Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/124

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2022/0110/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат,

Улсын яллагчаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Доржханд,

Шүүгдэгч Г.Б- нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Е- овогт Г-ийн Б-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2218000000135 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1965 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 57 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа барилгын ажил хийдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ... тоотод оршин суух хаягтай, урьд 5 удаагийн ял шийтгэлтэй, Е- овогт Г-ийн Б- /РД: /,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Г.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Б- нь 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 21 цаг 30 минутын орчимд Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “МВМ” нэртэй зочид буудалд иргэний дуудлагаар очсон тус аймаг дахь Цагдаагийн газрын харуулын цагдаа, дэд ахлагч Ц.Б-, олон нийтийн цагдаа Б.Э- нарын хууль ёсны шаардлагыг  үл биелүүлэн Ц.Б-ын хувцаснаас зуурч, татаж чангаан эсэргүүцэл үзүүлэн гэрэл ойлгогчтой ногоон өнгийн хантааз, цагдаагийн өвлийн хүрэмний ханцуйн дээрх эмблемийг урсан, Ц.Б-ын зүүн шанааны тус газар нь гараараа цохиж түүний биед “зүүн чихний хэнгэргэн хальсны гэмтлийн гаралтай цоорол” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн “Ц.Б-ын 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхдаа өмсөж явсан гэх хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд “ /хавтаст хэргийн 3-4/,

 

Хохирогч Ц.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 21 цаг 30 минутын орчимд Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт олон нийтийн цагдаа Э-ын хамт үүрэг гүйцэтгэж байхад “МВМ” зочид буудалд хүмүүс маргалдаад байна гэсэн дуудлагын дагуу очсон. Дуудлагад очиход “МВМ” зочид буудлын 6 давхрын 602 тоотод 4 хүн байснаас 1 нь орон дээрээ унтаад 3 нь ширээн дээр архи уугаад сууж байсан... Тэгээд сахалтай намхан өөрийгөө Борхүү гэж дуудаад байсан залуу миний өөдөөс дайраад миний биед халдаад байсан. Тэгээд тэр залуучуудыг авч нэг давхарт буугаад ресейпшины хажууд очоод гарах гэтэл өндөр шар царайтай залуу нь би гарахгүй, дуудлага өгсөн хүнийг хамт авч явна гэхээр нь нэлээн шаардлага тавихад эсэргүүцээд байхаар нь би гарыг нь ар талд нь өчөөд аваад гарах гэж байтал намхан сахалтай залуу нь миний хувцас хантаазны араас татаад чангаахаар нь би үүдээр гараад өндөр залуугийн гарыг суллаад тавихдаа араас хувцас чангаагаад байсан залуугийн гарыг тавиулах гээд хувцсаа татахад миний зүүн талын шанаа хэсэг рүү гараараа цохисон... Нүүр рүүгээ цохиулснаас болж миний зүүн чихний хэнгэрэг цуурсан байсан. Харин цээж рүүгээ түлхүүлснээс болж надад ямар нэгэн гэмтэл учраагүй байна. Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцлаа, хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн  7-10/,

 

Гэрч Б.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “... Би 2022 ооны 02 дугаар сарын 16-ны өдөр 21 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт дэд ахлагч Ц.Б-ын хамт явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад “МВМ” зочид буудалд маргаан болоод байна гэх дуудлага ирсний дагуу очиж шалгахад 602 тоотод 4 залуу согтуу архи уучихсан хоол идээд сууж байсан... Тэр залуучуудад шаардлага тавиад авч гарах гэтэл эсэргүүцэж явахгүй, гомдол гаргасан хүмүүстэй хамт явна гээд байхаар нь Б- ах гарыг нь ар талд нь барьж аваад гарах гэтэл нэг залуу хойноос нь хувцаснаас нь зуурч аваад тавихгүй байсан. Б- ах хаалгаар гараад боль гэж хэлээд эргэж хараад хувцсаа чангаахад тэр залуу гараа татахдаа шанаа руу нь цохичихсон юм. Тэгээд бид хоёр эргүүлийн машинд хүлээлгэж өгөөд явуулсан” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12/,

 

Гэрч Б.М-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Тухайн өдөр манай зочид буудлын 602 тоот өрөөнд байрласан нэг хүн дээр найз нь гээд гурван эрэгтэй хүн ирсэн... Тэгээд 21 цагийн үед уг өрөөнд орсон гурван хүний нэг өндөр ах доошоо ресейпшний ширээн дээр хүрч ирээд менюны үнэ мэдэхгүй байна гээд хамгаалагчтай маргалдаж байгаад буцаад дээшээ гарсан, тэгж байсан чинь араас нь нэг намхан сахалтай ах бууж ирээд манай зочид буудлын ресторанд хүлээн авалтан дээр байсан хүмүүс рүү орилж хашгирч агсан тавиад байсан. Мөн тэр үед зочид буудлын 603 тоот өрөөнд байрлаж байсан хэдэн залуучууд доор үүдний заалны буйдан дээр сууж байсан чинь тэр хүмүүс рүү нөгөө махлаг ах үзэх үү, ахын дүү, зодолдох уу гээд дайраад байсан. Тэгэхээр нь хамгаалагч бид хоёр нийлж байгаад тэр сахалтай ахыг өрөөнд нь оруулах гээд 6 давхарт гарсан. Тэгтэл 6 давхарт гараад миний гараас татаад хоёулаа цуг өрөөнд орьё, би энэ хүүхнийг шаая гэх зэргээр хэлээд байхаар нь би тэр хүнийг өрөө рүү нь түлхэж оруулаад доошоо бууж ирээд камераар харсан чинь нөгөө сахалтай ах өрөөнөөсөө гараад ирчихсэн коридорт өнхөрч унаад өөр өрөөнүүдийн хаалга нүдээд өөр нэг өрөөний залуучуудтай маргалдаад байх шиг байсан. Тэгэхээр нь би зодоон цохион болж магадгүй юм байна гэж бодоод цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм, ...манай зочид буудлын гадаа цагдаагийн машин ирчихсэн нөгөө цагдаа нь тэр хүнийг энэ машинд ороод суучих гэсэн чинь үгүй явахгүй, энэ дуудлага өгсөн хүнийг хамт авч яв гэх зэргээр цагдаатай муудалцаад гарахгүй байхаар нь цагдаа эхлээд тэр өндөр ахыг нь өчөөд аваад гарсан, тэгтэл араас нь нөгөө махлаг сахалтай ах нь цагдаагийн хувцаснаас татаад, тэгээд бөөндөө ноцолдоод л гараад явсан” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14/,

 

Гэрч Б.-хын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би тухайн үед архи уусан согтсон байсан учраас болсон асуудлыг нэг бүрчлэн санахгүй байна... Б- зочид буудлын ресейпшн хүүхэнтэй асуудал үүсгэсэн бололтой юм надад хэлсэн... Б-ын ярианаас би ойлгохдоо дуудлагаар ирсэн цагдаагийн тавьсан шаардлагыг Б- бид хоёр эсэргүүцээд зочид буудлаас гарахгүй, явахгүй гээд л асуудал үүсгэсэн бололтой юм. Ийм учраас яах аргагүй Б- бид хоёрын буруу. Миний хувьд өчигдөр цагдаагийн байгууллагын ажилтны шаардлага эсэргүүцсэн биед нь хүч хэрэглэсэн асуудал байхгүй. Харин Б-ыг цагдаа нар зочид буудлаас гаргах, авч явах гэхэд Б- цагдаатай үүдэнд маргаад хувцас хунараас нь татаж чангааж зуураад байсан. Миний хувьд анх зочид буудлын өрөөнд гар утсаараа бичлэг хийж орж ирсэн цагдааг бичлэгээ боль гэж цагдаатай маргаад цагдаагийн алба хаагч руу гарын салаавч гаргасан л асуудал байгаа... дээрх үйлдэлдээ хариуцлага хүлээхэд бэлэн” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 15-17/,

 

Г.Б-ын өгсөн “... Архинаас буудлын өрөөнд дөрвүүлээ яг ижил хэмжээгээр хувааж уугаад миний хувьд нэлээд согтсон. Тэгээд Бат-Ундрах, Мөнхтөр 2 хоол захиалаад Ганболд амарлаа гээд согтоод унтаад өгсөн. Ингээд би гэр лүүгээ харихаар түрүүлээд гарч явах гэхэд буудлын ажилтан 602 тоот өрөөнд хоол оруулж ирээд мөнгийг нь 40,000 төгрөг гэсэн. Тэгээд би буудлаас гарахын өмнө үүдний ресейпшн дээр танайх 2 таваг салат ямар үнэтэй юм гээд согтуудаа буудлын ажилтан руу хэлчихсэн... Тэгээд би түүнтэй согтуу учраас шаардлагыг нь хүлээж авахгүйгээр маргаад тухайн ажилтан нь цагдаа руу дуудлага өгсөн... Цагдаагийн биед санаатай халдсан асуудал гараагүй. Бат-Ундрах нь дуудлагаар ирсэн цагдаагийн албан хаагчийг бичлэг хийнгээ шаардлага тавьж байхад бичлэгийг нь болиулахаар гар утас барьсан гарыг нь түлхсэн. Тэгээд үүнээс болж цагдаагийн алба хаагч Бат-Ундрах хоёрын хооронд маргаан үүссэн ба тэр хоёрыг болиулах гээд би дундуур нь орж цагдаагийн байгууллагын ажилтны биед санамсаргүй байдлаар хүрсэн юмаа... Тэгж байгаад Бат-Ундрах бид хоёр эргүүлийн цагдаа нартай хамт уг зочид буудлын үүдний өрөөнд очсон ба Бат-Ундрахыг цагдаа нар авч явна гээд байсан... Тэгэхээр нь би хойноос нь очоод тэр цагдаагийн өмсөж явсан хантааз бас гараас нь барьж татаад зууралдаад явсан чинь намайг тавиулах гээд дугтрах шиг болсон, тэр үед миний гар савагдаад тэр цагдаагийн шанаа хавьцаа цохигдчихсон юм. Түүнээс биш би тэр цагдааг цохьё гээд гар далайж цохисон зүйл бол байхгүй... Би тэр МВМ зочид буудлын менежер болон надад цохиулж чих нь гэмтсэн цагдаа нараас уучлалт гуйсан. Надаас болж учирсан гэмтэл, хохирлыг нь төлж барагдуулахад бэлэн байгаа” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 18-22/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 244 дугаартай “... Ц.Б-ын биед зүүн чихний хэнгэргэн хальсны гэмтлийн гаралтай цоорол тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Ц.Б-ын биед үүссэн гэмтэл нь 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр үүссэн байх боломжтой. 4. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 30-31/,

 

“Капитал зууч” ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн “... Police гэсэн бичиглэл бүхий гэрэл ойлгогчтой ногоон өнгийн хантааз /урагдсан/ 1 ширхэг, цагдаагийн өвлийн хүрмийн ханцуйн дээрх цагдаагийн эмблем /ханзарсан/ 1 ширхэг... 35 000 төгрөг байна” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 37-38/,

 

Яллагдагч Г.Б-ын “...өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... Би тэр цагдаагаас уучлалт гуйгаад эмчилгээний төлбөрийг бүрэн төлсөн, бас түүний хантаазыг шинээр авч өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 57-58/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл хангагдсан байна.

 

Шүүгдэгч Г.Б- нь согтуурсан үедээ зүй бус авирлаж, дуудлагын дагуу очсон цагдаагийн албан хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг үл биелүүлж, биед нь халдаж, зүүн чихний хэнгэргэн хальсны гэмтлийн гаралтай цоорол үүсгэн цохиж хөнгөн гэмт учруулсан үйлдэл нь хууль сахиулагчийг эсэргүүцэх, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргүүдийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Иймд шүүгдэгч Г.Б-ыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, прокурорын саналын хүрээнд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2700,000 төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялуудыг нэмж нэгтэн,  нийт ялын хэмжээг 3,150 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,150,000 төгрөгөөр торгох ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялыг түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч Ц.Б-д шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Е- овогт Г-ийн Б-ыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Г.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын хэмжээг 3,150 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,150,000 төгрөгөөр торгох ялаар  тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-т оногдуулсан 3,150,000 /гурван сая нэг зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

 

5. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.ГЭРЭЛТ-ОД