| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Доржсүрэн |
| Хэргийн индекс | 187/2022/0100/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/112 |
| Огноо | 2022-02-18 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Л.Төгсжаргал |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 2022/ШЦТ/112
2022 02 18 2022/ШЦТ/112
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасанжаргал,
улсын яллагч Л.Төгсжаргал,
шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ц.Баасанжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:
*******-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 211000000 1019 дугаартай, нэг хавтас хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1978 оны _ дугаар сарын _-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, 3 хүүхдийн хамтаар _ дүүрэг _ дугаар хороо _ тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:
-Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 150 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ял,
-Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 374 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 50.000 төгрөгийн эд хөрөнгө хураалгаж, 6 сарын хугацаагаар баривчлах ял шийтгэгдэж байсан, ******* (РД:_).
Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:
Яллагдагч ******* нь 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хорооллын баруун талын автобусны буудлаас нийтийн тээврийн хэрэгсэлд суухдаа Л.Д халааснаас “Huawei p 30 lite” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, түүнд 350.000 төгрөгийн хохирол учруулсан;
-2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Вива сити" хотхоны замын урд талын автобусны буудлаас нийтийн тээврийн хэрэгсэлд суухдаа Э.Б-н халааснаас “I phone 8 plus” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, түүнд 500.000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэргийг 2 удаагийн үйлдлээр үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******-с: Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн, өөр нэмж ярих зүйл байхгүй гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, эрүүгийн 211000000 1019 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
Нэг. Э.Б-н эд хөрөнгийг хулгайлсан хэргийн нотлох баримтууд.
1.1 Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн тэмдэглэл (хавтас хэргийн 3 дахь тал), Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаарт хэлтэст 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Э.Б-н гаргасан өргөдөл (хавтас хэргийн 4 дэх тал),
1.2 Эд зүйл хураан авч, хүлээлгэсэн өгсөн тухай 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн: “2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр РД:_ *******-с... ...Хар өнгийн 1 ширхэг “I phone 8 plus” гар утас, эмэгтэй хүний зурагтай хар өнгөтэй, доор байх хэсэгтээ “Supreme” гэсэн улаан өнгийн бичиглэл бүхий гэртэй, голын товч хэсэгтээ шилэн наалт нь хагархай гар утсыг хураан авч, Э.Б-т хүлээлгэн өгсөн” гэсэн тэмдэглэлүүд (хавтас хэргийн 5-6 дахь тал),
1.3 Хохирогч Э.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 07 цаг 40 минутын орчимд хичээлдээ явах гээд “Вива сити” хотхоны замын урд талын автобусны буудал руу очоод автобусны буудал дээр 5-10 минут автобус хүлээсэн. Автобус хүлээж байхдаа өөрийн гар утастай холбогдсон чихэвчээр дуу сонсож байсан. Гар утсаа куртикнийхээ баруун халаасанд хийсэн байсан. Автобус ирээд цүнхнээсээ картаа гаргаж уншуулаад картаа буцаагаад куртикний халаасандаа хийх үед миний гар утас алга болсон байсан. Би автобусны жолоочид хэлж, автобуснаас бууж цагдаад хандсан...” гэх мэдүүлэг (хавтас хэргийн 11 дэх тал),
-хохирогчоор дахин 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр өгсөн: “...Надад хөрөнгийн үнэлгээний тайлантай танилцаад асууж тодруулах зүйл байхгүй... ... Надад ямар нэгэн гомдол санал байхгүй байна. Цаашид нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтас хэргийн 12 дахь тал),
1.4 “Дамно” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн №ХУ2-21-660 дугаартай: I phone 8 маркийн гар утасны зах зээлийн үнэлгээг 500.000 төгрөгөөр тогтоосон хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтас хэргийн 19-21 дэх тал),
