Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/114

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2022/0088/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат,

Улсын яллагчаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,

Шүүгдэгч А.Х- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Б- овогт А-гийн Х-ад холбогдох эрүүгийн 2218000000033 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1990 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Дархан-Уул аймаг, Шарын гол сум ...тоотод оршин суух хаягтай, урьд:

Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 164 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт  зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ял,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 164 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 228 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцон 30 хоногийн хугацаагаар хорих ялыг 11.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар 6 сарын хорих ял дээр нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 7 сарын хугацаагаар тогтоосон,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 434 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 253 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулсан, Б- овогт А-гийн Х- /РД: /,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч А.Х- нь төрсөн хүү Д.Ч-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч А.Х- нь 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 22 цагийн орчим Дархан-Уул аймгийн Шарын гол сум, ... тоотод гэртээ төрсөн хүү Д.Ч-г уйллаа гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, нүүрэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

Насанд хүрээгүй хохирогч Д.Ч-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Х- бол миний аав байгаа юм. 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр би ээж дүү нарын хамтаар эмээгийнхээ гэрт очиж тэнд үлдээд ээж айлд очно гээд гараад явсан. Тэгээд нилээд орой болсон хойно буцаж ирээд дүү бид нарыг эмээгийн гэрээс аваад буцаад гэртээ очиход аав сэрүүн хэвтэж байсан ба ээж, аав 2 гар утас булаацалдаж байснаа хоорондоо хэрүүл маргаан хийж улмаар аав, ээжийн нүүр рүү гараараа цохихоор нь би айгаад 2 дүүтэйгээ хамт уйлсан чинь намайг юундаа уйлаад байгаа юм гээд гараараа толгой руу цохиж, дараа нь намайг өргөж байгаад газар унагасан. Тэгтэл гаднаас цагдаа нар орж ирээд аавыг дагуулаад аваад явсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 07-р хуудас/, 

 

Э.Д-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 18 цагийн орчим манай нөхөр Хүрлээ архи уучихсан орж ирээд унтсан юм. ...Х- намайг баруун гараараа 1 удаа нүүр лүү цохисон юм. Тэгэхэд том хүү Ч- уйлсан чинь чи юундаа орилоод байгаа юм гээд нүүр лүү нь гараараа алгадаж, толгой руу цохиж өргөөд, газар руу шидээд байсан” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 12-13-р хуудас/,

 

Гэрч Ө.Э-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 02-ны орой 22 цагийн орчим гэртээ байж байхад Х-ын хажуу айлын хүн болох Улаанаа над руу утсаар залгаж танай хүргэн Х- гэртээ орилж хашгираад байхаар нь би яваад ортол эхнэр хүүхдээ зодсон байна гэж хэлэхээр нь би тэр дороо Х-ын гэрт яваад очтол цагдаа нар ирээд Х-ыг аваад явсан байсан. Харин том хүүхэд нь болох Ч-гийн хамрын дээд хэсгээс цус гарчихсан, аав намайг зодсон гэж байсан. Мөн эхнэр Д-г зодсон байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-р хуудас/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 109 дугаартай “...Д.Ч-гийн биед тархи доргилт, нүүрэнд зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэргийн гэмтэл болно. Д.Ч-гийн биед илэрсэн гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 25-26-р хуудас/,

 

Гэр бүлийн хүчирхийллийн аюулын зэргийн үнэлгээ 4 оноо буюу “дунд” түвшин байна гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 50-51/,

 

2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр А.Х-ыг Эрүүлжүүлэх баривчлах байранд хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 52-р хуудас/зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлгээр нотлогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “ энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ” гэж заасан.

 

А.Х-, насанд хүрээгүй хохирогч Д.Ч- нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3-р зүйлд заасан уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээд болох нь шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарын мэдүүлэг болон бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх ба шүүгдэгч А.Х- нь согтуурсан үедээ уйллаа гэх шалтгаанаар, үл ялих зүйлээр шалтаглан насанд хүрээгүй хохирогч Д.Ч-г гараараа толгой руу нь цохих, өргөж шидэх зэргээр эрүүл мэндэд нь тархи доргилт, нүүрэнд зулгаралт үүсгэж зодсон үйлдэл нь хүчирхийллийн шинжтэй байна.

 

2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүү Д.Ч-г зодсон үйлдлийн өмнө гэр бүлийн харилцаатай хүн буюу эхнэр Э.Д-г байнга зодсон үйлдэлдээ Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгүүлсэн байх тул хүү Д.Ч-г зодсон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн нь зөв байна.

 

Иймд шүүгдэгч А.Х-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх шинжтэй үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Аззаяад шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “...шүүх хуралдаанд оролцохгүй, энэ хэргийг шийдсэний дараа манай сумын хамтарсан баг хүүхдийн асуудлыг дахин авч хэлэлцэнэ гэж мэдэгдсэн, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагад хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй, “насанд хүрээгүй хохирогчийн бие хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж, эрхшээлдээ байгаа хүний эсрэг үйлдсэн” гэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Шүүгдэгч А.Х- нь Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлснээс энэ хэрэгт цагдан хоригдох хүртэл буюу 2022 оны 2-р сарын 16-ны өдөр хүртэл 1 сар, 3 хоног хорих ял эдэлж, 10 сар 27 хоног хорих ял эдлээгүй үлдсэн болох нь хэрэгт авагдсан ялын тооцооны лавлагаа /хавтас хэргийн 101-р тал/-гаар тогтоогдож байна.

 

А.Х- нь 2022 оны 2-р сарын 16-ны өдрөөс шийтгэх тогтоол гарах хүртэл 28 хоног энэ хэрэгт цагдан хоригдсон байна.

 

Шүүгдэгч А.Х- нь өмнө гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж удаа дараа ял шийтгүүлж байсан боловч үүндээ дүгнэлт хийгээгүй байдлыг ял шийгэл оногдуулахдаа харгалзан үзсэн ба улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Х-ын энэ хэрэгт цагдан хоригдсон 28 хоногийн  1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, нийт 224 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг хасаж А.Х-ын энэ тогтоолоор оногдуулсан ялаас биечлэн эдлэх ялын хэмжээг 176 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоов.

 

Улсын яллагч нийтэд тустай ажил хийлгэх ял, хорих ялыг тус тусад нь эдлүүлэх санал гаргасан боловч шүүгдэгч уг ялыг нэмж нэгтгэн нэг төрлийн ял оногдуулж өгнө үү гэх хүсэлт гаргасан тул уг хүсэлтийг хүлээн авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн  10 сар 27 хоногийн хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 176 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын нэг хоногоор тооцон, нийт 22 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч А.Х-ын биечлэн эдлэх ялын нийт хэмжээг 11 сар, 19 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч А.Х- нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Б- овогт А-гийн Х-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх шинжтэй үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Х-ад 400 /дөрвөн зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Х-ын энэ хэрэгт цагдан хоригдсон 28 хоногийн нэг хоногийг  нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, нийт 224 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг энэ тогтоолоор оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас хассугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Х-ад 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн  10 сар 27 хоногийн хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 176 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын нэг хоногоор тооцон, нийт 22 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялын нийт хэмжээг 11 сар, 19 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Х-ад оногдуулсан 11 /арван нэг/ сар, 19 /арван ес/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

6. Шүүгдэгч энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Х-ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ГЭРЭЛТ-ОД