| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2016/00586/и |
| Дугаар | 575 |
| Огноо | 2017-08-28 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 575
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар баг, 11-12 тоотод оршин суух, 1962 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЙ62121205, Зуутраг овогт Мядагийн Хорлоогийн,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Хорлоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ё.Мөнхгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Хорлоо шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1962 онд төрсөн, 55 настай. Би 1981 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдлийн Сүү тосны заводод тасгийн ажилтнаар ажилд орж 1982 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байгаад 1982 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс Увс аймгийн Өмнөговь сумын 10 жилийн дунд сургуульд тогоочоор 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажилласан. Миний Цог нэгдэлд ажиллаж байх үеийн ажилласан байдал хөдөлмөрийн дэвтэрт бичигдээгүй, ажлаас гарсан тушаал олдохгүй байгаа юм. Өмнөговь сумын 10 жилийн сургуульд ажиллаж байх үеийн ажилд орсон, ажлаас гарсан тушаал олдохгүй байгаа тул шүүхэд хандаж ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Иймд миний 1981 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс 1982 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдлийн Сүү тосны заводод ажилтнаар, 1982 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Увс аймгийн Өмнөговь сумын 10 жилийн дунд сургуульд тогоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Надтай хамт ажиллаж байсан Б.Туяа, Р.Пүрвээ нарыг гэрчээр асууж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Хорлоо нь 1981 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдлийн Сүү тосны заводод ажилтнаар, Өмнөговь сумын 10 жилийн дунд сургуульд тогоочоор тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.
Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 343 дугаар архивын лавлагаанд: Увс аймгийн Өмнөговь сумын сургуулийн цалингийн баримт шилжиж ирээгүй тул Мядаг овогтой Хорлоотой холбогдох баримтыг шүүн үзэх боломжгүй байна гэжээ.
Түүнчлэн Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 353 дугаар архивын лавлагаанд: Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдлийн Сүү тосны заводын 1981-1982 оны цалингийн баримт манай архивт шилжиж ирээгүй тул Мядаг овогтой Хорлоогийн цалинг шүүн үзэх боломжгүй байна гэжээ.
Увс аймгийн Өмнөговь сумын 10 жилийн сургуулийн захиргаанаас М.Хорлоод 1985 оны 2 дугаар сарын 15-ны өдөр олгосон 041691 дүгээр хөдөлмөрийн дэвтэрт: 1982 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Увс аймгийн Өмнөговь сумын 10 жилийн дунд сургуульд тогоочоор ажиллуулав, 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр хөдөлмөрийн дэвтрийн бичилтийг дуусгавар болгон 270417 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр олгов гэжээ.
Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдлийн даргын 1981 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн 23 дугаар Ажилд томилох тухай тушаалд: ...Сүү тосны заводад ажиллах хүмүүсийг хавсралт ёсоор баталж ажиллуулсугай. Хавсралтын 4-т Мядагийн Хорлоо-тасгийн ажилчин, 5 дугаар сарын 09-ний өдрөөс гэжээ.
Мөн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Б.Туяа, Р.Пүрвээ нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Б.Туяа Миний бие нь 1983-1986 оны хооронд Өмнөговь сумын 10 жилийн дунд сургуульд газар зүйн багшаар ажиллаж байсан. Намайг тус сургуульд анх ажилд орох үед М.Хорлоо нь Өмнөговь сумын 10 жилийн дунд сургуульд тогоочоор ажиллаж байсан болно. Миний бие нь 1986 онд хүнтэй сууж өөр газарт шилжин ажиллах болоход М.Хорлоо нь сургуульдаа тогоочоор ажиллаад үлдсэн. Тухайн үед Өмнөговь сумын 10 жилийн дунд сургуулийн захирал Г.Лхагваа, эрхлэгчээр Ж.Охиндоо гэх хүмүүс ажиллаж байсан гэж, гэрч Р.Пүрвээ Миний бие нь 1974-1977 оны хооронд Тэс сумын Тэжээлийн аж ахуй болон Өмнөговь сумын Цог нэгдэлд тракторчнаар ажиллаж байсан. Намайг тус нэгдэлд ажиллаж байхад М.Хорлоо нь Өмнөговь сумын 10 жилийн дунд сургуульд ажиллаж байсан болно гэж тус тус мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд хэрэгт авагджээ.
Хэдийгээр М.Хорлоогийн 1981-1995 онуудын цалингийн баримт Увс аймгийн Архивын тасагт хадгалагдаагүй хэдий ч нэхэмжлэгч нь 1981 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдлийн Сүү тосны заводод ажилтнаар, Өмнөговь сумын 10 жилийн дунд сургуульд тогоочоор тус тус ажиллаж байсан болох нь М.Хорлоогийн 041691 дүгээр хөдөлмөрийн дэвтэр, Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдлийн даргын 1981 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн 23 дугаар Ажилд томилох тухай тушаал, гэрч Б.Туяа, Р.Пүрвээ нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч М.Хорлоогийн хүсэлтийг хангаж, түүний 1981 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс 1982 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдлийн Сүү тосны заводод ажилтнаар 10 сар 21 хоног, 1982 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Увс аймгийн Өмнөговь сумын 10 жилийн дунд сургуульд тогоочоор 12 жил 9 сар, нийт 13 жил 7 сар 21 хоног ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Зуутраг овогт Мядагийн Хорлоогийн 1981 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс 1982 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдлийн Сүү тосны заводод ажилтнаар 10 /арав/ сар 21 /хорин нэг/ хоног, 1982 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Увс аймгийн Өмнөговь сумын 10 жилийн дунд сургуульд тогоочоор 12 /арван хоёр/ жил 9 /ес/ сар, нийт 13 /арван гурав/ жил 7 /долоо/ сар 21 /хорин нэг/ хоног ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч М.Хорлоогийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