| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Доржсүрэн |
| Хэргийн индекс | 187/2022/0128/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/110 |
| Огноо | 2022-02-18 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.2., 27.11.1., |
| Улсын яллагч | Д.Эрдэнэчимэг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 2022/ШЦТ/110
2022 02 18 2022/ШЦТ/110
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,
улсын яллагч Д.Эрдэнэчимэг,
шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Э.Шинэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос:
*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалт, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 210300341 0016 дугаартай, 1 хавтас хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1975 оны 10 дугаар сарын 08-ны өдөр _ аймагт төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Малчин, ам бүл-2, эхийн хамт _ дүүргийн _ дүгээр хороо _ тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* (РД:_).
Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:
Яллагдагч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 13 цаг 30 минутын орчим Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, _ хорооны “_” хүнсний дэлгүүрийн баруун урд замд “Даюун” маркийн _ улсын дугаартай мотоцикл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 Жолоочид дараах зүйлсийг хориглоно:
а/Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, болон 3.5 Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, г/ тухай ослын талаар цагдаагийн байгууллага, ажилтанд яаралтай мэдэгдэх, болон 12.3 Жолооч хөдөлгөөн аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Ц.Н-г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******-с: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйл байхгүй” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг дурдаж, эрүүгийн 21030 0341 0016 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
1. Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ирсэн дуудлага лавлагааны хуудас (хавтас хэргийн 11 дэх тал),
2. 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дахь тал),
3. 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 3-9 дэх тал),
4. 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн явган зорчигчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлд: ...Явган зорчигч Ц овогтой Н-г драйгер багаж ашиглан шалгахад 1.01 хувийн тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо... гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 10 дахь тал),
5. 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлд: Даюун маркийн _ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явсан З овогтой Э-г драйгер багаж ашиглан шалгахад 2.28 хувийн тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо...” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 10 дахь тал),
6. Хохирогч Ц.Н-н 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 10 дугаар сарын 28-нд найз Э-гийнд С, Т, Э нартай хамт архи уусан. С, Т нарын хамт гэртээ харих гээд автобусны буудал руу явж байх үед Э мотоциклтой ирээд 1 шил архи аваад өгчих гээд араас дагаад яваад байсан. Би жаахан удаан яваад нөгөө хоёроос хоцорсон байсан. Хашааны булан тойртол Э мотоциклоороо намайг түлхэж унагаад хөл дээгүүр дайраад яваад өгсөн. Би газарт хэвтээд босож чадахгүй байх үед цагдаа, түргэн ирж намайг үзсэн. ...Би тухайн үед араас ирж байгааг нь мэдээгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дахь тал),
