Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 567

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

             Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

              Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг, 3-04 тоотод оршин суух, 1968 онд төрсөн, 49 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОЮ68101267, Тайжиуд овогт Үмээгийн Долгоржавын,

               Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

               Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ү.Долгоржав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ё.Мөнхгэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Ү.Долгоржав шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мнний бие 1968 онд төрсөн, 49 настай. Би 1984 онд 8 дугаар ангиа төгсөөд амьдралын шаардлагаар сургуульд сураагүй бөгөөд 1984 оны 2 дугаар сараас эхлэн Барилга угсралтын трестийн бетон армотурын цехэд 7 хоног дагалдан хийгээд дараа нь армотурчнаар 1984 оноос 1995 оныг хүртэл тус байгууллагад тасралтгүй ажилласан. Барилга угсралтын трест нь 1992 онд бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд орж Барилгын бирж нэртэй болоход миний бие мөн л армотурчнаар ажиллаж байсан. Одоо тэтгэвэрт орох нас болж тэтгэврийн бичиг баримтаа бүрдүүлэхэд тухайн үед ажиллаж байсныг нотлох ажилд орсон, ажлаас гарсан тушаал олдохгүй байгаа ба хөдөлмөрийн дэвтэр болон армотурчны үнэмлэх гэр шатахад шатсан учраас шүүхэд хандах шаардлагатай болсон. Иймд миний 1984 оны 2 дугаар сараас 1994 оныг дуустал Барилга угсралтын трест болон Барилгын биржид армотурчнаар ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү. Тухайн үед надтай хамт ажиллаж байсан В.Ичинхорлоо, Ш.Хорлоо нарыг гэрчээр асууж өгнө үү гэв.

           Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч Ү.Долгоржав нь 1984 оны 2 дугаар сараас 1994 оныг дуустал Увс аймгийн Барилга угсралтын трест болон Барилгын биржид армотурчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.

            Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн цалингийн тодорхойлолтод Үмээгийн Долгоржавын 1987 оны 9 дүгээр сараас 1988 оны 3 дугаар сарыг дуустал Увс аймгийн Барилга угсралтын трестэд армотурчнаар ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлжээ.

            Түүнчлэн Бетон цехийн 1984 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн цалин тавьж олгох хүснэгтийн 40-д, 1988 оны 12 дугаар сарын цалин тавьж олгох хүснэгтийн 11-т, 1990 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн урьдчилгаа цалин тавьж олгох хүснэгтийн 42-т Ү.Долгоржав-армуторчин гэжээ.

          Увс аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1986 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 47 дугаар Төлөвлөгөө биелүүлсэн шагнал олгох тухай тушаалд: ...Нямаа даргатай бетон армотурын бригад нь 1986 оны 4-р сарын төлөвлөгөөг 100 хувиар биелүүлж ажилласан тул Барилга угсралтын трестийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгчдийн 8/12-р тогтоолыг үндэслэн 29 хүнд 2236 төгрөгийн шагнал олгосугай. Тушаалын хавсралтад Ү.Долгоржавын нэр бичигджээ.

           Мөн Бетон бригадын ХОК-ын хүснэгт болон 1987 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн ажлын цагийн баланс гэх баримтууд, Увс аймгийн Барилга угсралтын трестийн 1987 оны 8 дугаар сарын 24-ний өдөр, 1987 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн цалингийн хураарилалт гэх баримтуудад Ү.Долгоржавын нэр бичигджээ.

          Увс аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1987 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн тодорхойлолтод: ...Ү.Долгоржав-1 өдөр. Эдгээр хүмүүс амин хувийн ажлаар бид нараас чөлөө авч явсан болно гэжээ.

           Увс аймгийн Барилга угсралтын трестийн хэвлэх цехийн ажилтнуудын 3 дугаар сар, 4 дүгээр сар, 9 дүгээр сар, 1988 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн хоолны талоны жагсаалт гэх баримтад Ү.Долгоржавын нэр бичигджээ.

