Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2014/0105

 

2014 оны 02 дугаар сарын 27 өдөр       дугаар 105            Улаанбаатар хот

 

“И х т” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Б.Мөнхтуяа, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б нарыг оролцуулан хийж, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 516 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор “И х т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 230 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: "... Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 230 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2, 97 дугаар зүйлийн 97.2 дахь хэсэгт тус тус заасныг үндэслэн “И х т” ХХК-ийн эзэмшлийн Дорноговь аймгийн Сайхандулаан сумын нутаг “Хөх үзүүр” нэртэй газрын ашигт малтмалын хайгуулын 13618Х дугаар тусгай зөвшөөрлийн анх олгосон огноог 2008 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөр тооцож 2,4,5,6 дахь жилийн ээлжит жилийн төлбөрийг төлүүлж, тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөр тооцсон байна.

Иймд “И х т” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү“ гэжээ.

Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 516 дугаар шийдвэрээр: “Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, 49 дүгээр зүйлийн 49.9-д заасныг баримтлан нэхэмжлэгч “И х т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 230 дугаар шийдвэрийг хүчингүй болгож" шийдвэрлэжээ.

Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга Н.Чинбаатар давж заалдах гомдолдоо: “Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Иргэний хуулийн Есдүгээр бүлэгт заасан хөөн хэлэлцэх хугацааны талаарх заалтууд нь иргэн, хуулийн этгээдээс зөрчигдсөн эрхээ хамгаалуулахын тулд холбогдох байгууллагад гомдол гаргах, нэхэмжлэл гаргах эрх хуулиар тогтоосон хугацаатай холбоотой зохицуулалт бөгөөд тусгай зөвшөөрлийн хугацаатай хамааралгүй учраас тусгай зөвшөөрлийн хугацааг Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7-д заасны дагуу дахин шинээр тоолох үндэслэлгүй гэжээ.

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт “Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх.баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана”, 79.2 дэх хэсэгт “Шүүхэд нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацааны тасалдал нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох, эсхүл хэрэг шийдвэрлэх ажиллагаа бусад хэлбэрээр дуусгавар болох хүртэл үргэлжилнэ” гэж тус тус зааснаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хугацаа тасалдсан болон шүүхийн шийдвэрээр сэргэсэн тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг үргэлжлүүлэн тоолох үндэслэлтэй байна. Гэтэл шүүх шийдвэр гаргахдаа хуулийн дээрх заалтыг анхаарч үзээгүй.

Мөн дээрх шүүхийн үндэслэх хэсэгт “И х т” ХХК-ийн тусгай зөвшөөрөл эзэмших эрхээ гуравдагч этгээдийн нэхэмжлэлийн үндсэн дээр эзэмших эрхээ алдаагүй, захиргааны хууль бус актын улмаас эрх зөрчигдсөн байх туя /  Иргэний хуулийн 97 дугаар зүйлийн 97.3 дахь хэсэгт заасныг хэрэглэх боломжгүй,

хариуцагчийн тайлбар үндэслэлгүй гэжээ.

Ашигт малтмалын тухай хуульд хугацаа 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө гэж заасан. Хэрэв тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх өдөр ажлын бус өдөр байвал түүний дараагийн өдөр ажлын өдөр уг хугацаа дуусна гэж заасан Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь заалтыг баримтлах үндэслэл болж байдаг тул Иргэний хуулийн 97 дугаар зүйлийн 97.3 дах хэсэгт заалтыг ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хугацаа тоолох харилцаанд хэрэглэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 230 дугаартай шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын 13618Х дугаар тусгай зөвшөөрлийн анх олгосон огноог 2008 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөр тооцож 2,4,5,6 дахь жилийн ээлжит жилийн төлбөрийг төлүүлж, тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөр тооцсон шийдвэр нь үндэслэлтэй байх тул Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 516 дугаар шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү“ гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх “И х т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Дорноговь аймгийн Сайхандулаан сумын “Хөх үзүүр-2" нэртэй талбайд эзэмшүүлсэн 13618Х дугаар тусгай зөвшөөрлийг нь 2 дахь жилийн төлбөр төлөөгүй үндэслэлээр цуцалснаас “Б” ХХК шийдвэрийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсанаар, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 37 дугаар шийдвэрээр Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009 оны 535 дугаар шийдвэрийг хүчингүй болгожээ.

Үүний дараа “Б” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн 2012 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 02/004 дүгээр шийдвэрээр[1] 13618Х дугаар тусгай зөвшөөрлийг “И х т” ХХК-д шилжүүлэхээр шийдвэрлэж, хүсэлтээ гаргаснаар Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 435 дугаар шийдвэрээр дээрх тусгай зөвшөөрлийг “И х т” ХХК-д шилжүүлэн бүртгэжээ.

Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авснаар нэхэмжлэгч компани тусгай зөвшөөрлийн төлбөр төлснийг хариуцагч байгууллага хүлээн авсан ч тухайн төлбөрийг зөв тооцолгүй, “Бигэр хайрхан” ХХК-ийн хууль бус захиргааны актын улмаас тусгай зөвшөөрлийн талбайд үйл ажиллагаа явуулж чадаагүй буюу тусгай зөвшөөрлийг эзэмшиж чадаагүй хугацааг хасалгүйгээр, анх олгогдсон үеэс хугацааг тооцож, улмаар төлбөрийг дутуу төлсөн гэж үзэн нэмж төлбөр төлөхийг шаардсан нь хууль бус байна.

Хариуцагч энэхүү шаардлагыг гаргахдаа үндэслэл болгосон Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн заалтууд нь тухайн харилцаанд хамааралгүй бөгөөд энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Иймд Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс өөрийн хууль бус актаар 13618Х дугаар тусгай зөвшөөрлийг цуцалсан байх үед тухайн тусгай зөвшөөрлийг эзэмшиж байсан этгээд хайгуулын талбайд үйл ажиллагаа явуулж чадаагүй хугацааны төлбөрийг “И х т” ХХК-иас нөхөн төлүүлэхээр шаардсан нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашгийг зөрчсөн хууль бус гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 516 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН: