Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/129

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2022/0103/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж, Ерөнхий шүүгч Я.Туул, шүүгч З.Төмөрхүү нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,

Улсын яллагчаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Доржханд,

Иргэдийн төлөөлөгч Г.Эрдэнэсүх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа,

Шүүгдэгч Н.Э- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б- овогт Н-ын Э-т холбогдох эрүүгийн 2218000000109 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1990 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд төрсөн, эрэгтэй, 32 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 13, эхнэр болон эхнэрийн хүүхдүүдийн хамт, Дархан-Уул аймгийн Дархан сумын ... тоотод оршин суух хаягтай, урьд

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан,

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, Б- овогтой Н-ын Э- /РД: /,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Э-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Н.Э- нь 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 19 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг, Хүнсчдийн 4-51 тоот, хашаандаа Б.Д-тай маргалдаж улмаар шууд санаатай үйлдлээр, түүний цээжний зүүн урд хэсэг, хүзүү хоолойны зүүн ар хэсэгт тус тус хутгалж, эрүүл мэндэд нь цээжний хөндий нэвтэрсэн, учрах үедээ амь насанд аюултай хүнд хохирол санаатай учруулсан болох нь:

 

Хохирогч Б.Д-ын мөрдөн шалгах ажиллаганы явцад өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 13-ны оройн 20 цагийн орчимд хадам аав Э-тай 0.75 литрийн савлагаатай Хараа архи хувааж уугаад Хүнсний ар луу хадам аавыг хүргэж өгөхөөр явсан. Тэгээд гэр лүүгээ хадам аав ороод ардаас нь орсон чинь урдаас хутга барьж гүйж гарч ирээд зүүн гарын суган доор, зүүн талын шилэн хүзүүн дээр хутгаар хатгасан юм. Бид хоёр маргалдсан асуудал байхгүй гэрт нь хүргэж өгч байхад ийм асуудал болсон. Манай хадам аав өөрийнхөө гэрээс ороод хутга гаргаж ирсэн юм. ... тухайн үед хадам ээж, Туяа гээд дүү нар байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11/,

 

Гэрч Б.О-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 13-ны орой гэртээ унтаж байтал 19 цагийн орчимд Э-, Д- хоёр гаднаас согтуу орж ирсэн. Тэгээд би харахад Д-ын хүзүү хавирга хоёроос нь цус гарчихсан хутгалуулчихсан гэж орж ирсэн. Тэгээд би түргэн тусламж дуудах гэсэн чинь Д- өөрөө үгүй, хэрэггүй гээд орилоод байсан, ...Д-, Э- хоёр өчигдөр өдөржин хамт архи уусан байсан. Тэгээд гэрт орж ирэхээсээ өмнө хашаанд байхдаа Э- нь түүнийг хутгалсан байх, ямар ч байсан гаднаас цус нөж болчихсон орж ирээд гарсан. Д- Э-т хандан яаж байгаа юм бэ? гэж хэлж байсан... Би Э-аас яагаад ингэсэн талаар нь асуухад Д-ын гэрт хамт архи ууж байхад танай охиныг зодоод байхаар нь өмөөрөөд маргалдсан юм гэж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-14/,

 

Гэрч Ш.-нийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тэр өдөр би нөхөртэйгөө унтаж байтал хүмүүс орилолдоод байхаар нь хартал Д- ах Э- хоёр гаднаас согтуу ороод ирчихсэн байсан. Тухайн үед цаг 19 өнгөрч байсан юм. Тэгээд харсан чинь Д-ын хүзүүнээс цус гарчихсан, хадам ээж Оюунцэцэг цусыг нь дараад байж байсан... Би бодохдоо гадаа байхдаа хоорондоо маргалдаад нэг нэгнийгээ хутгалчихлаа гэж бодсон. Тэгж байгаад Д- гэр лүүгээ явлаа гээд хүүхдүүддээ хоол унд хийлгээд саванд хийгээд аваад явсан. ... гэрт орж ирээд тэр хоёр хоорондоо хэрэлдээд байсан, тэгэхэд нь би сэрсэн. Д- нь Э-ыг чи намайг амжихгүй шүү, би чамайг хүндэлнэ гэж байхгүй, чамайг банди гэж дуудна гэх зэргээр хэрэлдээд байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16/,

 

Гэрч П.М-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...  2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 20 цагийн үед эхнэр бид хоёр хадам ээжийн гэр болох Дархан сумын 5 дугаар баг, Хүнсчдийн 4-51 тоотод очсон. Биднийг очих үед хадам ээжийн хамтран амьдрагч Э- болон хадам дүүгийн нөхөр буюу миний баз Д- хоёр согтуу, хадам Оюунцэцэг, хадам дүү Төртогтох, түүний эхнэр Болороо нар байсан. Тухайн үед Д-ын хүзүү, зүүн гарын доод хэсэгт хутгалуулчихсан, тэрнээс нь цус гараад хадам ээж цэвэрлээд сууж байсан. Тэгэхээр нь би юу болсон талаар нь асуухад хадам ээж Э-, Д- хоёр гаднаас орж ирэхдээ хутга шөвөг болчихсон, ийм юм болоод ороод ирлээ гэж хэлж байсан. Тэгээд ээж эмнэлэг дуудаж үзүүлэх үү гэсэн чинь Д- эмнэлэг дуудахгүй шүү, зүгээр эдгэчихнэ гээд орилоод байсан, тэгж байгаад цус нь тогтоод Д- хоол аваад гэр лүүгээ явах гэхээр нь би хүргэж өгсөн... Тэгээд маргааш хадам ээжийн хамтран амьдрагч Э- бид хоёр Д-ынд очиход гэртээ ёолчихсон хэвтэж байхаар нь түргэн дуудсан. Би түүнийг аваад цуг түргэний машинтай эмнэлэг орсон, Э- гэрт нь үлдсэн. ...би өчигдөр ажлаа тараад бага зэрэг уучихсан жоохон согтолттой байсан, тэгээд эхнэрийг аваад хадам ээжийн гэрт очсон юм. Намайг гэрт нь орсны дараа хадам ээж эмнэлэг дуудах уу гээд асуухад Д- өөрөө хэрэггүй гээд байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 229 дугаартай “...Хэсэг газрын шинж: Цээжний зүүн өмнө хэсэгт гуурс тавигдсан, боолттой, ...Цээжний рентгенд: 2022.02.14. Зүүн уушгины агааржилт буурсан. Зүүн 6-р хавирганаас доошоо шингэнтэй, ...Б.Д-ын биед цээжний урд хэсгийн болон хүзүү хоолойны зүүн ар хэсгийн шарх тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй багажийн 2 удаагийн хүчин зүйлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр бусдад хутгалуулснаас үүсгэгдэх боломжтой. Б.Д-ын биед илэрсэн цээжний урд хэсгийн шарх нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно. Б.Д-ын биед тогтоогдсон хүзүү хоолойны зүүн ар хэсгийн шарх нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.  Дээрх шархнууд нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 23-24/,

 

2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 8 см урттай, бариул хэсэг нь 10 см урттай, нийт 18 см урттай, хар өнгийн бариултай хутгыг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 8/,

 

Яллагдагч Н.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүргэн Д-тай хамтдаа Өргөө нэртэй 0,75 литрийн савлагаатай архи 2 шилийг ууж байгаад 19 цаг өнгөрч байхад манай гэр лүү буюу Дархан сумын 5 дугаар баг, Хүнсчидийн 4-51 тоот руу явсан. Тэр үед хоорондоо маргалдсан юм. Тэгээд би маргалдаж байхдаа гэр рүүгээ гүйж ороод гал тогооны шургуулгаас ногоо арилгадаг хар иштэй хутга аваад буцаж гараад Д-тай маргалдаж байгаад хүзүү рүү нэг удаа, нуруу руу нь нэг удаа хутгаараа хатгачихсан...  Одоогоор Д-ын эрүүл мэндийн даатгалыг нь төлсөн тэр нь 170,400 төгрөг болсон, эмчилгээнд нь зориулж 287,000 төгрөгийг өгсөн,  нийт  457400 төгрөг төлсөн байгаа” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38/,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна, зүйлчлэл, гэм буруугийн тал дээр маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,

 

2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 2-3/,

 

2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 4-5/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан бичгийн болон бусад нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх бүрэлдэхүүн үнэлэв.