Хохирогчоор дахин 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр өгсөн: “...Би эмчилгээнд одоогоор хэдэн төгрөг гарсныг сайн мэдэхгүй байна. Надад 240.061 төгрөгийн баримт байна. Тухайн үед эмчилгээ хийгдэж байхад Э-н дүү гэх эмэгтэй мөнгийг нь төлж байсан, яг хэдэн төгрөг гарсныг нь мэдэхгүй байна. Би цаашид яаралтай Өвөрхангай аймгийн Хужирт суманд эмчилгээнд явах шаардлагатай. Тэрний төлбөр нь 14 хоногоор 3 удаа явах шаардлагатай эмчилгээ байгаа. Энэ эмчилгээний зардалд 4.500.000 өгчих гэсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дахь тал),
7. Хохирогч Ц.Н-н 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл Гэмтэл согог судлалын үндэсний төвд, (хавтас хэргийн 19-27 дахь тал), 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл Улсын нэгдүгээр төв эмнэлэгт тус тус хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүхүүд (хавтаст хэргийн 29-46 дахь тал),
8. Гэрч Н.Э-н 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр осол хэрхэн гарсан талаар мэдэх зүйл байхгүй. Тухайн өдрийн өглөө Н, С, Т 3 манай гэрт ирсэн. Ирэхээр нь 3 шил архи авч уусан. Тухайн үед Э манайхаар орж яваад таарч хамт уусан. Үдээс хойш цагийг нь сайн мэдэхгүй байна хот явна гээд гэрээс тэр гурав гарсан. Би гэртээ үлдээд унтсан. Тэр гурвыг гарахаас өмнө Э үхэртээ явлаа гээд гараад явсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 56 дахь тал),
9. Гэрч Д.С-н 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Гэрээс гараад Н эгчийн ард нь бид хоёр алхаж явтал Э мотоциклтой ирээд Н-тай уулзаад архи нэхээд байх шиг байснаа нарийн гудамж руу орох үед Э буцаад давхиад явсан. Т бид хоёрыг гудамжнаас гарч ирэх үед Н эгч газарт уначихсан хэвтэж байсан. Босгох гэтэл босож чадахгүй, Э намайг дайрчихлаа гэхээр нь би итгээгүй, босохгүй болохоор нь автобус ирчихлээ би явлаа гээд явсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 59 дэх тал),
10. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 10645 дугаартай:
-Ц.Н-ийн биед зүүн шаант ясны далд хугарал, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна.
-Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна. Гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 75-76 дахь тал),
11. Авто тээврийн үндэсний төвийн Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 663 дугаартай шинжээчийн:
“Даюун” маркийн _ дугаартай, маркийн тээврийн хэрэгслийг инженерийн ур чадвар болон хяналт үзлэгийн тоног төхөөрөмжөөр шалгахад хөдөлгүүр, хурдны хайрцаг, хүч дамжуулах анги, жолооны механизм, явах эд ангийн үзлэг хийхэд хөдөлгөөн ороогүй, хурдны хайрцаг, ерөнхий дамжуулгаас тос гоожоогүй, хурдны хайрцаг, гинжин дамжуулгын бэхэлгээ хэвийн, гэрэл дуут дохио зэрэг хэвийн байна.
-Урд болон хойд дугуйн тоормос хэвийн, их гэрлийн хүч ойрын тусгал 25600 холын тусгал нь 26500 cd байгаа нь стандартын шаардлага хангаж байна.
-Баруун гар талын хойд эргэх дохио ажиллахгүй гэмтэлтэй байна.
-Дээрх дурдсан гэмтэл нь ашиглалтын явцад үүссэн байх ба осол хэрэг гарахад нөлөөлөхгүй.
-Уг мотоцикл нь механик дамжуулгат, дискен тоормосны системтэй байна.
-Уг тээврийн хэрэгслийг инженерийн ур чадварт тулгуурлан тоормос шалгагч децелорометр багажийн тусламжтайгаар шалгахад урд болон хойд дугуйн тоормос хэвийн ажиллагаатай стандартын шаардлага хангаж байна.
-“Даюун” маркийн _ дугаартай мотоцикл нь 2020 болон 2021 оны техник хяналтын үзлэгт хамрагдаагүй байна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 81-84 дэх тал),
12. Мөрдөгчийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн №312 дугаартай:
- “ Жолооч ******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 Жолоочид дараах зүйлсийг хориглоно: а/ Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, болон 3.5 Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, г/ тухай ослын талаар цагдаагийн байгууллага, ажилтанд яаралтай мэдэгдэх, болон 12.3 Жолооч хөдөлгөөн аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна
-Явган зорчигч Ц.Н нь Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна...” гэсэн магадалгаа (хавтаст хэргийн 85 дахь тал),
13. Яллагдагч *******-гийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 10 дугаар сарын 28-ны өглөө 07 цаг 30 минутын үед гэрээсээ гараад Т гээд Э ахын найзтай таарсан. Бид хоёр мөнгөө гуялж ганц юм авч ууя гээд дэлгүүрээс Хараа архи авч Э ахынд очиж уусан. Н эгч, С, Э, Т бид тавуулаа уусан. Ууж дуусаад дахиад хоёр шил 0.75 литрийн “Морьтон” нэртэй архийг Т худалдан авсан. Тэр архиа Э ахынд уусан. Би үхэртээ явах ёстой байсан тул 10 цагийн үед гараад явсан. Гэртээ очоод өөрийн эзэмшлийн “Даюун” маркийн 69-71УБ улсын дугаартай мотоциклоо унаад явсан. Жоохон гэрээс хойшлоод 1 километр орчим яваад хартал үхэр энгэр дээр харагдаж байсан тул буцаад Т-гийн гэрт очиход гэртээ байхгүй байсан. Тэгээд гэртээ харих гээд явж байтал С, Н, Т гурав автобусны буудал руу алхаж явсан. Би хот явж байна гэж бодсон. С, Т хоёр арай түрүүлээд явж байсан. Би араас нь булан тойроод эргэтэл Н-г очоод мөргөчихсөн. Би Н-г мөргөе гэж бодоогүй. Би Н-гийн араас очоод тоормос гишгэсэн боловч тулчихсан учир мөргөчихсөн. Н газарт унаад Амгаа гээд суугаад байсан. Би урагшаа яваад нөгөө хоёр дээр очоод Н-г дайрчихлаа гэж хэлээд түргэн, цагдаа дуудах гээд гэртээ очиход ээж байхгүй байсан тул дуудаж чадаагүй. Зүүн тийш 200 метр газарт байх айлд очоод П гэх өвгөнийг дуудаад Н-г Э ахын гэрт хүргэж өгөхөөр дагуулаад иртэл цагдаа нар ирчихсэн байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 108 дахь тал),
14. Хохирогч Ц.Н-ээс 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хэрэгт ирүүлж, нэхэмжилсэн 240.061 төгрөгийн баримт (хавтас хэргийн 47-49 дэх тал), 12. Шүүгдэгч *******-с хохирогч Ц.Нийн эмчилгээнд 1.593.500 төгрөг төлсөн талаарх баримт (хавтаст хэргийн 65-72 дахь тал),
15. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтас хэргийн 96 дахь тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтас хэргийн 88 дахь тал), тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 91, 94 дэх тал), эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа (хавтаст хэргийн 90 дэх тал), гэрлэлт бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 92 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 97 дахь тал), Тээврийн хэрэгсэл жолоодох эрх олгогдоогүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 99 дэх тал), болон бусад бичгийн нотлох баримтыг шинжлэн судлав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, хууль зүйн дүгнэлт.
Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 13 цаг 30 минутын орчим Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо _ хорооны Ажийн цэнхэр говь хүнсний дэлгүүрийн баруун урд замд “Даюун” маркийн _ улсын дугаартай мотоцикл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 Жолоочид дараах зүйлсийг хориглоно: а/ Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, болон 3.5 Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, г/ тухай ослын талаар цагдаагийн байгууллага, ажилтанд яаралтай мэдэгдэх, болон 12.3 Жолооч хөдөлгөөн аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Ц.Н-ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, магадалгаа болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалт, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна” гэсэн дүгнэлтийг;
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Шинэцэцэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх саналтай оролцохоо илэрхийлж, дүгнэлтдээ “миний үйлчлүүлэгч нь гэм буруугаа сайн дураараа хүлээсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа барагдуулсан, хохирогчтой эвлэрсэн, мөн эрүүгийн хуульд заасан болгоомжгүй гэмт хэргийг үйлдсэн юм” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан ба, шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч *******-г Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт хорооллын нутаг дэвсгэр, “Ажийн цэнхэр говь” хүнсний дэлгүүрийн баруун урд замд “Даюун” маркийн _ улсын дугаартай мотоциклийг 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 13 цаг 30 минутын орчим согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн: 3.7-д Жолоочид дараах зүйлсийг хориглоно: а/ Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөн аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Ц.Н-ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан;
-мөн зам тээврийн осол хэрэг үйлдсэний дараа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.5 “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ:
а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх,
б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах,
г/ тухай ослын талаар цагдаагийн байгууллага, ажилтанд яаралтай мэдэгдэх гэсэн заалтыг зөрчиж, хэргийг газрыг зориуд орхиж зугтаасан үйл баримт нь:
-Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ирсэн дуудлага лавлагааны хуудас (хавтас хэргийн 11 дэх тал),
-2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дахь тал),
-2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 3-9 дэх тал),
-2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн явган зорчигчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 10 дахь тал),
-2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 10 дахь тал),
-Хохирогч Ц.Н-ийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дахь тал),
-Хохирогчоор 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр дахин өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дахь тал),
-Хохирогч Ц.Н-ийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл Гэмтэл согог судлалын үндэсний төв, (хавтаст хэргийн 19-27 дахь тал), 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл Улсын нэгдүгээр төв эмнэлэгт тус тус хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүхүүд (хавтаст хэргийн 29-46 дахь тал),
-Гэрч Н.Э-гийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 56 дахь тал),
-Гэрч Д.С-гийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 59 дэх тал),
-Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 10645 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 75-76 дахь тал),
-Авто тээврийн үндэсний төвийн Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 663 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 81-84 дэх тал),
- Мөрдөгчийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 312 дугаартай магадалгаа (хавтаст хэргийн 85 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит нөхцөл байдлыг хуульд заасан арга хэрэгслээр тогтоож, оролцогчдын эрхийг зөрчсөн, хязгаарласан зэрэг нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүх дээрх нотлох баримтуудын нотолгооны ач холбогдлыг дүгнэж, шинжээчийн дүгнэлтийн нотломжийн түвшин, агуулга зэрэгт харьцуулалт хийсний үндсэн дээр хохирогч, гэрч, яллагдагчийн мэдүүлгийг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Хууль зүйн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд гэм буруу нь санаатай, эсхүл болгоомжгүй хэлбэртэй байдаг.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно.” гэж хуульчилсан.
Мөн авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчих тухай хууль зүйн ойлголт нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж хүний эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөд хохирол учруулах шинжээр тодорхойлогдох бөгөөд гэм буруутай этгээдийн үйлдэл, хохирол хор уршгийн хооронд шалтгаант холбоог шаардах бөгөөд ба, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан” гэж үндсэн шинжийг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “энэ гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн, 2.2 дахь заалтад “тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй хүн” гэж хүндрүүлэх шинжийг тус тус тодорхойлжээ.
Прокуророос шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалт, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.
Хэргийн үйл баримтаас тогтоогдсон нөхцөл байдлаас хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч ******* нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-а, 12.3-д заасан заалтуудыг зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах, хохирол, хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас бусдад хохирол, хор уршиг учирсан буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ. Мөн тус үйлдлийн улмаас шүүгдэгч хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.
Түүнчлэн шүүгдэгч нь ”Даюун” маркийн _ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа 2.28 хувийн согтууралтай байсан болох нь жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн тэмдэглэлээр нотлогдсон.
“Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн” гэдэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх аваагүй, захиргааны шийтгэлийн журмаар болон шийтгэх тогтоолоор жолоодох эрхээ хасуулсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй боловч тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдийг хамааруулан ойлгоно.
Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох сургалтад хамрагдаж жолоодох эрх аваагүй, жолооч биш болох нь Тээврийн хэрэгсэл жолоодох эрх олгогдоогүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 99 дэх тал)-р тогтоогдсон ба шүүгдэгч нь жолооч биш учраас тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх зохих ёсны мэдлэг эзэмшээгүй гэж үзнэ. Түүний энэхүү байдал нь гэмт хэрэг үйлдэгдэх үндсэн шалтгаан болж, жолоодон явсан тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авч чадалгүй зам тээврийн осол хэрэг гаргасан байна.
Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг “Энэ хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан”шинжээр тодорхойлогддог.
Шүүгдэгч нь зам тээврийн осол хэрэг үйлдээд, хэргийн газраас зугтааж хохирогч түргэн тусламж дуудсанаар гэмт хэрэг илэрсэн үйл баримт тогтоогдсон.
Дээрхээс хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч нь хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлж, эмнэлгийн байгууллагад хүргээгүй, мөн цагдаагийн байгууллагад мэдэгдэх үүргээ биелүүлээгүй зугтаасан үйлдэл нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.5-ийн а, б, г заалтыг зөрчсөн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн шинжийг хангажээ.
Прокуророос шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалт, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн бичгийн баримт хавтаст хэрэгт авагджээ.
Хуульд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн, согтуурсан үедээ; мөн хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийн шинжийг тодорхой заасан байхад прокурор яллах дүгнэлтийн тэмдэглэх, тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн заалтуудыг бичсэн атлаа хэргийн шинжийг орхигдуулсныг шүүх хууль зүйн дүгнэлт хийж, хуульд нийцүүлэн зөвтгөсөн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй гэж үзсэнийг дурдах нь зүйтэй.
Иймд шүүгдэгч *******-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар, мөн Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуульд нийцэхээр байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,
-мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус заасан ба, энэ гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь гэмт хэргийн хохирол буюу шууд үр дагавар болох бөгөөд хохирогчийн эрүүл мэндийн хохирлын улмаас үүссэн гэм хорыг гэмт хэргийн хор уршигт тооцно.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд “хохирогчийн эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.
Хохирогч Ц.Н-ийн бие, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эмчилгээтэй холбоотой 240.061 төгрөгийн баримтыг хэрэгт ирүүлсэн байх боловч шүүгдэгч ******* дансаар 1.593.500 төгрөгийг, бэлнээр 2.000.000 төгрөг, нийт 3.593.500 төгрөгийг хохирогчид эмчилгээний зардалд өгсөн талаар, хохирогч хүлээн авсан талаар баримт (хавтас хэргийн 65-72, 115 дахь тал)-ыг болон хохирогч нь санал гомдолгүй, хохирлоо барагдуулсан талаарх хүсэлтийг бичгээр (хавтас хэргийн 115 дахь тал) ирүүлжээ. Иймд шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.
2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил 5 сарын хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял тус тус оногдуулж нэмж нэгтгэн нийт 1 жил 9 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналтай” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Шинэцэцэгээс “Миний үйлчлүүлэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугийн тухайд Эрүүгийн хуульд заасан болгоомжгүй төрлийн гэмт хэргийг үйлдсэн, хөнгөн ангиллын гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байна. Иймд хохирлоо төлсөн, гэм буруугаа хүлээсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ялыг доод хэмжээгээр тогтоож өгнө үү” гэсэн дүгнэлтийг гаргаж мэтгэлцсэн.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаардана.
Шүүгдэгч *******-г хувийн байдлыг судалсан баримтууд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар урьд ял шийтгэгдэж байгаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд тус тус харгалзсан болно.
Иймд шүүгдэгчийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн, согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар, мөн Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнд тус тус гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, нөгөө талаас шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал, хохирогчид хохирол нөхөн төлсөн, зэргийг харгалзан шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,
-мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах тус тус ял оногдуулж шийдвэрлэв.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялд мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 жил 3 сарын хугацаагаар тогтоож,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарласан ялын хугацаанд шүүгдэгч *******-г Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
3. Бусад асуудлын талаар: Хэрэгт мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт нь ирээгүй болохыг тогтоолд дурдав.
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******-г согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар,
-мөн “Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,
- мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 (гурав) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дах хэсгийн 2.3 дахь заалтад заасныг баримтлан шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялд мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 (нэг) жил 3 (гурав) сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарласан ялын хугацаанд шүүгдэгч *******-г Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
7. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДОРЖСҮРЭН