэхэд хариуцагч У.Г нь нэхэмжлэгчийг өөрийн компанид туслахаар ажиллаж байсан тухай дурьдаж, улмаар талууд ажлын хөлсний үлдэгдэл 3 600 000 төгрөгийг 2 хувааж төлөхөөр тохиролцон хэлцэл байгуулж, гарын үсгээ зурж баталгаажуулсан байх тул хариуцагч У.Г нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний дагуу ажиллуулсан хөлсийг нэхэмжлэгч С.Гд төлөх үүрэг үүссэн гэж үзнэ. Дээрх үйл баримтын талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

Хариуцагч У.Г, нэхэмжлэгчийн ажлын хөлсний үлдэгдэл төлбөрийг төлөөгүй үйл баримтын талаар маргаагүй, харин гэрээний үүргийн харилцаа иргэн, хуулийн этгээд хоёрын хооронд үүссэн гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байх боловч хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байх тул түүний гомдлыг хангах боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2017/02382 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 73 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                               ШҮҮГЧИД                                           Г.ДАВААДОРЖ

                                                                                                           Ч.ЦЭНД