1.5 Яллагдагч *******-н мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр өгсөн: “2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр _ дүүргийн _ дугаар хорооноос _” гэсэн автобусанд суусан. “Ард кино театр” дээр бууж, уг буудлаас “Нисэх” чиглэлийн автобусанд сууж “Вива сити” хорооллын автобусны буудал дээр буусан. Нэг танилтайгаа уулзах гээд чадаагүй юм. Ингээд зам гараад урд талын буудлаас нь хотын төв рүү Нисэх юм уу Яармагийн автобусанд суух гэж байгаад хамт автобус руу орж байсан хүний зүүн талын халаасанд нь ил байсан гар утсыг авсан. Ингээд автобусанд суухгүйгээр үлдээд, явах гэтэл цагдаа нарт баригдсан...” гэх мэдүүлэг (хавтас хэргийн 39 дэх тал),
Хоёр. Л.Д-н эд хөрөнгийг хулгайлсан хэргийн нотлох баримтууд:
2.1 Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн тэмдэглэл (хавтаст хэргийн 88 дахь тал), Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Л.Д-н гаргасан өргөдөл (хавтас хэргийн 89 дэх тал),
2.2 Хохирогч Л.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн: “... 2021 оны 09 дүгээр сарын 20-ны 08 цагийн үед ажилдаа явахаар гэрээсээ гарсан. Баянгол дүүргийн 3 дугаар хороонд байрлах “Нарны хороолол”-ын баруун талын автобусны буудал дээр автобус ирэхийг хүлээж байсан. Тухайн үед гар утсаа барьчихсан байж байгаад автобус ирэхээр нь картаа халааснаасаа гаргаж ирэх зорилгоор гар утсаа гадуур хувцасныхаа баруун талын халаасанд хийсэн. Автобусанд ороод гар утсаа үзтэл байхгүй болчихсон байсан...” гэх мэдүүлэг (хавтас хэргийн 95 дахь тал),
2.3 “Дамно” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн №БГ1-21-438 дугаартай: “Huawei p30 lite” маркийн гар утасны үнэлгээр 350.000 төгрөгөөр тогтоосон хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтас хэргийн 99-100 дахь тал),
2.4 Яллагдагч *******-н мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр өгсөн: “2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр “Алтай” хотхоны замын автобусны буудлаас үл таних эмэгтэй хүний халааснаас” Huawei p30” загварын гар утсыг хулгайлж аваад үл таних хүнд 150.000 төгрөгөөр зарсан. Тухайн хүнийг танихгүй. Мөнгөө үрээд дууссан. ” гэх мэдүүлэг (хавтас хэргийн 105 дахь тал),
-******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр дахин өгсөн: “... I phone 8 plus маркийн гар утсыг, Huawei p30 маркийн гар утсыг хулгайлсан гэх 2 гэмт хэргийг хийснээ хүлээн зөвшөөрч байна. ” гэх мэдүүлэг (хавтас хэргийн 127 дахь тал),
3. Хохирогч Э.Д-н гомдол, саналгүй тухай хүсэлт (хавтас хэргийн 133 дахь тал), Хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагч *******, түүний өмгөөлөгч Ц.Баасанжаргалын нарын урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан хүсэлт, Хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, прокурорын ялын санал,
4. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: *******-н нэр дээр хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа (хавтас хэргийн 67-68 дахь тал), оршин суугаа газрын тодорхойлолт (хавтас хэргийн 54 дэх тал), Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтас хэргийн 40 дэх тал), ял шийтгэгдэж байсан шийтгэх тогтоолуудын хуулбар (хавтас хэргийн 50-53 дахь тал) болон Б.Э-н хүүхдүүд болох Э овогтой Н (хавтас хэргийн 58 дахь тал), Э овогтой Д (хавтас хэргийн 59 дэх тал), Э овогтой Б нарын төрсний гэрчилгээний хуулбар (хавтас хэргийн 60 дахь тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч *******-н өмгөөлөгч Ц.Баасанжаргалын шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлтэд үндэслэн хэлэлцүүлэг явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.6 дахь заалтад заасан “хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт”-ийг хэлэлцүүлж прокурор эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар яллагдагчид танилцуулахад яллагдагч нь зөвшөөрсөн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр яллагдагчийг шүүхэд шилжүүлж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Гурав: Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, хууль зүйн дүгнэлт.
1.Гэм буруугийн талаар:
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “шүүгдэгч ******* нь үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч нарын мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлангууд болон бусад нотлох баримтаар хангалттай тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай, шүүгдэгч нь гэм хорыг арилгасан байх тул хохирогч нарт төлөх төлбөргүй байна” гэсэн дүгнэлтийг,
-Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баасанжаргал эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцохоо илэрхийлж, шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “улсын яллагчийн саналтай адил байр суурьтай байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан ба, шүүгдэгч ******* нь хэргийн үйл баримт, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч ******* нь:
2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарны хороолол”-ын баруун талын автобусны буудлаас нийтийн тээврийн хэрэгсэлд зорчигчоор үйлчлүүлэхдээ мөн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн Л.Д-н халааснаас “Huawei p 30 lite” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, түүнд 350.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:
- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн тэмдэглэл (хавтаст хэргийн 88 дахь тал), Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Л.Д-н гаргасан өргөдөл (хавтас хэргийн 89 дэх тал),
-Хохирогч Л.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 09 дүгээр сарын 20-ны 08 цагийн үед ...Баянгол дүүргийн 3 дугаар хороонд байрлах “Нарны хороолол”-ын баруун талын автобусны буудал ...гар утсаа барьчихсан байж байгаад автобус ирэхээр нь картаа халааснаасаа гаргаж ирэх зорилгоор гар утсаа гадуур хувцасныхаа баруун талын халаасанд хийсэн. Автобусанд ороод гар утсаа үзтэл байхгүй болчихсон байсан...” гэх мэдүүлэг (хавтас хэргийн 95 дахь тал),
-“Дамно” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн №БГ1-21-438 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтас хэргийн 99-100 дахь тал),
-Яллагдагч *******-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр “Алтай” хотхоны замын автобусны буудлаас үл таних эмэгтэй хүний халааснаас” Huawei p30” загварын гар утсыг хулгайлж аваад үл таних хүнд 150.000 төгрөгөөр зарсан. ” гэх мэдүүлэг (хавтас хэргийн 105 дахь тал) болон яллагдагчаар дахин өгсөн мэдүүлэг (хавтас хэргийн 127 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар;
Мөн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Вива сити" хотхоны замын урд талын автобусны буудлаас нийтийн тээврийн хэрэгсэлд сууж байсан Э.Б-н халааснаас “I phone 8 plus” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, түүнд 500.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн тэмдэглэл (хавтас хэргийн 3 дахь тал), Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаарт хэлтэст 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Э.Б-н гаргасан өргөдөл (хавтас хэргийн 4 дэх тал),
- Эд зүйл хураан авч, хүлээлгэсэн өгсөн тухай 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн тэмдэглэлүүд (хавтас хэргийн 5-6 дахь тал),
-Хохирогч Э.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ...“Вива сити” хотхоны замын урд талын автобусны буудал руу очоод ....гар утсаа куртикнийхээ баруун халаасанд хийсэн байсан. Автобус ирээд цүнхнээсээ картаа гаргаж уншуулаад картаа буцаагаад куртикний халаасандаа хийх үед миний гар утас алга болсон байсан. ...” гэх мэдүүлэг (хавтас хэргийн 11 дэх тал) болон хохирогчоор дахин өгсөн мэдүүлэг (хавтас хэргийн 12 дахь тал),
-“Дамно” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн №ХУ2-21-660 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтас хэргийн 19-21 дэх тал),
-Яллагдагч *******-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ...“Вива сити” хорооллын ...урд талын буудлаас нь хотын төв рүү Нисэх юм уу Яармагийн автобусанд суух гэж байгаад хамт автобус руу орж байсан хүний зүүн талын халаасанд нь ил байсан гар утсыг авсан. Ингээд автобусанд суухгүйгээр үлдээд, явах гэтэл цагдаа нарт баригдсан...” гэх мэдүүлэг (хавтас хэргийн 39 дэх тал) болон түүний яллагдагчаар дахин өгсөн мэдүүлэг (хавтас хэргийн 39 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит нөхцөл байдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон, оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн, хязгаарласан зэрэг нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүх дээрх нотлох баримтуудын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэж цэгнэж, харьцуулан шинжилж, хохирогч, гэрч, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтийн нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Хулгайлах гэмт хэргийн хууль зүйн ойлголт нь “Бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг буюу тодруулбал бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгох”-ыг ойлгоно.
Хэргийн үйл баримтаас тогтоогдсон нөхцөл байдлаас хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч ******* шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хохирогч нарын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдсээр байж, ухамсарлаж, хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол... ” гэж гэмт хэргийн шинжийг заасан ба уг зүйлийн тайлбар хэсэгт “энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй” гэж заасан.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” ойлгоно, 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч *******-н үйлдсэн хулгайлах гэмт хэргийн улмаас 300 нэгж буюу 300.000 төгрөгийн бага хэмжээнээс дээш хэмжээний буюу 850.000 төгрөгийн хохирол учруулсан нь гэмт хэрэгт тооцогдох бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж хуульчилсан.
Иймд шүүгдэгч *******-н гэмт үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэлтэй бөгөөд дээрх зүйл хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.
“Дамно” ХХК хөрөнгийн үнэлгээний байгууллага нь хохирогч Э.Бадамжавын “I phone 8” маркийн гар утсыг 500.000 төгрөгөөр, хохирогч Л.Д-н “Huawei p30 lite” маркийн гар утсыг 350.000 төгрөгөөр тус тус тогтоосон байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч ******* нь хохирогч Э.Б-н гар утсыг биет байдлаар нь буцаан өгсөн, хохирогч Л.Д-т 350.000 төгрөгийг дансаар шилжүүлж өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч *******-тай шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ял тохиролцсон бөгөөд тохиролцсон ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно” гэсэн дүгнэлтийг;
-шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баасанжаргал дүгнэлтдээ “******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, 3 хүүхдээ өөрөө өсгөдөг зэргийг харгалзан улсын яллагчтай тохирсон ялын хүрээнд шийдвэрлэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаардана.
Шүүгдэгч *******-н хувийн байдлыг судалсан нотлох баримтууд болох эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас, ял шийтгэгдэж байсан шүүхийн шийдвэр зэргээр хоёр удаа өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан байх боловч ялын хугацаа дуусгавар болсон байх тул нэмж нэгтгэх ялгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар “гэмт хэрэг үйлдсэний дараа гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо арилгасан”-ыг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзэв.
Шүүгдэгч ******* нь эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, прокуророос түүнд 360 цагийн хугацаагаар нийтэд тусдаа ажил хийлгэх ял оногдуулах саналыг танилцуулахад зөвшөөрч гарын үсэг зурсан байх ба, шүүх хуралдаанд гэм буруу, прокурорын ялын саналыг зөвшөөрч байгаа, ялаас зайлсхийвэл хорих ялаар солих хууль зүйн үр дагаврыг ойлгосон талаар мэдүүлж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг хангагдсан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч ******* “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул прокурортой тохиролцсон ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоон, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
3. Бусад асуудлын талаар: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******-н 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 40 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцож, нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногийн хорих ялаар тооцон 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцож, биечлэн эдлэх ялыг 40 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож,
- хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******-г үргэлжилсэн үйлдлээр “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-г 360 (гурван зуун жаран) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******-н 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2021 оны 12 дүгээр сарын 13-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 40 (дөч) хоногийг түүний эдлэх оруулан тооцож, нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногийн хорих ялаар тооцон 320 цагийн ялыг эдэлсэнд тооцож, биечлэн эдлэх ялыг 40 (дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч *******-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
7. Тус эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч *******-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд нь давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДОРЖСҮРЭН