Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/122

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2022/0105/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат,

Улсын яллагчаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Золзаяа,

Шүүгдэгч Ц.О- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хэрэгт  Х- овогт Ц-гийн О-т  холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2218000000088 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1984 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр, Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, группт байдаг, ам бүл 1, Дархан-Уул аймгийн Хонгор сумын ... тоотод оршин суух, урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 153 дугаар зүйлийн 153.2-д зааснаар 5 жил, 10 хоног хорих ял,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 284 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2, 17.2 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан, 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 09 дугаартай шүүгчийн захирамжаар 6 сар, 02 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон, Х- овогт Ц-гийн О- /РД: /,

Холбогдсон хэргийн талаар:

                                                              

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Ц.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ц.О- нь согтуурсан үедээ, шунахайн сэдлээр 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 18 цагийн орчим Дархан-Уул аймгийн Хонгор сумын Салхит 3 дугаар баг, Шивээтийн 3-08 тоот, Т.И-ын хаалгыг эвдэн нэвтэрч Iphone 6 маркийн гар утас 1 ширхэг, Land rover маркийн гар утас 1 ширхэг, бэлэн 70.000 төгрөг,

 

2022 оны 02 дугар сарын 13-ны өдөр 17 цагийн орчим Дархан-Уул аймгийн Хонгор сумын 3 дугаар баг, Шивээтийн 3-06 тоот, Ч.З-гийн цонхоор нэвтэрч 3 шил архи, 20.000 төгрөг тус тус хулгайлсан болох нь:

 

Хохирогч Т.И-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өглөө 11 цагийн үед босоод гал түлэх гэсэн чинь манай гэрийн зуухнаас утаа гараад байсан болохоор зуухны яндангаа хөөлөөд, гэртээ гал түлээд өөрийн охин Хишигзаяагийн хамт цай чанаж уугаад хувцсаа өмсөөд 15 цагийн орчим байсан байхаа Хишигзаяагийн хамт хадан хошуу гэх газар руу мод түүхээр усны тэргээ түрээд явсан. Охин бид хоёр төмөр замын нүхэн гарцаар Хадан хошуу гэх газар очоод унасан мод бэлтгээд усны тэргэн дээрээ ачаад буцаад гэр рүүгээ явсан. ...Тэгээд гэртээ орох гэсэн чинь манай хаалганы цоожийг дарсан байсан хадаасыг салгасан байхаар нь манай охин Хишигзаяа гэр рүү ороод үзсэн чинь миний орны гудас доор байсан 2 ширхэг гар утас болон миний түрийвчинд байсан 70.000 төгрөг байхгүй байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-31-р хуудас/,     

  Ц.О-аас хулгайд алдагдсан гар утсыг хураан авч, хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 15, 19-20/,

 

Гэрч Д.С-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 27-ны орой 18 цаг 10 минутын орчим Ц.О- гэж хүн манай дэлгүүрт орж ирээд 1 шил архи 0.5 граммтай Хараа архи авсан. Отгонбат ганцаараа явж байсан. Манай дэлгүүрээс архи авахдаа 10.000 төгрөгийн дэвсгэртээр тооцоо хийсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37/,

            

Гэрч И.Х-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ ...тэгээд гэр рүүгээ орох гэсэн чинь манай гэрийн цоожны цүүний хадаас салсан байсан. Тэгэхээр нь хаалгаа нээгээд гэрт ороод харсан чинь миний орны бүтээлгийг сөхөөд үзсэн бололтой газар унасан байдалтай байсан. Тэгээд би гэрээс гараад аавд манай гэрт хулгай орсон байна гэж хэлээд аавыг дагуулаад гэрт орж ирэхэд аавын орон доор байсан гар утас, түрийвчийг үзсэн чинь гар утас нь байхгүй байсан, түрийвчинд байсан 70.000 төгрөг бас байхгүй байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41/,

     

“Капитал Зууч” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн эд зүйлийн үнэлгээ хийсэн “Iphone 6 маркийн гар утас 150.000 төгрөг, Land rover маркийн гар утас 25,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 46-47/,

 

Дархан-Уул аймгийн Хонгор сумын 3 дугаар Шивээтийн 3-6 тоотод 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 112-116/,

 

2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Ц.О-ын хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 119-121/,

 

Хохирогч Ч.З-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2022 оны 02 дугаар сарын 13-ны өглөө суудлын 272 дугаар галт тэргээр эхнэр Дунъяагийн хамт Улаанбаатар хот руу явсан юм. Тэгээд манай гэр эзэнгүй үлдсэн юм. Тэгээд Улаанбаатар хотод очоод байж байтал манай охины ангийн найз нь манай охин руу залгаад цонх чинь хагарчихсан байна гэж хэлсэн байсан. Тэгээд би гэртээ ирэхэд 0.5, 0.75 литрийн савлагаатай хоёр шил Соёрхол нэртэй архи, 0.5 литрийн савлагаатай Чингис нэртэй архи, бурхан тахилын урд талд наалттай байсан 20.000 төгрөг зэргийг авсан байсан. Бас манай гэрийн цонхыг хагалсан байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 125-127/,

 

Гэрч Э.Б-хын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Намайг гэртээ байж байхад манай өвөө З- утсаар залгаад байшингийн цонх хагарсан юм шиг байна. Сая нэг жаахан хүүхэд утсаар хэлж мэдэгдлээ, чи очоод үзээдэх гэж хэлэхээр нь би Шивээтийн 03-06 тоот хаяг өвөөгийн хашаа байшинд очиж үзэхэд байшингийн гал тогооны цонх хагарсан байсан. Тэгээд би түлхүүрээр хаалгыг нь онгойлгож дотор хэсгийн эд хогшлыг шалгаж үзэхэд бурхны хэсэгт хананд наасан байсан 20.000 төгрөгийг аваад явсан байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 129/,

 

Гэрч Ж.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би хувиараа Хонгор сум 03 дугаар багийн нутаг дэвсгэрт Бүрд нэртэй хүнсний дэлгүүр ажиллуулдаг 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр намайг дэлгүүртээ байхад Ц.О- гэх хүн 17 цагийн орчимд дэлгүүрт орж ирээд 2 хайрцаг тамхи, асаагуур, гар нүүрийн саван, маск зэрэг эд зүйлийг худалдан авч тооцоо хийхдээ бэлнээр 20.000 төгрөгний мөнгөн дэвсгэрт өгсөн ба уг мөнгөн дэвсгэрт нь ямар нэгэн эд зүйл наалттай байсан мэт цавуугаар бохирлогдож цоорч хуучирсан байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 133/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 15 дугаартай “...хэргийн газраас бэхжүүлэн авсан гэх 1 ширхэг гутлын мөр нь шинжилгээнд тэнцэнэ. Хэргийн газрын үзлэгээр бэхжүүлж авсан 1 ширхэг гутлын мөр нь Ц.О-ын хураан авсан хар өнгийн 1 хос гутлын баруун өмсгөлтэй ерөнхий болон хувийн онцлох шинж тэмдгээрээ мөн байх боломжтой.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 149-150/,

 

“Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 922-3195 дугаартай эд зүйлийн үнэлгээгээр алдагдсан эд зүйлийг нийт 157.250 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 159-161/,

 

Дархан-Уул аймгийн Хонгор сумын Салхит 3 дугаар баг Шивээт 3-08 тоотод 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 02-10/,

 

Дархан-Уул аймгийн Хонгор сумын Салхит 3 дугаар баг Шивээт 3-08 тоотод 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 16-18-р хуудас/,

 

Хүний бие үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 11-13-р хуудас/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Иймд шүүгдэгч Ц.О-ыг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байна.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч Т.Иваннов болон Ч.З- нарт учруулсан хохирлоос хураалгаж хүлээлгэж өгсөн гар утас, хагарсан цонхны хохирлоос бусад хохирлыг бодитоор нөхөн төлсөн зүйлгүй боловч хохирогч нарт шүүх хурадааны тов мэдэгдэхэд шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Ц.О-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Шүүгдэгч хувийн байдлын хувьд өмнө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял шийтгүүлж хугацаанаас өмнө суллагдаж байсан боловч хяналтын хугацаа дууссаны дараа гэмт хэрэг үйлдсэн байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт ”хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, мөрдөн шалгах ажиллагааны үеэс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж болох”-оор заасан ба  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн бол уг зүйл хэсэгт заасныг журамлан хамгийн багадаа 1 жил, хамгийн ихдээ 4 жилийн хугацаагаар ял оногдуулж болно.

 

Шүүгдэгч Ц.О- үйлдсэн хэргээ шударгаар хүлээн мэдүүлж байгаа, хохирогч нар гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Ийнхүү хорих ялыг хөнгөрүүлэхдээ ба шүүгдэгчийн хувьд 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 09 дугаартай шүүгчийн захирамжаар 6 сар, 02 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллагдаж байсан боловч үүндээ дүгнэлт хийгээгүй, 2022 оны 1-р сарын 27-ны өдөр дахин гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан хамгийн доод хэмжээгээр хорих ялыг хөнгөрүүлэх үндэслэлгүй гэж үзсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн энэ хэрэгт цагдан хоригдсон 28 хоногийг хорих ялын 28 хоногоор тооцон эдлэх ялаас нь хасах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн төмөр турба,  хар өнгийн хагас түрийтэй гутал 2 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц усгтаж, шүүгдэгч Ц.О-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1.  Х- овогт Ц-гийн О-ыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар Ц.О-т 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.О-т оногдуулсан 2 /хоёр/ жил хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О-ын энэ хэрэгт цагдан хоригдсон 28 хоногийг хорих ялын 28 хоногоор тооцон эдлэх ялаас хассугай.

 

5. Энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн төмөр турба, хар өнгийн хагас түрийтэй гутал 2 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц усгтасугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.О-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Г.ГЭРЭЛТ-ОД