            Түүнчлэн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч В.Ичинхорлоо, Ш.Хорлоо нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч В.Ичинхорлоо Миний бие 1980 оноос 1995 он хүртэл Увс аймгийн Барилга угсралтын трест болон Барилгын биржид бетон армотурчнаар ажиллаж байсан. Намайг тус байгууллагад ажиллаж байхад Ү.Долгоржав нь 1984 оноос эхлэн Увс аймгийн Барилга угсралтын трестийн бетон армотурын цехэд 7 хоног дагалдан хийсэн бөгөөд дараа нь үндсэн ажилтан буюу армуторчнаар ажиллаж эхэлсэн. Увс аймгийн Барилга угсралтын трест нь 1992 онд бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд орж Барилгын бирж нэртэй болоход Ү.Долгоржав нь мөн ажиллаж байсан ба тус биржид 1994 оныг дуустал ажилласан. Тухайн үед Увс аймгийн Барилга угсралтын трестийн даргаар Батзул, Барилгын биржийн даргаар Нүүнээ, Пүрэвсүрэн гэх хүмүүс ажиллаж байсан гэж, гэрч Ш.Хорлоо Миний бие 1974 оноос 1995 он хүртэл Увс аймгийн Барилга угсралтын трест болон Барилгын биржид нормчин, мастераар ажиллаж байсан. Намайг тус байгууллагад ажиллаж байхад Ү.Долгоржав нь 1984 онд төгсөж ирээд Увс аймгийн Барилга угсралтын трестийн бетон армотурын цехэд нормчин, армотурчнаар ажиллаж эхэлсэн. Увс аймгийн Барилга угсралтын трест нь 1992 онд бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд орж Барилгын бирж нэртэй болоход Ү.Долгоржав нь мөн ажиллаж байсан ба тус биржид 1994 оныг дуустал ажилласан гэж тус тус мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд хэрэгт авагджээ.

             Увс аймгийн Барилга угсралтын трестийн хэвлэх цехийн ажилтнуудын 3 дугаар сар, 4 дүгээр сар, 9 дүгээр сарын хоолны талоны жагсаалт гэх баримт болон Бетон бригадын ХОК-ын хүснэгт гэх баримтуудад сарууд нь бичигдсэн боловч хэдэн оны баримт болох нь тогтоогдохгүй байх тул эдгээр баримтуудыг шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй юм.

           Хэдийгээр Ү.Долгоржавын 1987 оны 9 дүгээр сараас 1988 оны 3 дугаар сарыг дуусталх хугацааны цалингийн тодорхойлолтоос бусад онуудын цалингийн баримт Увс аймгийн Архивын тасагт хадгалагдаагүй хэдий ч нэхэмжлэгч нь 1984 оны 2 дугаар сараас 1994 оныг дуустал Увс аймгийн Барилга угсралтын трест болон Барилгын биржид армотурчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн цалингийн тодорхойлолт, Бетон цехийн 1984 оны 7 дугаар сарын 15-ны өдөр, 1988 оны 12 дугаар сар, 1990 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн цалин тавьж олгох хүснэгтүүд, Увс аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1986 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 47 дугаар Төлөвлөгөө биелүүлсэн шагнал олгох тухай тушаал, Увс аймгийн Барилга угсралтын трестийн 1987 оны 8 дугаар сарын 24-ний өдөр, 1987 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн цалингийн хураарилалт, Увс аймгийн Барилга угсралтын трестийн хэвлэх цехийн ажилтнуудын 1988 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн хоолны талоны жагсаалт, 1987 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн ажлын цагийн баланс, Увс аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1987 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн тодорхойлолт, гэрч В.Ичинхорлоо, Ш.Хорлоо нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

           Иймд нэхэмжлэгч Ү.Долгоржавын хүсэлтийг хангаж, түүний 1984 оны 2 дугаар сараас 1994 оныг дуустал Увс аймгийн Барилга угсралтын трест болон Барилгын биржид армотурчнаар 10 жил 11 сар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

          Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Тайжиуд овогт Үмээгийн Долгоржавын 1984 оны 2 дугаар сараас 1994 оныг дуустал Увс аймгийн Барилга угсралтын трест болон Барилгын биржид армотурчнаар 10 /арав/ жил 11 /арван нэг/ сар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Ү.Долгоржавын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