 

Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11 дэх хэсэгт: дотор эрхтэнг гэмтээсэн эсэхийг харгалзахгүйгээр цээж болон хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, түүнчлэн уг шархны улмаас үнхэлцгийн хөндий, голт, цээж, хэвлийн хөндийд цус, хий, агаар хуралдах шинж илэрсэн бол хүнд зэргийн гэмтэлд хамаарна гэж заасан.

 

Шүүгдэгч Н.Э- нь Б.Д-тай архидан согтуурч улмаар маргалдаж хүзүүн тус газар нь нэг удаа, цээжин тус газар нь нэг удаа хутгалсан байх бөгөөд цээжин тус газар нь хутгалсан шарх нь цээжний хөндий нэвтэрсэн болох нь шинжээч эмчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн тайлбарт: "зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл" гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. "Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл" гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно гэж заасан бөгөөд хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг мөн зүйлийн 2.4 дэх хэсэгт “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн” гэж хуульчилжээ.

 

Хутга нь зэвсэгт хамаарах бөгөөд прокуророос Н.Э-ын үйлдлийг зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

 

Гэмт хэрэг үйлдэж буй этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцдог Н.Э- нь шууд санаатай үйлдлээр хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан байна.

 

Иймд шүүгдэгч Н.Э-ыг зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч шүүгдэгч Н.Э-ыг гэмт хэрэгт гэм буруутай гэж дүгнэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Хохирол нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч Б.Д- нь мөрдөн шалгах ажиллагааны явцад  “Н.Э- эмчилгээний ор хоногийн мөнгө 450,000 төгрөг төлүүлсэн надад их тусалсан, нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” /хавтаст хэргийн 63/ гэх хүсэлт гаргасан байх бөгөөд түүнд шүүх хуралдааны тов мэдэгдэх гэсэн боловч хаяган дээрээ байхгүй, утас нь холбогдохгүй байсан болох нь шүүгчийн туслахын тэмдэглэлээр тогтоогдож байх ба хэргийн оролцогчид шүүх хуралдааны ирцтэй холбогдуулан тусгайлан хүсэлт гаргаагүй тул шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан болно.

 

Шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Хохирогч Б.Д- нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбогдон цаашид гарах зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн жич иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

  

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Н.Э-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба  гэрч П.Мөнхбаярын “...Э- бид хоёр Д-ынд очиход гэртээ ёолчихсон хэвтэж байхаар нь түргэн дуудсан” гэх /хавтаст хэргийн 19-20/ мэдүүлгээр гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн байдал тогтоогдож байна.

 

 Иймд шүүгдэгч Н.Э-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эмнэлгийн болон бусад туслалцаа үзүүлсэн, учирсан хохирлыг төлсөн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдал, хувийн байдал зэргийг харгалзан оногдуулах хорих ялыг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар 3 жил, 4 сар, 10 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн болон хураасан хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ажлын хэсэг нь 8 см урттай, бариул хэсэг нь 10 см урттай, нийт 18 см урттай, хар өнгийн бариултай хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга авах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Б- овогт Н-ын Э-ыг зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Н.Э-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ жил, 4 /дөрөв/ сар, 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Э-т оногдуулсан 3 жил, 4 сар, 10 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

  1. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураасан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Д- нь эрүүл мэндэд учирсан гэм хортой холбогдон гарсан зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ажлын хэсэг нь 8 см урттай, бариул хэсэг нь 10 см урттай, нийт 18 см урттай, хар өнгийн бариултай хутга 1 ширхгийг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.ГЭРЭЛТ-ОД

 

                           ЕРӨНХИЙ   ШҮҮГЧ                                Я.ТУУЛ

 

                                                      ШҮҮГЧ                                З.ТӨМӨРХҮҮ