| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Доржсүрэн |
| Хэргийн индекс | 187/2022/0121/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/98 |
| Огноо | 2022-02-16 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Н.Пүрэвтогтох |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 2022/ШЦТ/98
2022 02 16 2022/ШЦТ/98
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,
улсын яллагч Н.Пүрэвтогтох,
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:
*******-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 211002008 1203 дугаартай, нэг хавтас хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1998 оны _ дүгээр сарын _-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “_” ресторанд тогооч ажилтай, ам бүл-3, эх, дүүгийн хамт _ дүүргийн _ дугаар хороо, _ тоотод оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:
1.Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 341 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан,
2.Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 668 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 260 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,
3.Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дүгээр сарын 25-ны өдрийн 171 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550.000 төгрөгийн торгох ял,
4.Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 350 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ял тус тус шийтгэгдэж байсан, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 2021/ХМШЗ/05 дугаар захирамжаар 18 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллаж, эдлээгүй үлдсэн ялын хугацаагаар хяналт тогтоосон, ******* (РД:_).
Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:
Яллагдагч ******* нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн _ дүгээр хороо, “_” хотхоны гадна 2021 оны 10 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө хамтран амьдарч байсан Б.У-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан толгой болон хөлөн тус газар нь цохиж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн биед нь зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, зүүн нүдний зовхи хамрын нуруунд цус хуралт, баруун нүдний зовхинд цус хуралт, зүүн гуя өвдөг шилбэнд цус хуралт, зулгаралт, дээд уруулын салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******-ээс: Мэдүүлэг гаргахгүй гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, эрүүгийн 211002008 1203 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
1. Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасагт 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр бүртгэгдсэн дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 5 дахь тал),
2. Хохирогч Б.У-ын биед 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт (хавтас хэргийн 6-7 дахь тал),
3. Хохирогч Б.У-д 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хийсэн “Аюулын зэргийн үнэлгээ” (хавтас хэргийн 8 дахь тал),
4. Хохирогч Б.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө гэртээ шөнө 04 цагийн үед ажлаа хийгээд сууж байтал манай гэрийн цонхыг хүн чанга нүдээд байсан. Очоод хартал салсан найз залуу гараад ир гэж хэлсэн. Цонх чанга нүдээд байсан учир би өмнөх эхнэр рүү нь чат бичиж цагдаа дуудаарай гэж хэлсэн. Гэрээс гартал шууд өшиглөж, зодож цохисон. Миний зүүн нүд рүү цохисон, зүүн хөл рүү өшиглөж үсдэж унагааж байгаад дээрээс цохисон, мөн нүүр рүү цохих үед хамраас цус гарсан. Тэгээд цагдаа ирэх үед зугтаачихсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-15 дахь тал),
- хохирогчоор дахин 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр өгсөн: “...Би Г гэх залуутай 2021 оны 03 дугаар сарын 07-ны өдөр анх найзаар нь дамжуулан танилцан, түүнээс хойш хамтран амьдардаг болсон. Хамт амьдрах хугацаанд бид хоёр олон удаа маргалдсан. Тэр болгонд эвлэрч сайдаад амьдраад л байсан. Тэгтэл 2021 оны 10 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө гэртээ ажлаа хийгээд байж байтал цонх хүчтэй цохиод хартал хамт амьдарч байгаад 7-8 хоногийн өмнө салсан Г байсан. Гараад ...машины зогсоол дээр уулзсан. Тэгтэл гэрт чинь хэн байгаа юм гээд хардаж, өшиглөж гараараа олон удаа цохиж өшиглөсөн... ...Би гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-19 дэх тал),
5. Гэрч Г.Х-н мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр өгсөн: “...Би Г-тэй 2017 оны 08 дугаар сараас 2019 оны 04 дүгээр сар хүртэл хамт амьдарсан. Дундаасаа гурван настай нэг хүүтэй. Би хүүгээ төрүүлээд 7 хонож байхад Г шоронд орчихсон. Тэгээд 1 жил 8 сар орчмын дараа суллагдсан. Гарч ирээд бид хоёр хамт амьдраагүй. Тэгээд ч өөр эмэгтэйтэй болоод хамт амьдраад эхэлсэн байсан. Бид хоёр үерхэж байхдаа таарч тохирохгүй байнгын хэрүүл маргаантай байсан учир жирэмсний сүүлийн саруудад хамт байгаагүй. ...У нь 2021 оны 09 дүгээр сарын орчим чаталж орж ирээд танилцсан. Бид хоёр нэлээд дотно найзалж хааяа ярьдаг болсон. Өөрийгөө Г-д зодуулсан гэж хэлсэн. 2021 оны 10 сарын сүүлээр У шөнө 02-03 цагийн үед чат бичсэн байсан. Тэгэхдээ Гүнээ ирчихсэн гадаа байна яах уу гэсэн. Би согтуу бол чамайг зодох вий гэхэд чи цагдаа дуудаарай гээд гэрийнхээ хаягийг бичсэн байсан. Цагдаа дуудчихаад эргээд У руу залгасан чинь утас нь холбогдохгүй байсан. Тэр үед гараад Г-тэй уулзаад зодуулчихсан юм байна лээ. Маргааш нь надад өөрөө хэлсэн ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29 дэх тал),
6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 10537 дугаартай дүгнэлтэд:
- Б.У-н биед зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, баруун нүдний зовхинд цус хуралт, зүүн гуя, өвдөг, шилбэнд цус хуралт, зулгаралт, дээд уруулын салстад цус хуралт бүхий шинэ, зүүн гуя, зүүн бугалгад цус хуралт бүхий хуучин гэмтэл тогтоогдлоо.
- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
- Дээрх “зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, баруун нүдний зовхинд цус хуралт, зүүн гуя, өвдөг, шилбэнд цус хуралт, зулгаралт, дээд уруулын салстад цус хуралт бүхий” шинэ гэмтэл нь тухайн хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн байх боломжтой, зүүн гуя, зүүн бугалгад цус хуралт бүхий хуучин” гэмтэл нь 5-с дээш хоногийн өмнө үүссэн байх боломжтой гэмтлүүд байна.
- Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 34-36 дахь тал),
7. Яллагдагч *******-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр өгсөн: “...Надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. ...Би 2021 оны 03 дугаар сард У-тай танилцаж, түүнээс хойш хамтдаа амьдарсан. Бид хоёр 8 насны зөрүүтэй, эхэндээ гайгүй байдаг байсан боловч сүүлдээ үл ойлголцол үүсэж хэрүүл маргаан болдог байсан. 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр би У-н гэрээс маргалдаад салаад явчихсан байсан. Тэгтэл У миний фейсбүүкээр ороод салсан эхнэр Х-тэй чаталсан чатыг уншчихаад чи ийм шүү дээ энэ тэр гээд хэрүүл хийсэн. Тухайн өдрийн маргааш 2021 оны 10 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө би ажлаа тараад найз нартайгаа уучхаад шөнийн 01 цагийн үед тэдний гэрийн гадаа “_” хотхоны орцны гадаа саравчинд У-тай уулзсан. Учир нь хаалга цонхыг нь цохиод намайг гэртээ оруулахгүй өөрөө гараад ирсэн. Эхэндээ би түүнийг аргадах гэж очсон. Тэвэртэл өөдөөс Х-н тухай яриад хорон үгээр идсэн. Тэгж байгаад бид хоёр хэрэлдээд түүнийг өшиглөж, цохисон. Тэгтэл түүний утас дуугарсан чинь надаас утсаа нуугаад байсан. Гэрт ороод ярилцъя гэхэд намайг оруулахгүй байхаар нь гэрт чинь хүн байгаа юм уу гээд муудалцсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 53-54 дэх тал),
8. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 92 дахь тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 66 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 46 дахь тал), хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 100, 107 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт (хавтаст хэргийн 67,102-103 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 68 дахь тал), ял шийтгэгдэж байсан талаарх шийтгэх тогтоолын хуулбарууд (хавтас хэргийн 71-84 дэх тал), Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 2021/ХМШЗ/05 дугаартай захирамж тогтоол (шүүх хуралдаанд шинээр ирүүлсэн баримт), Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон тухай 2021 оны 03 дугаар сарын 29-ний 21/73 дугаартай тогтоол (шүүх хуралдаанд шинээр ирүүлсэн баримт) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Гурав: Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, хууль зүйн дүгнэлт.
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтаар хангалттай тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай гэсэн дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгч нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч ******* нь Хан-Уул дүүргийн _ дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “_” хотхоны гадна 2021 оны 10 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө согтуурсан үедээ хамтран амьдрагч байсан Б.У-тай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан толгой, нүүр хэсэгт нь гараараа цохих, хөл рүү нь өшиглөх зэргээр бие, эрүүл мэндэд нь “зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, баруун нүдний зовхинд цус хуралт, зүүн гуя өвдөг, шилбэнд цус хуралт, зулгаралт, дээд уруулын салстад цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үйл баримт нь:
- Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасагт 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр бүртгэгдсэн дуудлагын лавлагааны хуудас (хэргийн 5 дахь тал),
- Хохирогч Б.У-ын биед 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт (хавтас хэргийн 6-7 дахь тал),
- Хохирогч Б.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө ...цонх хүчтэй цохиод, хартал хамт амьдарч байгаад ...салсан Г байсан. Гараад ...машины зогсоол дээр уулзсан. Тэгтэл гэрт чинь хэн байгаа юм гээд хардаж, өшиглөж гараараа олон удаа цохиж өшиглөсөн. ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 16-19 дэх тал) болон түүний 2021 оны 10 дугаар сарын 28 өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 10-14 дэх тал),
- Гэрч Г.Х-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...У нь 2021 оны 09 дүгээр сарын орчим чаталж орж ирээд танилцсан. ...2021 оны 10 сарын сүүлээр У шөнө 02-03 цагийн үед чат бичсэн, ...Г ирчихсэн гадаа байна яах уу, ...чи цагдаа дуудаарай гээд гэрийнхээ хаягийг бичсэн байсан. ...Тэр үед гараад Г-тэй уулзаад зодуулчихсан юм байна лээ. Маргааш нь надад өөрөө хэлсэн ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29 дэх тал),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 10537 дугаартай дүгнэлт (хэргийн 34-36 дахь тал),
- Шүүгдэгч *******-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хэргийн 53-54 дэх тал), “Аюулын зэргийн үнэлгээ” (хавтас хэргийн 8 дахь тал) болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит нөхцөл байдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон, оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн, хязгаарласан зэрэг нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүх дээрх нотлох баримтуудын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэж цэгнэж, харьцуулан шинжилж, хохирогч, гэрч, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтийн нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Хэргийн тогтоогдсон үйл баримтаас хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ хохирогч Б.У-ын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байх бөгөөд энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” бол хүндрүүлэх шинжээр зүйлчлэхээр тодорхойлжээ.
Мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд “Гэр бүлийн хамаарал бүхий этгээд”-д хамтран амьдрагч нарыг гэр бүлийн хамаарал бүхий хүмүүст ойлгохоор хуульчилсан ба, шүүгдэгч *******, хохирогч Б.У нар нь гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч гэр бүлийн харилцаа үүсгэн хамт амьдарч байсан хамтран амьдрагч нар байх тул гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүст хамаарна.
Түүнчлэн гэр бүлийн хүчирхийллийг “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилсан бөгөөд шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Б.У-ын бие, эрх чөлөөнд нь буюу толгой болон хөлөн тус газар нь олон удаа цохиж, өшиглөх зэрэг үйлдэл хийж, догшин авирласан нь гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй байна.
Ийнхүү шүүгдэгч ******* нь хамтран амьдрагч Б.У-ыг зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэргийн шинжийг хангажээ.
Шүүгдэгч согтууруулах ундаа хэрэглэсэн нь хэрүүл маргаан үүсгэх, өөрийн хийж буй ухамсарт үйл ажиллагаанд шууд нөлөөлсөн, оюун санаа болон биеэ удирдан хянах чадваргүй байсан нь хохирогчийн биед гэмтэл учруулах гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл болжээ.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын тухай.
Тус хэргийн улмаас хохирогч Б.У-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба, хохирогч нь хор уршгийн зардлыг нэхэмжилсэн баримтыг хэрэгт ирүүлээгүй, нэхэмжлэл гаргаагүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгчээс өөрийгөө өмгөөлж оролцож, дүгнэлт гаргахдаа улсын яллагчийн танилцуулсан дүгнэлттэй мэтгэлцээгүй.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаардана.
Шүүгдэгч *******-ийн хувийн байдлыг судалсан баримт болох эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас болон шийтгэх тогтоолууд, хугацааны өмнө сулласан захирамж зэрэг шүүхийн шийдвэрээр (хавтаст хэргийн 68, 71-84 дэх тал) хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг зэрэгт дөрвөн удаа ял шийтгэгдэж байсан хувийн байдалтай байх ба сүүлд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 350 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ял шийтгэгдэж, ялыг биечлэн эдэлж Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 2021/ХМШЗ/05 дугаар захирамжаар 18 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллагдаж, эдлээгүй үлдсэн ялын хугацаагаар хяналт тогтоогдсон бөгөөд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусан тухай 2021 оны 03 дугаар сарын 29-ний 21/73 дугаартай тогтоолоор ялын хугацаа дуусгавар болсон нь нотлогдож байх тул түүнд нэмж нэгтгэх ялгүй гэж дүгнэв.
Шүүгдэгч *******-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.
Иймд шүүгдэгч ******* нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчим, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцүүлэн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирогчид зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, олон тооны цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, нөгөө талаас шүүгдэгч удаа дараа ял шийтгэгдэж байсан байх боловч засрал хүмүүжил олоогүй хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
3. Бусад асуудлын талаар: Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******-г 700 (долоон зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч *******-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДОРЖСҮРЭН