Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 569

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

             Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

             Нэхэмжлэгч: Увс аймгийн Зүүнхангай сумын 1 дүгээр багт оршин суух, 1971 онд төрсөн, 46 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОЕ710825233, Элжгэн төр овогт Боовонгийн Дэмбэрэлийн,

             Б.Нарантуяагийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ё.Мөнхгэрэл оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

              Нэхэмжлэгч Б.Дэмбэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Нарантуяа нь 1967 оны 6 дугаар сарын 03-нд төрсөн, 46 настай. Б.Нарантуяа 1985 онд 8 дугаар ангиа төгссөн бөгөөд 1985 оноос Увс аймгийн Зүүнхангай сумын Давшилт нэгдэлд саальчнаар ажиллаж байсан. Одоо тэтгэвэрт гарах нас болсон ба хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн тул шүүхэд хандах шаардлагатай болсон. Иймд Б.Нарантуяагийн Зүүнхангай сумын Давшилт нэгдэлд 1987 оноос 1989 оныг дуустал саальчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү. Б.Нарантуяатай хамт ажиллаж байсан Ц.Цэрэнчимэдийг гэрчээр асууж өгнө үү гэжээ.

              Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

             Нэхэмжлэгч Б.Дэмбэрэл нь Б.Нарантуяагийн 1987 оноос 1989 оныг дуустал Увс аймгийн Зүүнхангай сумын Давшилт нэгдэлд саальчнаар ажиллаж байсан байдал тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.

           Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн цалингийн тодорхойлолтод Боовонгийн Нарантуяагийн 1987 оноос 1989 оныг дуустал Увс аймгийн Зүүнхангай сумын Давшилт нэгдэлд саальчнаар ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлжээ.

            Түүнчлэн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Ц.Цэрэнчимэдээс мэдүүлэг авсан бөгөөд Ц.ЦэрэнчимэдМиний бие нь 1986-1988 онуудад Увс аймгийн Зүүнхангай сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Намайг тус нэгдэлд ажиллаж байхад Б.Нарантуяа нь Зүүнхангай сумын Давшилт нэгдэлд 1987 оноос эхлэн саальчнаар ажиллаж эхэлсэн ба 1989 он хүртэл ажилласан. Тухайн үед Зүүнхангай сумын Давшилт нэгдлийн даргаар Сүхбаатар гэх хүн ажиллаж байсан гэж мэдүүлсэн ба түүний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбар хэрэгт авагджээ.

            Б.Нарантуяа нь 1987 оноос 1989 оныг дуустал Увс аймгийн Зүүнхангай сумын Давшилт нэгдэлд саальчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн цалингийн тодорхойлолт, гэрч Ц.Цэрэнчимэдийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

           Иймд нэхэмжлэгч Б.Дэмбэрэлийн хүсэлтийг хангаж, Б.Нарантуяагийн 1987 оноос 1989 оныг дуустал Увс аймгийн Зүүнхангай сумын Давшилт нэгдэлд саальчнаар 3 жил ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

           Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

          Нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийх боломжтой гэж үзэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар Элжгэн төр овогт Боовонгийн Нарантуяагийн 1987 оноос 1989 оныг дуустал Увс аймгийн Зүүнхангай сумын Давшилт нэгдэлд саальчнаар 3 /гурав/ жил ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

          2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Б.Дэмбэрэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