Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/132

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2022/0114/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,

Шүүгдэгч С.Д- нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Л- овогт С-ын Д-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2218000000125 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1975 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ...тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Л- овогт С-ын Д- /РД: /,

 Дархан-Уул аймгийн Прокурорын газраас С.Д- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С.Д- нь 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 16 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар баг, Октябрийн 4-9 тоотод иргэн Ц.О-ыг танихгүй айлд унтлаа гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь нэг шүдний үгүй байдал, дээд уруулын салстад язарсан шарх, зулгаралт, баруун хөлийн шилбэ, гуя, зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Хохирогч Ц.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 16-17 цагийн хооронд Дархан сумын 2 дугаар баг, Октябрийн 4-9 тоотод өөрийн найз М-гийн гэрт байж байсан юм. Тухайн үед М- хүүхдээ аваад ирье гээд яваад өгсөн байсан юм. Тэгээд би архи уучихсан халамцуу ширээ дэрлээд унтаж байсан чинь гаднаас танихгүй залуу орж ирээд танихгүй айлд юу хийж байгаа юм гээд шууд нүүр рүү гуталтай хөлөөрөө өшиглөсөн юм. Тэгээд гараад яваад өгсөн. Тухайн үед бид хоёроос өөр хүн байгаагүй. Тэгээд тухайн айлаас гараад өөрийн охин Мягмарсүрэн рүү залгаад аавыг нь хүн зодчихлоо гэж хэлсэн юм. Зодуулснаас болж миний 1 шүд унасан. Уруул хавдаж язарсан байдалтай байна. Би эртний найзтайгаа уулзсандаа архи уусан юм аа. Таньдаг айлдаа архи уусан гэсэн үг” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 6/,

Гэрч О.М-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 16-17 цагийн орчим манай аав О- над руу залгаад “аав нь найзындаа байж байгаад хүнд зодуулчихлаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би хаана байгаа талаар асуухад надад өөрийнхөө байгаа газрын зааж өгөөд би очиход аав танихгүй айлд архи уучихсан, амнаас нь цус гарчихсан байсан. Тэгэхээр нь би ааваасаа та яг яасан юм бэ гэж асуутал надад танихгүй хүн өшиглөчихлөө гэж хэлсэн. Тэгээд би уруулыг нь сөхөөд харахад уруул нь сэтрээд нэг шүд нь уначихсан байсан юм. Тэгээд би аавыгаа аваад шууд харьсан. Намайг очиход зодуулсан айлынхаа хашааны гадаа сууж байсан. Би тэр айлыг нь танихгүй болохоор цааш орж үзээгүй” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 10/,

Гэрч Б.М-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр би гэртээ ганцаараа байж байхад гаднаас манай найз О- 17 цагийн орчим орж ирсэн. Орж ирэхдээ нэлээн согтуу орж ирээд надтай нэг их юм ярилгүй байж байгаад манай гэрийн ширээг дэрлээд сандал дээрээ суусан чигээрээ унтаад өгсөн, ... би ойрхон юм чинь гээд гэртээ үлдээгээд сургууль руу яваад хүүхэд авчхаад буцаад 17 цаг 50 минутын үед орж ирсэн чинь манай гэрийн гадна цагдаа ирчихсэн, найз О-ын амнаас цус гарсан, мөн охин нь ирчихсэн байсан. Тэгээд би юу болсон талаар асуухад манай хүргэн Д- танайд нэг танихгүй хүн байхаар нь би гаргах гэж байгаад түлхчихсэн гэж хэлсэн. Тэрнээс би хажууд байгаагүй болохоор яг юу болсон талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан намайг гэрээс гарахад гэрт найз О- ширээ дэрлээд сандал дээр суугаагаараа унтаад үлдсэн” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 12/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 241 дугаартай “... Ц.О-ын биед нэг шүдний үгүй байдал, дээд уруулын салстад язарсан шарх, зулгаралт, баруун хөлийн шилбэ, гуя, зүүн гуянд цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Ц.О-ын биед илэрсэн гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Ц.О-ын биед илэрсэн гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг баг хэмжээгээр буюу 5 хувиар алдагдуулна”  гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 15-16/,

Яллагдагч С.Д-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би үлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 31/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл хангагдсан байна.

 

Иймд шүүгдэгч С.Д-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын 500 нэгжээр торгох ялын саналыг хүлээн авч, оногдуулсан торгох ялыг сарын орлогын хэмжээг харгалзан 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

Хохирогч Ц.О-т эмчилгээний төлбөр 1,300,000 төгрөг төлж барагдуулсан, хохирогч гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Д-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Л- овогт С-ын Д-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Д-т 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д-т оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

 

4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Д-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Г.ГЭРЭЛТ-ОД